М.Амархүү: Цомын өглөө ээжийнхээ зүүн мөрнөөс адис авсан

2022 оны 11 сарын 29

МЗЭ-ээс жил бүр зохион байгуулдаг “Болор цом” наадам энэ жил 40 дэх удаагаа болж өнгөрлөө. Тэртээ 1983 оноос эхлэлтэй тус наадам энэ сарын 24 буюу Чингис хааны мэндэлсэн өдөртэй таширлан болж, МЗЭ-ийн болон МУЭ-ийн шагналт яруу найрагч, зураач Мягмарын Амархүү Эгшиглэнт эх Янжинлхамын хишигт яруу найрагчаар тодорсон юм. Архангай аймгийн Хотонт сумын уугуул яруу найрагч, зураач М.Амархүүг цом авсных нь дараа “Өглөөний зочин”-оор урьж, хэвлэлд өгсөн анхны ярилцлагыг нь хүргэж байна.


-“Болор цом 40” наадмын тэргүүн найрагчаар тодорсон танд баяр хүргэе. Манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Энэ бол тохиолдлын зүйл биш. Утга зохиолд 1990 оноос өнөөдрийг хүртэл уран бүтээл туурвиж ирсний үр дүн гэж ойлгож байгаа. Ер нь миний хувьд ойрын хэдэн жил маш олон наадамд уралдсан. Улсын чанартай, орон нутгийн, нэрэмжит гээд наадмуудад олон түрүү авсан л даа. Өөрөөр хэлбэл, тамирчнаар бол улсын шигшээ багийн тамирчин буюу байнгын бэлтгэлтэй байсан гэсэн үг. Тийм учраас энэ бол цочир зүйл биш. Тайван хүлээж авсан. Өөрийнхөө хувьд тэр олон жилийн хөдөлмөрийн үр дүн Янжинлхамын хишгийг хүлээж авлаа гэж ойлгож байгаа.

-Жил, жилийн “Болор цом”-ын дараа элдэв яриа гардаг. Энэ жил харьцангуй гайгүй байх шиг байна. Зохион байгуулалт, шүүлтийн талаар юу хэлэх вэ?

-Шинэ Их хурлаас томилогдсон Удирдах зөвлөл, Ажлын албаныхны өмнөх жилүүдийнхээ алдаа, дутагдлыг засаж залруулахыг хичээсний үр дүн гэж үзэж байна. Шүүлтийг судлаачдаар хийлгэнэ гэсэн асуудлыг Ажлын албанаас оруулж Удирдах зөвлөлөөр батлуулсан юм билээ. Ингээд нийт таван шүүгчийн дөрөв нь мэргэжлийн утга зохиол судлаач байсан. Нэг нь мэдээж МЗЭ-ийн Яруу найргийн үндэсний төвийн тэргүүн суусан. Тэгэхээр энэ бол нэлээд үнэнд ойртсон шүүлт болсон шиг билээ. Миний хувьд хоёрдугаар байранд орсон яруу найрагчаасаа долоон оноо буюу илт давуугаар гарч ирсэн гэдгийг сүүлд нь надад хэлсэн.

-“Болор цом” наадамд орохоор гэрээсээ гарахад ээж тань үнсээд “Түрүүлээд ирээрэй” гэсэн гэж сонссон. Ер нь өмнөх наадмуудад тэгж байв уу?

-Миний ээж өмнөх наадмуудад сүүгээ өргөөд л суудаг байсан. Урд жилүүдийн “Болор цом”-д ороход тэгж байгаагүй. Харин энэ жил “Миний хүү түрүүлээд ирээрэй” гэсэн. Тэгж хэлэхээр нь би яагаад ч юм ээжийнхээ зүүн мөрнөөс адис авсан. Ээж маань одоо 80 гарчихсан хүн. Тэгж адис авдаг гэж өмнө нь сонсож байсангүй. Зүгээр л тэгмээр санагдсан. Ямар ч байсан энэ жил ээждээ цом аваачиж өглөө. Баяртай байна.

-Ээж хүний зөн байсан юм болов уу?

-Үнэхээр тийм байсан л гэж өнөөдөр итгэж байна.

-Та олон талын авьяастай уран бүтээлч. Яруу найрагч, зураачаас гадна хүүхдийн зохиолч гэдгийг тань тэр бүр хүмүүс мэддэггүй юм шиг санагддаг?

-Тийм байх. Хүүхдийн зохиолын 23 ном хэвлүүлсэн. Би хүүхэд байхдаа хүүхдийн зохиол их уншдаг, хайртай байсан. Надад маш их гүнзгий сэтгэгдэл үлдээсэн. Манай нэрт зохиолч Л.Түдэв гуайн “Будаг амилна” гэж зураач хүүгийн тухай зохиол, Д.Гармаа гуайн “Хөгжөөнтэй туужууд”, С.Надмид, Ж.Дашдондог нарын аугаа том хүүхдийн зохиолчдын бүтээлийг уншиж, З.Түмэнжаргал ахынхаа хүүхдийн дуунуудыг сонсож, уншиж өссөн. Тийм ч болохоор хүүхдийн зохиол надад илүү ойр байдаг шиг байгаа юм. Салбарын яамны шилдэг бүтээлийн уралдаанд энэ төрлөөрөө түрүүлж, цом авч байлаа. МЗЭ-ийн шилдэг бүтээлийн “Алтан Өд” наадмын хүүхдийн зохиолын төрөлд ч шалгарч байсан.

-Та зураачийн хувьд ч гэсэн олон улсын томоохон уралдаануудаас шагнал хүртэж байсан. Хэдийнээс анх зурж эхэлсэн юм бэ? 

-Миний анхны мэргэжил бол зураач. Ерөөсөө анх намайг урлагт дуртай болгосон зүйл ч гэсэн зураг зурах, зураач болсон явдал. Аав, ээжийн ярьдагаар гурван настайгаасаа зурсан гэдэг юм. Дунд сургуульд байхдаа ч гэсэн олон уралдаанд оролцож, багаасаа зургаар үнэлэгдэж явсан. Сүүлдээ мэргэжлийн зураач болж, зураачидтайгаа олон жил нөхөрлөсөн. Тэднээсээ ч сурах зүйл их байсан. Түүнийхээ хүчээр ч гэсэн өдий дайтай зурж байна. Уран бүтээлч хүн учраас тасралтгүй л зурдаг.

Одоо ч гэсэн би хэд хоногийн дараа болон оны шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэнд оролцох гээд урлан дээрээ хөдөлмөрлөж байна. Энэ жил манай МУЭ-ийн түүхэн 80 жилийн ой ирэх сарын 8-нд болж, Төрийн ордонд баярын хурал болох юм. Би өөрөө зураасан зургийн мэргэжлийн хүн. Тийм учраас номын чимэг зураг надад маш дөхөм байсан. Номын чимэг зургийг тэр бүр зураач зураад байдаггүй. Маш уран, хурц сэтгэлгээ, өндөр ур чадвар шаардагддаг төрөл зүйл. Хар залуугаасаа л энэ төрлөөр явсан. Надад нэг бүртгэлийн дэвтэр байдаг юм. Түүнийгээ саяхан харахад 258 зөвхөн утга зохиолын төрлийн номын чимэг зураг зурсан байна. Дээр нь дунд сургуулийн сурах бичгийн ёс суртахуун, хүрээлэн байгаа орчны номууд, түүхийн холбогдолтой номуудын зургийг ч зурсан. Ер нь зураасан зургийн хийж болох боломжтой төрлүүдээс нэлээдийг нь хийсэн. Мөн дээр нь би чинь өөрөө шог зургийн мэдрэмжтэй хүн. Үүнээсээ шалтгаалаад ч тэр үү, "Тоншуул" сэтгүүлээс эхлээд шог зураг зурсан. Чамгүй ч олон жил зурчихлаа. Номын чимэг зургаар ЮНЕСКО-гоос зарладаг дэлхийн хэмжээний уралдаанаас хүрэл медаль 2000 онд хүртэж байлаа.

-Шагналынхаа мөнгөөр Дарь-Эхэд хашаа авдаг тань мөн биз дээ?

-Мөн байлгүй яахав. Дараа нь Турк улсад болсон олон улсын сэтгэлгээний шог зургийн том уралдаанаас шагнал авсан гээд 5-6 томоохон олон улсын катологид миний уран бүтээл орсон. Энэ хавар л гэхэд Кипр улсад болсон шог зургийн уралдааны катологид орж, манай Урчуудын эвлэлийн хороогоор дамжиж надад ирсэн.

-Хэдийнээс нь яруу найрагт ингэтлээ шумбаад орчихсон юм бэ. Яруу найрагт ороход том нөлөө үзүүлсэн хүн гэвэл хэн, хэнийг нэрлэх вэ?

-Яруу найрагт Монголын түрүү үеийн бүхий л зохиолчид намайг оруулсан.

Д.Нацагдорж, Б.Явуулан гээд бүгдийг нь л уншиж дуртай, хайртай болсон. Харин яг бичиж эхэлсэн нь гэвэл 1985-1986 он. Тэр үед цэрэгт байхдаа шүлэг бичсэн. Гэхдээ тодорхой хэмжээнд олны өмнө ил гарч, уран бүтээлээ толилуулж эхэлсэн нь 1990-ээд он учраас би яах аргагүй “Мөнгөн үе”-ийн яруу найрагч. Энэ үед харьяалагдаж яваа даа ч бахархдаг.

Манай “Мөнгөн үе”-ийнхэн бол Монголын уран зохиолын сэргэн мандалтын цоо шинэ үеийг эхлүүлсэн.

-Та бол олон сайхан уран бүтээлчидтэй анд нөхөр, ахан дүүс явсан хүн. Тэднийхээ тухай юу хэлэх вэ?

-Миний ойр дотны олон нөхөд өнөөдөр тэнгэрт заларчээ. Тухайлбал, нэртэй яруу найрагч Жамъяангийн Болд-Эрдэнэ, Шагдарын Уянга, Арлааны Эрдэнэ-Очир, Хөөдэйн Эрдэнэбаатар, Баттөрийн Мягмаржав, Базаррагчаагийн Бат-Орших, Тогоонтөмөрийн Содномнамжил гээд гайхамшигтай сайхан нөхдүүд минь алга. Өнөөдөр намайг өдий зэрэгтэй уран бүтээл туурвих үүтгэл болж, биесийнхээ дутууг нөхөж явж ирсэн, бид хэд.  

-Яруу найрагчийн хувьд хамгийн анх ямар наадамд оролцсон бэ?

-Би Архангай аймгийнхаа төв, Хотонт сумандаа зургийн багшаар ажиллаж байхдаа элдэв уралдаанд орж байгаагүй. Харин хамгийн анх 1994 оны “Болор цом” наадамд Г.Дэмид жанжны гэргийд зориулсан шүлгээ уншиж байлаа. “Болор цом”-ын босго надад өндөр үедээ өндөр, нам үедээ нам л байсан. Тэгж анх орсноосоо хойш 21 дэх жилдээ шалгаран уншиж байж энэ жил тэргүүн найрагчаар тодорлоо. Жил бүрийн наадамд оролцоход өгдөг мандатаа цуглуулдаг юм. Тэр маань энэ жилийнхтэй нийлээд 21 болсон. Өнгөрсөн хугацаанд яруу найргийн 15 ном бүтээсэн. Ингэхдээ МЗЭ-ийн шагналаас эхлээд Тайванийн олон улсын Тогоруут уул гэж яруу найргийн форумын шилдэг бүтээлийн шагналыг “Хөх зөн” номоороо хүртэж байлаа.

-“Болор цом”-ын босго өндөр үедээ өндөр гэдэг нь ид ууж байх үеийнхээ наадмуудыг хэлж байна уу. Та чинь архи огт амсахаа байгаад ингэхэд хэдэн жил болчихов оо?

-Долоохон жил болж байна. Би ер нь уусан, архийг. Гэхдээ өөрийгөө буруушааж боддоггүй. Тэр бол тэнгэрийн ундаа. Уран бүтээлчийг хөглөх нь ч байдаг. Зарим талаар хэтийдсэн явдал бий. Үүнийгээ үгүйсгэхгүй, ууж байсныг минь нотлох олон уран бүтээлчид, ард түмэн маань байна шүү дээ. Архинд бусдыг уриалахгүй. Гэхдээ энэ бол том идээ. Дүрслэх урлагийн болоод яруу найргийн олон шагнал хүртэхэд хөг орж нэлээд хүртсэн. Хэтрүүлж л болохгүй, тааруулаад хүртэхэд рашаан юм шүү дээ.

-Таны тухайн олон хошин яриа бий. Гэхдээ “Мягмарын Амархүү ямар хүү болохыг хараарай” гэсэн нэг яриа байдаг. Энэ тухайгаа ярьж өгөхгүй юу?

-Манай үргэлжилсэн үгийн том зохиолчийн дүү, телевизийн сэтгүүлч бүсгүйд зориулаад ийм утгатай шүлэг бичиж байсан юм. Тэр маань сонин хэвлэлд гарч, номонд маань ч гарсан. Тэр эмэгтэй маань одоо ч гэсэн хадгалдаг гэсэн. Өөрийнхөө сэтгэлээр шууд бичсэн учраас хүмүүст нэлээд хүрсэн шиг байгаа юм.

-Таны яруу найргаас зураачийн мэдрэмж харагдаад байдаг. Энэ хоёрыг зэрэгцүүлэн дээрээс нь нэлээд чансаатай авч яваад байгаагийн нууц юу вэ?

-Яруу найраг яагаад дүрслэх урлаг, хийж бүтээж байгаа уран бүтээлд нөлөөгөө үзүүлдэг вэ гэхээр наад зах нь нэрнээс эхэлнэ. Манай зураач нар ч гэсэн яруу найрагч учраас гоё нэр өгдөг гэж хэлдэг. Би сүүлийн үед үлэг гүрвэлтэй цуврал зурж байгаа юм. Түүндээ “Дундад мөстлөгийн улаан намрын үдэш” гэж нэр өгсөн. Энэ бол яруу найргийн л нэр. Гэтэл манай зураачид ийм нэр өгч чаддаггүй. “Үдэш” ч гэдэг юм уу, нэг тиймэрхүү нэр өгчихдөг. Дээрээс нь яруу найраг зургийн зохиомжид маш их нөлөөлдөг. Гэтэл нөгөө талдаа дүрслэх урлаг яруу найрагт ч нөлөөгөө үзүүлдэг. Зурган тоочилттой, “Монголын нэг өдөр” шиг шүлгүүд гарна. Дэрээс нь би өөрөө Монголын яруу найрагт ийм өнгө аяс бий болгоё гээд зориод явж байгаа.

Үүндээ ч сэтгэл хангалуун байдаг. Бие, биенээ нөхдөг хоёр том урлагийн дунд яваа уран бүтээлчийн хувьд ч үүнийг хийх нь миний үүрэг гэж боддог. Их л зовлон багатай найрсаад явчихдаг. Үүний цаана авьяас, хөдөлмөр, ямар нэгэн далдын зүйл байгаа эсэхийг би мэдэхгүй. Ямар ч байсан үүнийгээ хийх дуртай. Бусдын уран бүтээлийг унших, харах, сонсох дуртай. Дүрслэх урлагийн бүтээл уншигддаг. Яруу найргийг уншихаас гадна харах хэрэгтэй л гэж ойлгодог.

-Багш маань таны тухай 2014 онд “Энэ нэгэн цагт... Ийм нэгэн хүн” гэж бичсэн байдаг. Түүн дээрээ таныг “Яруу найргийнхаа тогтворыг хадгалах хэрэгтэй” гэсэн байдаг юм. Цом авсан юм чинь таныг тогтвороо хадгалсан гэж үзэж болох уу?  

-Зөвхөн манай Архангайн төдийгүй Монголын утга зохиолын асар том төлөөл болсон Пүрэвхүүгийн Батхуяг гэж гайхамшигтай авьяастай, мэдрэмжтэй, эрдэмтэй, элдэвтэй ийм залуу гүн харуусалтайгаар тэнгэрт одсон. Сайхан дүү маань жил тутамд дөрвөн ном гаргаж байсан. Бүгд л өндөр түвшинд бичигдсэн байдаг. Одоо эргээд дүүгийнхээ номуудыг уншиж байхад цаг үеийнхээ хамгийн том судлаач, хамгийн сайн зохиолч, сайхан яруу найрагч, жүжиг театрын зохиолч байсан юм билээ.

Амьд байхад нь бид нэгнийгээ анзаардаггүй, тоодоггүй юм байна. Би Момо /П.Батхуяг/ дүүгийнхээ ганц хүний жүжгийг нь үзэж байсан. Тэр нь түрүүлж Гэгээн Муза шагнал ч авч байхад нь нэг хүнээс ямар их юм гардаг юм бэ гэж бодож байлаа. Миний тухай бичсэнд их баярлаж явдаг. Над руу өөрөө холбогдоод юу бичиж байна, бичиж байгааг тань би үзмээр байна гэсэн. Тэгээд “Салхины сүүдэр” гэж номыг маань эмхэтгэн боож, редакторлоод УИХ-ын гишүүн “Болор цом”-ын эзэн Ж.Мөнхбат ивээн тэтгэж 2015 онд хэвлүүлсэн. Тэрнээс хойш миний яруу найргийн уран бүтээлд эргэлт гарсан.

-Таныг хүмүүст нэлээд хүргэсэн байх?

-П.Батхуяг бол тэр үедээ намайг шал өөр өнцөг дээр аваачаад тавьчихсан.

Голын дээгүүр шувууд нисэн өнгөрөв

Гол дундуур сүүдрүүд нь сэлж өнгөрөв

Сүүдрүүдээ хатаахаар эрэг дээр орхиод

Сүрэг шувууд нисэн одов... зэрэг шүлгүүдийг маань судлаачийн хувьд үнэлээд байвал зохих байранд нь аваачиж тавьсан гэж боддог. Надад ч маш их урам зориг өгч, үүнээс цаашаа явах гарц бий гэдгийг харсан. Энэ “Болор цом”-д уншсан “Шидэт хашаа буюу эрээн хорвоо” зэрэг үргэлжлэл шүлгүүд маань бичигдсэн. Ирэх жил шинэ номоо хэвлүүлнэ.

-Уран бүтээлчийн хувьд шинээр нээсэн юм аа даа?

-Тэгэлгүй яах вэ, намайг үнэхээр шинээр нээсэн. Түүний дараа манай судлаач Г.Батсуурь бас миний бүтээлүүдийг задалсан. Ийм залуу судлаачид, уран бүтээлчид маань их шинэлэг, өөр өнцгөөр хардаг юм билээ. Тэднээсээ ч их сэрж, мэдэрсэн.

-“Яруу найрагч тоонд муу” гээд л байдаг хэр нь таны түрүүлсэн шүлэг их математик суурьтай шүлэг байна лээ. Хүний есөн үед нийтдээ 512 хүн оролцдог юм байна уу?

-Яруу найрагч М.Амархүүг бүтээхийн тулд аав, ээж байна. Тэр хоёр хүнийг төрүүлэхийн тулд дөрвөн хүн байдаг. Ингээд дээшээ ургадаг мод юм байна. Монголчууд есөн үеийг их дээдэлдэг. Түүнээс хойш төрөл салдаг гэж үздэг. Энэ есөн үе өнгөрөхөд дунджаар 300 жилийн хугацаа ордог юм байна. Нийтдээ 512 хүн энэ дэлхийд амьдраад буцдаг байна. Ингэхээр их том, саглагар мод болж байгаа юм. Ийм л зураг надад харагдсан. Урьд өмнө нь ийм шүлэг байгаагүй. Тиймээс үүн дээр ажиллаж л утга зохиолын савд ийм нэгэн шүлэг нэмэр хандив болгоё гэж бодсон.

-Таныг уран бүтээлээ дан гараараа бичдэг гэдэг. Гар бичмэл олон болсон уу?

-Гар бичмэл нэлээд бий. Би голцуу харандаагаар л бичдэг. Харандаа бол дүрслэх урлагийн хамгийн чухал зүйл. Ялангуяа номын чимэг зураг, зураасан зураг харандаагүйгээр явахгүй. Харандаагаар бичих илүү их амьтай, маш сүнслэг болдог санагддаг. Хувь уран бүтээлчийн онцлог байх л даа.

-Архангай аймгаас “Болор цом” авсан гурав дахь яруу найрагч боллоо. Хүмүүс баяр хүргэж байна уу?

-Манай аймгаас Ж.Мөнхбат, Ш.Лхамноржмаа нар маань авсан. Би гурав дахь нь боллоо, 15 жилийн дараа авч байгаа юм билээ. Монголчууд гурвын тоог их бэлгэшээдэг. Тэр ч утгаар нь бэлгэшээж байна. Мөн он гараад миний төрөлх нутаг Архангай аймгийн Хотонт сумын маань 100 жилийн ой болно. Тэгэхээр аймаг сумандаа “Болор цом”-оор бэлэг барилаа гэж бодож байна. Баяр хүргэж байгаа хүмүүс ёстой л утас улайстал ярьдаг юм байна. Дээрээс нь цахим орчинд ч гэсэн нэг их муулаад байгаа юм алга. Хүмүүст нэлээд хүрсэн юм болов уу гэж бодож сууна.

-Сүүлийн жилүүдэд “Болор цом”-ын эзнээ нутаг орноос нь орон сууц, машин тэрэг гээд их томоор мялаадаг болчихсон. Танд энэ талын юм одоогоор дуулдана уу?

-Манай яруу найрагчид цахим орчинд ганц нэгэн юм бичсэн байна лээ. Сүүлийн жилүүдэд бөх, тамирчидтайгаа зэрэгцүүлэн уран бүтээлчид, оюуны хүмүүсээ мялаадаг, шагнадаг болсонд талархаж явдаг. Бусадтай барьцаад элдэв юм нэхээд байгаа юм байхгүй ээ. Яг одоогийн байдлаар надад ийм тийм гээд хэлсэн, амласан юм алга.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уран ган(202.9.40.178) 2022 оны 12 сарын 03

ахр: Хөдөөний халтар гэнэ үү? Бас аавынхаа .... гэнэ вэ. Тэндээс хүн болж мэндэлсэн юм чинь амьд байвал авсан ч болно ш дээ. Ийм юмнууд энд юугаа хошуугаа билүүдээд, ОРК-доод байж байгаа юм болаа. \n\n

0  |  0
тргэг(66.181.160.84) 2022 оны 11 сарын 30

Нэртэйгээр нь аавынхаа боожгооноос адис авчихгүй яасын

0  |  0
gal(66.181.183.250) 2022 оны 11 сарын 30

ene commentuudiig unshssan chin ataarhliin medremj turj. Aa ter uls turuu muulj giinald

1  |  0
Zochin1(202.9.40.176) 2022 оны 11 сарын 30

Сайхан ярилцлага болжээ. Үгний алдаа энд тэнд харагдаж байна, засаарай. Б.Явуулан биш Явуухулан байлгүй дээ. Төлөөлөн гэдэг үгийг бас төлөөл гэж бичсэн байна

1  |  0
Сэтгэгдэл(202.179.8.4) 2022 оны 11 сарын 30

Архангайн гурван хүн шүүгчээр суугаад гэж яриач, Амархүү!

0  |  2
ахр(202.70.37.160) 2022 оны 11 сарын 30

Хөдөөний халтарууд ийм тэнэг адис авсан ч гэх шиг.

0  |  2
Ха Ха Ха (202.126.89.145) 2022 оны 11 сарын 29

Эрдэнэсолонгын ”Ургийн мод” гэдэг шүлэг байдаг юм байна.

0  |  0
Top