Яагаад солир үлэг гүрвэлийг хөнөөж, хөхтөн амьтдад боломж олгов?

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 11

 

Дэлхий дээр 66 сая жилийн өмнө Цэрдийн галав төгссөн. Цэрдийн галав асар том буюу 10 км голчтой солир хэдэн тэрбум цөмийн бөмбөг болж дэлхий дээр унахад төгссөн.

Дэлбэрэлт ой модыг үнс нурам болтол нь шатааж, асар том цүнами үүсгэн, агаар мандалд олон км өндөрт хэдэн сая тонн тоос, тортог босгожээ. Үүгээр үл барам солир дэлхийг эзэгнэгч үлэг гүрвэлийн хамтаар манай гарагийн амьтан, ургамлын дөрөвний гурвыг мөхөлд хүргэв. Харин сансрын биет гол төлөв сүүдэр бараадан амьдарч байсан зарим төрлийн биеэр жижиг, үл анзаарагдам хөхтөн амьтдад өршөөнгүй ханджээ. Үлэг гүрвэлтэй хүч үзэх чадваргүй эдгээр амьтан хурц соёо, хумстай ч болж хувьсаж амжилгүй, үлэг гүрвэлийн хоол болдог байв. Амьд үлдсэн хөхтний дунд бидний холын төрөл болох пургаториус байсан аж. Эл амьтныг сармагчны анхны төрөл гэж үздэг байна. Хэрэм, сохор номинтой төстэй энэ амьтан газар доор амьдарч, шавжаар хооллон, өнөөгийн хэмжүүрээр мэргэчийн үүрэг гүйцэтгэн амьдарч байжээ.

Пургаториус

“Харх хаана ч амьдарна” гэсэн утгыг Стив Брусатти тэргүүтэй Эдинбургийн их сургуулийн палеонтологичдын “Хөхтөн амьтдын сэргэн мандалт ба засаглал” ном илэрхийлжээ. Эрдэмтэд номдоо эрс өөрчлөгдсөн нөхцөлд ямар төрлийн хөхтөн амьтад амьд үлдсэн тухай өгүүлсэн байна. Мэдээж хэрэг галав юүлсэн өдөр амьд бүхний хувьд аймшигт өдөр байсан. “Энэ бол ердийн бус солир байсан. Харин сүүлийн хагас тэрбум жилд дэлхийд буусан асар том солир байсан. Хөхтөн амьтад ч үлэг гүрвэлийн араас ороход бэлэн байв” гэж Брусатти онцолжээ.

Цэрдийн галавын сүүлч үе гэхэд хөхтөн амьтдын тоо толгой гайхмаар олон байсан гэж Эдинбургийн их сургуулийн судлаач Сара Шелли ярьжээ. Тухайн үед мод болон газар доор нүхэнд амьдарч, шавжаар хооллодог жижиг амьтад, жимс, самар идэхэд зориулагдсан урд шүд нь хурц хачин жигтэй амьтан гээд янз бүрийн төрлийн амьтад гарсан байжээ. Солир унасан даруйд тэдний ихэнх буюу хөхтөн амьтдын 10 төрөл зүйлийн ес нь мөхсөн байна. Харин амьд үлдэгсдэд хэзээ ч байгаагүй шинэ боломж, бүхэл бүтэн шинэ ертөнц нээгджээ.

Гэхдээ нэг ноо байв. Аймшигт үлэг гүрвэлүүдийн хамт ой мод устан үгүй болж, тэнгэр тортгоор будагдаж, гэрэл нэвтрэхгүй, нэг үгээр цөмийн өвөл болсон. Ертөнц гэнэт зочломтгой бус болжээ.

Тэгвэл хөхтөн амьтад давын өмнө юу хийв? Зөв хариулт нь үлэг гүрвэлийн хэмжээнд хүрч өссөнгүй.

Жижиг байх тусам сайн

Тэд биеэр жижиг байсан тул анхандаа үлэг гүрвэлтэй өрсөлдөөд байнга ялагддаг байсан бол сүйрлийн нөхцөлд энэ нь тэдний хувьд амин чухал давуу тал болжээ. Тэд хулгана эсвэл харх шиг төрхтэй мөн амьдралын хэв маягтай байсан. Үл анзаарагдам тэд шинэ ертөнцөд мандаж эхлэв. Учир нь ертөнцийн сүйрлийн дараах айдас төрүүлэм нөхцөлд дасан зохицох гайхалтай чадвар эзэмшсэн нь тэр. Жижиг биетэй амьтад үржихэд хялбар. Орчин цагт амьтан том байх тусам үр төлөө тээх хугацаа нь урт байдаг. Жишээ нь Африкийн заан үр төлөө 22 сар тээдэг бол хулганад 20 хоног л хангалттай. Тиймээс хулгана шиг жижиг амьтдад сүйрлийн дараа тоо толгойгоо нөхөх боломж илүү байв.

Үүнээс гадна том биетэй амьтад үржилд ороход урт хугацаа шаардагддаг нь үлэг гүрвэл, тэр дундаа том биетэй үлэг гүрвэл хамгийн түрүүнд мөхсөн бас нэг шалтгаан.

Газар доор ч гэхдээ амьд

Хөхтөн амьтдын хувьд амьд үлдэх тулаанд амжилт гаргасан бас нэг түлхүүр нь тэдний биеийн бүтэц байсан байх магадлал өндөр аж. Ертөнцийн сүйрлийн дараах үеийн амьтдын ясны бүтэц бат бөх, орчин цагийн газар доорх амьтадтай төстэй. Тиймээс газарт нүх ухах чадвартай амьтад солир унах, үүнээс үүдэлтэй гал түймэр, цөмийн өвлийг газар доор өнгөрүүлсэн байх магадлалтай гэсэн таамгийг эрдэмтэд дэвшүүлжээ.

Хөдөлж байгаа болон хөдлөхгүй бүхнийг иднэ

Солир унасны дараа хуурай газрын бараг бүх ургамал шатаж, үгүй болсон. Үүний улмаас хоолоо сонгож иддэг амьтад өлсөж үхэж байхад хоол голдоггүй амьтадад харин амьд үлдэх боломж илүү байжээ. Тухайлбал, тираннозаврт хувьсал үр тариагаар хооллох чадвар хайрлаагүй бол хошуутай төрсөн шувуу болон үр тариагаар хооллодог хөхтөн амьтдад аз тохиожээ. Сүйрлийн дараах үед үр тариа эдгээр амьтанд амьд үлдэх боломж олгосон. Цөмийн өвөл дуусахад эдгээр амьтдын тараасан үр тариа дэлхийг дахин ой мод, ургамлаар дүүргэжээ.

Бага бод

Сүйрлийн дараа цаг хугацаа өнгөрөхийн хэрээр экосистем дахин сэргэж, өмнө нь үлэг гүрвэлийн эзэмшиж байсан нутагт хөхтөн амьтад “суурьшиж” эхэлжээ. Үлэг гүрвэл мөхсөн даруйд хөхтөн амьтдын төрөл зүйл олширч эхэлсэн байна. Тэд бие хэмжээний хувьд томорч эхэлсэн ч эрдэмтдийн ажигласан нэг сонирхолтой зүйл нь тэдний тархи биеийн хэмжээг даган томорсонгүй. Эрдэмтдийн хэлснээр, хөхтөн амьтдад амьд гарч, хожим нь дэлхийн эзэд болоход нь ухамсар тусалсан гэж эхэн үед таамаглаж байжээ. Гэвч бодит хэрэг дээр тархи солирын цохилтыг даван туулахад огт туслаагүйг гэрчилж байна. Палеоцен үед том тархи хөхтөн амьтдад харин ч гай болсон байх талтай аж. Том тархийг тэжээхэд бэрх. Учир нь их хоол хэрэгтэй. Тиймээс эдгээр амьтад дасан зохицохын тулд тархины оронд булчингаа хөгжүүлж эхэлсэн. Жишээ нь орчин цагийн туурайтны өвөг байх магадлалтай өвсөн тэжээлт эктоконус олон мянган жилийн хувьслын дараа 100 кг-д хүрчээ. Түүнийг дагаад араатан амьтан ч мөн жин нэмж эхэлсэн байна.

Ийнхүү эдгээр хөхтөн амьтан, Цэрдийн галавт тохирсон ч сүйрлийн дараах үеийн амьдралд огт бэлтгэгдээгүй супер мэргэшсэн, гайхалтай үлэг гүрвэлүүдийн үүрд орхисон нутгийг амжилттай эзэлжээ.

“Олон сая жил дэлхийг эзэгнэж, онгоц шиг аварга биет эсвэл автобус шиг том араатан болсон үлэг гүрвэлүүд дэлхий огцом өөрчлөгдөх тэр мөчид л бут ниргүүлснийг төсөөлөхөд бэрх. Тэд шинэ нөхцөлд дасан зохицож чадаагүй” гэж Брусатти ярьжээ. Харин үүнээс хойших үйл явдал уран зөгнөлт кино шиг. “Хүн төрөлхтөн энэ дэлхий дээр санамсаргүй үүссэн. Хэрэв солир дэлхийн нөгөө талын далайд унасан бол амьд үлдэх амьтны шалгарал тэс өөр зарчмаар явах байсан. Төсөөлөхөд ч бэрх. Солир агаар мандлын дээд давхаргыг хөндөөд дэлхийг тойрон өнгөрч болох л байсан. Эсвэл дэлхийд хүрэлгүй өөрөө сүйрч ч болох байсан. Юу ч болох боломжтой байсан ч тэр солир дэлхийг л чиглэсэн” гэж Брусатти онцлов.

Тиймээс манай гараг дээр өнөөдөр амьдарч буй хөхтөн амьтад тэр солирт баярлалаа гэж хэлэх учиртай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top