Х.Нямбаатар: Үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсруулахдаа 54-р тогтоолын хязгаарт захирагдсан

2023 оны 05 сарын 03

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/-ийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэрэг (ХЗДХ)-ийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.


Тэрээр "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулахдаа дараах зарчмыг баримталсан.
 


Нэгдүгээрт, Үндсэн хуулийн Цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол гарсантай холбогдуулж, УИХ-ын 54 дүгээр тогтоол батлагдсан. Мөн УИХ-ын 2022 оны 34 дүгээр тогтоол батлагдсан. 34 дүгээр тогтоол нь Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай тогтоол байгаа.

54 дүгээр тогтоол бол Үндсэн хуулийн Цэцийн дээрх тогтоол гарсантай холбогдуулж, Монгол Улсын Засгийн газарт УИХ-аас даалгасан тогтоол. Энэ нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангах, олон улсад хэрэглэгдэж байгаа дэвшилтэт сонгуулийн системийг нэвтрүүлэх боломжийг судалж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулахыг УИХ-аас Засгийн газарт даалгасан.

Бид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэхүү төслийг боловсруулахдаа УИХ-ын 54 дүгээр тогтоолын хүрээ хязгаарт захирагдсан, мөн 2010 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Журмын тухай хуульд захирагдсан.

Хоёрдугаарт, яагаад зөвхөн Үндсэн хуулийн 21.1 дэх хэсэгт заасан тоо, тогтолцоотой холбоотой нэмэлт өөрчлөлтийг өргөн мэдүүлээд, өмнө нь иргэдээс санал авч байсан, улс төрийн намуудаас санал авч байсан хүрээндээ өөрчлөлтийг өргөн барьсангүй вэ гэдэг асуултыг тавих байх.

Яг энэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд хэлэлцэх явцад маш олон саналууд гарч ирсэн. Үндсэн хууль судлаачид, эрдэмтэд, улс төрийн намуудаас засаглалын хэлбэрийг өөрчлөх, төрийн бэлгэ тэмдэгтэй холбоотой асуудлууд, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой асуудлууд, шүүх эрх мэдэлтэй холбоотой асуудлууд дээр олон санал хэлсэн. 

Энэ асуудлуудыг хөндөөд ирвэл энэ нь нэлээд том хүрээний нэмэлт өөрчлөлт рүү явж, нийгэм, олон нийтийг талцуулсан хэлбэрт очих, зарим эрх баригчид зөвхөн өөрсдийн саналыг төсөлдөө тусгадаг, бусад сөрөг хүчин болон эрдэмтэн, судлаачдын саналыг тусгахгүй орхигдуулах зэрэг ойлгоцлын зөрүү үүсэх нөхцөл байдал үүссэн. Тиймээс эхний ээлжинд бид баримталж байгаа хоёр тогтоол, Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах журам, Засагт даалгасан асуудлын хүрээнд тоо, тогтолцооны асуудлыг хэлэлцүүлэхээр болсон. Хэрвээ батлагдсан тохиолдолд дараагийн парламент нь илүү олон нийгмийн төлөөллийн хүрээнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгааг өргөжүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй” гэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top