Луу жилийн ОНЦГОЙЛОХ ЗАСАЛТАЙ жилтнүүд

2024 оны 02 сарын 23

XVII жарны "Хилэнт эх" хэмээх Модон луу жилийн засал номын талаар Бусдад Туслахуй Анагаах Ухааны “Манба Дацан” хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайханы ярилцлагаас хүргэе.


-Хүмүүс шинийн 15 дотроо заслаа хийлгэхийг чухалчилдаг. Энэ ч утгаараа энэ өдрүүдэд сүм хийд хүн ихтэй байна. Жилийнхээ засал номыг хэдийд хийлгэвэл зохилтой вэ?

-Бурханы номонд яагаад шинийн 15-ныг чухалчилдаг вэ гэхээр Бурхан багш хаврын тэргүүн сарын шинийн 1-15-ны хооронд эд хувилгааныг үзүүлж, олон тэрсүүд муу зүйлийг дарсан байдаг. Үүнийг их цаг буюу дүйчин өдөр гэх бөгөөд буян үйлдвэл илүү арвижна гэж үздэг юм. Нөгөө талаараа жил эхэлж байна. Жилийн эхний 15 хоног гэдэг утгаараа энэ үед засал номоо хийлгэхийг илүүд үзнэ. Гэхдээ шинийн 15-ны өдрөөс хойш засал хийлгэж болохгүй гэсэн зүйлгүй.

-Жил нь орж байгаа буюу луу жилтэй хүмүүс ямар засал ном хийлгэж, юуг анхаарвал зохистой вэ?

-Ер нь жил, жилд гадаад жил буюу жил орж байгаа хүмүүс хамгийн түрүүнд онцгой засалтай байдаг. Одоо 13, 25, 37, 49, 61, 73, 85 настай буюу луу жилтэй бүх хүний жил орж байна. Тэгэхээр энэ насны хүмүүс тус бүртээ өөр өөрийн онцлогтой жил ордог учраас тухайн онцлогийг анхаарч, жилийн заслаа хийлгэх нь чухал.

2012, 1952 онд төрсөн 13, 73 насанд хүү махбодтой жил. Хүүхдийн бие өвдөх гээд байдаг. Зүгээр нэг өвдөх биш, хүнд хэлбэрээр өвдөх, ужиг өвчинтэй болох магадлалтай. 13-ны жил дээрээ өвдөөд насан туршдаа тэр өвчнөөр өвдсөн, унах, татах гэх мэт өвчтэй болсон хүүхдүүд байдаг. Тиймээс 13-тай хүүхэд, 73-тай хөгшдийн эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй. Засал нь Найман гэгээн, Банзрагч, Лхам тахиул.

2000, 1940 онд төрсөн 25, 85 насанд нөхөр махбодтой жилд “Жаргал зовлон ээлжилдэг жил” гэдэг. Ажил үйлсэд нь их нөлөөлдөг. 25-ны жил нь орсон хүмүүсээс “Ажил үйлс нь бүтэж байна уу” гэж асуухаар нь үгүй ч юм шиг, бүр бүтэхгүй байна уу гэхээр бүтэх гээд ч байгаа юм шиг гэлцдэг. Энэ жил буг зэтгэр босох гэм бий. Засал нь Догсом, Цэнд, Доржнамжимын жавтий айлтга.

1988, 1928 онд төрсөн 37, 97 насанд дайсан махбодтой жил: Хийморь доройтох, бие өвдөх болон гарз гарлага гарах гэм буй.  Засал нь Ширнэн, Догсом, Усан балин, Саа-юм, Цэвэгмэдийн чого уншуул.

1976 онд төрсөн 49 насанд эх махбодтой жил. Үүнийг “Сүлд доройтдог жил” гэж нэрлэдэг.  Сүлд нь хүний амь настай холбоотой учраас амь насны зэтгэр хөдөлдөг буюу амь насанд хорлол хөнөөл учрах магадлалтай. Тиймээс 49-ний жил дээр хол газар явах, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж, биеэ энхрийлэх хэрэгтэй.  Засал нь  Нити, Хийморийн сан айлтга.

1964 онд төрсөн 61 насанд өөрийн махбодтой жил,  гадны хөнөөл ирэх гэм буй. Засал нь Ширнэн, Сац талби, Цэвэгмэдийн чого айлтга.

Эрэгтэй хүн жилээ угтах ширүүн, эмэгтэй хүн жилээ дагах ширүүн учраас дээрх шинжүүдээс ажиглан жил орохын өмнө болон жил орсны дараа жил засал ном, эргэл мөргөлд шамдаж анхаарал болгоомжтой байна. Жишээ нь энэ жил луу жилтэй эрэгтэй хүмүүс нь сар шинэ болохоос өмнө туулай жилд юм уу луу жилдээ, эмэгтэй хүн луу жилдээ юм уу могой жилд жил орох магадлалтай юм.

-Луу жилийн харш жилтнүүд ямар засал ном хийлгэх вэ?

-Луу жилтэй нохой жилтэн их харш, үхэр, хонь жилтэн бага харш, хулгана, бич жилтэн ивээл жилийн харш, могой жилтнүүд цагаан жил буюу нэгнийгээ ороох харш байдаг.

Нохой жилтнүүд “Дүнсэр” буюу “Их харш жил” жил гарч байгаа тул Амь насны зэтгэр хөдлөдөг ба аливаа үйлдсэн ажил үйлд саад гардаг. Жадамба, Цагаан шүхэрт, Жанцанзэмүвүнжан, Банзрагч, Чойжилын ганшиг, Их харшын засал, аян замд явбал Чойжоо дүгжү гаргавал сайн.

Үхэр,  Хонь жилтнүүд “Шишид” буюу “Бага харш жил” гарч байгаа тул Үхэр жилтэн хэл ам, бие өвдөх хямрах талтай. Хонь жилтнүүд сэтгэл санаа хямрах, гарз гарахаас сэрэмжлэх хэрэгөтэй. Засал нь Жадамба, Ногоон дарь эх уншуул, бага харшын засал, Амин золиг гаргуулбал сайн.

Хулгана, Бич жилтнүүд “Ивээл жилийн харш” буюу “Түнсүм” засалтай. Хийморь доройтдог тул бусдын хөнөөл, гарз гарах, хол газар явах, их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, дарцаг хийсгэ, Цагаан шүхэрт, Сахиусны ганшиг, 13 сан уншуул.

Могой жилтнүүд Луу, могой хоёр ороолдох харш учраас “Цагаан жил” буюу “Логар” нь сэтгэл санаа тавгүйрхэх, санаа зовоох асуудлууд гарч ирэх, бие өвдөх, яр шарх гарах гарах гэм буй. Засал нь Маналын чого, 3 гүрэм, Сахиусны ганшиг уншуул.

-Энэ жилд ямар хүмүүсийн мэнгэ голлож байгаа вэ. Юуг анхаарвал зохих вэ?

-Мэнгэ голлох гэдэг нь өөрийн төрсөн мэнгэ, огторгуйн жилийн мэнгэ, тухайн хүний эрхшээсэн мэнгэ гурав нэг мэнгэ болохыг хэлдэг.

Энэ жил 3 хөх мэнгэтэй хүмүүс мэнгэ голлосон буюу 2015, 1979, 1943 оны хонь, 2006, 1970, 1934 оны нохой, 1997, 1961, 1925 оны үхэр, 1988, 1952 оны луу жилтнүүд хэрүүл тэмцлээс зайлсхийж, гарз гарахаас сэрэмжил. Засал нь Мэнгэний засал хийлгэ, Жанаггагдог, Далха тахиулж, Алтангэрэл, Цэвэгмэдийн чого уншуулна.

Мөн Гахай, Хулгана, Үхэр, Луу, Хонь, Нохой жилтнүүд Дүршүг буюу үхээрт орших жилийн Нашидүрсүмийн засалтай. Энэ үхээрт орших гэсэн нэр биш юм. Цаад утгандаа хүний хэл ам, хэрүүл тэмцэл, гадны муу шалтгаанаас болгоомжлон хэрүүл маргаанаас хол явахыг сануулж байна.  9 хар, 9 цагаан чулуу бэлтгээд Нашидүрсүмийн засал заавал хийлгээрэй.

Нашидүрсүм гэдэг нь На буюу өвдөх, ши буюу үхэх, дүр буюу үхээрт орших гэсэн 3 үгийн нийлбэр бөгөөд Гурван жил дарааллан тохиодог нь энэ шууд утгаараа биш өвдөх гэдэг нь гарз гарахаас болгоомжил, үхэх гэдэг нь ажил үйлсдээ анхаарах, үхээрт орших гэдэг нь хэл ам хэрүүл тэмцлээс сэрэмжлэхийг анхааруулж байдаг.

Жилийн нашидүрсэмээс гадна суудлын нашидүрсүмийн заслаа зурхайчаас асууж засал номондоо шамдаарай.

-Урвасан жил гэж ямар учиртай вэ. Анхаарах зүйл байдаг уу?

-Урвасан жилийг дотоод жил гэж ярьдаг. Энэ нь тухайн гарч байгаа жил нь бусад жилтнүүдэд нөлөөллийг үзүүлж байдаг. Гадаад жилээрээ бид жил орж байна гэж ярьж байгаа. Дотоод жилээрээ урвасан жилийн үүд нээгдэж байдаг. Энэ нь бидний нэрлэж заншсанаар олзны үүд нээгдэх, гарзын үүд нээгдэх, хагацлын үүд нээгдэх, газрын үүд нээгдэх гэж байдаг. Тэгэхээр үүнийг маш сайн анхаарч, олзны үүднээс бусад үүд нээгдэж байгаа тохиолдолд тухайн үүдэнд тохиолдож байгаа цээрлэх зүйлийг нь тэр жилдээ сайн анхаарч байх ёстой.

Олзны үүд нээгдсэн хүний ажил үйлс нь сайн бүтдэг учраас олон жил бодож, хийхээр төлөвлөсөн, хийж амжаагүй ажлаа тухайн жил хийх хэрэгтэй. Цаанаасаа гараг эрхэс ивээж байгаа учраас засал ном хийлгэдэггүй.

Харин бусад үүд нээгдсэн хүмүүс цээрлэх зүйлийг нь анхаарахаас гадна уншуулах засал номыг жилийн туршид давтамжтайгаар уншуулбал гарз хохирол, сөрөг нөлөө ирэхгүй байх магадлалтай.

Хагацахын үүд буюу уурын үүд нь нээгдсэн хүмүүст хагацахын үүдийг хаалгах Дашдондов, Доржнамжил, Алтангэрэл гэсэн гурван номыг уншуулахаас гадна өөрөө сахиж явах хоёр зүйлийг хэлж өгье. Нэгдүгээрт, тухайн хүн өөрөө хэл ам, хэрүүл тэмцлээс хол явах, хоёрдугаарт, өрөөл бусдын хэл ам, хэрүүл тэмцлээс зайлсхийх хэрэгтэй. Энэ хоёр зүйлийг сахихгүй бол тухайн хэл амны нөлөө тэр хүнд гай үсэрч байгаа юм шиг нөлөөлдөг. Тиймээс хүн аливаа засал ном хийлгэсэн ч өөрөө сахих зүйлийг мөрдөж дагахгүй бол засал ном хийлгэсний хэрэг гардаггүй. Хойшоо харсан амтай агуйд нарны гэрэл тусдаггүй нь нарны буруу биш агуйн буруу шүү дээ.

Гарзын үүд гэж монголчууд нэрлэдэг энэ үүд нээгдвэл эд баялаг тогтохгүй, сэтгэл санаа тавгүй болдог. Тиймээс эд зүйлдээ хямгатай эмх цэгцтэй байх нь чухал. Гарзын үүдийг хаах засал ном нь Дашдондов, Дашзэвэг, Сахиусны ганшиг, Алтангэрлийн даллага юм.

Яс тасрахын үүд нээгдвэл хэл аманд орох, хулгай дээрмээс болгоомжлох хэрэгтэй. Засал нь Дорждэрэм, Хамчунагво, Цагаан шүхэрт, Чойжоо дүгжү уншуулж байх.

Газрын үүд нээгдвэл шороо ухах, ургаа мод таслах, ан амьтан агнах, ус булаг бохирдуулах догшин газар оронд үл очих зэрэг газар лусын үйлээс болгоомжлох хэрэгтэй. Засал нь Саяннинбу, Нанжид, Лусын сан уншуулах.

Огторгуйн үүд нээгдсэн хүн уул хад, өндөр зүйл дээр гарахыг цээрлэхээс гадна нохой шинээр авч тэжээж болдоггүй. Засал нь Намхайнямбу, Ямбийдончир, Цагаан шүхэрт, Лхамын ганшиг уншуул.

-Энэ луу жилд 33-ны мөчлөг нь таарч байгаа хүмүүс юу анхаарах вэ?

-Ер нь 33-ны мөчлөгийг сайн ойлгуулах хэрэгтэй. 33-ний мөчлөгөө мэдэхгүй учраас зан үйл засал ном, бодох бодлоо өөрчилж чадаагүйгээс болоод залуус амьдралдаа алдах зүйлүүд байдаг нь харамсалтай санагддаг. Надад ирж үзүүлж байгаа олон хүнээс 33-ны мөчлөгөө ойшоохгүй яав даа гэсэн сэтгэл төрдөг учраас үүнийг дахин дахин ярьж, ойлгуулах юм сан гэж боддог. Залуус маань 33-ны мөчлөгийг муу зүйл гэж айж, цэрвэхээсээ илүүтэйгээр үүнийг боломж гэж харах хэрэгтэй. Энэ мөчлөгөөс эхлээд надад амьдралаа сайн сайхан болгох ямар боломж байж болох вэ гэдэг өнцгөөр харах нь зүйтэй.

Учир нь 33-ны мөчлөг дээр хүн суудлын гүймиг буюу эхээс төрсөн суудал дээрээ эргэж суудаг буюу эрэгтэй хүн эхээсээ төрөхдөө гал, эмэгтэй хүн усан суудал дээр суудаг. Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. 9 насны мөчлөгтэй 1, 9, 18, 27, 36, 45, 54, 63 гэх мэтчилэн насанд насны гүймигийн заслыг хийлгэх ёстой. Суудлын гүймиг нь эрэгтэй хүн гал, эмэгтэй хүн усан суудал дээр сууж байгаа энэ мөчлөгийг хэлж байгаа юм.

33-ны мөчлөгийн хамгийн том засал нь ээжийгээ баярлуулах юм шүү дээ. Энэ бол том нөлөөг засах засал юм.33-ны мөчлөг нь энэ жил 1992 онд төрсөн усан бич жилтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүст тохиож байгаа. Энэ хүмүүс бусад засал номоо хийлгэхээс гадна энэхүү 33 мөчлөгт хамаарах суудлын гүймигийн заслыг анхаарч хийлгэж, ээжийгээ л баярлуулаарай.

- Жилийн засал болон онцгой засал номыг яг хэдийд, ямар давтамжтай хийлгэхэд тохиромжтой вэ?

-Жил орж байгаа, урвасан жилийн үүд, их, бага харш, логор жил /харш жил/ гарсан хүмүүс засал номоо жилд аль болох олон уншуулбал сайн. Яагаад гэвэл хүнд нөлөөлж байгаа нөлөөллийг багасгах гэж байгаа учраас олон уншуулах тусмаа сайн. Ер нь жилийн засал номоо жилийн эхээр юм уу, эсвэл 12 дугаар сарын сүүлээр ес эхлэхэд дараа жилийн өнгө ордог гэдэг утгаараа энэ үед их хийлгэдэг.

Хүмүүс сонин, интернэтээс хараад засал номоо хийлгэхээс илүүтэй зурхайчид үзүүлж, гэр бүлийн гишүүн бүр тухайн жилд юуг анхаарч, юу хийж болох, болохгүйгээ мэдэн авч, ямар засал номыг ямар давтамжтай хийлгэхээ мэдэж, ойлгох хэрэгтэй. Зурхайчид хандалгүй заслаа хийлгэсэн, эсвэл өөрөө заслаа хийлгээгүй, эмээ, өвөө, эхнэр, нөхөр нь өмнөөс нь ном уншуулчихсан хүмүүс жилийн дундуур юм уу, сүүлээр асуудал тулгараад ирдэг. Засал номд ингэж хөнгөн хандаж болохгүй, чухалчлах ёстой. Үүнийг үл тоомсорлосон, ээж аавдаа найддаг хүмүүс элдэв барцад саад, асуудал үүсээд ирдэг нь олон.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баатаржав(202.126.91.26) 2024 оны 02 сарын 26

үхсэн ацаа засаад байгаа юм бэ, та нарын засдаг гэж юу байхав, үнэндээ түмний халаасыг л сэгсрэх бодлого, зайлаа хувалзнуудаа\n

0  |  0
Ц(202.9.46.146) 2024 оны 02 сарын 25

Заавал очих ёстой юмуу..цахимаар бичүүлж болно биздээ

2  |  0
Top