Оюутолгойн ТУЗ-д ШИЛ ажиллагаа хамаатай юу?

2023 оны 04 сарын 25

Засгийн газраас хэрэгжүүлж буй Шил ажиллагааны хүрээнд өнгөрсөн долоо хоногт Shilen.gov.mn цахим хуудсанд төрийн өмчийн болон төрийн оролцоотой компанийн 58 ТУЗ-ийн 504 гишүүний нэр, цалингийн мэдээлэл ил болсон.

Харин энэ долоо хоногт “Эрдэнэс Монгол”, Хөгжлийн банк, МИАТ зэрэг нөлөө бүхий компаниудын ТУЗ-ийн мэдээлэл ил болсноор нийтдээ төрийн өмчийн компаниудын ТУЗ-ийн 534 гишүүний буюу 98%-ийнх нь нэр, цалин нээлттэй болоод байна.

Тэгэхээр үлдсэн 2% нь хэзээ мэдээллээ ирүүлэх вэ гэдэг нь хүлээлт үүсгэж байна. Тухайлбал, төрийн өмчийн оролцоотой буюу Монгол Улсын Засгийн газар 34%-ийг нь эзэмшигч “Оюу Толгой"” компанийн ТУЗ-ийн  9 гишүүний нэрс тодорхой байгаа ч цалингийн мэдээллээ ирүүлээгүй байна.



ТУЗ-ийн гишүүдийн нэрсийг харахад, Крейг Стегман нэмэгдсэн байна. Тэр бол “Рио Тинто” группийн Гүний уурхайн техник судалгааны төв, гүний уурхайн даргаар ажилладаг. Стегман нь уг  ажилд томилогдохоос өмнө Австралийн Нортпарксийн гүний уурхайг удирдаж байжээ. Мөн Рио Тинтогийн Кеннекот, Аргайл, Диавик, Ла Гранжа, Оюу толгой зэрэг төслүүдийн менежмент болон судалгааг удирдан зохион байгуулж байсан, Зэсийн группийн Техникийн ажлын албыг удирдаж байжээ.

Сануулахад, Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн хурлаараа Н.Багабандийн оронд тус компанийн ТУЗ-д ажиллах гишүүнээр  Жамбалдоржийн Таныг  томилуулахаар нэр дэвшүүлсэн юм.

Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын 34%-ийн эрх ашгийг хамгаалах  үүрэг хариуцлага Н.Цэрэнбат, Э.Баясгалан, Ж.Тана нарт оногдоод буй юм.

Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсэг Оюутолгойн хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгчдийн хооронд 2021 оны дөрөвдүгээр сард албан ёсоор эхэлсэн яриа, хэлэлцээ үргэлжилж байгаа гэсэн мэдээллийг талууд өгч байгаа. Ер нь бол Оюутолгойн хэлэлцээний оргил үе өмнө хүлээж байгаа гэхэд болно. Өнгөрсөн гуравдугаар  сарын 13-нд далд уурхайн олборлолт албан ёсоор эхэлж, гол үүцээ эдийн засгийн эргэлтэд оруулах зам шулуудсан нь мэдээж таатай үйл явдал. Гэхдээ манай тухайд  Оюутолгойн талаар олон жил яригдсан асуудлуудын үндэс углуурга нь хаана байгаа вэ. Хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад гэрээнүүдэд ямар өөрчлөлтүүд хийснээр энэ төслөөс хүртэх өгөөж бодитой нэмэгдэх вэ, цаашлаад учирч болзошгүй эрсдэлүүд буурах вэ гэдэг асуудлын үндэс нь  “Хөрөнгө оруулалтын гэрээнээс үүсэж байгаа татварын маргаан”-тай холбоотойг манай тал мэдэж байгаа.  Оюутолгой төслөөс орж ирэх ам.долларын урсгал нэмэгдэнэ гэдэг Монголын эдийн засагт шууд болон шууд бусаар жин дарах нөлөөг үзүүлнэ. Гэхдээ үүний сацуу суурь гэрээгээр зохицуулсан татварын асуудлуудаа цэгцлээд авбал тун чухал. Олборлолт, экспорт өсөхтэй зэрэгцэн хуульчилсан татваруудаас авч үлдэх, орлогоо өсгөх бодит боломжийг Монгол Улс хуулийн хүрээнд ашиглах нь зүй ёсны л асуудал гэдгийг дахин дурдахад илүүц болохгүй биз ээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЖИШЭЭ НЭГ(122.201.22.138) 2023 оны 05 сарын 01

ЦЭРЭНБАТ БОЛ ЯМАР Ч БОЛОВСРОЛГҮЙ, ХҮНТЭЙ ХЭЛ АМ АВАЛЦАХ ГАДААД ХЭЛНИЙ АА Ч БАЙХГҮЙ ЭНЭ АМЬТАН ГАНЗГЫН ИНАЙМААЧИН ТЭНД ЮУ ХИЙХ ВЭ ДЭЭ. ЗАЙЛУУЛЖ ӨӨР БОЛОВСРОЛ МЭДЛЭГТЭЙ МЭРГЭЖЛИЙН ТЕХНОКРАТ ХҮН АЖИЛЛУУЛАА

3  |  0
Top