Д.Батцолмон: Богд ууланд хэн, яаж газар олгосныг бид шүүдэггүй 

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 11 сарын 01

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Богд хан уулын дархан цаазат газрын газар ашиглалтын өнөөгийн байдал, холбогдох маргаатай асуудлууд, цаашид авах арга хэмжээ сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулав. Газрын харилцаанд хамаарах төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд, иргэдийн төлөөлөл оролцов. Энэ үеэр Хот байгуулалт, хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Д.Батцолмонтой ярилцсанаа хүргэе.


-Аялал жуулчлалын зориулалтаар гэж газар аваад дээр нь орон сууцны барилга бариад үл хөдлөхийн гэрчилгээ авчихдаг. Нийслэл дээр очихоороо ингэж өөрчлөгддөг гэсэн асуудлыг ярьж  байна. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Тэгэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам газар олгох уу, Нийслэлийн газрын албанаас олгох уу гэдгээс үл хамааран энэ бүх газар олгох үйл явц адилхан. Энд харин зориулалт маш тодорхой байх ёстой. Тухайлбал, аялал жуулчлал байна. Энэ нь ямар утгыг илэрхийлж байгаа юм бэ. Нарийн яривал нэр томьёоны асуудал руу орно. Мөн түр отоглох орон байр гэж байгаа. Түр гэдэг хугацааг яг юу гэж тодорхойлж байгаа юм бэ гээд үзэхээр мөн л нэр томьёоны асуудал яригдана. Хот байгуулалт хөгжлийн газрын хувьд төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон газрыг “Хэрхэн яаж олгогдсон бэ” гэдгийг шүүдэггүй.

Иргэн, аж ахуйн нэгжид газар олгох эрх үүсээд, сайдын тушаалаар газар эзэмшээд эхэлчихсэн, төлбөр тооцоогоо төлчихсөн ороод ирэхэд бид Хот байгуулалт хөгжлийн газрын мөрдөх ёстой баримт бичгүүдээ л мөрдөнө. Хот байгуулалт хөгжлийн газар Хууль зүй, дотоод хэргийн яамны юм уу, эсвэл Газар зохион байгуулалтын албан баримт бичгийг мөрдөхгүй. Тэр бол тусдаа, өөр чиг үүргийн асуудал байх. Манай Хот байгуулалт хөгжлийн газрын хувьд “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г мөрддөг.

-Тэгэхээр Богд хан уулын дархан цаазат газрын зориулалтыг юу гэж тодорхойлсон байх юм?

-“Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-гөөр бол Богд хан уулын дархан цаазат газрыг хотын төв болно гэж байгаа. Үүнийг 2013 онд Монгол Улсын Их хурлаар тогтоол нь гарсан асуудал. Их тойруу, Бага тойруу гээд бидний “40 мянгат”, “50 мянгат” гэж нэрлэж заншсан хотын төв маань дэд бүтэц, инженерийн хангамжийн хувьд цаашид ачаалал хангахгүй байдал руу орж байна. Даац нь хэтэрсэн. Иймээс хотод шинэ төв хэрэгтэй гэж үзээд одоогоос арваад жилийн өмнө Монгол Улсын Их хурлаас тогтоол гарсан. Энэ тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүний дагуу бүх асуудал хэрэгжээд явж байгаа.

-“Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд газар олголт, төлөвлөлтийг юу гэж тусгасан байдаг вэ?

-Хөгжлийн ерөнхий төвлөгөөн дээр орон сууц, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, бизнес бүс, захиргааны бүс гэж төвлөгдсөн байгаа. Энэ бүсэд одоо Улаанбаатар хотын шинэ захиргаа үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хот байгуулалт, хөгжлийн газрын хувьд ерөнхий төлөвлөгөө болоод хэсэгчилсэн төлөвлөгөөгөө мөрдөж байна. Түүнд заасан байшин барилгын зориулалт, хэмжээ, давхарын өндрийн хязгаар гээд заасан баримт бичгүүдээ мөрдөн ажиллаж байна.

-Дархан цаазат газар болон гол усны ойр орчим орон сууц барихгүй гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан хууль бий. Ерөнхий төлөвлөгөө гэдгээр энэ хуулиа зөрчиж болох юм уу?

-“Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” болон дагалдах журмуудаа бол мөрдөнө. Тэр журам бол таны асууж байгаа гол устай холбоотой асуудал байгаа. Энгийн хамгаалалтын зурвас, онцгой хамгаалалтын зурвас гээд бүх мужлалууд нь бий. Энэ бүхэн хотын мэдээллийн санд орсон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар гарсан журам байгаа. Энэ журмыг зөрчиж, гол ус эрэг дээр орон сууц баригдсан асуудал байхгүй. Мэдээллээ тодорхой болгож байж асуух хэрэгтэй.

-Тухайлбал, “Энигма” гэхэд л аялал жуулчлалын зориулалтаар газар авсан боловч хаус болсон гэсэн асуудал яригдсаар ирсэн  шүү дээ?

-Тухайн газарт баригдаж  байгаа барилгыг хэн ч гаднаас нь хараад гурван давхар байна уу, дөрвөн давхар байна уу, амралтын газар юм уу, амины сууц уу гэдгийг мэдэхгүй.  Хамгийн эцсийн байдлаар үл хөдлөхийн гэрчилгээн дээр л гарч ирдэг. Хаус байна гэж харлаа гэхэд тэр нь үл хөдлөхийн гэрчилгээн дээр юу гэж гарч ирэх вэ, мэдэхгүй. Гадагшаа олон улс орноор аялсан хүмүүс мэдэх байх. Амралтын газар, Велла ресорт гээд байж байдаг. Тэнд хаус байдаг уу байдаг. Хүмүүс сараар юм уу, 2-3 сараар түрээслээд амьдардаг. Монголчууд ч гэсэн өвлийн улиралд гадагшаа хаус түрээслээд явдаг. Энэ бол аялал жуулчлал мөн шүү дээ. Хотын эдийн засагт хувь нэмрээ оруулж, нөлөө үзүүлж байна. Тэр тусмаа 2013 онд гарсан “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд тусгасан “Хотын шинэ төв бол Яармаг юм” гэсэн  бодлого бол хот төлөвлөлтийн хамгийн зөв бодлого.

-Ямар үндэслэлээр...?

-Би дээр хэлсэн, яагаад гэвэл Их тойруу, Бага тойруу орчмын ачаалллыг Яармаг руу авсан. Хүн амын төвлөрөл, орон сууцны нягтрал, олон төрлийн үйл ажиллагааг Яармаг үүрч байгаа. Тэнд улс орны их бүтээн байгуулалт, барилгажилт, түүнтэй холбогдсон эдийн засгийн харилцаанууд явж байна. Манайхан хэлдэг дээ, барилга бариад байгаа хүнийг их мөнгө олоод байна гэж. Уг нь  нэг барилга баригдахад эдийн засгийн маш олон үр ашиг гардаг. Барилгыг  нэг компани барьж байна,  тэгвэл  түүнийг худалдаа үйлчилгээ, тавилгын бизнес гэхчлэн олон зүйл дагалдана. Иймээс олон талын чухал ач холбогдолтой салбарын ачааллыг Яармаг руу авч байгаа.

-Тэгэхээр Хот байгуулалт хөгжлийн газрын хувьд ямар нэгэн хууль зөрчсөн газар болон гол усны ойр орчим орон сууц бариулсан зүйл байхгүй гэж ойлгож болох уу. Танайхаас ямар нэгэн зөвшөөрөл өгсөн зүйл байхгүй гэсэн үг үү?

-Яг одоо  тэнд тодорхой  хууль зөрчсөн асуудал байгаа гэж бодохгүй байна. Энэ асуудлаар холбогдох байгууллагууд байнга шалгадаг. Нэмж тодотгоход,  Хот байгуулалт хөгжлийн газар аль нэг сайдын зөвшөөрлөөр газар олгодоггүй. Газар олгож буй эрх бүхий байгууллагууд  нь зөвшөөрөл өгөхдөө -“Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний дагуу тухайн газрыг олгох ёстой.

-Хотын шинэ төвийг байгуулж байна гэлээ. Тулгамдаж байгаа, хамгийн бэрхшээлтэй асуудал нь юу вэ?

-Нэн тулгамдаж байгаа асуудал нь бид 2013 оны Улсын Их Хурлаар “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г батлуулсан. Хөгжлийн энэ төлөвлөгөөг дагалдаад тодорхой хэмжээний хууль, дүрэм, журмуудад өөрчлөлт оруулах ёстой байсан. Гэтэл тэр өөрчлөлт хийгдэлгүй өнөөг хүрсэн. Иймээс хэрэгжүүлж буй ажлууд хоорондоо авцалдахгүй зөрөх, зөрчилдөх асуудлууд гараад байна. Дахин хэлэхэд, Хот байгуулалт, хөгжлийн газар бол “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г мөрдөж ажиллах үүрэгтэй. Монгол Улсын Их Хурал батлаад өгчихсөн тогтоолыг баримтлан ажиллаж байна. Энэ бол бидний хийх ёстой үндсэн ажил. Үүнийгээ л хийж байна.

-Үүн дээр нэмж шинэ төсөл, хөтөлбөр боловсруулж байгаа юу?

-Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө яг одоо боловсруулагдаж байгаа. Үүн дээр хууль, эрхзүйн асуудлыг шийдэхээр ажиллаж байна.

-“Хотын шинэ төв нь Яармаг юм” гэсэн хотын  хөгжлийн ерөнхий төвлөгөөг барьж ажиллаж байна гэлээ. Иргэд “Яармаг орохын тулд  автозамын түгжрэлд бараг машиндаа хонож байна” гэж шүүмжлээд байдаг шүү дээ. Автозамын түгжрэлийг шийдэх гарц гаргалгаа гэхчлэн асуудлууд хотын төлөвлөгөөнд  багтдаг уу. Хэр уялдаа холбоотой ажилладаг юм бол?

-Хүмүүс “Зам түгжрээд байна, Яармаг дүүрчихлээ” гээд шуугидаг. Гэтэл Яармагт одоо байгаа суурьшлын бүс хаачих юм бэ. Хаана шингэх байсан юм бэ. Нэг хүн хоёр газар байгаад, хонож өнжөөд байж чадахгүй шүү дээ. Орой ажлаа тараад Яармаг руу гэртээ харьж буй хүмүүс байгаа. Олон хүн тэнд ажилалж, амьдарч байна. Хотод байх тэр их ачааллыг Яармагт аваад ирж байгааг бодолцох ёстой. Тиймээс энэ бол зөв эхлэл . Гол нь дагалдах замуудыг барих асуудал  бий. Тухайлбал, Драгон терминалаас Нүхтийн уулзвар хүртэл гүүр хоёр ч байршилд баригдаж эхлээд байна. Тэгэхээр автозамын ачаалал ганц Яармагийн гүүрэн дээр түгжрээд байхгүй. Тэнд үүсдэг ачааллыг гурав хуваах бололцоо нээгдэнэ гэсэн үг.

-Хан-Уул дүүргээс газар олголтын зөрчилтэй, барилга барихаар нүх ухаад орхичихсон асуудлыг  хууль эрхзүйн хүрээнд хэлэлцээд сургууль цэцэрлэг барих шийдвэр гаргаж ажил эхлүүлж байгаа юм билээ. Энэ талаар мэдээлэл  байна уу?

-Надад мэдээлэл алга. Яагаад гэвэл, манайх дотроо хэд хэдэн хэлтэс хуваагддаг. Илүү нарийвчилсан мэдээллийг манай газар дээрээс авч болно.

-Эцэст нь хэлэл­цүүлгийн үр дүнг юу гэж үзэж байна?

-Хэлэлцүүлгийн гол зорилго нь Богдхан уулын дархан цаазат газрын газар ашиглалтын өнөөгийн нөхцөл байдал, түүнийг тойрсон маргаантай асуудлыг холбогдох төрийн шат шатны байгууллага, иргэдийн оролцоотой  хэлэлцүүлж, цаашид авах арга хэмжээнд талууд  санал, дүгнэлтээ хэллээ. БОАЖЯ-ны харьяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас газар ашиглалтын өнөөгийн байдал, үүсээд буй газрын маргаантай асуудлууд, хилийн цэсийн маргаан, газрын төлбөр, татварын харилцаа, холбогдох хууль эрх зүйн орчин зэрэг сэдвээр танилцуулга хийж, асуултад нээлттэй хариулт өглөө. Үүний дүнд нэн тэргүүнд хууль эрх зүйн хүрээнд үүсээд буй ойлгомжгүй байдал, УИХ-ын тогтоол, хилийн цэсийн маргаанаас болж хохирч байгаа иргэдийн асуудлыг авч хэлэлцэнэ гэдгээ холбогдох газрууд ярилаа.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MONGOLIA NEWS(194.156.136.39) 2022 оны 11 сарын 01

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө

0  |  0
1(192.82.76.242) 2022 оны 11 сарын 01

Хөөрцөн муу баас вэ

0  |  0
Top