Д.Наранпүрэв: Авто тээврийн салбарт удирдлагын гажуудал үүссэн

2022 оны 11 сарын 15

Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Д.Наранпүрэвтэй тээврийн салбарт тулгамдаж байгаа асуудал болоод хяналт, шалгалтын талаар ярилцлаа.


-Танай холбоо анх хэзээ байгуулагдсан бэ. Зорилго нь юу вэ?

-Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо 1991 оны гуравдугаар сарын 1-нд анх байгуулагдсан юм. Зах зээлийн нийгэмд шилжиж, авто тээврийн салбарт хувьчлал явагдаад баазууд тарсан. Ингээд хувьдаа машинтай баахан жолооч нар ачаа бараа байхгүй болж хувирсан. Тиймээс тухайн үед нь нэгдэж тээврийн салбарт ажиллах нь зүйтэй гэж үзсэн учраас хэсэг бүлэг хүмүүс нэгдэж энэ холбоог анх байгуулсан. Тухайн үеийн салбар хариуцсан яамнаас ч дэмжсэн. Харамсалтай нь нийгмийн ороо бусгаа байдал, улс төрийн нөхцөл, тээвэрчдийн үзэл бодлын зөрчилдөөнөөс болоод холбоо маань үйл ажиллагаагаа сайн явуулж чадаагүй учраас өөр, өөр холбоо болж салсан.

Гэсэн хэдий ч 2005 онд салсан холбоод буцаж нэгдээд нэгдсэн холбоогоо байгуулсан. Түүнээс хойш тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. Манайх бол цэвэр мэргэжлийн холбоо гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй. Улс төрийн болоод нийгмийг турхирсан үйл ажиллагаанд огт оролцдоггүй.

-Ер нь танай салбарт өнөөдөр хэчнээн холбоо байгаа вэ?

-Тээврийн салбарт өнөөдөр нийтдээ 40 орчим холбоо байна. Гэхдээ би хувьдээ энэ нь хоёр янз байна гэж хардаг. Нэг хэсэг нь цэвэр мэргэжлийн чиг баримжаатай, улс төрийн болоод хэсэг бүлгийн эрх ашигт оролцдоггүй. Гэхдээ энэ нь цөөхөн. Харин нөгөө хэсэг нь хэдхэн бизнесийн ашиг сонирхлыг хамгаалсан холбоод байна. Энэ бол улс төрийн болоод үйлдвэрчний эвлэлийн холбоотой адилхан зүйл. Хууль нь байгаа учраас хэсэг бүлгээрээ нэгдэж өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалдаг. Үүнийг буруутгах арга байхгүй. Гэхдээ нэлээд явцуу эрх ашигтай, хууль бус үйл ажиллагаа явуулдаг нөхөд нэгдээд өөрсдийгөө хамгаалдаг.

Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо бол мэргэшсэн холбоодын гишүүнчлэлтэй. Хот хоорондын нийтийн тээвэр эрхлэгчдийн холбоо, Авто сургууль, курсуудын холбоо, Авто инженерүүдийн холбоо гээд олон холбоо манай гишүүн. Мөн гишүүн байгууллагуудтай, элсэхэд нээлттэй. Манайх гишүүнчлэлээ жинхэнэ, энгийн дэмжигч гишүүн гэж гурав ангилдаг. Гэхдээ манай холбоо хүссэн бүхнийг нь гишүүнээр авдаггүй. Өөрөөр хэлбэл, хамгийн гол нь хууль бус үйл ажиллагаа явуулдаггүй байгууллага байх ёстой. Дээрээс нь жилдээ нэг, хоёрхон удаа өөрийн компанийн бүтээгдэхүүнээ авахын тулд хойд хөрш рүү машинаа явуулдаг байгууллага байж болно. Хил нэвтрэх зөвшөөрлийг манай холбооноос олгодог болохоор түүнийг авахын тулд гишүүн болох хүсэлтэй байвал бид зөвшөөрдөггүй.

Харин олон улсын ТИР горимын тээвэрлэлт гүйцэтгэдэг байгууллага заавал манай гишүүн байх ёстой. Яагаад гэвэл манайх олон улсын тир горимын тээвэрлэлт гүйцэтгэх байгууллагын батлан даагч холбоо. ТИР горимын гүйцэтгэх ТИР дэвтэр гэж өгдөг. Энэ нь 50 мянган ам.долларын гаалийн баталгааны дэвтэр буюу үнэт цаас. Бид үүнийгээ гаалийн байгууллагатай яриад одоо 100 мян­ган евро болгож байгаа. Мөнгөний хариуцлага хүлээж хол­боо батлан даадаг учраас заа­вал гишүүн байх шаардлага тавьдаг юм.     

-Хил нэвтрэх зөвшөөрөл гэдэг нь юу вэ. ТИР горимынхоо талаар жаахан дэлгэрүүлээч?

-Женевт төвтэй, НҮБ-ын мандаттай Олон улсын авто тээврийн холбоо гэж байдаг. Дэлхийн ТИР тээвэрлэлтийг зохицуулдаг. Монгол Улсыг төлөөлсөн энэ холбооны гишүүн нь манайх юм. Нэг ёсондоо тус холбоог Монголд төлөөлөх төлөөлөгчийн газар нь гэж ойлгож болно. Зам тээврийн хөгжлийн яамнаас манай холбоо хоёр ажлыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд авч ажиллаж байна.

Нэгдүгээрт, БНХАУ-аас бусад улс руу зорчих улс хоорондын зөвшөөрлийн бичгийг манайх олгодог. БНХАУ-тай холбоотой тээвэр, С зөвшөөрөл гэж мэт зүйлд манай холбоо оролцдоггүй.

Хоёрдугаарт, бид салбарын мэргэшсэн инженер, зөвлөх инженерийн сургалтыг зохион байгуулдаг. Харин тэр хүмүүсээс шалгалт авах, мэргэжлийн зэрэг олгох ажлыг яамны Мэргэжлийн зөвлөл шийддэг. Төрөөс тодорхой чиг үүргийг иргэддээ үзүүлдэг. Гэтэл тэдэнд өөр, нэмэлт үйлчилгээнүүд хэрэгтэй, дутагдаад байдаг. Түүнийг нь мэргэжлийн холбоод хийж гүйцэтгэдэг. 

-Авто тээврийн салбарт өнөөдөр ямар асуудал тулгамдаж байна вэ?    

-Их олон асуудал бий. Авто тээврийн салбар сайн хөгжихгүй байгаа шалтгаан нь юу вэ. Өнөөдөр энэ салбарын удирдлагын тогтолцоонд гажуудал бий болчихсон. Өөрөөр хэлбэл, салбарыг удирдан зохион байгуулдаг тогтолцоо нь бүтцийн хувьд гажуудчихсан. Энэ талаар өөрийнхөө санал, бодлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр саяхан бас хүргэсэн. Тулгамдаж байгаа асуудал гэвэл зөндөө байна. Ер нь хөгжил явагдахад хүндрэл гарна. Энэ бол угаасаа дуусахгүй, жингээсээ том хүртэл байж л байна. Тиймээс энэ салбарт тулгамдаж байгаа асуудал, шийдлийг хэлэлцэхээр энэ сарын 17-ны өдөр тээвэрчдийн бага хурлыг манай холбооноос зохион байгуулах гэж байна.

-Энэ хурлаараа асуудал, гарц шийдлээ ярих юм уу?

-Үүн дээр шийдлээ ярина. Энэ бол цэвэр мэргэжлийн холбоод хувийн хэвшил хамтран зовлон, жаргалаа ярих хурал болно. Мөн төрийн байгууллагууд, салбар яаманд ийм асуудал байна, үүнийг ингэж шийдэж өгөөч гэсэн санал, хүсэлт хүргүүлнэ. Нийт энэ салбарын аж ахуйн нэгжүүддээ хандсан хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байх, үйлчилгээгээ сайжруулах уриалга гаргахаар төлөвлөж байна. Авто тээврийн тухай хууль гээд 1999 онд батлагдаж байсан салбарын хувьд Үндсэн хууль болсон хууль байгаа. Өмнө нь манай улс ийм хуультай байгаагүй юм билээ. Харин энэ хууль маань одоо үүргээ нэгэнт гүйцэтгэсэн. Тиймээс нэн дариу шинэчлэх шаардлагатай. Засгийн газар, салбар яам өнөөдөр бодлогоо гаргаад явна. Харин зохицуулах үйл ажиллагааг нь Авто тээврийн үндэсний төв гээд төрийн өмчийн үйлдвэрийн газар хийж байгаа. Харамсалтай нь энэ байгууллага өнөөдөр бизнес хийж байна.

-Бизнес гэдэг нь нөгөө С зөвшөөрөл үү?

-Тэр зөвшөөрөл чинь зохицуу­лалтдаа ордог юм. Оношлогоо хийж байна, авто вокзалын бизнес хийж байна. Дээрээс нь хяналт тавьж байна. Хяналтын 60-аад байцаагчаар дамжуулан төрийн хяналт тавьж байна. Төрийн зохицуулалт, хяналт, бизнес гурвыг нэг байгууллага хийгээд байхаар энэ салбарын үйл ажиллагаа яаж сайн явах вэ дээ.

-Танай салбарт төрийн хяналт, шалгалт хэр давхарддаг вэ. МХЕГ-ыг татан буулгах бол­сон дээр ямар бодолтой байна вэ?

-Засгийн газраас МХЕГ-ыг татан буулгаад салбар яамдуудад нь хяналтыг өгч байгаа нь зөв гэж хувьдаа харж байгаа. Мэргэжлийн хяналт байснаараа манай салбарын хяналт сайжирсан уу гэвэл үгүй. МХЕГ дээр өнөөдөр авто тээврийн байцаагч гээд 2-3 хүн бий. Хуучин Авто тээврийн газар гээд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг дээр авто тээврийн байцаагч нар байсан. Агентлаг нь хяналтаа ингэж тавьдаг байсан нь зөв байсан юм. Одоо яаманд хяналт нь очих юм байна гэж ойлгосон. Гэхдээ ингэхдээ АТҮТ-д байгаа байцаагч нарыг тэнд нь байлгаад байж болохгүй. Яам нь хяналтын бие даасан алба нэгжтэйгээр бүтцээ байгуулах нь зүйтэй. Яамнаасаа бодлогын хувьд хамааралтай ч хөндлөнгийн маягтай бие даасан хяналтаа тавьдаг байх хэрэгтэй. Одоо бол Нийслэлийн нийтийн тээвэр дээр л гэхэд хорин хэдэн байцаагч байна. Хяналт нь тарамдчихсан болохоор хяналтаа тавьж чадахаа больчихсон. Төр бодлогоо гаргаж, зохицуулалтын дүрэм журмаа тодорхой болгоод бизнесийг хувийн хэвшил хийж байх ёстой. Харин эргээд төр нь хяналтаа маш сайн тавих хэрэгтэй юм. Яагаад гэхээр тээврийн салбар маань иргэдийн аюулгүй байдал, ачааны бүрэн бүтэн байдалтай шууд холбоотой.

-МХЕГ-ыг татан буулгаж, салбар яамд руу хяналтыг өгч байгаатай холбогдуулан зарим төрлийн хяналтыг мэргэжлийн хол­боодод өгөх ёстой гэсэн яриа гарч байна. Үүн дээр юу хэлэх вэ?

-Мэргэжлийн холбоод хяналтыг авах ёстой гэдэг дээр манайд тийм амбийц байхгүй. Харин зарим улсад ийм зарчим байдаг юм билээ. Манай улсад энэ нь оновчтой эсэхийг сайтар судалж байж шийдэх хэрэгтэй. Түүнээс бус хамаагүй өгч болохгүй. Төрөөс ажил авчихаад өөрөө түүн дээрээ хяналтаа тавьдаг байж таарахгүй. Аж ахуйн нэгжийг дарамтлах, байцаагч нараа торгуулийн хувиар хөшүүрэг дэх асуудал үүсэж магадгүй. Мэргэжлийн хяналт бол мэргэжлийн чиглэлийн л хяналт байх ёстой. Гэхдээ торгодог, шийтгэдэг бус зөвлөн тусладаг байх нь зүйтэй. Хяналтын байцаагч нар маш өндөр боловсролтой, өөрийн салбарын хууль, стандартыг мэддэг хүн байх ёстой юм. Харамсалтай нь манай салбар өнөөдөр хараахан тийм байж чадахгүй л байна. Боловсон хүчнээ сургалтаар бэлдээд, салбар яамнаас анхаарал хандуулаад ирэхээр аятайхан болно. Дээрээс нь цалин, урамшуулалыг нь сайтар шийдэж өгөөд авлига хээл хахуулиас ангид байлгах хэрэгтэй. Тэгж чадаагүй хүмүүсийг нь ажиллуулахгүй байх ч ёстой. Өнөөдөр ний нуугүй хэлэхэд салбарын хүмүүстэй уулзахад л мэргэжлийн хяналт гэхээр үстэй толгой нь арзайж байгаа гэдгээ хэлж байна. Би бага хурал зохион байгуулахтай холбогдуулан нэг авто угаалгын хүнтэй уулзаад ямар дарамт байгааг асуусан. 

-Ямар дарамт байна гэнэ?

-Авто үйлчилгээ гэдэгт авто угаалга ордог юм. Өнөөдөр авто угаалгаас маш их зүйл шалгадаг гэнэ. Байгаль орчны байцаагч, хөдөлмөрийн байцаагч ирдэг гэсэн. Нэмээд тог цахилгаан, зам талбайн, тээврийн гээд бүгд цувраад ирдэг гэж байна лээ. Өнөөдөр нэг нь ирээд явахад маргааш нөгөөх нь ирдэг. Яг л хоорондоо тохироод залхаан цээрлүүлэх гэж байгаа юм шиг. Харин сүүлийн үед нийслэлээс зөвлөгөө өгдөг байдлаар ажиллахыг шаардаж байгаа ч хэцүү гэнэ лээ. Авто угаалга дээр авто инженер байх ёстой гэсэн шаардлага тавьдаг байна. Тиймээс өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа угаалгын газрууд ямар нэгэн инженерийн анкетыг хавсаргаж өгдөг. Дээрээс нь саарал ус ашиглах төхөөрөмжийг 50 гаруй сая төгрөгөөр авч суулгасан ч нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 300 гаруй угаалгын газрын ихэнх нь зүгээр л крантны усаар угаадаг. Ямар нэгэн асуудалгүй ажиллаад л байдаг. Ингээд нэг хэсэг нь шаардлага, стандартыг нь мөрдөөд байхад нөгөө хэсэг нь ямар нэгэн байдлаар өнөөх хяналтаас нь гадуур үлдээд байхаар шударга бус болчихоод байна шүү дээ. Энэ бол хяналтын талаарх зөвхөн нэг л жишээ шүү дээ. Улаанбаатар хотод өнөөдөр такси алга болчихлоо.

-Шалтгаан нь юу байна вэ?

-Такси үйлчилгээ гэдэг аливаа хотод байх ёстой, нийтийн тээврийн нэг хэсэг нь юм. Гэтэл харамсалтай нь манай нийслэлд энэ алга болчихоод байна. Такси үйлчилгээнд стандарт гэж бий. Авто машины насжилт 10 жилээс бага, жилдээ хоёр удаа техникийн хяналтад орсон байх, жолооны хүрд зүүн гар талдаа байх ёстой гээд олон шаардлага байгаа, байх ч ёстой. Жолооч нь мэргэшсэн байх хэрэгтэй. Өнөөдөр "UB cab" аппликейшн гараад ирсэн. Нэг сэргэлэн хүн үүнийг хийж. Ийшээ явах нь зөв л дөө. Харамсалтай нь энэ аппликейшныг манайхан такси үйлчилгээ гэж хараад байна. Харин нөгөөх нь зар тавиад жолоочоос барьцааны хөрөнгө л авч байвал боллоо гээд хүссэн бүгдийг нь бүртгэчихсэн. Нөгөө такси үйлчилгээнд мөрдөгддөг стандартууд бүгд байхгүй. "UB cab" нэг талаараа иргэдэд үйлчилгээг ойртуулж өгч байна. Харин нөгөө талдаа хэдэн жилийн өмнө хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн 30 хувь нь дэмий сэлгүүцэж байна гэсэн судалгааг япончууд хийсэн. Энэ 30 хувь буюу хулгайн тээврийг "UB cab" баталгаажуулж өгч байна. Ийм хоёр талтай байгаа юм. Нийслэлийн 25 байцаагч өнөөдөр энэ асуудал дээр яагаад чимээгүй байгаад байна гэдэг нь өөрөө асуудал. Яагаад хяналтаа тавьж, стандартыг нь мөрдүүлэхгүй байна вэ. Нэг хэсэг нь хөрөнгө мөнгө бариад стандартыг нь мөрдөөд байдаг. Нөгөө хэсэг нь хууль бус үйл ажиллагааг өөгшүүлсэн ажиллагаа явуулдаг байж болохгүй.

-Ачаа тээврийн тал дээр ямар асуудал байна вэ?

-Бизнес эрхлэхэд хүндрэлтэй зүйлүүд байдаг. Ачаа тээвэр дээр 10 машинтай нэг компани байгууллаа гэхэд ахиад л нөгөө стандарт гараад ирнэ. Гражтай байх, авто засвар, инженертэй байх ёстой гээд л явж өгнө. Нийт тээврийн хэрэгслийн үнийн дүнгийн 20 хувиас багагүй санхүүгийн хөрөнгөтэй байх хэрэгтэй гэсэн шаардлага гарна. Харин энэ компани үйл ажиллагаагаа явуулахын тулд ачаа тээвэрлэх шаардлагатай. Үнэ тарифаа ч тодорхой байлгах хэрэгтэй болно. Харин хувь жолооч бол ганц машинаа хашаандаа тавьчихна. Ойр зуурын засвараа өөрөө хийчихнэ. Тэгээд тээвэр хийхэд өнөө компанийн үнээс хямд хэлээд тохироод явчихна. Зах зээлийн зарчим гээд үзэж болно. Харамсалтай нь үүнээс шалтгаалан цаана нь аж ахуй оршин тогтнох нөхцөлгүй болгоод байгаа юм. Дээрээс нь төрөөс элдэв янзын татвар нэхнэ. Гэтэл цаана нь үйлчилгээ үзүүлж байгаа баталгааны хувьд байгууллага, хувь хүн хоёр шал өөр шүү дээ. Үйлчлүүлэгчийн хохирлыг барагдуулах дээрээ тулбал хувь хүн хариуцлага хүлээхгүй.

-Ер нь тээвэрт дэд бүтэц бас нэлээд чухал байх шүү?

-Чухал байлгүй яахав. Гэхдээ өнөөдөр хүн болгон зам муу тавьж байна гэж байгаа ч өөрсдөө хариуцлагатай байхгүй байна. Манай улс харин ч сүүлийн хэдэн жил замыг маш сайн тавьдаг болсон. Гэтэл тээвэрчид маань замаа хайхрамжгүй ашиглаж, даац хэтрүүлдэг. Замын төлбөр хураах цэг, байцаагч, цагдад нь өгдөг мөнгийг нь өгөөд л дандаа тэнхлэгийн хязгаар давсан байдлаар ачаа тээвэрлэдэг. Ингэж яваад замаа эвдчихээд “Муу зам тавилаа” гэдэг. Энэ бол бас манай тээвэрчдийн ухамрсартай холбоотой зүйл. Замаа гамтай ашиглах л юм бол тав тухтай замаар удаан хугацаанд тээвэр хийнэ гэдгээ ойлгохгүй өнөө, маргаашийн хэдэн төгрөгийн илүүг бодоод байна.    

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(59.153.112.110) 2024 оны 03 сарын 03

hujaa

1  |  0
Зочин(64.119.16.155) 2022 оны 11 сарын 15

Хэ хэ ГАЖУУДАЛ бүх салбарт үүссэн ш дээ ялангуяа төр засагт боллвсрол эрүүл мэнд гээд цаашаа явж алдах байх

0  |  0
Top