"Нарантуул" захад дээл 250 мянгаас 3.5 сая төгрөгийн үнэтэй байна

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 06

“Шинэ мөнгө солино” хэмээн хадах чимээ Нарантуул захын хаалга бүр дээр сонсогдоно. Тус захад 11.30 цагийн үед ирэхэд хүмүүс тал бүрээс цуглаж байв. Цагаан сарын бэлтгэл ажил хэдийн эхэлжээ.

Цуглаж буй хүмүүсийн ихэнх нь тэтгэврийн насны хүмүүс харагдав. Өвлийн жавар тачигнасан өдрүүд үргэлжилсээр байгаа ч хүйтнийг үл ажран хотын өнцөг булан бүр, хөдөө орон нутгаас зорих иргэд Нарантуул захыг 13 цаг гэхэд дүүргэлээ. Сүүлийн үед монголчууд үндэсний хувцас, гоёл чимэглэл, эд эдлэлээр гоёдог болцгоосон. Энэ ч утгаараа уламжлалт баяр, наадмаар үндэсний дээл, хувцасны эрэлт нэмэгддэг билээ. Иймд бид монголчуудын олноороо зорьж үйлчлүүлдэг захад дээл, малгай, торго, гутал, бүс ямар үнэтэй байгаа талаар сурвалжиллаа.


 

ХОНИНЫ НЭХИЙ ДОТОРТОЙ ДЭЭЛ 750-780 МЯНГАН ТӨГРӨГ

 

Мандах төрийн малгай

Бүтэх төрийн бүс

Дэвжих төрийн дээл

Тулах төрийн гутал

Хан төрийн ханжаар /хантааз/ хэмээн монголчууд үндэснийхээ хувцсыг нэрлэж ирсэн сайхан уламжлалтай. Mонгол түмний төрт ёсны Сар шинийн баяраар монгол ард түмэн үндэсний хувцсаараа гоёж, өв уламжлалаа дээдэлж байхыг эрхэмлэдэг билээ. Энэ утгаараа ч Нарантуул захын хамгийн их хүн холхих тасаг нь дээл, торго, дурдан, пүүсүү, үйтэнхуарын хэсэг болжээ. Хувиараа дээл оёдог болон гар цайлгах үүднээс торго бэлдэж яваа олон хүн байв.

Тэдний нэг өндөр настан Т “Эмээ нь хамаатан садан, үр хүүхдүүддээ гарын барьц бэлдээд явж байна. Миний насны хүнд дээлийн торго бэлэглэхэд тохиромжтой байдаг. Тиймээс жил бүр эндээс ирж торго авдаг. Сонголт их, үнэ хямд байдаг юм” гэлээ. Ууталж, савлаж бэлдсэн даавуу, торго 5000 төгрөгөөс эхэлж байсан юм. Өөрийнхөө санаанд нийцүүлсэн дээл оёулъя гэвэл сонголт өргөн байна. Энд дээлийн торго чанараасаа шалтгаалж нэг метр нь 6000-80 мянган төгрөгийн хооронд үнэтэй байгаа бол, дээл хийх даавууны хувьд харьцангуй хямд буюу 5000 төгрөгөөс 30 мянган төгрөгийн үнэ ханштай байна. Мөн дээлийн дотор 8-10 мянган төгрөгийн үнэ ханштай худалдаалагдаж байгаа юм.

 

 

Бэлэн оёсон янз бүрийн загвартай, өнгө өнгийн дээл бэлэн хувцасны хэсэгт өлгөөтэй ярайна. Худалдан авагчид 10, 20 мянган төгрөгийн зөрүүнээс илүү өнгө, загвар, хийцийг нь онцгойлон үзэж байлаа. Энд эмэгтэй энгийн дээл 100 мянган төгрөгөөс 320 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа юм. Худалдан авагчдын ихэвчлэн сонирхон асууж буй загварын дээлийн үнэ 230-250 мянган төгрөг байлаа. Харин хиймэл хурганы үстэй, дотортой дээл 280 мянган төгрөг, япон торгон дээл 300 мянган төгрөг гэнэ.

Тэгвэл хурган дотортой дээлийн үнэ 2.5-3.5 сая төгрөгийн үнэ ханштайгаар худалдаалагдаж байна.

Цамцнууд 85 төгрөгөөс эхэлж байгаа юм. Харин хантаазны хувьд 60-200 мянган төгрөгийн хооронд байна. Тэгвэл эрэгтэй хөвөнтэй дээл дунджаар 250 мянган төгрөгийн үнэтэй байв. Торго, даавуунаасаа шалтгаалж 450 мянган төгрөг дээлүүд байгаа аж. Харин хүрмийн хувьд 80-550 мянган төгрөгийн үнэтэй байсан юм.

Худалдагчид “Энэ жил дээлийн үнэ өсөөгүй. Загвар, хийц улам чамин болсноор материалын үнэ бага зэрэг нэмэг­дэж бодогдсон” тухай ярьж байлаа. Монгол хонины нэхий дотортой дээл 750-780 мянган төгрөг гэж байв. Баяр ёслолыг догдлон хүлээдэг хүүхдүүдийн дээл 1-4 настайд таарах 50 мянган төгрөг, 4-5 насных 60 мянган төгрөг, зургаагаас дээш насных 80 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.

 

 

БУЛГАН МАЛГАЙ 240-280 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

 

Дээлтэй хослох төгс зохицол бол мэдээж малгай, гутал, бүс байдаг. Тиймээс ч бид малгай гутлын үнэ мөн сонирхлоо. Малгайны тасаг ч мөн адил хүн ихтэй байв. Ахмадуудын ихээр сонирхдог дээлтэй хослох гоёл бол булган малгай. Хэмжээнээс хамаараад булган малгай 240-280 мянган төгрөгийн хооронд зарагдах аж.

Харин үнийн хувьд хямд шилэпэн малгай 50 мянган төгрөг гэнэ. Тус малгайг наадмаар ч өмсөх боломжтой хэмээн авах иргэд олон байдаг байна. Харин лоовууз малгай 80 мянган төгрөг, үнэгэн малгай 100 мянган төгрөгийн ханшаас эхэлж буй. Эрчүүдийн гангараа орос хромон гутал 280-450 мянган төгрөг, монгол хромон гутал 180 мянган төгрөгийн үнэ ханштай байлаа. Харин дээлийн гол гоёл болох мөнгөн тоногтой гэх бүс 30-120 мянган төгрөгөөр зарагдаж байна. Мөн ориг булга нэг метр нь 15 мянган төгрөг бол хурганы элдсэн дотор 40 мянган төгрөг гэсэн юм.

 

 

Үндэсний хувцас үйлдвэрлэгч зарим брендүүдийн үнийн мэдээллийг танилцуулъя.

“Борголжин” брэндийн дээл 210-280 мянган төгрөг, хантааз 95 мянган төгрөг, цамц 85-110 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Мөн хатгамалтай бүс 45 мянган төгрөг, дурдан бүс 15 мянган төгрөг, үсний гоёл 70 мянган төгрөгөөр зарагдаж байгаа юм.

“Ивээл” брэндийн ширмэл дээлэн куртик 195-255 мянган төгрөг, цацагтай дээл 300 мянган төгрөг, торгон хантааз 95 мянган төгрөг, ширмэл хантааз 87-135 мянган төгрөг, ширмэл хүрмэл 245 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм.

“Шүр урлан” брэндийн Хүннү зах, хамбан нударгаар гоёж давхар эмжсэн торгон дээл 230-480 мянган төгрөг, эрэгтэй цамц 125 мянган төгрөг, эмэгтэй цамц 120 мянган төгрөг, хөвгүүдийн цамц 60-80 мянган төгрөг, охидын цамц 70-90 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

“Өв” брэндийн дээл 298-688 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа юм. Хантааз 192 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.

Энэ жилийн дээлийн загвар олон төрлөөр нэмэгдсэн ч өнгөрсөн жилийн үнэтэй харьцуулахад нэмэгдээгүй байна. Мөн иргэдийн хөл хөдөлгөөн тасрахгүй байгаагаас үзвэл худалдан авалт ч сайн байх шинжтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top