ШУА-ийн 2022 оны эрдэм шинжилгээний ажлын онцлох үр дүнгээс

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 16

Шинжлэх Ухааны Академийн удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, шинжлэх ухааны салбарт хэрэгжиж буй хууль, дүрэм, журам, бодлогын шинэчлэл, өөрчлөлтийг танилцуулж, тэдгээрийн хэрэгжилтэд идэвхтэй, зохион байгуулалттай оролцох, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, чадваржуулах, байгууллагын өрсөлдөх чадамжийг нэмэгдүүлэх, судалгаа хөгжүүлэлт, судалгааны орчин, дэд бүтэц, технологи дамжуулалт, инновац нэвтрүүлэлтийг сайжруулах, мэдээ, мэдээллийг цахимжуулах, нээлттэй болгох зэрэг асуудлыг хэлэлцэн, тодорхой санал санаачилгуудыг дэвшүүлэн ажиллав.


Археологичид Олон улсын түрэг судлалын академитай хамтран Архангай аймгийн Хашаат сумын Номгоны хөндийд археологийн малтлага судалгаа хийж, Түрэгийн Кутлук Элтэрис хааны тахилын онгон цогцолборыг нээн илрүүлэв. Тахилын онгон цогцолбороос олон төрлийн эд өлгийн зүйлийг илрүүлж, оройн хэсэгтээ хос чонын дүрслэлтэй, руни бичгээр үхэр жилийн есдүгээр сар, Тэнгэрийн хөвүүн, Түрэг, согд бичгээр Кутлук каган хэмээн бичсэн, хэд хэдэн брахми үсэг бүхий гэрэлт хөшөөний хэсгийг шинээр илрүүлсэн нь Түрэгийн хаант улсын түүхийг өгүүлэх бичиг үсгийн үнэт эх сурвалж,  шинэ нээлт болов.

Соёлын яамны дэмжлэгээр “Хүннү-археологийн шинэ нээлт” тусгай үзэсгэлэнг Монголын үндэсний музейд бүтэн жилийн хугацаанд олон нийтэд толилуулан, 40 мянга гаруй хүнд соёлын өв, танин мэдэхүйн үйлчилгээг үзүүлсэн байна. Өмнөговь аймгийн Говийн байгаль, түүхийн музейн үзэл баримтлал, үзвэр дэглэлтийн ажлыг дэлхийн стандартад нийцүүлэн амжилттай гүйцэтгэж хүлээлгэн өгсөн бөгөөд Чингис хаан музейн үзүүлэг дэглэлт, үзмэрийн сан хөмрөгийн баяжилтад дэмжлэг үзүүлэн ажиллав.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрдэнэбүрэний усан цахилгаан станц”-ийн бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх 3 аймгийн 4 сумын нутагт орших 28 мянган га тусгай хэрэгцээт талбайд археологийн хайгуул судалгааны ажлыг богино хугацаанд амжилттай гүйцэтгэж, судалгааны үр дүнг “Палеонтологи, археологийн мэргэжлийн зөвлөл”-д хүлээлгэн өгөв.

Биологичид “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захиалгаар шинээр баригдах “Богдхан” төмөр замын трасс дагуу зэрлэг хөхтөн амьтдын шилжилт хөдөлгөөн, гарц гармын байршлыг тогтоох судалгаа хийж, цагаан зээр, халиун буга зэрэг амьтдын тархац, байршлын мэдээлэлд үндэслэн хамгийн бага өртөгтэй нүүдлийн коридор замуудыг зураглан боловсруулж, трассын дагууд нийт 9 цэгт зэрлэг амьтдад ээлтэй стандарт бүхий гарц байгуулах зөвлөмж хүргүүлэв. “Ямаа, сарлаг, ингэний сүүгээр пробиотик сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгаа ба бүтээгдэхүүн хөгжүүлэлт” зөвлөх үйлчилгээний ажлын үр дүнд сүү, сүүн бүтээгдэхүүний дээжээс сүүн хүчлийн бактерийн 200 гаруй цэвэр өсгөврийг ялган авч, молекул маркераар гений түвшинд тодорхойлж, тараг бүрэх, экзополисахарид нийлэгжүүлэх, нянгийн эсрэг идэвх зэрэг технологийн болон пробиотик шинж чанаруудыг судалж, хамгийн өндөр идэвхтэй өсгөврүүдийн хуурай хөрөнгө гарган авлаа. “Монгол тэмээ” ХХК-тай хамтран Завхан аймгийн Их-Уул, Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех байгуулж, технологийн сургалт зохион байгуулав.

Ботаникчид “Монгол орны ургамлын аймаг” цувралын “Монголын мөөгний аймаг” хэмээх Чидмэг багийн 6 овгийн 11 төрөлд хамаарах 52 зүйл, Гуурстмалгайт багийн 7 овгийн 12 төрөлд хамаарах 30 зүйл мөөгний адилцаа нэрс, овог, төрөл, зүйлийг таних түлхүүр, зүйл тус бүрийн дэлгэрэнгүй ойллого, ургах орчин, тархалтын мэдээллийг харуулсан 49 зураг, 82 зүйл мөөгний тархцын цэгэн картыг агуулсан анхны номыг хэвлэн нийтлүүлэв. Говийн ганга, Юлдэн тарваганшийр, Нарийн навчит хөвөн оройт, Урал чихэр өвс зэрэг эмийн ургамлуудын эмт түүхий эдийг технологийн дагуу түүж, боловсруулан бүх төрлийн ханиад, томууны үед ханиалга намжаах, цэр ховхлох, уушги цэвэрлэх, хамгаалах, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй “Тэнүүн” цайг гарган авлаа.

Газар зүйчид “Монгол Улсын үндэсний атлас 2022” бүтээлээ хэвлүүлэв. Уг бүтээл нь 30 гаруй байгууллагын 140 гаруй хүний хүч хөдөлмөрөөр Монгол орны газар зүй, байгаль орчин, байгалийн нөөц, нөхцөл, хүн ам, нийгэм, түүх, соёл, эдийн засгийн холбогдолтой нийт 246 сэдэвчилсэн зураг бүхий олон талт мэдээллийг агуулсан шинжлэх ухааны лавлагаа, мэдээллийн эх сурвалжийг монгол, англи хадмал орчуулгатайгаар бүтээв.

Газар зүйн судалгааны түүхэн товчоон, газар зүйн шинжлэх ухааны ач холбогдол, шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг онцолсон “Газарзүйчдийн мөрөөр”, геоэкологийн судалгааны түүхэн ач холбогдол, хувь нэмрийг үнэлсэн “Геоэкологи бидний амьдралд” зэрэг баримтат кино бүтээж, олны хүртээл болгов.

Геологичид Түмэнцогт ховор металлын ордыг агуулагч магмын чулуулгийн  нарийвчилсан судалгааг хийж, петро-геохимийн шинж чанар, геохронологийн үр дүнгээрээ үндсэн 3 төрөлд ангилагдаж байгааг нь тогтоож, геологийн зургийг шинэчлэн зохиов. 

Математикчид 16 орны 100 гаруй эрдэмтэн судлаачид оролцсон “Оновчлол, симуляци, оновчтой удирдлага-2022” сэдэвт 7 дахь удаагийн олон улсын хурлыг зохион байгуулж, шилдэг илтгэлүүдээс бүтсэн номыг “Springer” хэвлэлийн газарт хэвлүүлж байна.

Одон орон судлаачид Одон орон судлах салбарын GPS станцуудын техник болон программ хангамжийг шинэчилснээр GLONASS (ОХУ), GALILEO (ЕХ) дагуулуудын мэдээг зэрэг авах боломжтой болж, улмаар тэдгээр станцууд нь Олон улсын газрын тулгуур тогтолцоонд  (ITRF) бүртгэгдэж, GNSS-ийн байнгын ажиглалтын станц боллоо.

Монгол орны нутаг дэвсгэр дэх GNSS байрлал тогтоох хиймэл дагуулын мэдээ хүлээн авах 52 суурин станцын өгөгдөл, хээрийн 41 цэгийн давтан хэмжилтийн мэдээлэлд үндэслэн царцдасны хэвтээ чигийн хөдөлгөөн болон деформацыг анх удаа загварчилсан байна. Монгол Алтайн нурууны структур хянагч мастер хагарлуудын нэг Ховд хагарлын бүрэлдэхүүн хэсэг Ар хөтөл хагарлын нарийвчилсан зураглалыг 0.5м нарийвчлалтай сансрын зураг дээр анх удаа хийж, хагарал дээр болох нэг удаагийн газар хөдлөлийн деформацын тоон утгыг тодорхойллоо.

Олон улс судлаачид Японтой  дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан “Монгол Японы харилцаа: Он дарааллын товчоон 1972-2022” эмхэтгэлийг нийтлүүлж, “Монгол, Японы боловсрол, соёл урлаг, эдийн засаг, спортын салбар дахь 50 жилийн хамтын ажиллагааг эргэцүүлэх нь” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав. Хүрээлэнгийн 1978 оноос хойших эрдэм шинжилгээний 9 сэтгүүлийн 900 өгүүллийг www.mori.ac.mn цахим санд, 2000 оноос хойших "Олон улс судлал" сэтгүүлийн 700, "Mongolian journal of International Affairs" англи сэтгүүлийн 213 өгүүллийг www.mongoliajol.info порталд байршуулж, судалгааны эргэлтэд орууллаа.

Палеонтологичид эдиакараас кембрийн цаг үе эхлэх шилжилтийг илэрхийлэх чулуулаг, түүнд агуулагдах амьтдын төрөл зүйл, тэдгээрийн бүрдэл, хувьсал зэрэг өнөөг хүртэл бүрэн гүйцэд судлагдаагүй асуудлыг тодруулах зорилгоор Завханы бүсэд орших эдиакар-кембрийн зааг үед хуримтлагдсан чулуулаг болон түүнд агуулагдах бичил амьтдыг судлан кембрийн цаг үеийн хамгийн эхэнд амьдарч байсан Protohertzina anabarica хэмээх гуурслаг бичил амьтныг анх удаа олж тодорхойлоод байна.

Тархи, сэтгэл судлаачид "Салбар дундын тархи судлал-2022" олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, Америкийн Тархи судлалын нийгэмлэгийн “Annual Meeting of the Society for Neuroscience” олон улсын хуралд оролцож, судалгааны дүнгүүдээ импакт фактор бүхий сэтгүүлд хэвлэн нийтлүүлэв.

 

Технологийн инкубатор гадаад, дотоодын инкубаторууд, ШУ-ны паркууд, төрийн болон хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын судлаачидтай хамтран 15 төрлийн технологийн туршилт зүгшрүүлэлтийг 50 гаруй удаагийн давтамжтайгаар гүйцэтгэн, технологийн горимуудыг нь тогтоолоо.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд ХАА-н үйлдвэрлэлийг дэвшилтэт технологи, инновацад тулгуурлан хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд инновацын 3 шинэ бүтээгдэхүүний технологийг боловсруулан хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болголоо.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хур болон үүсмэл хогийн цэгийн 110 мянган м2 талбайн 7000 тонн хогийг устгах, талбайг тэгшлэх, ариутган халдваргүйжүүлэх, хөрсийг эрүүлжүүлэх ажлыг өөрсдийн үйлдвэрлэж буй ашигтай бичил биетний “Био-Эко” био бэлдмэлийг ашиглан гүйцэтгэснээр тус талбайд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, ногоон байгууламж байгуулах боломжийг бүрдүүлэв.

Түүхчид “Талын язгууртан” сантай хамтран Дорнод аймгийн Халхгол суманд “Сэцэн хан аймгийн Илдэн засгийн хошуу: Түүх, шашин, соёлын асуудал”, Увс аймгийн Малчин суманд “Далай хан, Зоригт хан аймгуудын арван нэгэн баяд хошууны түүх, шашин, соёлын судалгаа” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав.

“Чингис хаан” музейн Их Монгол улс, Монголын эзэнт гүрэн, Монголын их амар амгалан (Пакс Монголика) гэсэн хэсгийн үзэл баримтлалыг боловсруулах, ерөнхий болон үзмэрүүдийн тайлбар бичих, Хүннүгээс эхлэн XIV-XVII зууны Монгол хүртэлх улсуудын Интерактив 10 газрын зургийн тайлбар бичих, онцгой ховор 14 олдворын AR(Augmented reality) үзүүллэгт тайлбар бичих, Хубилай хааны зуны ордон Шанду, Тогоонтөмөр хааны зарлигаар байгуулсан Цавчаал боомтын хаалганы макет хийх, түүхийн нэр томьёог жигдлэх зэрэг ажилд оролцож, түүхэн үндэслэлтэй бүтээн байгуулалт болгоход нь өөрсдийн хувь нэмрээ оруулав.

Философичид хүрээлэнгийнхээ түүхт 50 жилийн ойд зориулж “Монголын хөгжлийн философи, сэтгэлгээний өөрчлөлт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав. Социологичид “Ахмад настны социаль асуудал: үр дагавар, төлөв хандлага” нэгэн сэдэвт хамтын бүтээл хэвлүүлж, судалгаанд үндэслэсэн зөвлөмжийг УИХ, ЗГХЭГ, ХНХЯ-д хүргүүлэв.

Физикчид МУИС, БНСУ-ын Инчеоны Их Сургууль, АНУ-ын Теннесийн Их Сургууль болон Оак Рийж дэх Үндэсний Лабораторийн хамтарсан Тооцооллын үндэсний  хүрээлэнд ажиллаж буй монгол физикч эрдэмтэдтэй хамтран АНУ-ын Засгийн Газраас санхүүжүүлдэг Naval Research Global Foundation төслийн сонгон шалгаруулалтад анх удаа шалгарч 500 мянга орчим долларын санхүүжилт авахаар боллоо.

“Цөмийн эрчим хүчийг ашиглах боломж нөхцөл, судлагдсан байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, цөмийн эрчим хүчийг ашиглах боломжийн тухай зөвлөмжийг УИХ, Засгийн газар, холбогдох яамдад хүргүүлэв. “Боловсролд гэрэл нэмье” аяны хүрээнд физикч эрдэмтэд Увс аймгийн физикийн багш нарт сургалт, сурагчдад хичээл зааж,  шинжлэх ухаан, танин мэдэхүйн лекц уншив.

Монгол улсаас өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж байгаа физикчидтэй хамтран онолын физикийн зуны сургуулийг зохион байгуулж, классик механик, квант механик, цахилгаан соронзон орон, термодинамик ба статистик механик хичээлүүдийг зааж, эрдэм шинжилгээний бага хурал, “Хигс бозон” өдөрлөг зохион байгуулав.

Химичид “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын хүрээнд уул уурхай-металлурги химийн үйлдвэрлэлийн цогцолборт байгуулагдах зэс хайлуулах үйлдвэрээс гарах хүхрийн хүчлийг ашиглах боломжийг судлан, фосфатын хүдрийг хүхрийн хүчлээр боловсруулан олон улсын стандартын шаардлага хангасан энгийн болон давхар суперфосфатын бордоо, моно-аммонийн фосфат (MAP), ди-аммонийн фосфатын (DAP) холимог бордоо, фосфорын хүчил гарган авах технологиудыг боловсрууллаа.

Мод бэлтгэлийн хаягдал шилмүүсийг иж бүрэн, хаягдалгүй боловсруулж, бүтээгдэхүүн гарган авах судалгааны үр дүнд эфирийн тос, малын тэжээл, ванны шингэн рашаан гарган авах технологийг боловсруулж, үйлдвэрлэлийн жижиг цех байгуулан, бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ. Цэвэр эфирийн тос болон түүнийг агуулсан байгалийн үнэрт агаар ариутгагч, анхилуун үнэрт лаа зэргийг үйлдвэрлэж буйгаас цэвэр эфирийн тос нь Европын холбоонд худалдан борлуулах эрх авч, худалдаалагдаж эхлээд байна.

 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага MNS/ISO/IEC 17025:2018” стандартын шаардлагыг хангасан үндэсний итгэмжлэгдсэн лабораториудтай боллоо. Ингэснээрээ хүрээлэнгийн 9 лаборатори эрдэс түүхий эд, нүүрс, газрын тосны бүтээгдэхүүн, гадаргын болон гүний ус, рашаан, хөрс, эмчилгээний шавар, эрдэс бордоо, сүү, мах, амьтан ургамлын гаралтай түүхий эд, тос,  мөөг, жимс, жимсгэнэ, химийн бодис зэрэг 46 төрлийн бүтээгдэхүүн материалд 212 үзүүлэлтийг батлагдсан арга аргачлалын дагуу тодорхойлох, сорилт, хэмжилт, шалгалт тохируулга, баталгаажуулалтыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх боломжтой болсноор манай бусад лабораторид хийгддэггүй, арга аргачлал нь баталгаажаагүй байсан олон үзүүлэлт итгэмжлэгдэв.

“Хими-2022” үндэсний эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг МУИС, ШУТИС, МУБИС, Химийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж, 18 байгууллага, аж ахуйн нэгж технологи, бүтээгдэхүүнээ танилцуулав. 

Хэл шинжээчид “Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг УИХ-ын дарга Занданшатарын ивээл дор зохион байгуулж, 14 орны 60 гаруй эрдэмтэн судлаачид оролцов. “Монгол Улсын шинжлэх ухаан, боловсролын хөгжил, инновацыг дэмжих нэр томьёо төлөвлөлтийн стратеги, дэд бүтэц” сэдвийн хүрээнд Австрийн ШУА-ийн Хүмүүнлэгийн ухааны цахим төв, Венийн их сургуулийн Орчуулга судлалын төв, олон улсын нэр томьёоны байгууллага Инфотермийн эрдэмтэн судлаачидтай хамтарсан төслийн хүрээнд Монгол, Австри хоёр оронд сургалт, семинар хийлээ.

“Монголын нууц товчооны тайлбар толь” бүтээл, “Монголын утга зохиолын нэвтэрхий толь” 3 боть, “Монгол хэл судлал” 15 боть хамтын бүтээлийг нийтийн хүртээл болголоо.

Анагаах ухааны салбарын эрдэмтэд SARS-CoV-2 илрүүлэх нүклейн хүчилд суурилсан 3 аргачлалыг практикт туршин тогтворжуулж, “COVID-19 халдварын илрүүлэг хийхэд сорьцыг багцалж шинжлэх аргачилсан зөвлөмж” боловсруулан батлуулж, үндэсний лабораториудад нэвтрүүллээ. Манай улсад илэрсэн SARS-CoV-2 вирусийн омгийг БНХАУ-д анх илэрсэн (hCoV-19/Wuhan/Hu-1/2019) омогтой харьцуулан судалж, Монголд илэрсэн SARS-CoV-2 вирусийн гений бүрэн дарааллыг тогтоож, Генбанканд бүртгүүлэв.  Түүнчлэн уламжлалт Лидэр-7 тангаас гарган авсан томуу, томуу төст өвчнийг анагаах Монфлю уусдаг мөхлөг эмийг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлж хэрэглээнд нэвтрүүллээ.

Хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэхэд ахиц гаргаж, оюуны бүтээл болох оношлуур, цомгуудыг  зах зээлд нийлүүлсэн онцгой жил байв. Шүлхийн вакцин үйлдвэрлэх технологи боловсруулж, баталгаажуулан практикт нэвтрүүлэхээр үйлдвэрлэлд шилжүүллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.106) 2022 оны 12 сарын 16

Үр дүн алга даа.

0  |  0
Top