Хүүхдийн асрамжийн газар төсвөөс санхүүждэггүй

2023 оны 12 сарын 25

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ЭСРЭГ ДАМ ХАЛДЛАГА ҮҮСГЭСЭН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХУУЛЬ

(Үнэт зүйлсийн боловсролын академийн тэргүүн, эрх зүйч Ганболдын Болормаа бичиж байна.)

Цуврал 1: Хүүхдийн эрхийн эсрэг ДАМ ХАЛДЛАГА ҮҮСГЭСЭН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХУУЛЬ

Цуврал 2: Цахим орчин “аймшгийн газар” байсаар байх уу...


ТОДОРХОЙГҮЙ, ТОДОРХОЙГҮЙ, ТОДОРХОЙГҮЙ...

Хүүхдийн төрөл, садны гэр бүлд асруулах үндэслэлийг хуулийн төсөлд тусгасан. Гэвч үүнийг “4.5 дугаар зүйл. Хүүхдийг гэр бүлээс нь тусгаарлах үндэслэл” гэж оновчгүй тодорхойлсон. Мөн түүнчлэн хүүхдийг гэр бүлээс нь тусгаарлах үндэслэлүүд Гэр бүлийн тухай хуулийн 63 болон 64 дүгээр зүйлтэй агуулга давхардсан байна. Хуулийн төслийн 4.6 дугаар зүйлийн 1-т “хүүхдийг төрөл, садны гэр бүлд асруулах эсэхийг тухайн гэр бүлээс бичгээр зөвшөөрөл авч, гэр бүлийн нөхцөл байдалд үнэлгээ хийсний үндсэн дээр шийдвэрлэнэ” гэж заасан. Гэвч хуулийн төсөлд гэр бүлийн нөхцөл байдалд хэрхэн, ямар журмын дагуу үнэлгээ хийх, хэн үнэлгээ хийх, гэр бүлийн нөхцөл байдал ямар түвшинд байвал хүүхэд асруулах шийдвэр гаргах асуудлыг зохицуулаагүй орхигдуулсан тул хуулийг хэрэгжүүлэхэд бэрхшээл үүсэхээр байна. Хуулиар зохицуулаагүй асуудлыг журмаар зохицуулах гэж оролдвол хуулиасаа давсан журам гаргаж хууль үнэгүйдэж, журам батлах эрх хэмжээтэй сайд дарга нар хууль тогтоогчоосоо давсан эрх хэмжээтэй болдог сөрөг үзэгдэл байдаг гэдгийг та анхааран үзэх нь зөв биз ээ.

Хүүхдийг зөвхөн төрөл, садны гэр бүлд асруулахаар хязгаар тогтоох нь ганцаараа амьдардаг эмээ, өвөө, хүүхдийн авга, нагац ах, эгч нарт эмзэг нөхцөлд байгаа хүүхдийг асруулах боломжийг үгүйсгэж байна. Гэр бүлийн тухай хуулийн 68 дугаар зүйлд асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдвол зохих хүнд тавих шаардлагыг тодорхойлсон. Харин хуулийн төсөлд төрөл садны гэр бүлийн гишүүдэд ямар нэгэн шаардлага тавиагүй бөгөөд төрөл садны гэр бүлийн аль нэг гишүүн Гэр бүлийн тухай хуулийн 68-р зүйлд  заасан асран хамгаалагч, харгалзан дэмжигчид тавьсан шаардлагыг хангахгүй байж болох нөхцөлийг үүсгэсэн байна. Жишээлбэл: мансууруулах бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг хүний эхнэрийг эмзэг нөхцөлд байгаа төрөл, садангийн хүүхдийн асран хамгаалагчаар томилж хүүхдийг тухайн гэр бүлд асруулах нөхцөл үүсэж болзошгүй анхаарах шаардлагатай.  Тодорхойгүй, тодорхойгүй, тодорхойгүй нөхцөл байдлууд үргэлжилсээр.

ХҮҮХДИЙН АСРАМЖИЙН ГАЗАР ТӨСВӨӨС САНХҮҮЖДЭГГҮЙ

Энэ хуульд тодорхойгүй байгаа нэг зүйл бол Хүүхдийн Асрамжийн газрын санхүүжилт. Хүүхдийн Асрамжийн газрын байгууллагад хамгийн их тулгамддаг нэг асуудал бол санхүүжилт байдаг бөгөөд Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар асрамжийн байгууллагын үйлчилгээг иргэн, хувийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага үзүүлэхээр заасан. Өөрөөр хэлбэл төрийн харьяа асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллага байхгүй байхаар хуульчлагдсан. Төрөөс асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагыг санхүүжүүлэх зорилгоор 2018 онд Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай асрамжийн газарт санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг гаргасан бөгөөд тус журмаар зөвхөн ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн төвд санхүүжүүлэлт олгохоор тусгасан байна. Өөрөөр хүүхдийн асрамжийн байгууллагад төрөөс санхүүжилт, тусламж дэмжлэг авах боломж байхгүй байгааг энэ хуульд тусган  өөрчлөх санаачилга ч мөн л алга. Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүүхэд үрчилж авсан эцэг эхэд үүрэг хариуцлага хүлээлгэх, үрчлэх ажиллагааг дуусгавар болгох, үрчлэлт цуцалсан тохиолдолд хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд туслалцаа үзүүлэх тухай заасан ч тухайн хүүхэд үрчлэлт нь гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчилсэн тохиолдолд яаж хэрэгжих, хэрхэн хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавих зэрэг асуудлууд тодорхойгүй байна.

Өдгөө гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэх үйл ажиллагааг Гэр бүлийн тухай хууль болон журмаар зохицуулсан байх бөгөөд хүүхдийг 16 нас хүртэл тодорхой хугацааны давтамжтайгаар хүүхдийн талаарх мэдээллийг Монгол Улсад хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд ярилцлага уулзалт хийх гэсэн хяналтыг аргаар хүүхдийг хамгаалж байгаа нь хангалтай хэмээн үзэхэд учир дутагдалтай байна. Мөн журманд олон нийтийн хяналт хэмээн заасан ч тухайн хяналт нь ямар арга, хэлбэрээр хэрэгждэг хяналт болох нь тодорхойгүй, нарийвчилсан зохицуулалт алга.

Энэхүү хуулийн төсөлд дараах хэдэн зүйлсийг нэмж тусгах шаардлагатай хэмээн судлаачийн хувьд үзэж  байна. Үүнд:

Хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл “Хүүхэд өөрөө болон итгэмжит төлөөлөгчөөрөө дамжуулан” “гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргаж болно” гэсэн нарийвчилсан зохицуулалтыг нэмж тусгах, хүүхэд гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болсон талаар мэдээлсэн мэдээллийг заавал бүртгэлжүүлж, материалжуулан шалгах зохицуулалтыг бусад хууль тогтоомжид тусган хуульчлах. Хүүхэд хамгааллын тухай хууль болон Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд хүүхэд харах үйлчилгээний нэг байранд ажиллах хүүхэд харагчдын нэгээс доошгүй нь эмэгтэй буюу аль нэг хүйсийнх байхаар тусгаж, зохицуулах нь Жендэрийн эрх тэгш байдлын зарчимд ямар нэг байдлаар харшлахгүй бөгөөд дээрх байдлаар зохицуулснаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан хүүхэд хамгаалал хүртээмжтэй байх, хүүхэд хамгааллыг нийгмийн бүх орчинд хэрэгжүүлэх зарчмуудыг жинхэнэ утгаар хэрэгжихэд дөхөм болно.

Түүнчлэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүйгээр хүүхэд харах үйлчилгээнд хамруулж болохоор заасан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрах, хувцсыг солих, шаардлагатай тусламж үзүүлэхэд хүүхэд харагчдын хүйсийн байдал тодорхой байдлаар нөлөөлж болох тул энэ талаар зохицуулалт хийх нь зүйтэй юм.  Эцэг эх нь хүүхдээ үл хайхрах байдал гаргахгүй байх үүргийг хуулийн төсөлд нэмж хуульчлах. Мөн түүнчлэн хуулийн төслийн “Хуулийн нэр томьёоны тодорхойлолт” хэсэгт “Үл хайхрах байдал” гэж “Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиар үүрэг хүлээсэн этгээд хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, эрүүл мэнд, хөгжил, боловсрол, хайр халамж, аюулгүй байдлыг нь хангах зэрэг суурь хэрэгцээг нь гачигдуулсны улмаас хүүхдэд гэм хор учруулсан болон учруулахаар завдсан буюу учруулахуйц нөхцөл байдал бүрдүүлсэн, эсхүл мэдсээр байж хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй байдлыг” хэлнэ гэж нэмж хуульчлах.

Олон нийтийн үйлчилгээ, арга хэмжээний үед хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг хуулийн төсөлд дутуу зохицуулсан байгаа тул дараах тусгайлсан заалтуудыг зайлшгүй хуулийн төсөлд нэмэх:

-Олон нийтийн үйлчилгээ, арга хэмжээний үеэр хүүхэд төөрөх, алга болсон үед хэрхэх талаарх зохицуулалт.

-Халдварт өвчин гарч олон нийтийн үйлчилгээ, арга хэмжээг хориглосон үеийн хүүхдийг олон нийтийн газар зорчуулахгүй байх талаарх эцэг эх, асран хамгаалагчийн үүрэгтэй холбоотой зохицуулалт.

-Хүүхдүүд хүүхдийн эрхийн төлөөх жагсаал, цуглаан зохион байгуулах, оролцох үеийн зохицуулалт

-Насанд хүрэгчдийн жагсаал, цуглааны үеийн хүүхэд хамгааллын зохицуулалт

-Нийтийг хамарсан үймээн, самууны үеийн хүүхэд хамгааллын зохицуулалт

Уг хуулийн төсөлд болон Барилгын тухай хуульд хүүхэд хамгааллын таатай орчинг бүрдүүлэх, хүүхдэд ээлтэй барилга байгууламжийг бий болгох, барилга байгууламж дотор буюу түүний ойр орчимд хүүхдийн аюулгүй орчныг хэрхэн бүрдүүлэх, хүүхдийг хэрхэн хамгаалах талаарх зохицуулалтыг нэмж тусгаж, хуульд тусгай бүлэг, зүйл оруулах саналтай байна. Энэхүү хуулийн төсөл нь бусад хууль тогтоомжийн зүйл заалттай зөрчилдсөн, давхардсан зэрэг олон хийдэл, зөрчил байгаа бөгөөд эдгээрийг засахгүй бол Хүүхэд хамгааллын тухай хууль маань өөрөө Хүүхдийн эрхийн дам зөрчлийг үүсгэх гол аюул оршиж байна. Үүнийг хэрхэн засах талаар хууль тогтоогчид, эрдэмтэн судлаачид, хүүхдийн эрхийг хамгаалах  талаар ажилладаг Төрийн болон Төрийн бус байгууллагынхан анхаарах цаг болжээ. Хэдүүлээ “Ниргэсэн хойно нь хашгирав” гэдэг болчихгүй юмсан.

Аливаа хуулийг шинэчлэн найруулж байгаа бол хуучин хуулийн алдаа оноог бүрэн судалж сайжруулах ёстой. Гэтэл хууль бодит байдал дээр хэр нийцэж байсан ямар алдаа байсан гэдгийг нарийвчилж судлаагүй байгаагийн нэг гол жишээ нь хамтарсан багийн асуудал юм. Хамтарсан баг гэж тухайн хороонд ажилладаг хорооны цагдаа, нийгмийн ажилтан гээд үндсэн эрхэлдэг ажил нь маш ачаалалтай хүмүүст уг асуудлыг нэмэлтээр хариуцуулснаар тухайн хүмүүс хүүхэд хамгааллын ажилд бүрэн анхаарах боломжгүй байдлыг үүсгэсэн. Хамтарсан баг ажиллаад яагаад хүүхдийн эсрэг гэмт хэрэг буурахгүй байгаагийн нэг жишээ энэ. Үндсэн ажлаа хийхийн хажуугаар хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтийг бүхэлд нь хангах ямар ч боломжгүй юм.

Энэ байдлыг судалж үзэхгүйгээр мөн хүүхдийн эрхийн хууль зүйн хороо гэж дарга нараас бүрдсэн шинэ бүтэц, гээд олон тооны орон тооны бус зөвлөлүүдийг тусгасан нь хүүхэд хамгааллын асуудлыг анхаарлын төвд оруулж шийдвэрлэж чадахгүй байгаа нэг гол шалтгаан гэж үзэж болох юм.  Дээрх байдлуудаас харахад хууль хэрэгжиж асуудлыг уг үндсээр нь шийдвэрлэхээс илүүтэй хүүхдийн асуудлыг хэн нэгэнд хариуцуулсан нэр хэмээж аргацаах сонирхол хууль санаачлагчид байна гэж хардаж болохоор. Энэ хуулийн үйлчлэх хүрээнээс харахад эцэг эх, асран хамгаалагч нь хэн байхаас үл шалтгаалж хүүхэд бүрийг хамгаалах нь гол зорилт болох ёстой юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (202.126.88.159) 2023 оны 12 сарын 25

Хуульд засвар оруулаарай орхидсон хуулиа нэмээрэй зөвлөл гэх мэт заваан юмнуудаас салаарай

0  |  0
Top