Гурван улсын үлгэр | 108 ДУГААР БҮЛЭГ

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 24

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахь гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

II БОТЬ -  107 ДУГААР БҮЛЭГ

 

ДИНФЭН ЦАСАНД ОХОР ЗЭВСГЭЭР ШАЛАМГАЙЛАН

БАЙЛДСАН СҮНЬЗЮНЬ ХУРИМЫН ШИРЭЭН ДЭЭР НЯГТ АРГА ЯВУУЛСАН

 

Өгүүлэх нь: Зянвэй төв явах хооронд Сыма Ши цэрэг авч замыг тосов. Угаас Зянвэй Юнжоуг авахаар очих цагт Гуохуай төрд нисэх мэт довтолгон мэдүүлсэн тул Вэй улсын эзэн Сыма И лүгээ зөвдөж тогтоод сая ахмад хөвгүүн Сыма Шид таван түмэн цэрэг өгч Юнжоу хотноо туслахаар илгээсэн ажгуу. Сыма Ши Гуохуайгийн Шу улсын цэргийг байлдаж эгүүлснийг сонсоод Шу улсын цэргийн хүч буурай болсон хэмээн бодож замыг хөндөлдөн нэгэн зэрэг байлдаад шууд нэхэж Ян Пингуань боомтод хүрмэгц харин Зянвэй, Үхоугийн уламжилсан холховч нумын аргыг хэрэглэн боомтын хоёр этгээд сэмээр холховч нум зуу илүүг бүгүүлэн нэг нуманд арван зэв онилж, дээр цөм эмтэй, Хоёр хажуугаас хавчин харвасан тул өмнө цэрэг хүн морьтой үхсэн нь тоогүй. Сыма Ши самуун цэргээс арайхийн амь гарч эгэв.

Тэндээс Цюй Шань уулын хотыг сахьсан Шу улсын жанжин Зюй ань туслах цэрэг хүрч ирэхгүй тул хаалгыг нээж Вэй улсад дагав. Зянвэй хэдэн түмэн цэрэг автаад дарагдсан цэргийг авч Ханьжунд эгсэнд Сыма Ши бас Луо Янд буцжээ. Зянпингийн гуравдугаар оны намрын дунд сард Сыма И өвдөж улам хүндэдсэн тул хоёр хөвгүүнээ дуудаж сурган өгүүлрүүн: “Би Вэй улсын хааныг үе улиран үйлчилж Тайфү түшмэл болсон нь сайд түшмэлийн суурийн туйлд хүрэв. Хүн цөм намайг өөр сэтгэл буй хэмээн сэжиглэхэд би үргэлж дотор ихэд айж байсан бөлгөө. Намайг үхсэний хойно та хоёул улсын засгийг сайхан шийтгэгтүн! Болгоомжил! Болгоомжил!” хэмээн өгүүлж дуусаад үгүй болов. Ахмад хөвгүүн Сыма Ши, дэд хөвгүүн Сыма Жао хоёул Вэй улсын эзэн Цаофанд айлтгасанд Цаофан хувь нэмж хүндэтгэн оршуулж бас онцгой хишиг хүртээн өргөмжлөн хүргээд Сыма Шиг их жанжин өргөжмлөн, Шаншугийн нарийн нууц их үйлийг бүгд захируулж Сыма Жаог Пяоци дээд жанжин болгов.

Тэндээс Ү улсын эзэн Сүньцуаньгийн Сю хатнаас төрсөн тайз Сүньдөн нь Чи Ү-ийн дөрөвдүгээр онд үгүй болсон хойно хоёрдугаар хөвгүүн Сүньхөг тайз болгосон бөлгөө. Лан Ягийн Ван овогт хатангаас төрсөн ажгуу. Сүньхө нь Цуань гүнж лүгээ нийцгүй тул гүнж түүнийг муулсанд Сүньцуань гээжээ. Тийнхүү Сүньхө зовсоор үхэв. Дахин гуравдугаар хөвгүүн Сүньляныг тайз болгов. Энэ Пань хатнаас төрсөн болой. Тэр цагт Лүсюнь, Жугө Зинь цөм үгүй болоод аливаа их бага хэрэг цөм Жугө Көгд болжээ. Тай Юаньгийн тэргүүн оны найман сарын шинийн нэгэнд гэнэт их салхи салхилж мөрний ус бялхаж тэгш газарт ус найман тохой гүн болоод Ү улсын өвгөсийн онгонд тарьсан нэрс, майлсыг цөм үгтээн гаргаж хийсгэсээр шууд Зянь Е хотын өмнө хаалганы гадна замд тэсрэг хатгажээ. Тийнхүү Сүньцуань цочин айгаад өвчин олов. Дараа жилийн дөрвөн сард өвчин улмаар хүндэрсэнд даруй Тайфү түшмэл Жугө Кө, Да Сыма түшмэл Людай нарыг ширээний дэргэд дуудан аваачиж хойчийн үйлийг гэрээслэн дуусаад өөд болов. Сууринд хорин дөрвөн жил суув. Далан нэгэн настай бөлгөө. Шу улсын Яньшигийн арван тавдугаар он болой. Хожмын хүний шүлгийн үг:

“Сахал улаан нүд хөхөмдөг аруухан баатар өргөгдөөд

Сайд түшмэлийг хэрэглэн чадаж шударгыг гүйцэлдүүлжээ

Баатар их хөрөнгийг хорин дөрвөн жил мандуулаад

Барс оршин луу ороосон мэт мөрний зүүнийг эзлэв”

Түүнээс Сүньцуань үхсэний хожим Жугө Кө, Сүньляныг хаан суулган дэлхий дахинд өрлөг буулгаж оны нэрийг халж Жяньсин144-ийн тэргүүн он хэмээв. Сүньцуанийг их Хуанди хэмээн нэхэж өргөмжлөөд хүүрийг Зянлин онгонд тавив. Тэр мэдээг хэдийн харуулын хүн Луо Янд мэдүүлсэнд Сыма Ши сонсож даруй цэрэг байгуулан Ү улсыг байлдахаар одсугай хэмээхэд Шаншү түшмэл Фүгү хориглож өгүүлрүүн: “Ү улсад урт мөрний хайгуул буй тул урьд хаан хэд хэдэн зэрэг байлдахаар одож цөм санаанд хүрсэнгүй бөлгөө. Харин зах хязгаарыг сахин суухад хүрэхгүй” Сыма Ши өгүүлрүүн: “Тэнгэрийн ёс гучин жил нэгэнтээ хувилах тул хэрхэн хэмээн үүрд хүлисийн хөл мэт болгох буй. Би Ү улсыг байлдсугай хэмээн санамуй” хэмээсэнд Сыма Жао өгүүлрүүн: “Эдүгээ Сүньцуань шинэхэн үгүй болоод Сүньлян үхээнц буурай тул мөн завсарт байлдахаар одвоос зохимуй” хэмээгээд өмнийг байлдах их жанжин Ванчанд арван түмэн цэрэг өгч “Наньзюнийг байлд!”, зүүнийг байлдах жанжин Хузүньд арван түмэн цэрэг өгч “Дунсинг байлд!”, өмнийг сахих Дүдү Гуань Цюзянийг арван түмэн цэрэг авч “Ү Чаныг байлд!” хэмээн гурван замын цэргийг хамтаар гаргасугай хэмээн бас дүү Сыма Жаог их Дүдү болгож гурван замын цэрэг морийг ерөнхийлөн захируулан илгээв. Тэр жилийн өвлийн сүүл сард Сыма Жао Зүүн Ү улсын хязгаарт хүрч хүрээ байгуулан Ванчан Хузүнь, Гуань Цюзянь нарыг цацарт дуудан ирж арга зөвлөн өгүүлрүүн: “Зүүн Ү улсын их чухал газар нь Дунсин хошуу болой. Эдүгээ нуурт далан барьж, зүүн баруун этгээдэд хот цогцлоогоод Чаоху нуурын хойтоор байлдахыг сэргийлжээ. Олон гүн та сайхан сэргийл хэмээгээд Ванчан, Гуань Цюзяньд тус бүр нэг түмэн цэрэг өгч зүүн баруун этгээдэд жагсаа! Түр битгий орогтун! Дунсин хошууг авсны хойно хамтаар орсугай” хэмээсэнд Ванчан, Гуань Цюзянь захиа дагаж одов. Сыма Жао бас Хузүнийг гавшгай болгон гурван замын цэргийг аван очоод: “Урьд гүүр тавьж Дунсингийн даланг байлд! Хэрвээ зүүн баруун хоёр хотыг булаан олбоос даруй их гавьяа болой!” гэхэд Хузүнь гүүр тавихаар одов.

144 Улам бадруулагч

Тэндээс Ү улсын Тайфү түшмэл Жугө Кө, Вэй улсын цэрэг гурван замаар орж ирэхийг сонсоод даруй олныг цуглуулж зөвдсөнд умрыг төвшитгөх жанжин Динфэн өгүүлрүүн: “Дунсин болбоос Зүүн Ү улсын чухал газар. Хэрвээ Дунсинийг алдваас Наньзюнь хошуу, Ү Чан цөм түгшүүртэй болмуй”. Жугө Кө өгүүлрүүн: “Энэ үг чухам миний санаад нийлжээ. Чи гурван мянган усан цэрэг авч мөрнөөр одогтун! Би даруй Люйзюй, Танзы, Люзаньд нэжгээд түмэн цэрэг өгч гурван замаар туслахаар илгээсүгэй! Гагц тэмдэгт буун дуу гарсанд хамтаар орж байлд! Би их цэрэг авч хойноос хүрмүй”. Динфэн захиаг хүлээн гурван мянган цэрэг авч гучин онгоцонд хуваан сууж Дунсин хотын зүг ирэв.

Тэндээс Хузүнь гүүрийг гэтлэн гараад далангийн дээр хүрээ байгуулж Хуаньзя, Ханьзунг гаргаж хоёр хотыг байлд хэмээн илгээв. Зүүн хотыг Ү улсын жанжин Цуаньдуань сахиж баруун хотыг Ү улсын жанжин Люлюэ сахив, Тэр хоёр хот өндөр бөгөөд бэх тул даруйд байлдан авахуйяа бэрх. Цуаньдуань, Люлюэ Вэй улсын хүчирхэгийг мэдээд аймшиггүй гарч байлдахгүй хотыг бэхлэн сахив. Хузүнь, Сюйтанд хүрээ буужээ. Тэр цаг чив хэмээн хүйтэн их цас орсон тул Хузүнь олон жанжин нарыг хуруулж хуримлан бүхийд гэнэт хүн ирж хэлрүүн: “Усан дээгүүр гучаад цэргийн онгоц нааш хүрч ирэв” хэмээсэнд Хузүнь хүрээнээс гараад үзвээс онгоц дараа дараагаар хөвөөнд дөхөн иржээ. Нэг онгоцонд зуу шахам хүн буй. Хузүнь даруй орж олон жанжны зүг өгүүлрүүн: “Гурван мянган цэргээс өнгөрөхгүй тул юун айх учир буй!” хэмээн харьяат жанжныг байцаахаар илгээгээд хэвээр уулцан суув. Динфэн онгоцыг нэг утсаар жагсаагаад олны зүг өгүүлрүүн: “Эр хүний гавьяа нэр байгуулах нь чухам энэ өдөр буй болой!” хэмээгээд олон цэргийн хуяг дуулгыг тайлуулаад урт жадыг тавьж цөм охор илдийн төдийг л авч ирэв. Вэй улсын цэрэг үзээд цөм их л инээлцэж нэн бэлтгэхгүй болов. Гэнэт гурвантаа буун дуу гармагц Динфэн илд барин нэгэнтээ харайж хөвөөнд гарахуйяа олон цэрэг цөм охор илд авч даган хөвөөнд авираад шууд Вэй улсын хүрээ рүү цавчин оров. Вэй улсын цэрэг гар хөдлөн завдсангүй. Ханьзун яаран цацрын өмнөх сэрээт жадыг үгтээн авч угтан байлдтал Динфэн хэдийн жадыг булаан аваад гар өргөмөгц цавчиж унагаав. Хуаньзя зүүн этгээдээр тойрон ирээд Динфэнг жадлахад Динфэнд жадны ишийг хавчигдсаны хойно Хуаньзя жадыг гээж буруулан одов. Динфэн яаран илдээр цохисонд чив зүүн мөр оногдож хойш хандаж унатал Динфэн завдаж хүрээд жадалж алжээ. Ү улсын гурван мянган цэрэг Вэй улсын хүрээний дотор хөндлөн гулд байлдахад Хузүнь яаран морь унаж зам булаан буруулав. Вэй улсын цэрэг цугаар гүүрэнд гарахад гүүр тасраад их хагас нь усанд унаж үхэв. Цасан дээр алагдсаныг тоолбоос барахгүй. Тэрэг, морь, цэргийн зэвсгийг цөм Ү улсын цэрэгт автав. Сыма Жао, Ванчан, Гуань Цюзянь нар Дунсингийн цэрэг дарагдсаныг сонсож цөм цэргийг хойш авч эгэв.

Тэндээс Жугө Кө их цэрэг авч Дунсинд ирээд цэрэг хураан олныг шагнасан хойно олон жанжин нарыг цуглуулж өгүүлрүүн: “Сыма Жао цэрэг дарагдаж умар зүг буруулсанд төвхийтэл мөн тухай цэрэг орж Жун Юаньгийн газрыг авбаас зохимуй” хэмээгээд нэгэнтээгүүр элч гарган бичиг авч Шу улсад Зянвэйг цэрэг орж түүний хойдыг байлдмуй, дэлхий дахиныг адилаар хуваасугай!” хэмээн зарав. Нэгэнтээгүүр хорин түмэн цэрэг байгуулан Жун Юаньгийн газрыг байлдахаар одов. Хөдлөх үес гэнэт нэгэн зурвас цагаан уур газраас мандаад өмнө цэргийг халхалж эсрэг хүн үзэгдэхгүй болжээ. Зян Янь өгүүлрүүн: “Энэ уур нь цагаан солонго болой. Цэрэг хохирох тэмдэг бөлгөө. Тайфү даруй эгвээс зохимуй. Вэй улсыг байлдаж болохгүй!” хэмээсэнд Жугө Кө ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Чи ямар аймшиггүй, бэлгэгүй үг гарган миний цэргийн сэтгэлийг осол болгомуй!” хэмээгээд цэргийн ардыг зандран “Аваачиж цавч!” хэмээхэд олон хүн хэлтрүүлэхийг гуйсанд Жугө Кө, Зян Янийг бууруулж иргэн болгоод хэвээр цэргийг хөөж одоход Динфэн өгүүлрүүн: “Вэй улсын Синьчэн хотоор чухал хавцал ам болгожээ. Хэрвээ тэр хотыг урьд авбаас Сыма Жаогийн элэг цөс хэмхрэх болой” Жугө Кө ихэд баярлаж даруй цэрэг авч шууд Синьчэн хот доор хүрч ирсэнд хотыг сахисан Я Мэнь жанжин Жантө, Ү улсын цэрэг хүрч ирэхийг үзээд хаалга дарж бэхлэн сахисанд Жугө Кө дөрвөн зүгээс хаажээ. Тэр мэдээг хүн Луо Янд хэлэхээр одсонд Жүбо түшмэл Юй сун Сыма Шид өгүүлрүүн: “Эдүгээ Жугө Кө, Синьчэн хотыг хаасныг түр байлдаж болохгүй! Ү улсын цэрэг холоос ирээд хүн олон амуу чухаг, амуу дууссаны хойно өөрөө эгэх болой. Тэдгээрийн эгэх үес байлдваас эрхгүй дийлмүй. Гагц Шу улсын цэрэг халдахаар ирэхийг сэргийлэхгүй болохгүй”. Сыма Ши “Мөн!” хэмээгээд даруй Сыма Жаог “Нэгэн салаа цэрэг авч Гуохуайд туслаж Зянвэйг сэргийл” хэмээж Гуань Цюзянь, Хузүнийг “Ү улсын цэрэгтэй байлд!” хэмээн зарав.

Тэндээс Жугө Кө, Синьчэн хотыг хааж хэдэн сар байлдваас олохгүй тул олон жанжинийг “Хүч хамтдаж хотыг байлд! Осол болсныг даруй алмуй” хэмээсэнд олон цөм шаламгайлан байлдсан тулд хотын зүүн хойд зовхис эвдрэх шахжээ.

Жантө хотод нэгэн арга үүсгэж нэг сайн хэлэлцэх хүнд данс Цөзи145-г тэврүүлэн гаргаж Ү улсын хүрээнд Жугө Көд золгуулж өгүүлрүүн: “Вэй улсын цаазанд “Хэрвээ дайсан хотыг хааваас зуун өдөр сахиад туслах цэрэг ирэхгүй болбол хотоос гарч дагасанд угсаа төрлийг ял холбогдуулахгүй!” хэмээжээ. Эдүгээ жанжин хотыг хаагаад ерэн өдөр илүү болсон тул одоо хэдэн өдөр агуулбаас манай эзэн жанжин цэрэг иргэнийг бүрнээ аваад хот гарч дагамуй. Урьд нэрийн тоо бичсэн дансыг өргөхөөр ирэв” хэмээсэнд Жугө Кө итгэж цэргээ хураан хотыг байлдахыг байв. Угтаа Жантө цэргийг алгуурлуулах аргыг үүсгэж Ү улсын цэргийг мэхлэн эгүүлээд даруй хотын доторх гэр барааг эвдэж хотын эвдэрсэн газрыг засаж нөхсөний хойно жич өдөр хэрмийн дээр гарч ихэд хараан хэлрүүн: “Миний хотод басхүү хагас жил идэх амуу буй. Юунд танай Ү улсын нохойд дагамуй! Та байлдахаар ирэгтүн! Хамаагүй!” хэмээхэд Жугө Кө их л хилэн төрж цэргийг хөөж хотыг байлдахад хотын дээрээс цацлан харваж ирэхэд Жугө Көгийн магнай оногдон мориноос урвалхийлэн унав. Олон жанжин нар яаран тэнхрүүлээд хүрээнд эгсэн хойно зэвийн шарх лэврээд146 цэрэг цөм байлдах сэтгэлгүй болсны дээр бас тэнгэр аагим халуун үе тул цэргийн хүн өвдөх нь аль олон болов. Жугө Көгийн шарх баахан илаар болж босоод “Хотыг байлдсугай!” хэмээхэд хүрээний түшмэл хэлрүүн: “Хүн бүр цөм өвдсөн тул хэрхэн байлдаж чадмуй?” гэхэд Жугө Кө хилэгнэж өгүүлрүүн: “Жич өвдөв хэмээн хэлэгсдийг алмуй!” хэмээсэн тул олон цэрэг сонсоод оргосон нь маш олон. Гэнэт хүн хэлрүүн “Дүдү Цайлинь харьяат цэргээ аваад Вэй улсад дагахаар одов” хэмээтэл Жугө Кө их л гэлмэж морь унаад олон хүрээг байцаан үзвээс цэргүүд үнэхээр цөм нүүр шарлан хавдаж өвчинтэй болсон тул даруй цэрэг хурааж Ү улсдаа эгжээ. Үүнийг хэдийн хүн Гуань Цюзяньд мэдүүлсэнд Гуань Цюзянь их цэргийг дуусган авч хойноос даран алсанд Ү улсын цэрэг их л дарагдаж эгэв. Жугө Кө маш ичгүүрээд өвчинтэй хэмээн шалтаглаж хаанд бараалхахгүй тул Ү улсын эзэн Сүньлян биеэр түүний гэрт асуухаар одсонд бичиг цэргийн олон түшмэл цөм ёслон золгохоор ирэв. Жугө Кө хүний шүүмжлэхээс болгоомжлон ордонд ойрхи жанжин нарын эндүүг гаргаж хөнгөн ялтайг болбоос хязгаар захад цөлөөд хүндийг нь алж олонд үзүүлэв. Түүнээс дотоод гадаад түшмэд үл айх нь үгүй. Жич бас сэтгэл зүрхний мэт жанжин Жан Юэ, Жу Эньгээр шадар цэргийг захируулан биедээ жигүүр өд болгов.

145 Дэвтэр, товхимол

146 Битүү идээт яр цоорч хагарах

Тэндээс Сүньзюньгийн өргөсөн нэр Зы Юань, Сүньзяньгийн дүү Сүньзингийн жич, Сүньгүнгийн хөвгүүн болой, Сүньцуань байх цагт асар өршөөх тул шадар цэргийг захируулсан ажээ. Эдүгээ Жугө Кө, Жан Юэ, Жу Энь хоёулаар шадар цэргийг захируулж түүний эрхийг булаасанд их л хорсжээ. Тай Чанцин түшмэл, Төн Инь ерөөс Жугө Кө лүгээ завсартай тул мөн тухайд Сүньзюньд золгож өгүүлрүүн: “Жугө Кө эрхийг эзэлж харгис догшин яваад гүн чингийн зэрэг түшмэлийг алж хөнөөхийг үзэхүл сайд болохгүй сэтгэл буй. Гүн чи хааны угсаа мөн бөгөөд яахан эртээс хичээхгүй буй?” Сүньзюнь өгүүлрүүн: “Би хэдийнэ ийм санаа аж удав. Эдүгээ зүй нь хаанд айлтгаж зарлигаар алсугай!” хэмээв.

Түүнээс Сүньзюнь, Төн Инь лүгээ хамт харшид ороод Ү улсын эзэн Сүньлянд нууцаар мэдүүлсэний хойно Сүньлян өгүүлрүүн: “Би тэр хүнийг үзвээс бас ч асар аймуй. Үргэлж арилгасугай хэмээн санавч түүний дашрамыг олоогүй. Эдүгээ та нар үнэхээр шударга журамтай болбоос нууцаар хичээвээс зохимуй”. Төн Инь өгүүлрүүн: “Хаан нэгэн хурим бэлтгэж Жугө Көг залж авчраад сэмээр цэрэг бүгүүлэн хундага цохихоор тэмдэг болгож ширээнд алаад хожим өдрийн зовлонг тасалбаас зохимуй” хэмээсэнд Сүньлян үгийг дагав.

Тэндээс Жугө Кө цэрэг дарагдаж эгснээс өвчинд зайлуулан гэртээ сууж дотор маш амаргүй. Нэгэн өдөр зоог хийн дунд танхимд ирвээс гэнэт гаднаас нэгэн цагаан хувцас өмссөн хүн орж ирмүй. Жугө Кө зандарч асуусанд тэр хүн их цочин айж яахаа мэдэхгүй болжээ. Жугө Кө баримтлуулан шүүн асуулгаваас тэр хүн өчрүүн: “Миний гэрт саяхан эцэг өнгөрсөнд хот орж ном унших хуушаан147 залахаар ирсэн бөлгөө. Анх үзэхэд сүм тул орж ирвээс харин Тайфүгийн яам болсныг хэн санав. Яахан энд хүрч ирснийг мэдэхгүй” хэмээсэнд Жугө Кө их л хилэгнэж хаалга сахих ардыг авчирч асууваас хаалганы ард өчрүүн: “Манай хэдэн арван хүн цөм жад илд барьж сахиад баахан ч салсангүй бөгөөд огт хүн орж ирснийг мэдсэнгүй” Жугө Кө хилэгнэж цөм барьж алав.

147 Хувраг

Тэр шөнө Жугө Кө хэвтэвч унтавч амаргүй бүхийд гэнэт дундад танхимд нэгэн аянга мэт их дуу гарав. Жугө Кө өөрийн биеэр очиж үзвээс гол нуруу хоёр тийш хугарчээ. Жугө Кө гэлмэж унтах гэрт эгсний хойно гэнэт нэгэн зурвас жигтэй салхи салхилмагц тэр алагдсан цагааныг өмссөн хүн хийгээд үүд харсан хэдэн арван цэрэг нэр өөр өөрийн тэргүүнийг бариад амь нэхэхээр ирмуй. Жугө Кө айж газарт унаад нэлээд удсаны хойно сая амьдрав. Жич өдөр нүүр угаахад ус нь цусны үнэртэй тул Жугө Кө шивэгчинг зандаж нэгэн дараагаар хэдэн арван зэрэг халавч басхүү нэгэн адил. Жугө Кө чив сэжиглэн бүхийд хүн ирж хэлрүүн: “Тэнгэрийн хөвгүүний элч ирэв. Тайфүг хуримлахаар одсугай хэмээмүй”. Жугө Кө одсугай хэмээн тэрэг морь бэлтгээд сая ордноос гарсугай хэмээтэл нэгэн шар нохой хувцсыг зуугаад гасалж уйлах адил хуцмуй. Жугө Кө өгүүлрүүн: “Нохой надаар наадам хийх болой” хэмээн зүүн баруун этгээдийн хүнийг зандан үлдэж гаргаад даруй тэргэнд сууж гэрээс гарч хэдэн алхам явсангүй тэрэгний өмнө нэгэн зурвас цагаан солонго газраас мандаад цагаан хивийг огторгуй тултал татсан мэт, Жугө Кө асар айв. Сэтгэл зүрхний жанжин Жан Юэ тэрэгний дэргэд хүрч нууцаар өчрүүн: “Энэ өдрийн ордонд хуримлах нь сайн мууг мэдэхгүй. Эзэн гүн хөнгөлөн одож үл болмуй” хэмээхэд Жугө Кө сонсоод даруй тэргийг эргүүлж хойш хэдэн алхам явсангүй, Сүньзюнь, Төн Инь морь унаж өмнө ирээд өгүүлрүүн: “Тайфү юунд даруй эгмүй?” Жугө Кө өгүүлрүүн: “Би гэнэт гэдэс өвдсөн тул хаанд золгож чадахгүй болжээ”. Төн Инь өгүүлрүүн: “Хаан тайфүгийн цэрэг эгснээс бас золгон хэлэлцээгүй хэмээн өнөө хурим бэлтгэж их үйл зөвлөсүгэй хэмээмүй. Тайфү хэдий бие амаргүй гэвч хатуужин нэгэнтээ очвоос зохимуй?”. Жугө Кө үг дагаж даруй Сүньзюнь, Төн Ингийн хамт ордонд ороход Жан Юэ бас дагаж оров. Жугө Кө Ү улсын эзэн Сүньлянд золгож ёслон дуусаад ширээнд суусны хойно Сүньлян архи бариулахад Жугө Кө дотроо сэжиглээд маргаж өгүүлрүүн: “Бие өвчинтэй тул архи даахгүй!”. Сүньзюнь өгүүлрүүн: “Тайфү ордондоо үргэлж эмтэй архи уудаг билээ. Авч ирүүлэн уулгамуй уу?” Жугө Кө өгүүлрүүн: “Болно!” хэмээсэнд даруй дагасан хүнээр ордонд илгээн өөрөө найруулсан эмтэй архийг авч ирүүлсний хойно Жугө Кө сая сэтгэл амар уув. Архийг хэдэн зэрэг тойруулсны хойно Ү улсын эзэн Сүньлян хэргээр шалтаглаж дотогш орсонд Сүньзюнь харшаас бууж урт дээлийг тайлаад охор хувцас өмсөж дотор гархин хуяг нөмрөөд гарт хурц мэс атгаж харшид гарч их дуугаар өгүүлрүүн: “Тэнгэрийн хөвгүүн “Сөргүү хулгайг ал!” хэмээсэн зарлиг буй” хэмээхэд Жугө Кө их л гэлмэж хундагыг газарт хаяад илд сугалан угтсугай хэмээтэл толгой хэдийн газарт унав. Жан Юэ, Сүньзюньгийн Жугө Көг алсныг үзээд илд эргүүлэн цавчихаар ирсэнд Сүньзюнь яаран зайлтал зүүн гарын хуруу оногдов. Сүньзюнь бие эргэж нэгэнтээ цавчсанд Жан Юэгийн баруун мөр оногдоход цэргийн ард хамтаар гарч Жан Юэг цавчлан унагаагаад шавар мэт болгожээ. Сүньзюнь нэгэнтээгүүр цэргийн ардыг Жугө Көгийн гэрийн бүхнийг барихаар илгээн нэгэнтээгүүр Жан Юэ хийгээд Жугө Көгийн үхдэлийг чийрсэнд хумьж боожлон бага тэргэнд тээж хотын өмнө хаалганы гадна Ши Зыгангийн олон хүүрийн гууд гээв.

Тэндээс Жугө Көгийн эм чив гэрийн дотор сууваас босвоос амаргүй бүхийд гэнэт нэгэн шивэгчин гэрт орж ирэв. Жугө Көгийн эм асууруун: “Чиний бүх биед юун ийм цус үнэр гармуй” Тэр шивэгчин гэнэт нүдээ дүгрэг болгон шүдээ зууж бие үсэрхийлэн гэрийн дам нурууг тэргүүнээр мөргөлхийлж өндөр дуугаар дуудруун: “Би Жугө Кө болой! Зусар хулгай Сүньзюньд хөнөөгдөв!” Түүнд гэрийн хүн цөм цочиж уйлахад удсангүй цэрэг морь хүрч ирээд хүрээг хаагаад Жугө Көгийн гэрийн хөгшин залууг цөм хүлээд зээлд аваачиж алав. Тэр үес Ү улсын улам бадруулагчийн хоёрдугаар оны арван сар бөлгөө. Эрт Жугө Зинь байх цагт Жугө Көгийн цэцэн гэгээн цөм гадаадад илэрснийг үзээд шүүрс алдаж өгүүлрүүн: “Энэ хөвгүүн гэрийг хамгаалан чадах хүн бус!” хэмээсэн бөлгөө. Бас Вэй улсын Гуаньлү Дайфү түшмэл Жанзи, Сыма Шид өгүүлрүүн: “Жугө Кө удахгүй үхмүй”. Сыма Ши түүний учрыг асууваас Жанзи өгүүлрүүн: “Сүрээр түүний эзнийг хөдөлгөх тул яахан удаж чадах аж?” хэмээсэн нь эдүгээ үнэхээр түүний үгэнд оногдов.

 Түүнээс Сүньзюнь Жугө Көг алсны хойно Ү улсын эзэн Сүньлян Сүньзюнийг чансан, их жанжин, Фүчүнь Хоу өргөмжилж дотоод гадаад цэргийн үйлийг захируулсанд улс төрийн эрх цөм Сүньзюньд шилжив.

Тэндээс Зянвэй Чөндүд агаад Жугө Көгийн “Вэй улсыг байлдахад тусламуй!” хэмээн цэрэг гуйсан бичгийг олоод даруй төрд орж Хоужуд айлтган дахин цэрэг байгуулж “Умард Жун Юанийг байлдахаар очсугай!” хэмээв, Энэ чухамхүү:

“Нэгэн удаа цэрэг үүсгээд ашиг олсонгүй тул

Хоёрт хулгайг байлдаж гавьяа бүтээсүгэй хэмээмүй”

Эгнэгт дийлэх дийлэгдэхийг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top