Тусгай сангууд “эрүүлжиж” эрх мэдэлтнүүдийг биш хөгжлийг санхүүжүүлэх боломж бий...

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 06 сарын 23

Засгийн газрын тусгай сангууд засгийн зорилтуудыг бус эрх мэдэлтнүүдийн эрх ашгийг санхүүжүүлдэг буруу жишиг газар авсныг таван жилийн өмнөх Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн  хэрэг явдал харуулж байсан билээ. Тэгвэл өнөөдрийн тухайд Засгийн газрын тусгай сангуудын “но”-г харуулсан ээлжит мэдээллүүд гарсаар байгаа ч үйл ажиллагаа нь эрүүл явагдаж буй цөөн хэдэн сангийн эхэнд өнөөх Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх  сан бичигдэхээр байгаа юм. Улс орны хөгжилд, өрхүүдийн амьжиргаанд үлэмж нөлөөтэй энэ салбарыг төрөөс дэмжих бодлогыг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг тус сангийн үйл ажиллагаа 2018 оны хэрэг явдлаас хойш “эрүүлжсэн” гэхэд болох байх.

 

Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл олгох Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал энэ долоо хоногийн хоногийн лхагва гарагт /2023.06.21/  олон нийтэд нээлттэй болж, Улаанбаатар хотод тэргүүн ээлжинд санхүүжүүлэх нийт 6.953.861.850 төгрөгийн зээлийн хүсэлт бүхий 36 төслийг шалгаруулаад байна.  Харин 1.364.031.107 төгрөгийн зээлийн хүсэлт бүхий зургаан төслийг дараагийн ээлжинд буюу, санхүүжилтийн эх үүсвэр үлдсэн тохиолдолд санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ. Нийтдээ гурван шатны сонгон шалгаруулалтад орж тунаж үлдсэн 43 аж ахуйн нэгж 8.6 тэрбум төгрөгийн төслөө  дөрөв дэх шатны буюу хамгийн сүүлийн шатны сонгон шалгаруулалтад өөрийн биеэр танилцуулсан юм.

“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон  ХХААХҮ-ийн Сайдын баталсан хөнгөлөлттэй зээл олгох Ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг 2023 оны хоёрдугаар сараас 30 хоногийн хугацаанд цахимаар хүлээн авжээ. Нийт 96,7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүхий 655 аж ахуйн нэгж төслөө баталгаажуулснаас Улаанбаатар  хотод 38,3 тэрбум төгрөгийн 192 төсөл ирүүлсэн аж.  

Төсөл сонгон шалгаруулалтын хорооны хуралд төслөө танилцуулсан бизнес эрхлэгчдийн хувьд шалгаруулалт ил тод байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Тусгай сангуудын үйл ажиллагаа ил тод байж болохыг бодитоор харуулж буйд иргэд олон нийт ч эерэг сэтгэгдэл илэрхийлж буй юм. Хурлын танхимаас Жижиг, дунд үйлдвэрийн газрын цахим хуудсаар дамжуулан хурлын үйл ажиллагааг эхнээс нь  дуусах хүртэл хугацаанд шууд дамжуулан үзэх боломжийг олон нийтэд олгож байгаа  нь эргэлзээ, үл итгэх байдлыг арилгаж байгааг бизнес эрхлэгчид тодотгож байсан.

Ерөнхийдөө, тус сангийн  одоогийн үйл ажиллагааг харахад тусгай сангууд “эрүүлжиж” эрх мэдэлтнүүдийг биш хөгжлийг санхүүжүүлэх боломж бий нь ойлгогдож буй юм.

Дашрамд дурдахад, гаднын байгууллагуудын зүгээс Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлж, хүртээмжтэй өсөлтийг бий болгоход жижиг, дунд үйлдвэрийн салбарын хөгжил чухал болохыг, уг салбарыг хөгжүүлэх боломж нөхцөлүүд байгаа талаар тодотгож буй юм.

Тухайлбал, Дэлхийн банкны зүгээс Монгол Улс бизнесүүд, ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэлийн тэгш өрсөлдөөнийг хангах, уул уурхайгаас гадна хувийн хэвшлийн илүү үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бизнесийн орчноо бэхжүүлэх боломж байгааг онцолж байна.

“Монголын бизнесийн орчин, өрсөлдөх чадварын үнэлгээний тайлан-д дурдсанаар бизнесийн илүү таатай, урьдчилан таамаглах боломжтой орчныг бүрдүүлэх нь хатуу хязгаарлалттай хууль журамд эмзэг, тус улсын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн 97 хувийг бүрдүүлдэг ЖДҮ эрхлэгчдэд тустай байх юм.

ЖДҮ нь ДНБ-ий 5.5 орчим хувь, экспортын 2.4 хувийг (уул уурхайн бус экспортын 31 хувь) бүрдүүлдэг. Мөн Монголын ЖДҮ эрхлэгчид нь улс орны нэн шаардлагатай байгаа эдийн засгийг солонгоруулах, өөрчлөх, бараа, үйлчилгээний кластер, ханган нийлүүлэлтийн сүлжээг нэгтгэж ажлын байр бий болгох, хүртээмжтэй өсөлтийг дэмжихэд идэвхтэй тоглогч болж чадна гэж Дэлхийн банкны тайланд дурджээ.

Түүнчлэн хөрөнгө оруулалт, инновацыг дэмжихийн тулд бизнесүүдийн хоорондын өрсөлдөөнийг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулахыг зөвлөмж болгосон байна. Мөн түүнчлэн, дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, уул уурхайн бус үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийн тулд хил дамнасан худалдаанд учирч буй саад тотгорыг багасгаж худалдааг хөнгөвчлөхийн чухлыг онцолжээ. Түүнчлэн бизнесийн таатай орчныг бүрдүүлэхийн тулд төрийн үйлчилгээг сайжруулах, үүнд төрийн удирдлагын тогтолцоог цахимжуулах, хялбарчлах шаардлагатай зэрэг бусад зөвлөмжийг өгсөн юм.

Сануулахад, өнгөсөн тавдугаар сард “Япон лугаа адил хөгжье” гэх нэртэй, спикерийн санаачилсан цуврал хэлэлцүүлэг “Япон Улсын аж үйлдвэрийн хөгжил ба жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлогын туршлага судлах нь” сэдвийн хүрээнд болсон.

Энэ үеэр, “ЖАЙКА” Олон улсын байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи “Аж үйлдвэрийг хөгжүүлэх, солонгоруулахад чиглэсэн жижиг дунд үйлдвэрийн хүний нөөцийг бэлтгэх, аж ахуйн үйл ажиллагааг дэмжих төрийн бодлого, эрх зүйн орчныг бий болгох асуудал чухал. Манай улс дэлхийн II дайны дараагаас эдийн засгаараа дэлхийд тэргүүлэх улс орнуудын нэг болж чадсан. Энэ амжилтын үндэс нь төрөөс аж үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих үр дүнтэй бодлого боловсруулж хэрэгжүүлсэнд байгаа юм. Мөн төр, хувийн хэвшил, судалгаа шинжилгээний байгууллагууд нэг цогц болж хамтран ажилласны үр дүн гэж харж байгаа” гэсэн.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки хэлэхдээ “Япон Улсын Засгийн газраас Эдийн засаг, аж үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газраар дамжуулан жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого явуулсаар ирсэн. Монгол Улсыг тогтвортой хөгжүүлэхийн тулд аж үйлдвэрийг төрөлжүүлж, жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Япон Улсын жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлсэн туршлага Монгол Улсын хөгжилд тус нэмэр болоосой хэмээн хүсч байна” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
NEWS(102.89.33.156) 2023 оны 06 сарын 24

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, Энэтхэгээс миний бөөрийг ($600,000 доллар) худалдаж авсан NA HEALTH CARE-д баярлалаа.\nИмэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM\nWhatsapp дугаар: 19099134258\nвэбсайт: nyhcs.site

0  |  0
зочин(202.72.240.53) 2023 оны 06 сарын 23

одоо аргаа өөрчилөөд хулгай хийнэ дээ лаларууд

0  |  0
Top