Монголын “Төмөр гурвалжин”-г задлах уу!

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 11 сарын 17

Авлигатай тэмцэхэд ахиц гарах нь уу гэсэн хүлээлт нийгэмд бий болоод жил тойров. Тодруулбал, МАН-ын 30 дугаар Их хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-нд хуралдахдаа авлигыг бууруулж, хариуцлагыг нэмэгдүүлнэ хэмээн зарласан.

Тухайн үед тус намын генсек Д.Амарбаясгалан илтгэлдээ “Ардчилалд, зөвхөн манай намд ч биш, улс оронд, хүний эрхэнд аюул занал учруулагч нь авлига, албан тушаалын гэмт хэрэг, хариуцлагагүй байдал, нээлттэй бус байдал” гэж тодорхойлж байв.

Ер нь бол авлигатай тэмцэнэ, авлигыг бууруулна гэж манай улсын төр, засгийн эрхэнд байсан хүмүүс байнга ярьж ирсэн. Тэр нь уриа лоозон болж үлдсэнээс биш төдийлөн ахиц гараагүй. Улс төрийн намууд мөн авлигатай тэмцэнэ гэдэг. Тэр нь биелээгүй амлалт болж үлддэг.

Урд хөрш “Үнэгний ав” ажиллагаа, “Ялаа, барыг ч ялгалгүй барих төлөвлөгөө” хэрэгжүүлэн  авлигачидтайгаа ид тэмцэж байхад ч манайд нэг иймэрхүү байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Х.Баттулга мөн оффшорчидтой хатуу тэмцэнэ, нуусан мөнгийг нь оруулж ирнэ гэж байв. Ийм хөдөлгөөн хүртэл гарч Төв талбайд жагсч байлаа. Сүүлдээ ч иргэдийн итгэл алдарч, авлигатай тэмцэнэ, албан тушаалын хэрэгтнүүдтэй хариуцлага тооцно гэж ярьсан хүнийг ч сонсохоо байсан, ер иймэрхүү мэдээллийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг болсон.

Харин энэ удаа эрх баригч Ардын намынхан энэ асуудлыг барьж авсан, хамгийн гол нь тэд сонгуулийн биш жилүүдэд авлигатай тэмцэж, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг гэсгээнэ гэсэн нь анхаарал татаж байгаа юм. Мөн иргэдийн зүгээс итгэл горьдлогыг төрүүлж эхэлсэн. Мэдээж ирэх сарын 6-нд болох Бага хурлаараа МАН-ынхан авлигатай тэмцэнэ гэсэн амлалтдаа дүнгээ тавиулах биз ээ.  Энэ хурал бол тус нам эрх баригч улс төрийн хүчин болсноос хойш болж буй хоёр дахь Бага хурал нь юм. Эхний хурлаар бүтэц, зохион байгуулалт, бага хурлын гишүүдийг сонгох, шигших гээд чамгүй бужигнаантай хуралдаж байв. Энэ удаагийнхыг нь улс төрийн хүрээнийхэн хэлэхдээ “гал гарсан  хурал болно” гэлцэж буй. Учир нь Хөгжлийн банкнаас зээл авч  хөлжөөд эргэж төлөлгүй бултсан эрх мэдэл, албан тушаалаа ашигласан хүмүүсээр өрийг нь төлүүлэх, хариуцлага тооцох асуудлыг эхлүүлээд явж байгаа. Улс орны эдийн засгийг боомилж, гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэж ирсэн олон жил бугшсан хэргийг илрүүлэн шалгах ажиллагаа хууль, хяналтын байгууллагын шат шатанд явагдаж байна. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан дотоодынхоо  аж ахуй нэгжүүдийг ч хохироосон асуудал яригдаж байгаа. Энэ бүхэнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, цагдаа, тагнуул, хууль хяналтын байгууллагад ажилладаг хүмүүс оролцсон сүлжээ байх магадлалтай гэсэн мэдээллийн сэжүүр ч мөн сөхөгдсөн. Саяхнаас “Нүүрсний бүлэглэл”-тэй тэмцэл эхлүүлж, Эрдэнэс Тавантолгойд хатуу хяналт тогтоосон. Энэ мэтчилэн Ардын намыхан авлигын хэрэгт холбогдсон өөрийн  намын гишүүдийг ч шалгуулахаар өгч байна. Ардчилсан нам болон бусад улс төрийн хүчнээс ч авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон, Хөгжлийн банкны мөнгөөр туйлсан  хүмүүсийг хууль, шүүхийн байгууллага нь шалгах ёстой гэдгийг хэлж байна. Өмнө нь улс төрд давуу эрх эдэлж буй нам, эрх баригчдын зүгээс өрсөлдөгчөө яллах,  сөрөг хүчний удирдагчдыг авлигын хэрэгт шалгуулах, барьж хорих үйлдлүүдийг хийж ирсэн бол МАН тэгсэнгүй. Өөрийн намын гишүүдийн толгойг илсэнгүй. Өөр бусдыг ч  авлигатай холбогдсон бол өршөөхгүй  гэдгээ зарлаад байна.

Авлигатай тэмцэхээ зарласан нэг жилийн дотор МАН юу хийж амжуулав. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын багт өөрчилсөн зүйл юу байна вэ гээд үзвэл бас ч хэлэх юмтай Бага хурлаа хийхээр байна. Тэгэхээс ч аргагүй нөхцөл байдал бас үүссэнийг хэлэх хэрэгтэй байх. Учир нь МАН засаглаж буй цаг үед дэлхий нийтийг хамарсан цар тахал, ковид 19-ийн халдвараас шалтгаалан эдийн засаг агшиж, ачаа тээврийн эргэлт, худалдаа арилжаа, ялангуяа түүхийн эд буюу нүүрс, зэсээр валют олж улс орны  аж амьдралыг залгуулж  ирсэн нь  бараг л тэг зогсолт хийсэн. Улсын төсөв алдагдалтай гарч, байгаа бүхнээ цар тахлыг тархаахгүй байхад зарцуулсан. Цар тахлын дараа дэлхийн бүхий л улс орнууд  толгой өндийлгөхөд тун хүнд болсон. Жижиг орны хувьд Монголд бүр ч хүнд туссан. Залгуулаад хойд хөрш, Украины хооронд сөргөлдөөн даамжирч, ихэнх бараа таваар, шатахуун гэхэд л 90 хувийг нь Оросоос импортолдог манай улсын хувьд байдал улам л хэцүү болж ирсэн. Дээр нь авлигын индексээр байнга араасаа тэргүүлж, албан тушаалын гэмт хэрэг, мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан олон улсын байгууллагуудаас  байсхийгээд саарал жагсаалт, хар жагсаалтад  оруулна гэх дарамт ирэх болов. Ингээд авлигатай тэмцэхгүй бол, авлигачдаасаа салахгүй бол болохгүй  цааш явах боломжгүй гэсэн дохио санамжууд шил шилээ даран  ирэх болсон. Үүнийг МАН ч мэдэрсэн, бусад нь ч хэлээгүй л болохоос “дотор тог, толгойд яг” гэгч болсон байх. Гаднаасаа ч, дотроосоо ч ийм шахалттай нүүр тулсан эрх баригч намын хувьд МАН хөдлөхөөс өөр сонголт үлдээгүй нь лавтай. Хийж чадахгүй бол нийгэм өөрөө тэднийг 2024 он гэхэд улс төрийн тавцангаас буулгаж таарна. Яагаад гэвэл, хоёр ч дараалан УИХ-д 60 гаруй суудал авч, эрх барьсан нам ийм зүйл хийж чадахгүй бол итгэж сонгох шаардлага цаашид  байхгүй гэсэн үг.

Ямартай ч одоо болоод цаашид эрх баригчид авлигатай эрс шулуун тэмцэх нь тодорхой. Хятад шиг “Үнэгний ав” хийхгүй ч, Орос шиг “баавгай барих систем” хэрэгжүүлэхгүй ч тодорхой хэмжээнд тэмцэх нь ойлгомжтой. Гэхдээ авлигатай тэмцэхэд  хойд, урд хөршөөс суралцах юм их бий. Яагаад гэвэл, авлига гэдэг зүйл зөвхөн манай улсад тулгарсан асуудал биш юм. Ихэнх улс орнууд  авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй хатуу тэмцэж, улс төр, бизнесийн бүлэглэлүүдийг төрөөс цэвэрлэж байж хөгжилд хүрсэн байдаг. Тухайлбал, Япон улс дэлхийн II дайны дараачаар эрс ихэссэн авлигатайгаа  хатуу тэмцэж байв. Тус улсын  засгийн эрхийг олон жил барьсан Лебираль Ардчилсан нам, төрд алба хааж байсан өндөр албан тушаалтнууд, том бизнесийн төлөөллүүд хуйвалдан хөшигний  ард янз бүрийн шийдвэр гаргаж ирсэн. Тэр нь “Төмөр гурвалжин” гэж нэрлэгдсэн бизнесийнхэн болон улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрийн намуудын оролцоотой том  бүлэглэл байсан. Тэдний улс оронд үзүүлж буй нөлөө, сөрөг үр дагавраас сэргийлж, хуулийн хариуцлага хүлээлгэхийн сацуу сонгуулийн үеэр хэн ч, хэнд ч, юу ч өгч, тараахыг хориглосон Сонгуулийн санхүүжилтийн тухай хуулийг баталсан гэх мэт олон хуулиа өөрчилсөн түүхтэй. Солонгос ч мөн адил.  Улс орныхоо эдийн засгийг босгож ирсэн ч нөгөө талдаа төрийн янз бүрийн том шийдвэрт нөлөөлж ирсэн том компани, корпорациуд, “Чеболын гэр бүлүүд” гэж нэрлэгддэг компаниудтай  хариуцлага тооцож, улсаа хөгжүүлэхээр урагшаа зүтгэж ирсэн байдаг. Тэгэхээр МАН-ын удирдлагууд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан нар ийнхүү авлигатай тэмцэж эхэлллээ. Эцэст нь улс төр, бизнесийнхэн, шүүх, хуулийн байгууллагынхантай холилдсон том сүлжээ бүхий Монголын толгойны өвчин болсон “Төмөр гурвалжин”-г задалж чадах уу гэдэгт бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэх нь. Үр дүнг нь үлдэж буй цаг хугацаа  дүгнэх биз ээ.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.85.124) 2022 оны 11 сарын 17

Үл олдох естой далчигнаж, налчигнав. МАН авилгатай тэмцэнэ гээд байдаг . Авилгаар 75 д байсан орныг 111 д оруулж Харин ч улам цэцэглүүлэв. ЖДҮ гээд гаргаад ирсэн чинь УИХдахь МАНы 49 гишүүн хуваагаад цохьчихсон байв.Хэдэн жижиг жараахайгаар амыг нь хаав. Удаахь хөгжлийн банкны хэрэг дэгдэв.Идэж уусан 20 улс төрчийг нэрлэсэн чинь 17 нь МАНы гишүүдийн нэрс гараад ирэв.Оймс түрийндээ хийсэн МАН чууд ар араасаа гараад ирэв. Одоо хөгжлийн банкны хэргээ дарах гээд нүүрсний хэрэг гэгчийг гаргаад ирэв.Бас л МАНгарууд толгой цохиж байх юм. Бүтэж хийж байгаа ажил энэ засагт алгаа

0  |  0
ө(202.179.15.114) 2022 оны 11 сарын 17

”жил барьсан Лебираль Ардчилсан нам, ” үгээ зөв бичиж сурмаар\n

0  |  0
Top