ӨНЦӨГ I Хямрал хаяанд ирж, харин бид...?!

Б.Болорсүх | Zindaa.mn
2023 оны 01 сарын 27

Дэлхийн эдийн засгийн гуравны нэг нь 2023 онд уналтад орно. Энэ бол хэн нэгэн мэргэн зөгнөгчийн айлдсан эш үг бус Олон улсын валютын сангийн захирлын хэлсэн үг.

Нэг талаас цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хямрал, нөгөө талаас Орос-Украины цэрэг дайны ажиллагаанаас үүдсэн инфляцын өсөлт нийлээд дэлхийн эдийн засгийг ганхуулж байна. Энэ хямралд дунджаас доогуур орлоготой улс орнууд, ядуу буурай улс л өртөх эрсдэл өндөртэй аж. Бүтээгч үйлдвэрлэлийн үнэр ч байхгүй, хойд хөршөөсөө аваад, урд хөршдөө зардаг нэг ёсондоо дамын наймааны шинжтэй манай улс хямралын хөлд тэсэж чадах уу. Чадах бол яаж, чадахгүй бол яагаад...

Дэлхий нийт хямралын хөлд дарлуулчихгүйн тулд эдийн засгийн бодлогодоо өөрчлөлт оруулж, гурван нүүдлийн цаадхыг харж байхад манай улс энд намрын чуулган дуустал хулгай ярив. Хөгжлийн банкийг цөлмөснийг, нүүрсийг тонн тонноор нь зөөснийг саарал ордонд ярьж, хурган дарга нарын өрөөнөөс саяар биш, тэрбумаар хэмжигдэх мөнгө илэрдэг болов. Алсын хараа гэж сүржин нэртэй, зузаан бодлого боловсруулснаас биш түүндээ яаж хүрэхээ бодохгүй байсаар хямралын өмнө тулж ирлээ. Ядаж байхад сонгууль дөхчихсөн, дээрээс нь элдэв хулгайтай тэмцэхээ гэнэт санасан манай төр хямралыг хэрхэн харж байгаа бол...

 

Манай шалтгаан

 

Олон улсын валютын сан энэ мэт сануулгыг жил бүр өгсөөр ирсэн. Авч хэрэгжүүлдэг нь л цөөхөн болохоос санхүүгийн томоохон байгууллагын зөвлөгөө гэдэг хэн нэгэн зөгнөгчийн зөвлөгөөнөөс хэд дахин үнэтэй л зүйл. Одоогоос дөрвөн жилийн өмнө ОУВС-гийн ээлжит хурал дээр тухайн үеийн захирал Кристин Лагард “Нартай байгаа дээр дээврээ битүүл” гэж хэлж байлаа.

Тухайн үед Америк-Хятадын худалдааны дайн, Иран, Пакистаны асуудал, Орос-Украины хямралыг хараад ингэж хэлж байсан хэрэг. Цар тахал дэгдэхээс хоёр жилийн өмнө гэж бодохоор энэ үгний үнэ цэн ямар байсныг уншигч та гадарлаж байгаа байх. Одоо нуршихаа хойш тавиад гол асуудалдаа оръё. Манай хамгийн том асуудал бол инфляц байна. Дэлхийн тэргүүн баяны хөрөнгөөс арав дахин доогуур орлоготой Монгол Улсад бүү хэл, дэлхийн эдийн засгийн өнгийг тодорхойлж байгаа АНУ, Япон хүртэл хямарч байгаа цаг. Хамгийн гол шалтгаан нь Орос-Украины дайн, түүнээс үүдсэн хүнсний бүтээгдэхүүний хомстол энэ хямралын гол шалтгаан болжээ.

Дэлхийн томчуудын инфляц гадаад худалдааны эргэлт, геополитикын асуудал дээр зангидагддаг бол манай инфляц ердөө мах, уул уурхайн бүтээгдэхүүнээс шалтгаалдаг дэндүү жижижг зах зээлтэй улс. Дэлхийн олон улс орон инфляцын хариу арга болгож мөнгөний бодлогын төлөвөө хатууруулж байна. АНУ, Европын Холбооны хэд, хэдэн улс суурь хүү өсөж байгаа учраас жижиг буурай манайх шиг улс бодлогын хүүгээ өсгөхөөс өөр зам байхгүй. Томчуудын хөлд чирэгдэхгүй гээд бодлогын хүүгээ хэвээр хадгалах юм бол валютын урсгалд шок үүснэ.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ, “Энэ нөхцөлд Монголбанк бодит эдийн засагт аль болох сөрөг нөлөөлөл багатай байхаар мөнгөний бодлгын шаардлагатай тохиргоог хийж байна” гэсэн байна. Манай улсын нийт инфляцын талаас илүү хэсгийг тээврийн зардал, тээврийн саатал, нийлүүлэлт доголдол, импортын барааний үнийн өсөлт зэрэг хүчин зүйлсийн шууд нөлөө бүрдүүлж байгаа тул худалдааны түнш орнуудын инфляц буурах нь маш чухал.

Инфляцаас гадна шанаанд тулж байгаа дараагийн асуудал бол Засгийн газрын өрийн асуудал. Засгийн газрын тооцоолсноор энэ онд өрийн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хэмжээ 60.1 хувьтай тэнцэнэ. Энэхүү төсөөлөл нь Засгийн газрын баталгаа гаргах хэмжээ, улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор татан төвлөрүүлэх эх үүсвэр, ханшийн өөрчлөлт, бодит хүүгийн түвшин, ДНБ-ний өсөлт зэргээс шалтгаалан өөрчлөгдөж болох талтай. Төрийн тавьсан өрийн хэмжээ 2012-2023 онд ихээхэн өсжээ. Үүнд Засгийн газрын зүгээс шинээр гаргасан баталгаа болон алдагдалтай төсөв баталсан зэрэг нь ихээхэн нөлөө үзүүлсэн юм. Донор байгууллагууд, олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагуудаас төсөв батлах бүрд сахилга баттай байгаачээ гээд байсан нь дараа нь асуудал үүсгэхгүйн тулд анхааруулаад л байсан хэрэг. Гэвч поп улстөрчид нь гаднын хүмүүсээр бодлогоо заалгахгүй гээд үсээ зулгаагаад байсны гор ч одоо гарч байгаа нь энэ. Монгол Улс сүүлийн жилүүдэд өрийг өрөөр дарсаар ирсэн. 2020 онд Мазаалай бондын өрийг төлөхийн тулд “Номад” бонд гаргаж 500 сая ам.долларыг төлөхөөр болсон. Энэ он дөнгөж гарахтай зэрэгцээд “Сенчюри 2” гаргаж 2023 оны “Гэрэгэ” бондын гадаад өрийг дарах болсноо зарлаад удаагүй байна. “Сенчюри”-г хоёр гэж дугаарласан нь цаанаа учиртай. Уншигч та таасан бол “Сенчюри 1”-ээр “Чингис” бондын өрийг 2022 онд төлсөн юм.

Өнгөрсөн арван жилийн хугацаанд Монгол Улс дөрвөн тэрбум ам.доллар, нэг сая юанийн үнийн дүн бүхий есөн бонд гаргажээ.

 

Гадаад шалтгаан

 

Нэн тэргүүнд ОХУ-Украины цэрэг дайны ажиллагаа байна. Багахан хэмжээний дайн гэж дүгнэж болохоор энэ хямрал хүнсний бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж орхисон. Дээрээс дэлхийн олон улс орон эдийн засгийн нэг удаагийн тэтгэмжид анхаарч, цаашлаад батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлсэн нь тэлэх хандлагатай төсөв бүрдүүлэхэд нөлөөлнө. Дээрээс АНУ болон БНХАУ-ын харилцаа Тайванийн хооолойн асуудлын улмаас хүндэрсэн нь худалдааны дайныг шинэ шатанд гаргах боломжийг бүрдүүллээ. Азийн Япон, Өмнөд Солонгос улсад инфляц сүүлийн 40 жилд байгаагүйгээр өссөн нь ази тивийн нөхцөл байдлыг улмар сорилтод оруулж байна. Бараан мэдээлэл дунд тогтож харах нэгэн эерэг мэдээлэл байгаа нь БНХАУ ковидын хязгаарлалтаа сулруулж, “Тэг Ковид” бодлогоос татгалзсан явдал. Тийм ч учраас оны эхний сарын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс түүхий эдийн тээвэр нэмэгдэх хандлагатай байна. Гэвч тайвшрах болоогүй. Ковидын бодлого нь суларсан ч дотоодын халвар нэмэгдэж байгаа учраас дахин хэсэгчилсэн хөл хорио тавихыг үгүйсгэхгүй.

Европын холбоо, АНУ, Хятадын эдийн засгийн өсөлт бүгд саарсан дүр зурагтай байна. Тиймээс дээрх гурван том эдийн засагт ажиллах хүчнээ цомхотголд оруулах, төсвийн сахилга баттай байх бодлогыг баримталж байна. Түүнчлэн дээрх гурван зах зээл ойрын хугацаанд төсөв, мөнгөний бодлогодоо өөрчлөлт оруулах, дунд хугацааны эдийн засгийн бодлогоо шинэчилнэ гэдгээ дэлхий дахинд зарласан юм. Манай эдийн засгийн талаас илүү хувийг эзэлдэг түүхий эдийн салбар өөдрөг хүлээлттэй байна. БНХАУ-ын ковидын бодлогоо сулруулах шийдвэрийн дараа зэс, нүүрс зэрэг түүхий эдийн үнэ өсөх хандлагатай байна. Өнгөрсөн онд олон улсын банк санхүүгийн байгууллагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалсан нь сонсож болох сайн мэдээ. Оны төгсгөл болон энэ оны эхэнд “Сенчюри” нэртэй хоёр ч бонд гаргасан нь чухамдаа үүний л ач.

 

Тэгээд одоо...

 

Шулуухан хэлэхэд хямралын өмнө тулж ирсэн шалтгаан нь цар тахлын сөрөг цохилтоос гарч чадаагүй байхад БНХАУ-ын “Тэг Ковид” бодлого шууд нөлөөлсөн. Үр дагавар нь тодорхой. Валютын урсгалд цэвэр дүнгээрээ доголдол үүсэж, улмаар дотоодын эрэлтийг хангахад саад болсон. Арай мэргэжлийн үгээр тодорхойлбол төлбөрийн тэнцэлийн хүндрэл юм даа. Түүнчлэн өнгөрсөн онд баталсан 2023 оны төсөвт зардлыг өсгөсөн нь маш тод саад болж мэдэхээр байна. Батлагдсан дүнгээр төсвийн алдагдал 20.5 их наяд төгрөг буюу ДНБ-ний 38 хувьтай дүйнэ. Энэ талаар Монголбанкны мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэлэхдээ “Төсвийн зардлын өсөлт нь мөнгөний бодлогын төлөв хатуурч буй үед дотоод эрэлтийг дэмжиж, импортыг урамшуулж, ханшийн дарамтыг нэмэгдүүлж, гадаад төлбөрийн чадварыг бууруулах, инфляцыг өдөөх, мөнгөний бодлогын нөлөөг сулруулах эрсдэлтэй гэж харж байна” гэсэн юм.

Хэрэв бид өнөө маргаашийн сонгууль, хэн, хэнийхээ халааснаас хулгайлсан хулгайн асуудалтай зууралдсаар байх юм бол ирээдүйд хүлээж байгаа том хямралыг хохирол багатай давах нь юу л бол. Өнгөрсөн оны сүүлээр НҮБ болон Дэлхийн банкнаас ядуу буурай улс орнууд төсөв, мөнгөний бодлогодоо анхаарахгүй бол ужиг хямралд өртөнө шүү гэж сануулж байлаа. Гаднынханы үгийг тоодоггүй манайх шиг улс ирэх жилүүдэд ямар бодлого баримтлах бол, дээр нь хямралтай хоршоод сонгууль хаяанд ирчихсэн байдаг...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top