Үлгэр амилах цагаар багачуудын сахиус “ЦӨМӨӨХЭЙ” театрт ирнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 24

Германы зохиолч Е.Т.А.Хоффман 1815 онд анх “Цөмөөхэй” нэртэй үлгэр зохиожээ. Алдарт  П.И.Чайковский 1892 онд “Цөмөөхэй” балетын хөгжмийг бичсэнээр тус бүжгэн жүжиг дэлхийн олон орны тайзнаа амилах болсон байна. Мөн тус үлгэрээс сэдэвлэн “Хунт нуур”, “Нойрсож буй гүнж”, “Дон Кихот” зэрэг алдарт балетыг бичжээ. Өдгөө тус балетыг Орос, Монгол, Америк мөн Европын орнууд шинэ жилийн баяр болгоноор тоглох болсон. Манай улсад анх 1982 оны тавдугаар сарын 8-нд Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театрын уран бүтээлчид тус балетыг тоглож байв.

Тэгвэл шинэ жилийн баярыг угтан УДБЭТ-ын хамт олон ээлжит “Цөмөөхэй”-г тайзнаа амилуулж хүүхэд багачуудад баяр нэмэхэд бэлэн болжээ. Бүжгэн жүжиг энэ сарын 25-27-ны өдрүүдэд 19:30 цагт тоглогдох тов гарсан байна. 

Өдөр тутмын уйтай амьдралын эрээн бараан дунд ид шид, гэгээн хүсэл мөрөөдөл орхигдох ёсгүй. Түүнийг сэргээж томчуудад ухаарал, бага балчир үрсэд баяр баясал төрүүлэх бүжгэн жүжиг алдарт "Цөмөөхэй" мөнөөс мөн. Тус бүжгэн жүжгийн талаар Монгол Улсын гавьяат жүжигчин, Балетын хөгжил сангийн тэргүүн Д.Алтанхуяг, “Айл гэр бүхэнд халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, хүүхэд насны дурсамж үлдээн сайхан сэтгэл ямагт ялна хэмээх итгэлийг түгээх нь тус балетын зорилго.

"Цөмөөхэй” балетыг үзсэн хүн бүхний царайнд гэрэл тодорч, зүрхэнд нь аз жаргалын гал дүрэлздэг. Сонгодог урлагийн тайзнаа сэтгэл догдлуулам түүхийг уран яруу хөгжим, бүжигтэйгээр үзсэн хүүхэд багачууд балетын ертөнцөд нэгэнт дурладаг. “Цөмөөхэй” балетын нэр, Монголд тоглогдох болсон шалтгаан, бэлтгэлийн үйл явц, тохижилт гээд тус балеттай холбоотой бүхэн нийгэмд сайн сайхан, баяр баясал, хайрыг түгээх зорилготой.

Жишээ татахад, тус балет анх 2014 онд тайзнаа тавигдахад хамгийн жижигхэн бүжигчний дүр болох бяцхан хүүхэлдэйд тоглож байсан долоон настай Б.Анаргэрэл охины бие, ур чадвар нь жилээс жилд өссөн. Энэ онд мэргэжлийн бүжигчний дайтай Испани, Цасан ширхгийн бүжгийг хийж байгаа нь бахархалтай. Үүнтэй адил 133 хүүхэд энэ жилийн тоглолтод оролцож, мэргэжлийн бүжигчний хариуцлагатайгаар сэтгэл догдлон бэлдэж байгаа. Жилийн жилд энэ ажлыг хийх нь асар хүнд тайз засал, хөдөлгөөний ур чадвар ихээр шаарддаг. Дунд нь нэг жил өнжиж нийт найм дахь удаагаа тоглох гэж байна.

Энэ болсонд шинэ содон зүйл үзүүлэхийг хичээж байгаа. Мөн балетын багш, сонирхогч, урлагт хайртай хүний тоо өсөж тоглолтын тасалбар нь эрт дуусчихдаг болсон. Тиймээс бид дараагийн түвшинд улам чанаржуулах шаардлагатай байна. Төрөл бүрийн дугуйлан, Хөгжим бүжгийн коллежоос маш сайн төгсөгчид төрж байгаа. Эмч, хуульч, багш мэргэжил эзэмшсэн ч хажуугаар нь балетчин байх чадамжтай төгсөгчид бий. Монголын үндэсний балетын үндэсний сургууль жил бүр 200-300 хүүхдэд балетын урлагийг таниулж байна. Тэдгээр хүүхдүүд соён гэгээрч, урлаг хийгээд хөгжмийг мэдэрдэг, хүнтэй харилцах болон гоо зүйн асар өндөр мэдлэгтэй иргэн болж төлөвшиж байгаа учир Монголын ирээдүй гэрэл гэгээтэй байна гэж би хувьдаа харж байгаа. Жил бүрийн шинэ жилээр бүжгэн жүжиг үзэж дассан хүүхэд театр, соёл урлагт дурладаг. Тухайн хүүхэд том болоод өөрийн үр хүүхдэд энэ соёлыг уламжлуулах сайн тал бий. Энэ боломжийг олгож буй "Цөмөөхэй" хүүхэлдэйд баярлалаа” гэв. 

Мөн "Цөмөөхэй балет"-аар энэ оны аравдугаар сард үүсгэн байгуулагдсан Монголын анхны өсвөрийн балетын компани болох "Шинэ балет"-ын залуу бүжигчид гараагаа эхэлж байгаа. Энэ нь ээлжит тоглолтын нэг онцлог аж. Түүнчлэн энэ жилийн тоглолтод Монголын балетын үндэсний сургуулийн сурагч Т.Есүй, Х.Тэгшжаргал, 3.Анирлан нар Клара охины дүрд тоглож буй. Мөн УДБЭТ-ын жүжигчин Г.Батчимэг, Д.Нацагдорж, Б.Баасансүрэн, Ө.Мөнхжин, А.Тэмүүлэн, Б.Халиунаа, Х.Галтулга, Г.Нямцэрэн нар гоцлоно.

Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг “Цөмөөхэй”-г урлан бүтээгч, нууцлаг авга ах Дроссельмайерт өөрийн биеэр тоглох болсон нь үзэгчдийн хувьд хамгийн том бэлэг болох буй за. Тоглолтын үеэр цөмөөхэй хүүхэлдэйн мухлаг УДБЭТ-т  эргэн ирж сониуч бяцхан багачууд, үзэгчид албан ёсны бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой болох ажээ. Жижиг, том гээд олон янзын цөмөөхэй модон тоглоом, дүр бүрийн албан ёсны энгэрийн тэмдэг, богино ханцуйт цамц, Гришко, Чакот брэндийн балетын хувцас хэрэгслийн үзэсгэлэнтэй танилцах боломж нээгдэх юм байна. "Цөмөөхэй"-н мухлагийн модон тоглоомын орлого "Шинэ балет" өсвөрийн балетын хамтлагийн анхны бие даасан тоглолтод хандивлагдах гэнэ. Тиймээс үзэгч олны худалдан авсан бараа бүрийн орлого ирээдүйн сонгодог урлагийн хөгжил  нэмэр болно гэдгийг зохион байгуулагчид сонирхуулав.

М.САРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top