З.Ичинноров: Хань минь сэтгүүл зүйн бүх төрлөөр бүтээл туурвисан

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 10 сарын 23

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Галсангийн Жамьян агсны бүтээлийн цоморлиг буюу “Монголын шилдэг нийтлэл” цувралын 47 дахь ботийн нээлт өнөөдөр болно. Монголчуудын оюун сэтгэлд бүтээл, туурвилаараа мөнх үлдсэн түүний хараахан хэвлүүлж амжаагүй болон өмнө нь уншигчдад хүрсэн шилдэг нийтлэлүүд энэхүү номд багтжээ. Номон суваргад баринтагласан эл бүтээлүүд нэрт сэтгүүлчийн хайрт хань Зундуйн Ичинноровын сонголтоор уншигчдад хүрч буйг дуулгах ялдамд “Өглөөний зочин” булангийнхаа хойморт урьж ярилцсанаа хүргэж байна.


-Таны хань Монголын сэтгүүлзүйн ноён оргилуудын нэг байлаа. Анх хэрхэн танилцаж байсан бэ?

-Бидний үед тийм хүнтэй сууна, ингэнэ, тэгнэ гэсэн ямар ч зорилго, зорилт байдаггүй байж дээ. Танилцаад нэлээд удахад ямар ажил эрхэлдгийг нь мэдэхгүй явсан. Би чинь Сүхбаатар аймгийн Дарьгангын хүн шүү дээ. Аймагтаа долоон жилийн дунд сургууль төгсөөд хотод орж ирсэн, хүний өргөмөл ганц охин. Ээжийн минь бие тааруу байх болсонд сэтгэл зовниж, эмч болно гээд ирсэн нь тэр. Хүн эмнэлгийн техникумд шалгуулж тэнцээд, хүссэн мэргэжлээрээ суралцаж төгссөн. Тэр үед Улаанбаатар хот Чойбалсангийн хороо, Сүхбаатарын хороо, Ажилчны хороо, Октябрийн хороо гээд дөрвөн хороотой байсан юм. Манайх Сүхбаатарын хороонд эсгий гэрт байлаа, одоогийн Элчингүүдийн тэнд. Ээж, аав хоёр минь хэдэн малаа хүнд өгчихөөд намайг дагаад нүүгээд ирсэн. Сургуулиа төгсөөд би Сүхбаатарын хороондоо салбарын бага эмчээр очсон. Их эмч өглөөгүүр “Москвич” машинтай ирж хүмүүсээ үзчихээд буцна. Үдээс хойш хүнд өвчтэй хүмүүсээ үзэх ёстой. Би машиныг нь буцаачихаад явган гүйчихдэг байлаа. Дөнгөж техникум төгссөн арван хэдтэй хүүхэд байжээ. Хоёр жилийн дараа хороондоо сайн ажилласан гээд дэвшлээ.

Хотын эрүүлийг хамгаалах газрын даргын туслах, боловсон хүчний ажлыг хавсарч хийдэг боллоо. Тэр үед Улаан загалмайн Дамбадаржаа гэж миний үеийн залуу “Орой кино үзье” гэхээр нь дагаад “Элдэв-Очир” театрт очлоо. Киногоо үзэж байгаад хажуу тийшээ хартал, Дамбадаржаа маань алга, оронд нь нэг өндөр залуу сууж байна. Тараад гарахад “Танайх хаана вэ, дөхүүлээд өгье” гэнэ. “Тавын халуун усны тэнд байдаг” гэхэд замдаа олон юм ярьсангүй, “Нэр хэн бэ” гэж байна. Ичинноров гэдэг гэлээ. Хүргэж өгчихөөд “За баяртай” гээд яваад өгсөн. Би тэр үед ажил ихтэйн хажуугаар Анагаахын дээдэд сурахаар орос хэлний шалтгалтанд бэлдэж оройн сургуульд яваад бүр ч завгүй. Нэг удаа ажил оройтоод гарч явтал өнөөх залуу таарч “Дөхүүлээд өгөх үү” гээд мөн дөхүүлж өглөө. Тэр үеийн залуус хүмүүжил сайтай, олон таван үггүй, дэлдэгнэж, далдаганах юмгүй сайхан байсан юм шүү дээ. Дөхүүлж өгчихөөд “Баяртай” гээд явчихна. Намайг холоос битүүхэн л харж явсан шиг байгаа юм. Үг цөөнтэй даруухан, зөөлөн зантай залуу анх танилцаж, үерхэж нөхөрлөж, ханилж суусан даа. Анх танилцахдаа би ийм ажил хийдэг, тэнд ажилладаг, тэгдэг, ингэдэг гэж олон юм ярьж байсангүй. Сэтгүүлч гэдгийг нь сүүлд мэдсэн.

-Зөвхөн та хоёрын ч биш, Монголын нийгмийн нэгэн үеийн түүх, хүмүүсийн байд­лыг сонсох тун сонир­холтой юм. Гэртээ бараг үзэгдэхгүй шахам, хөлөөрөө гүйж мэдээ мэдээллээ олж бичдэг сэтгүүлч хүний ар тал байх танд  ямар байв?

-Бид хоёрын танилцсан нь 1960-аад оны үе юм. Манай хүн сонинд ажиллаж байгаад бичсэн зүйлээсээ болж хөөгдчихөөд эргэж ирээд байсан үе юм билээ.

-Нөгөө “Гавьяа”-наас гайтсан явдал уу?

-Биш ээ. “Гавьяа” гэж найраглал бичээд “Модны үйлдвэр” рүү хөөгддөг чинь 1970-аад оны үйл явдал. Ер нь манай хүн Монголын сэтгүүлчдээс хамгийн олон удаа арга хэмжээ авахуулж, шалгуулж, хэлмэгдэж хүртэл явсан хүн байж магадгүй.

-Гэр бүл болсон тухай өмнөх асуулт руугаа эргээд орьё?

-Бид хоёр гэр бүл болоод манай аав, ээжтэй хамт амьдарсан. Үр хүүхэдтэй ч болж, ээж аав хоёр минь хүүхдүүдийг харж өсгөлцсөн. Цаг завгүй амьдрал дунд би ханийнхаа сэтгүүлчийн ажил руу өнгийж сонирхож явсангүй. Одоо бодоход би залуу байж, их хэнэггүй ч байж. Сайн эмч болно гэж зүтгэснээс биш бусад зүйлд анхаарч байгаагүй юм болов уу даа. Сүүлд аав минь Ариун цэврийн станцын морин тэрэгчин, ээж цэвэрлэгч хийж байлаа. Надад ер нь дутагдах, гачигдах зүйл байсангүй. Намайг Анагаахын дээд сургуулийн гуравдугаар курст ордог жил манайх орон сууцанд орсон юм. Хань минь намайг алган дээрээ бөмбөрүүлж, эрхлүүлж, хайрлаж, халам­жилдаг байлаа. Би айлын эхнэр атал, эрх охин шиг л явлаа. Ханийнхаа ажил, мэргэжлийн онцлог, сэтгүүлчийн жаргал, зовлонг эсэргүү хэмээгдэж хэлмэгдэх үед  нь л мэдсэн.

-Эсэргүү боллоо гэдэг мэдээг та яаж хүлээж авсан бэ?

-Эхэндээ огт мэдээгүй. Тухайн үед би сургуулиа төгсөөд их эмч болсон байсан. Энэ хугацаанд би жирэмсний амралт авч үзээгүй. Оюутан байсан болохоор хүүхдээ төрүүлж ээж, аавдаа өгчихөөд хичээлдээ ордог байлаа. Төгсөөд ажлын байранд гарахад манай хүн намайг “Чи ажил, хичээл гэж амралтгүй өчнөөн жил явлаа. Амралтад яв, сайн амар” гээд өөрөө хөөцөл­дөж, Сонгинын амралтад явуулсан юм. Хотод ойрхон болохоор амралтын өдрүүдээр эргэж ирнэ. Нэг оройн хоолны дараа манай хүн хүрэн костьюмаа өмсчихсөн, Нэгдүгээр эмнэлгийн эмч н.Бат-Очир гэж эмчтэй хамт тосоод зогсч байна. Ирэхдээ чанасан мах, чихэр, жимс амттан их авчирна. Гэтэл манай хүн барьсан юмгүй, царай нь нэг л тиймэрхүү харагдана. Өрөөндөө ороход манай хүн халааснаасаа ганц шил архи гаргаад ширээн дээр тавьчихлаа. Нэг юм хэлэх гээд, тэгээд хэлж төвдөхгүй байх шиг, нэг л сонин. Хэсэг суусны дараа “Хөгшин чинь ажил албагүй боллоо. Ажлаасаа, намаасаа ч хөөгдчихлөө. Хоёр хоногийн өмнө хурлаар орчихоод явж байна. Чамд хэлэхгүй байя гэсэн чинь ээж, аав хоёр хэл гээд уйлаад болдоггүй” гэнэ. Юу болов гэхэд “Оросын машины хэргийг бичээд осолдлоо. Согтуу орос жолооч осол хийхэд, шатсан автобуснаас 20 орчим  хүнийг ганцаараа зөөж гаргаж, амийг нь аварсан хүүгийн тухай  “Гавьяа” гэж найраглал бичээд гайтлаа. Улс төрийн товчоогоор орж, Хотын намын хороо батлах хурааж авлаа. Шоронд ч орж магадгүй юм шиг байна” гэлээ. Миний дотор пал хийгээд явчихсан. “Нэгийгээ ажил төрөлгүй болж байхад би энд амарна гэж юу байхав” гээд уйлаад хэдэн хувцсаа чемодандаа хийж аван шууд буцсан. Болсон явдлаас сэдэвлэн “Гавьяа” найраглалыг бичсэн ч жилийн дараа Зөвлөлт-Монголын найрамдлыг сүйтгэсэн гэж ял тулгасан юм билээ. Тэгэхэд л би сэтгүүлчийн ажлын хэцүүг ойлгосон. Түүний өмнө бичээд л байдаг, зөвдлөө, буруудлаа гэж надад ярьж байсангүй. Би ч ханийнхаа ажил руу өнгийж, сонирхож байгаагүй. Ажиллах, сурах, үр хүүхдээ өсгөх гээд тэр болгонд анхаарах боломжгүй, цаг завгүй амьдралыг туучиж явлаа.

-Г.Жамьяан гуай тэгээд Мод боловсруулах комбинат руу хөөгдсөн гэдэг байх аа?

-Нэг хэсэг гэртээ байсан. Гэтэл Мод боловсруулах комбинатаас хүн ирж “Ажил­гүй суугаад байж болохгүй байх. Манайд ажилла. Бид батлан даалтаар “Эсгүүрийн цех”-дээ авья” гэсэн. Маргааш өглөө тийшээ явна гэхэд өмсөөд явах хувцас байхгүй. Уг нь манайх 50 мянгатад байранд орсон хэрнээ тийм ядуу, зүдүү байсан ч юм уу. Өвгөн минь хуучин костьюмаа өмсөөд гэрээс гарахад араас нь хараад уйлаад хоцорсон. Орой гэртээ үс толгой, нүүр ам нь модны үртэс болчихсон ирлээ. Хэд хонотол модны үртэс арьсанд цочрол өгч, нүүрээр нь дүүрэн идээтэй юм туурчихсан. Өмдөө тайлахад хоёр хөл нь хөх няц болчихсон байсан. Би тэр үед өвгөнийхөө сэтгэл санааг өргөх гэж хэрдээ хичээж, бас хөглөж ч явлаа. Тухайн үед Дорноговь аймгийн “Соёл урлагийн 10 хоног” хотод болсон юм. Хэн нэг нь арга хэмжээ авахууллаа ч гэсэн хүмүүс нэг нэгнээ хайрлаж баймаар юм билээ. Өмнө нь өвгөнийг сэтгүүлч гэж ид гялалзаж байхад “Соёл урлагийн 10 хоног” болох гэж байна, чи Дорноговийн хүн үүнийг хариуц гээд урилга, заллага өгч сүйд болдог байсан нь таг чиг. Энд тэнд зарлал гараад байхаар нь би хоёр билет худалдаж аваад Мод боловсруулах комбинатыг мэдэхгүй ч хүнээр зам заалган өвгөн рүүгээ гүйлээ. Мод боловсруулах комбинат нь вокзалын цаана байсан юм. Эсгүүрийн цех рүү очиход бүдүүн гуалингуудыг банз болгон зүсэж, дээш харах сөхөөгүй ажиллаж байна. Үүдэнд зогсож байтал гэнэт хараад хамт байгаа хүндээ “Эхнэр ирж” гэж байгаа бололтой юм хэлчихээд, наашаа ойртлоо. Би “Чамд урилга ирсэн байна, хоёулаа хамт үзэх үү” гэлээ. Тэгсэн баярлаж байгаа бололтой, цаашаа очоод хамт ажилладаг хүмүүстээ “Дорноговь аймгийн “Соёл урлагийн 10 хоног” болж байгаа, намайг урьж  гэнээ. Би яваад ирье” гэж байна. Тэндээс хоёулаа гэртээ гүйж ирж хувцсаа солиод Драмын театр руу явлаа. Надаас “Хэн урилга авчирч өгөв” гэж асуулаа, “Мэдэхгүй, нэг хүүхэд л авчирч өгнө лээ” гээд худал залчихлаа. Үүдэнд очингуутаа би түрүүлж орж билетээ өгчихөөд “За чи ор” гээд оруулчихсан юм. Тэгэхэд манай хүн мэдчих шиг болсон гэхдээ надаас асуугаагүй. Тэгэхэд манай хүн тайз руу очоод  нутгийнхантайгаа мэнд мэдэж, гар бариад сүйд. Арга хэмжээ авахуулсан ч шинжгүй өндөр сэтгэгдэлтэй байсан нь сэтгэлд тод үлджээ. Мод боловсруулах комбинатад ажиллаж байхад нь араас нь хүн дагаж, байнга хянадаг. Тэнд голдуу хоригдлууд ажилладаг байсан. Манай хүн бие нь өвдсөн ч шүд зуугаад ажлаа хийгээд явсан. Тэгэхэд нь “Чи ямар хэрэг хийсэн гэж ингэж явах юм бэ. Чамайг байхгүй болчихвол гурван хүүхэд минь л өнчирнө. Чи хөөцөлдөж чаддаггүй юм бол би хөөцөлдөнө” гээд эмнэлэгт хэвтүүлж байлаа. Дараа нь тэнд биеийн тамирын арга зүйч болж, сүүлд ажлаас чөлөөлөгдсөн. Сайн, муу юмыг дотроо их шингээдэг, юу ч болсон гадагш цацаад байдаггүй, дөлгөөн нуур шиг сайхан хүн байсан юм шүү дээ, миний хань. Би бол тийм сайхан нуурын мандалд эрхэлж, жаргаж хөвсөн хун, галуу шиг л амьдарсан хүн. Дэлгүүрээс ч хувцас авч өмсөж үзээгүй хүн шүү дээ, би чинь. Дандаа л өвгөн минь авч өгдөг байсан.

-Уран бүтээлч хүн 1979 оноос 1989 оны сүүлч хүртэл 10 жилийг тийм байдалд өнгөрүүлнэ гэдэг гаслантай. Г.Жамьян гуай шударга хүн учраас дотроо бол  тийм зүйлтэй огт эвлэрээгүй байх?

-Ю.Цэдэнбал, Ж.Бат­мөнх танаа, миний бие хилс хэрэгт хэлмэгдсэн тул гээд байнга өргөдөл бичиж байсан. Амрах ч эрхгүй зүтгэж явсан. 1980-аад оны сүүлээр ЗХУ /ОХУ/-д “Перестройка” /өөрчлөн байгуулалт/ болж, Оросын нэг сэтгүүлч Монголд гурван согтуу орос үйлдвэрийн ажилчдын сууж явсан автобусыг мөргөн осол хийж, машин шатахад 19-хөн настай залуу 20 хүний амь аварч, болсон явдлыг газар дээр нь бичсэн сэтгүүлчид арга хэмжээ авсан талаар нийтэлснийг Орос, Монголын радиогоор олон удаа нэвтрүүлсэн. Манайхан болсон явдлыг нууж хаасаар эцэстээ үнэнд гүйцэтгэж, өвгөнийг маань цагаатгасан. Үүний дараа “Багш” сонинд очиж мэргэж­лийнхээ ажлыг хийсэн.

-Цагаатгасны дараа танд юу бодогдож байв?

-Төр, засаг алдаагаа залруулж, сэтгэл санаа, цалин хөлсний зөрүү гээд хохирлыг барагдуулж, орон сууц өгсөн. Засаг харах өдрөө хардаг л юм билээ. Энд тэнд уулзалтад уригдаж, улсын зардлаар амралтад явуулж байлаа. Хятад, Солонгос гээд олон газраар явсан. Тэр хүртэл өвгөн минь өөрөө уйгагүй хөөцөлдсөн. Тэр цагаас өнөөдрийг хүртэл хань минь түмэн олныхоо дунд шударга сэтгүүлч гэж хүндлэгдэн, төр засгаас Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээн гавьяа зүтгэлийг нь үнэлж, бүтээл туурвилаараа одоо ч мөнх амьдарч байна. Ханиа мөнх бусыг үзүүлсэн нэг жилийн ойн дээр  бүтээлүүдийг нь эмхэтгэн, амьд сэрүүн байхдаа хийнэ гэж ярьж байсан ч амжаагүй “Монголын шилдэг нийтлэл” цувралын 47 дахь ботийг нь хэвлүүллээ. Өнгөрсөн жилийн зулын 25-нд тэнгэрт одсон юм шүү дээ. Өвгөнийхөө үлдээсэн өвөөс номд оруулах бүтээлүүдийг би сонгосон. Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Т.Баасансүрэн редактор хийсэн. Өвгөн минь өөрөө “Миний найз нөхөд бол Тугалхүүгийн Баасансүрэн, Тангадын Галсан хоёр. Би ийм л хэдхэн найзтай” гэж бичсэн нь бий. Тиймээс Т.Баасансүрэнд хандсан. Өмнө нь хэвлэгдэж байгаагүй болон уншигчдын танил болсон шилдэг нийтлэлүүдээс нь оруулсан. Энэ бол ар гэр, үр хүүхдүүдээс нь Монголын оюун санаанд оруулж байгаа номон суварга юм даа. Гэхдээ хэвлэгдээгүй бүтээл зөндөө үлдсэн. Шавь нар, сэтгүүл зүй, утга зохиолын залуу үеийнхэн сонирхоод Оюуны өмчийн газраас зөвшөөрөл авч,  аваад явъя гэвэл би тэрийг дарахгүй. Нэг хүн ч гэсэн уншиг. Манай хүүхдүүд дотор бичгийн хүн байхгүй, бүгд инженер, эдийн засагч мэргэжилтэй. Тэгэхээр үлдсэн  өв санг нь хав дарж, хадгалаад яах билээ.

-Танд зориулсан шүлэг, бүтээл байдаг уу?

-Их залуу байхдаа бич­сэн “Инжээдээ” гэж шүлэг бий. Далд утгыг нь анзаарч байсангүй. Тэр шүлэгт: 

“Инжээ минь

Итгэл даах Инжээ минь

Эрүүл мэндийг гийгүүлж  заларсан

Инээдэг шувуухай минь“ гэж эхэлдэг юм. Одоо эргээд уншихад маш олон зүйл бодогдож байна. Хүүхдүүд өсөж үүрээ орхисон шувуу шиг нисэхэд хоёулхнаа буурайж үлдэнэ гэж бичсэн, ханийн заяа гэдэг зүйл тэр дотор багтсан юм билээ /нүдэнд нь нулимс мэлтрээд ирэв/. Манай хүн уран зохиол, сэтгүүл зүйн бүхий л төрлөөр бүтээлээ туурвисан. Унаган авьяастай уран бүтээлч явлаа. Төрж өссөн Ноён хутагтын нутгийн өгөгдөл тэр байх. Би ханьдаа “Б.Догмид та нарын ийм яваа нь нутгийн чинь өгөгдөл байх” гэдэг байлаа. Миний хань Дорноговь аймгийн Алтанширээ суманд төрж өссөн. Сайншандын төвд аравдугаар анги төгсөөд МУИС-ийн монгол хэлний анги, Олон улсын сэтгүүлчийн дээд курсыг төгссөн хүн шүү дээ. Нутаг усныхан нь мэдэх нь мэднэ, бахархах нь бахархаж, ирж очиж байдагт баярлаж явдаг даа.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
m.mandahaipoland.(195.191.163.147) 2022 оны 10 сарын 23

yostoi mundag setguulcz baisandaa. bayarlalaa saixan dursamj.

0  |  0
Chintuya(178.195.12.218) 2022 оны 10 сарын 23

Ih saihan yum unshlaa,aguu hairand olgiidvvlsen shan buurluudiin amidralyn tuhai unshlaa.

2  |  0
Хилчин(103.212.119.247) 2022 оны 10 сарын 23

Номын цагаан буян дэлгэрэг. Шударга сайхан сэтгүүлч байсан даа\n

2  |  0
Top