"Шинийн наймны цагаан дара" үзэсгэлэнд 150 гаруй бүтээл дэлгэгдлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 28

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн хаврын тэргүүн хөх бар сарын шинийн наймны өдөр "Шинийн наймны Цагаан дара" үзэсгэлэнгийн нээлт болон "Нэг өдрийн Цагаан дара" бүтээх үйл ажиллагаа Богд хааны ордон музейд боллоо.

“Нэг өдрийн Цагаан дара эх”-ийг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Монголын Бурхны Шашны Дээд Сургуулийн Урлахуйн ухааны урлаач С.Санжай, Ц.Номин, Б.Ганбаатар нар бүтээж байлаа. Үзэсгэлэнгийн танхимын гол хэсэгт торгон дээр шороон будгаар урласан Цагаан дарь эх бурхны зураг өлгөөтэй. Уг ховор нандин бүтээлийг алдарт марзан Шарав бодит хүний царайтайгаар урласан нь үнэхээр гайхамшигтай.

Тэртээ ХХ зууны эхээр Их хүрээнд сар бүрийн шинийн найманд анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын тигийн дагуу үзүүр тохой хэмжээтэй Цагаан дара эх бурхныг нар мандахаас жаргах хооронд нэг өдөрт багтаан бүтээдэг уламжлалтай байжээ. Тухайн өдөр шүтээн урлаач лам нар уламжлалын дагуу Цагаан дара эх бурхныг бүтээснээр бурханч болдог учиртай. Энэ уламжлал 1924 он хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ үед бүтээсэн Цагаан дара эх бурхны шүтээн зургууд Монголын музейнүүдэд хадгалагдан үлдсэн байдаг. Шинийн наймны өдөр Цагаан дара эх бурхныг нэг өдөрт багтаан бүтээдэг түүхэн уламжлалыг дахин сэргээх санал санаачилгыг Богд хааны ордон музейгээс гарган, 2013 оноос эхлэн жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн найманд “Цагаан дара эх” сэдэвчилсэн үзэсгэлэнгийн хамт зохион байгуулсаар 11 дэх жилтэйгээ золгож буй. Үзэсгэлэнгийн хаалгыг голлон Б.Шаравын зурсан Улсын эх дагина Дондогдуламын хөрөг зураг дэлгэгдсэн нь онцлог санагдсан юм.

Насны гурван бурхан, хорин нэгэн дарь эхийн нэг, цаст уулын туяаг булаам тунгалаг цагаан дүрт  Цагаан дара эхийг бүтээлийн голд үлэмж томоор дүрслэн, дээд талд нь хөх тэнгэр ногоон, ягаан үүлс, нар, сар, доод хэсгээр нь хээр тал, усны шувууд бүхий байгалийн сайхны дунд цогцлоон дүрсэлсэн нь энэ бүтээлийн онцлог юм. Түүнчлэн Цагаан дара эх үл мэдэг инээмсэглэн, мэлмий нь зөөлөн, энэрэлт харцаар ширтэнэ. 

 

Ц.ЭРДЭНЭБААТАР: ШИНИЙН НАЙМНЫ БИЛИГТ САЙН ӨДӨР ТАМЫН ХААЛГА ХААЛТТАЙ БАЙДАГ

 

Цагаан дара эхийн үзэсгэлэн II/27-III/13-ний өдөр хүртэл үргэлжлэх аж. Үзэсгэлэнгийн талаар Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатараас тодрууллаа. Тэрбээр “Богд хаант Монгол Улсын үеэс шинийн наймны өдөр Цагаан дара эхийг бүтээдэг байсан. Энэхүү уламжлал ёсоор өнөөдөр Цагаан дара эхийн үзэсгэлэнгийн нээлт боллоо. Цагаан дара эхийг өглөө мандах нарнаас үдэш шингэх хүртэл зурж дуусгавал нас уртасна хэмээдэг. Мөн урлаж дуусгаснаар тухайн урлаачийг шүтээн зураач гэж нэрийддэг. Богд хааны хатан Дондогдулам нь хатан болохоосоо ч өмнө Цагаан дара эх гэж алдаршсан хүн юм.

Дондогдулам хатны лагшин үзэгдсэн газар өвчин зовлон байлаа гэхэд амархан илаарьшдаг, ган зуд боллоо гэхэд даван туулах хүч чадал болдог гэх мэт ид шидээрээ монголчуудын дунд домог болон үлдсэн байдаг. Зовлон, нулимсны шалтгааныг хамгийн түрүүнд сонсож түүнийг гэтлэгдэг нь Цагаан дара эх гэж үздэг. Тийм ч учраас Монголчууд Дондогдулам хатныхаа гуншныг Цагаан дара эх хэмээн дээдэлдэг байсан. Өнөөдрийн үзэсгэлэнд 150 гаруй зээгт наамал, зутгуур, хөөмөл зэрэг Цагаан дара эхийн зургуудыг музейн сан хөмрөгөөс үзэгчдэд толилуулж байна. Шинийн наймны билигт сайн өдөр тамын хаалга хаалттай байдаг. Энэ өдөр бурхан багш тамын бүх амьтдыг сулласан гэдэг.

Ард түмэн минь бурхныг шүтэхдээ “Шилний цаанаас чихэр долоож байгаа мэтээр биш, өөрөө мөн чанарыг нь мэдэрч ойлгох нь зүйтэй” гэсэн юм.  Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт “Цагаан дара эх”-ийг дүрсэлсэн баримал, зээгт наамал, уран зураг олон бий. Харин тэдгээрээс хамгийн том хэмжээтэй нь 1090х1540 сантиметрийн хэмжээтэй “Цагаан дара эх”-ийн зээгт наамал юм байна. Энэ зээгт наамал нь таван давхар байшинтай тэнцэх ажээ. Зээгт наамлыг XIX зууны сүүлчээр бүтээгдсэнийг тогтоосон ч урласан бүтээлчийнх нь нэр тодорхойгүй. Хэдэн жилийн өмнө “Цагаан дара эх” зээгт наамлыг Монгол бөхийн өргөөнд дэлгэж байсан ч багтаамж хангалтгүйгээс бүрэн хэмжээгээр нь үзүүлээгүй аж. Эргэн тойрон улаан ба шар торгон хээтэй, хөх торгон захтай энэ бүтээлийг 1995 онд Засгийн газрын 241 тоот тогтоолоор хосгүй үнэт зэрэглэлд багтаажээ.

 

Р.АЛТАНТИТЭМ: БҮТЭЭСЭН БУЯН АЛГА БОЛОХГҮЙ

 

АНУ-ын Чикаго хотын Радна Шри санга төвийн дэд тэргүүн, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн лам Р.Алтантитэм нээтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ “Цагаан дара эхийг бүтээсэн буян бол цаглашгүй юм. Цагаан дара эхийг бүтээж буй хүн маш ариун сэтгэлээр бүтээж буй юм. Ингэж бүтээхээрээ тухайн бүтээгч их буян хураадаг. Тэрхүү бүтээснийг нь харсан үзсэн хүн баясаж буян хураадаг. Үргэлжид оршихгүй учир хоосон чанартай. Гэвч бүтээсэн буян алга болохгүй. Бурхныг бүтээснээрээ ашдын аврал, агшин зуурын буюу энэ насны буян болно. Ашдын аврал нь хожим хойно бурхан болж амьтанд тус хийнэ гэсэн үг. Ум дарэ дүддарэ дүрэ мама аюур бунья жняна бүшдим гүрү суухаа” хэмээн тарныг аялгуулан дуудлаа. Тус тарнийн утга нь “Зовлонгоос түргэн гэтэлгэгч эх та билгүүн ухаан, сайн буяныг дэгжээн дэлгэрүүлж насан хутаг, амгалан жаргаланг үүсгэн соёрх”.

Дара эхийг санскритаар Тара, төвдөөр Долма, Монголоор Гэтэлгэгч эх /дара эх/ хэмээн нэрийддэг. Гэтэлгэгч эх хэмээхийн учир нь Дара эхийг орчлонгийн амьтдыг зовлонгоос үтэр түргэн гэтэлгэдэг гэж үздэгээс үүдэлтэй. Дара эхийг бусдад туслах элдэв үйлийн дагуу их найман аюулаас гэтэлгэдэг гэдэг. Эдгээр найман их аюул нь Арслангийн (омгийн сэтгэл), Галзуу зааны (мунхаг сэтгэл), Галын (өшөө хорсол), Хорт могойн (атаархах сэтгэл), Хулгай дээрмийн (Буруу үзэл), Шорон гяндангийн (уур), Үер усны (шунал хүсэл), Мангасын (тээнэгэлзэх сэтгэл) аюул юм. Эдгээр нь угтаа гаднаас хүнд халдан ирэх аюулыг биш дотоод сэтгэлээс үүтгэлтэй зовлонг зүйрлэн төлөөлүүлсэн шинжтэй байдаг. Цагаан дара эх нь мутрын алга, хөлийн тавхай, духан дээрээ мэлмийтэй бөгөөд тэдгээр мэлмийгээрээ тольдон харж хамаг амьтныг зовлон шаналлаас авран хамгаалдаг ажээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top