Сангийн сайд үнэнийг хэлсэн бол Ерөнхий сайдын амнаас "поп" үгс унахгүй байх байлаа

2022 оны 11 сарын 02

 

Улсын төсөв сангийн  бодлогыг барьдаг Сангийн яамнаас Ч.Хүрэлбаатар явж, Б.Жавхланг ирэхэд  эерэг хүлээлт анх  давамгайлж байв. Эдийн засгийг макро, микро аль аль талаас нь ойлгож, сангийн болон мөнгөний бодлогын харилцан уялдааг хангахад чиглэсэн санал санаачилгууд, зоримог алхмуудыг Монгол Улсын Сангийн сайдын хувиар дөмөгхөн шиг хийгээд явах болов уу гэсэн нэг тийм найдлага, хүлээлт эдийн засаг гадарладаг хүмүүсийн дунд байсан юм.

Гэвч тэрбээр хүлээлтээс  доогуур түвшинд ажиллаж, өмнөх Сангийн сайд нарын алдааг яг ижил давтсаар байгаа нь ирэх 2023 оны төсвийн төслөөс харагдаж буйг тодотгоё. Хэрэв Б.Жавхлан сайд олны хүлээлтийн дагуу ажиллаж чадсан бол ядаж л Засгийн тэргүүний  амнаас поп үгс бус гашуун боловч үнэн үгс унах байв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023  оны төсвийн төслийн талаар хэлэхдээ  “Одоогийн өргөн баригдсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляц нэг оронтой тоонд хүрч буурч, экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буурч, валютын ханш тогтворжиж чадна гэдэгт Засгийн газар  бүрэн итгэлтэй байна. Макро эдийн засгийн тэнцвэр хангагдсанаар хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирч, иргэдийн орлого бодитоор өсөх суурь нөхцөл бүрдэнэ” гэсэн юм.

Эдийн засаг гадарладаг, ойлгох гэж оролддог хэнбугай ч байсан Засгийн тэргүүний энэ үгс лав ирэх оны туршид хэрэгжихэд хэцүү,  “хөөс" байх төлөвтэй  гэдгийг эрхбиш ухаарч байгаа. Түүнчлэн нэр бүхий эдийн засагчдын зүгээс Ерөнхий сайдын эдгээр үгсэд шүүмжлэлтэй хандаж, Засгийн газарт байгаа “эдийн засагчид” засгийн тэргүүнийхээ хэлж ярьж буй үгсийг хянаж, зөвлөөгүй байна хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн.

Засгийн тэргүүний амнаас үндэслэлгүй, хөөсөрсөн үгс унаж буйн уг шалтгааныг аваад үзэхээр Б.Жавхлан сайдын удирдаж буй Сангийн яамнаас өргөн барьсан төсвийн төсөлд тусгасан агуулга байгаа юм. Учир нь Сангийн яамны зүгээс  өргөн барьсан хувилбараар төсөв батлагдвал дээрх үр дүнгүүд гарна гээд Ерөнхий сайддаа итгүүлчихэж.

Ямартаа л Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Өглөөний сонин”-д өгсөн ярилцлагадаа “Ирэх он гэхэд инфляцыг нэг оронтой тоонд оруулсан, шилжиж байгаа хөрөнгө оруулалтын 86 хувийг ашиглалтад оруулчихсан, төсвийн чиглэлээр эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлж, хот хөдөөгийн тэнцвэрийг хадгалан, экспортоо нэмэгдүүлж, валютын нөөцөө нэмэгдүүлсэн, эдийн засгийн өсөлтөө таван хувьд хүргэсэн байх зорилт тавьсан. Макро түвшинд ийм байхыг  хүлээж төсвийн төслийг өргөн барьсан” хэмээн тодотгожээ.

Харин хөндлөнгийн  эдийн засагчдын зүгээс арай далайцтай харж, байр сууриа илэрхийлж буй юм. Тухайлбал, эдийн засагч Д.Ган-Очир Ерөнхий сайдын үгстэй холбогдуулан “… Оюу Толгойн гүний уурхай ашиглалтад орж, Боомтын сэргэлтийн хүрээнд экспортын шинэ төмөр замын гарцууд бүрэн хүчин чадлаараа тээвэрлэлтээ эхлүүлснээр Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум ам.долларын босгыг давна гэж тооцоолж байна.” гэжээ.  Тэгсэн атлаа дараагийн өгүүлбэртээ “2023 онд … экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч…чадна гэдэгт ….итгэлтэй байна” гэсэн байх юм. Төлбөрийн тэнцлийн статистик дэх экспортын дүн 2019 онд 7.2 тэрбум ам.доллар, 2020 онд 7 тэрбум ам.доллар, 2021 онд 8.1 тэрбум ам.доллар, 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэл 8 тэрбум ам.доллароос хол давахааргүй байна. Экспорт 11 тэрбум ам.долларыг давах бол экспортын хэмжээ 2023 онд өмнөх оноосоо бараг 40 хувиар өснө гэсэн үг. Хэрэв энэ үнэн бол, эдийн засгийг тогтворжуулах бус бүр “халалт” бий болно.

Хэрэв экспорт 40 хувиар өсөх бол эдийн засгийн өсөлт 5 хувь биш, бүр маш өндөр хувиар өсөж, валютын нөөц огцом хуримтлагдаж, төгрөгийн ханш магадгүй чангарахад хүрэх учиртай. Харамсалтай нь тийм дүр зураг харагдахгүй байгаад л асуудал байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, эрдэс түүхий эдүүдийн үнэ алгуур буурах, “Тэг-КОВИД” бодлого үргэлжилж, БНХАУ-ын өсөлт үргэлжлэн саарахаар байна. Магадгүй энэ өндөр тоог гаргахдаа Гаалийн статистик дээрх нүүрсний жишиг үнийг ашигласан байх вий гэсэн болгоомжлол байна. Хэрэв тийм бол, энэ оны эхний 8 сарын байдлаар нүүрсний экспортын “бодитой” орж ирэх дүнг (төлбөрийн тэнцэл дээрх дүн)-ээс нь 2 тэрбум ам.доллароор илүү бүртгээд яваад байгаа асуудал бий. Өөрөөр хэлбэл, энэ нь зүгээр л хоосон хий бичилт гэсэн үг” хэмээн байр сууриа илэрхийлснийг сануулъя.

Тодотгоход, Засгийн газар 2023 оны төсвийн орлогыг энэ оны батлагдсан дүнгээс 3.3 их наяд төгрөг буюу 20.4 хувиар нэмэгдүүлэн, 19.6 их наяд төгрөг байхаар тооцож тусгасан. Орлогыг ийнхүү өөдрөгөөр төсөөлөх болсон үндэслэлээ боомтын сэргэлтийг эрчимжүүлэн, эрдэс бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, татварын бүртгэл, хамрагдалтыг сайжруулах учраас хэмээн тайлбарлаж байна. Эдийн засгийн дотоод, гадаад нөхцөл байдал аль аль нь амаргүй, сорилттой байгаа ийм цаг үед буюу ганцхан жилийн дотор төсвийн орлогыг 3 их наяд төгрөг давсан дүнгээр нэмэгдүүлж, зарлагыг 20 их наяд давуулан тооцсон хэрнээ Сангийн сайд Б.Жавхлан “Бид хэмнэж чадаж байгаа” гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлсээр байна.

Сангийн яамнаас төсвийн төслийг боловсруулахдаа, мэргэжлийн баг олон судалгаа, олон асуудлууд дээр харьцуулалт хийдэг гэж тайлбарладаг. Тэр үүднээс аваад үзвэл дэлхийн олон улс орны Төв банкууд бодлогын хүүгээ нэмэгдүүлж, мөнгөний бодлогыг чангатгаж буй нь  глобал эдийн засгийн өсөлт саарахад нөлөөлж,  түүхий эдүүдийн дэлхийн зах зээл дээрх үнэ буурах трендтэй байгааг мэдэцгээж л байх учиртай. Гэвч үнэн хэрэгтээ төсөв боловсруулахад эдийн засаг бус улс төрийн нөлөөлөл давамгайлдаг нь ойлгогдож буй юм.

Уг нь төсөв боловсруулах, боох, хэлэлцэх процесс бүтэн жилийг  хамардаг ч, манай тухайд УИХ-д өргөн баригдаж, 11 дүгээр сарын 15-ны дотор хуульчлагдан батлагдах хүртэл нь л хаана, юунд хэд хэчнээн төгрөг тусгачихав гэж өнгөцхөн анзаараад өнгөрөх хандлага давамгайлдаг. Нэг ёсондоо төсөв боловсруулах, боох, хэлэлцэх, батлах үйл явц бүтэн жил үргэлжиллээ гэхэд 1/10-д нь л нийгэм анхаардаг гэсэн үг. Эцсийн дүндээ ингээд Монгол Улсын гэхээсээ хэсэг бүлгийн эрх ашигт илүү  давамгай үйлчилсэн төсвийг хууль тогтоох дээд байгууллага нь хуульчлан баталдаг жишиг тогтчихжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гийчин(202.131.241.34) 2022 оны 11 сарын 02

боловсролгүй еөнхий сайдыг молигдоход яасан ч амар юмбэ дээ, чааваас даа

0  |  0
Ойлгомжгүй (192.82.71.239) 2022 оны 11 сарын 03

Сангийн сайд Б.Жавхлангийн 2021 оны 7-р сараас хойш хүүхдийн мөнгийг зорилтод хэсэгт олгох хавтгайрсан халамжийг цэгцлэх зэрэг бодлогын арга хэмжээнүүд хэрэгжүүлэх бодлого ерөнхий сайын хаалганы нугасанд хавчуулагдсан байж магадгүй

0  |  1
Top