Гурван улсын үлгэр | 87 ДУГААР БҮЛЭГ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 14

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

II БОТЬ -  87 ДУГААР БҮЛЭГ

ЧАНСАН ЦЭРЭГ ҮҮСГЭЖ ӨМНӨ ХУЛГАЙГ БАЙЛДСАН

ТЭНГЭРИЙН ЦЭРГИЙГ ТЭВЧЭЭД МАНЬВАН АНХАН БАРИГДСАН

Өгүүлэх нь: Жугө Чансан Чөндүд суугаад хэргийг их бага хэмээн ялгалгүй цөм өөрийн бие голч шударгаар шүүн таслахад хоёр Чуаньгийн иргэн энх амгаланг эдлэн шөнө үүд цонхыг эс хааж замд унасан юмыг авах хүнгүй. Завшаанд жил дараалан тариа төрж хөгшин залуу хэнгэрэг дэлдэн дуу дуулмуй. Албан гувчуурын хэрэг тохиолдвоос урагшлан тэмцэлдэж тушаах тул цэргийн хэрэгсэл хуяг зэвсэг хийгээд амуу цалин алин боловч цөмөөр бүрэн болж, санд амуу дүүрэн, гууд эд бялхав.

Дахин бадруулагчийн гуравдугаар онд Ижоугаас яаруу мэдээ ирж хэлрүүн: “Маньван Мөнхуо арван түмэн цэрэг авч хязгаарыг халдаж булаан дээрэмлэмүй хэмээсэнд Зяньнингийн тайшоу түшмэл Юнкай болбоос Хань улсын Ши Фанхоу Юнчигийн үр болой. Эдүгээ Мөнхуогийн хамт урваад Занкө хошууны тайшоу түшмэл Жүбао. Юэши хошууны тайшоу түшмэл Гаодин хоёул хотыг өргөж дагажээ. Ганц Юнчан хошууны тайшоу түшмэл Ванкан урвасангүй. Эдүгээ Юнкай, Жубао, Гаодин гурвуулын доорх цэрэг цөм Мөнхуогийн зам дагуулах түшмэл болж Юнчан хошууг байлдсанд Ванкан, Гунцао түшмэл Люкай лугаа зуун овогтныг цуглуулж хотыг үхэн сахиж амуй. Түүний байдал маш шахам болов хэмээсэн тулд Кунмин даруй бараалхалд орж Хоужуд айлтгаруун: “Сайд би үзвээс Нань маньгийн дагахгүй нь үнэнхүҮ улс гэрийн их зовлон болой. Сайд би биеэр их цэрэг авч дайлахаар одсугай!” хэмээсэнд Хоужу өгүүлрүүн: “Зүүнд Сүньцуань буй. Хойдод Цаопэй байх тул эдүгээ Чансан намайг орхиж одсоны хойно хэрвээ Ү, Вэй хоёр улс байлдахаар ирвээс хэрхмүй”. Кунмин өгүүлрүүн: “Зүүн Ү улс сая бидэн лүгээ найралдсан тул санахад түүнд өөр сэтгэл үгүй бөлгөө. Хэрвээ өөр сэтгэл бариваас Ли Янь нь Байди Чэн хотод буй. Энэ хүн Лүсюньтэй тулж чадмуй. Цаопэй шинэ дарагдаад сүр хүч нэгэнтээ буурсан тул холыг

Бодолхийлж чадахгүй дээр Мачао цэрэг авч Ханьжунгийн олон газрын хавцал амыг сахиж байх тул зовох зүйлгүй бөлгөө. Сайд би бас Гуаньсин, Жанбао хоёрыг үлдээж цэрэг хуваан туслах цэрэг болгон хааныг хамгаалуулсан тул түмэнд нэг ч алдагдахааргүй болой. Эдүгээ сайд би урьд Нань Маньгийн этгээдийг арилгаад хойно умар зүг байлдаж Жун Юанийг аваад урьд хааны гурвантаа харалцсан ачид хүрүүлж өнчнийг тушаасан хүнд тушаалыг хариулсугай!”. Хоужу өгүүлрүүн: “Би нас бага мэдэл үгүй. Ганц Сянфүгийн тодорхойлон явахыг хүсмүү!” хэмээн үг дуусахын урьд жагсаалаас нэгэн хүн гарч өгүүлрүүн: “Болохгүй! Болохгүй!”. Олон үзвээс Нань Ян газрын хүн болой. Овог Ван, нэр Лянъ, өргөсөн нэр Вэнь И. Эдүгээ Зян И Дайфү болж амуй. Ванлянь хориглож өгүүлрүүн: “Өмнө орон нь өвс мод ургахгүй газар бөгөөд муу өвчин халдаж дэлгэрэх тул Чансан хүнд их тушаалыг хүлээж агаад биеэр хол дайлахаар очих нь зохис бус хэрэг болой. Нэнд Юнкай нар хамуу, илд94-ийн мэт өвчин тул Чансан нэгэн их жанжинг зарж дайлуулбаас эрхгүй гавъяа бүтэх болой” Кунмин өгүүлрүүн: “Наньманьгийн газар улсаас маш холын дээр хүн нь олонтоо Вангийн цаазыг мэдэхгүй. дагуулахад маш бэрх тул би биеэр очиж байлдваас хатууг хатуугаар зөөлөнг зөөлнөөр шийтгэж байдлыг үзэн явуулмуй. Тийнхүү хөнгөлөн хүнд тушааж болохгүй!” хэмээв.

94 Хөгц ургаснаас үүсэх арьсны өвчин

 Түүнээс Ванлянь дахин давтан хоригловч Кунмин үгийг дагасангүй. Тэр өдөр Кунмин Хоужугаас салан гарч ирээд Зянванийг зөвлөгч түшмэл, Фэйхуйг Чанши түшмэл дунзюэ, Фаньзянийг Юань Ши түшмэл, Жао Юнь, Вэй Яньг их жанжин болгоод бүгд цэргийг захируулав. Ванпин, Жан Игийг мөрний жанжин болгож бас Сычуаньгийн хэдэн арван жанжин хийгээд таван түмэн цэргийг авч Ижоугийн зүг мордов. Гэнэт Гуань гүнгийн гуравдугаар хөвгүүн Гуаньсуо цэрэгт ирж Кунминд золгож өгүүлрүүн: “Зинжоуд шавартсанаас зовлонгоос зайлж Баозя Жуан гацаанд өвчнийг сувилж асан бөлгөө. Удаа дараа Сычуаньд орж урьд хаанд золгон хариу авсугай хэмээн санавч шарх анихгүй тул одож чадсангүй. Эдүгээ эмгэг нэгэнтээ илаар болоод сурвалжилбаас “Зүүн Ү улсын өшөөтөн хүнийг нэгэнт алав” хэмээн сонсоод шууд Сычуаньд хаанд бараалхахаар ирэхүйеэ замын дунд өмнөш дайлах цэрэгт уулзаад тийнхүү тусгайлан золгохоор ирэв”. Кунмин сонсоод гайхаж барахгүй нэгэнтээгүүр хүн зарж хаанд айлтгаад даруй Гуаньсуог өмнө ангийн гавшгай болгож хамтаар өмнө дайлахаар одов. Их ангийн цэрэг морь тус тус бүлгийн ёсоор явж өлсвөөс идэж, ундааваас уугаад шөнө өнжин өдөр явсаар эл дайрсан газрыг өчүүхэн ч халдсангүй бөлгөө.

Тэндээс Юнкай, Кунмингийн их цэрэг ирэхийг сонсоод Гаодин, Жубао лугаа зөвлөөд цэргийг гурван замаар хувааж Гаодин дундад этгээдэд Юнкай зүүн этгээдэд Жубао баруун этгээдийг угтаж тус бүр цөм тав зургаан түмэн цэрэг авч гарав. Гаодин нь Өхуанийг гавшгай болгожээ. Өхуаньгийн биеийн өндөр есөн тохой өнгө зүс маш сүрхий. Нэгэн сэрээт жад хэрэглээд түмэн хүн тулбаас чадахгүй хүч буй. Харьяат цэргээ авч их хүрээнээс гарч Шу улсын цэргийг угтахаар ирэв. Тэндээс Кунмин их цэрэг авч Ижоугийн хязгаарт хүрсэн хойно өмнө цэргийн гавшгай Вэй Янь, мөрний жанжин Жан И, Ванпин сая боомтын амыг орвоос Өхуаньгийн цэрэг лүгээ учрав. Хоёр этгээдийн цэрэг жагсаасгаад Вэй Янь гарч өндөр дуугаар хараан өгүүлрүүн: “Урвасан хулгай эрдээс дагагтун!” хэмээсэнд Өхуань морийг давхин Вэй Яньд байлдахаар оров. Удсангүй Вэй Янь хуурмаг дарагдан буруулахад Өхуань хойноос нэхэж ирээд хэдэн газар гарсангүй хашхирах дуу ихэд гарч Ванпин, Жан Игийн хоёр замын цэрэг алахаар ирээд эгэх замыг таслав. Вэй Янь бас хойш эгж гурван жанжин хүч хамтдаж хавчин байлдаад Өхуанийг амьд барин цэргийн хүрээнээ авч ирэн Кунминд золговаас Кунмин хүлсэн дээсийг даруй тайлуулаад архи будаа уулган идүүлж хүндлээд асууруун: “Чи хэний доорх жанжин болой?”. Өхуань өгүүлрүүн: “Гаодингийн доорх жанжин бөлгөө”. Кунмин өгүүлрүүн: “Би сонсвоос Гаодин нь шударга журамт сайд мөн. Эдүгээ Юнкайд бачлагдаж ийм болсон бөлгөө хэмээмүй. Би чамайг тавьж илгээсүгэй! Чи одож Гаодинг хурдан дагуулж их зовлонгоос хэлтрүүлсүгэй!” хэмээсэнд Өхуань даруй мөргөөд одов. Гаодинд золгоод Кунмингийн өршөөл эрдмийг хэлснээр Гаодин мөн талархаж барахгүй. Дэд өдөр Юнкай ирж ёслоод өгүүлрүүн: “Өхуань хэрхэн олж эгэв?” Гаодин өгүүлрүүн: “Жугө Лян журмаар тавив”. Юнкай өгүүлрүүн: “Энэ эрхгүй Жугө Лянгийн завсардуулах арга үүсгэж бид хоёулыг нийцгүй болгосугай хэмээн энэ аргыг хэрэглэсэн болой”. Гаодин хагасыг итгэж хагасыг сэжиглэн дотор татгалзан бүхийд гэнэт мэдүүлрүүн: “Шу улсын цэрэг байлдахаар ирэв” хэмээсний хойно Юнкай гурван түмэн цэрэг авч угтан гараад хэдэн удаа болсонгүй Юнкай буруулан явсанд Вэй Янь цэрэг авч ороод хорь илүү газар нэхэж алав. Дэд өдөр Юнкай бас цэрэг авч угтахаар ирсэнд Кунмин залгалдаагаар гурван өдөр гарч ирсэнгүй. Дөрөвдүгээр өдөрт хүрээд Юнкай, Гаодин цэргийг хоёр замаар хуваан Шу улсын хүрээг байлдахаар ирэв. Тэндээс Кунмин Вэй Янь нарыг зарж хоёр зам хуваан цэрэг бүгүүлэхээр илгээжээ. Юнкай, Гаодин үнэхээр хоёр замаар цэрэг авч ирэхэд бүгсэн цэрэгтэй учирч хагас нь хохиров. Амьд баригдсан нь тоогүй. Цөм цэргийн хүрээнд хүргэж ирсний хойно Юнкайгийн хүнийг нэгэн этгээдэд, Гаодингийн хүнийг нэгэн этгээдэд хориод цэргийн хүнээр алдаршуулж95 хэлрүүн: “Гагц Гаодингийн хүнийг болбоос алахгүй. Юнкайгийн хүнийг цөмөөр алмуй” хэмээснийг олон цэрэг цөм энэ үгийг сонсжээ. Удсангүй Кунмин Юнкайгийн доорх хүнийг ойр авчирч асууруун: “Та цөм хэний доорх дагагсад буй?”. Олон хуурч өгүүлрүүн: “Бид цөм Гаодингийн харьяат хүн бөлгөө” хэмээсэнд Кунмин цөм үхэхээс хэлтрүүлэн архи, мах шагнаж зүдсэнийг тохруулан цэргийн хүнээр хязгаарыг гартал хүргэж хүрээнд эгүүлэв. Кунмин бас Гаодингийн хүнийг авчирч асууваас олон цөм өчрүүн: “Бид цөмөөр үнэн Гаодингийн харьяат цэргийн хүн бөлгөө” хэмээсэнд Кунмин бас цөм алахаас хэлтрүүлэн архи, мах хүртээж хуурч өгүүлрүүн: “Юнкай энэ өдөр хүн зарж “Танай эзэн хийгээд Жубаогийн тэргүүнийг өргөж гавъяа болгосугай!” хэмээмүй. Би дотор төвдөхгүй. Та цөм Гаодингийн харьяат хүн болбоос би таныг цөм тавьж илгээсүгэй! Битгий дахин урвагтун! Хэрвээ жич баригдсанд хэрхэвч хөнгөнөөр тавихгүй!” хэмээв.

95 Цуу тархаах

Түүнээс олон цөм мөргөж одов. Хүрээндээ эгээд энэ үйлийг Гаодинд хэлсний хойно Гаодин сэмээр хүн зарж Юнкайгийн хүрээнд мэдээ авахаар илгээвээс тавьж илгээсэн хүний нэгэн хагас нь Кунмингийн эрдмийг хэлэв. Тийнхүү Юнкайгийн харьяат цэрэг цөм Гаодинг дагах санаатай болжээ. Хэдий тийм боловч Гаодингийн дотор амаргүй. Бас нэгэн хүн зарж Кунмингийн хүрээнд үнэн ташааг сурвалжлахаар илгээсэнд замд бүгүүлсэн цэрэгт баригдаад Кунмингийн дэргэд хүрч ирсэн хойно Кунмин санаатайгаар Юнкайгийн доорх хүн болгож цацарт дуудан оруулж асууруун: “Чиний Юаньшуай нэгэнтээ Гаодин, Жубао хоёрын тэргүүнийг өргөмүй хэмээсэн нь юунд хугацсан өдрөөс саатсан буй? Чи ийм сэрэмжгүй богөөд яахан тагнуулч болж болмуй!” хэмээсэнд цэргийн хүн үгийг аясдуулан өчсөнд Кунмин архи, мах шагнаад нэгэн битүүмж бичиг хийж өгөөд өгүүлрүүн: “Чи энэ бичгийг авч эгээд Юнкайд тушааж “Эртхэн гар хөдөлж битгий хэргийг саатуулагтун!” хэмээн хэлэгтүн!” хэмээсэнд тагнуулч мөргөж одов. Эгээд Гаодинд золгон Кунмингийн бичгийг өргөж Юнкай ийм тийм хэмээн хэлсэн хойно Гаодин бичгийг үзэж дуусаад хилэн төрж өгүүлрүүн: “Би үнэн сэтгэлээр чамайг хүндлэн бөгөөтөл чи намайг хорлосугай хэмээх нь ёс лугаа үл нийцмүй!” хэмээгээд даруй Өхуанийг дуудан ирээд зөвлөхөд Өхуань хэлрүүн: “Кунмин болбоос өршөөлт хүн тул түүнийг тэсэргүүлбээс сайнгүй. Бидний урваад мууг үйлдсэн нь цөм Юнкайгийн учир бөлгөө. Харин Юнкайг алаад Кунминийг дагахад хүрэхгүй” хэмээсэнд Гаодин өгүүлрүүн: “Яахан гар хөдлөмүй?” Өхуань өгүүлрүүн: “Хурим бэлтгэн хүн зарж Юнкайг урьсугай! Тэр хэрвээ бус сэтгэлгүй болбоос даруй ирмүй. Хэрвээ тэр ирэхгүй болохул эрхгүй өөр сэтгэл барьсан бөлгөө. Эзэн чи дотуур байлд! Би хүрээний хойд бага замд бүгсүгэй! Ийм болбоос Юнкайг барьж болмуй”. Гаодин үгийг дагаж хурим бэлтгэн хүнээр Юнкайг залахаар илгээв. Юнкай үнэхээр урьд тавьж илгээсэн цэргийн хүний үгэнд сэжиглээд айж ирсэнгүй. Тэр шөнө Гаодин цэрэг авч Юнкайгийн хүрээн дотор алж орсонд урьд Кунмингийн тавьж илгээсэн цэргийн хүн цөм Гаодингийн эрдмийг санаж мөн хүчинд туслан байлдсаар Юнкайгийн цэрэг байлдсангүй өөрөө самуурав. Юнкай морь унаж уулын замаар яваад хоёр газар гарсангүй хэнгэргийн дуу гарсан газраас нэгэн багийн цэрэг гарч ирэв. Тэр Өхуань болой. Сэрээт жад барьж морь давхин ороход Юнкай гар хөдлөн завдахын урьд Өхуань жадалж мөриноос унагаад тэргүүнийг огтлон авав. Юнкайгийн доорх цэрэг цөм Гаодинг дагасан тул хоёр ангийн цэргийг аваад Кунминийг дагахаар ирээд Юнкайгийн тэргүүнийг цацрын өмнө өргөв. Кунмин цацарт сууж зүүн баруун этгээдийн ардыг зандран Гаодинг түлхэн гаргаж алагтун хэмээхэд Гаодин өгүүлрүүн: “Би Чансангийн их хишгийг санаж эдүгээ Юнкайгийн тэргүүнийг авч дагахаар ирсэн бөгөөтөл юунд намайг алмуй?”. Кунмин ихэд инээж өгүүлрүүн: “Чи хуурмагаар дагахаар ирээд аймшиггүй намайг мэхэлмүй үү?”. Гаодин өгүүлрүүн: “Чансан яахан миний хуурч дагасныг мэдсэн буй?” Кунмин хайрцгийн дотроос нэгэн бичиг гарган Гаодинд үзүүлж өгүүлрүүн: “Жубао дагасугай хэмээн хүн зарж нууц бичиг өргөж хэлсэн нь “Чамайг Юнкай лугаа үхэвч амьдравч хамт” хэмээсэн найртай тул хэрхэн чи түүнийг алаад дагах ёс буй? Би тийнхүү чиний хуурмагийг мэдэв”. Гаодин хилс хэмээн дуудаж өгүүлрүүн: “Энэ эрхгүй Жубаогийн завсардуулах арга болой! Чансан итгэж болохгүй!”. Кунмин өгүүлрүүн: “Би бас чиний нэгэн этгээдийн үгээр баримт болгож чадахгүй. Чи хэрвээ Жубаог баримтлан ирвээс сая чиний үнэн ташаа санааг мэдмүй”. Гаодин өгүүлрүүн: “Чансан битгий сэжиглэгтүн. Би одож Жубаог барьж ирвээс ямар?”. Кунмин өгүүлрүүн: “Хэрвээ ийм болбоос миний сэжиглэлийг сая тайлмуй” хэмээв.

Түүнээс Гаодин даруй харьяат жанжин Өхуань лугаа хамт цэрэг авч Жубаогийн хүрээний зүг ирэхэд хүрээнээс арван газрын наана уулын хойноос нэгэн багийн цэрэг гарав. Үзвээс Жубао болой. Жубао Гаодингийн цэргийг үзээд санд мэнд Гаодингийн зүг үг өчихүйд Гаодин их дуугаар харааж өгүүлрүүн: “Чи юунд бичиг хийж Жугө Чансангийн дэргэд илгээж завсардуулах аргаар намайг алсугай хэмээмүй!”. Жубао сонсоод нүд бүлтийн хэлгий мэт үг өчин чадахгүй байтал гэнэт арын хойноос Өхуань тойрон гараад Жубаог жадалж мориноос унагав. Гаодин их дуугаар бархиран өгүүлрүүн: “Хэрвээ дагахгүй болохул цөм алмуй!” хэмээхэд олон цэрэг цөм сөгдөж дагав. Гаодин хоёр ангийн цэргийг аваад Кунминд золгохоор ирж Жубаогийн тэргүүнийг цацрын өмнө өргөсний хойно Кунмин ихэд инээн өгүүлрүүн: “Би зоримог чамайг зарж энэ хоёр хүнийг алуулж чиний шударга сэтгэлийг илрүүлсэн нь болой” хэмээгээд даруй Гаодинг Ижоугийн тайшоу түшмэл өргөмжлөөд гурван хошууг захируулав. Өхуанийг доорх жанжин болгоод гурван замын цэргийг төвшин болгожээ.

 Тэндээс Юнчангийн тайшоу Ванкан хотоос гарч Кунминийг угтсанд Кунмин хотод орж асууруун: “Хэн чам лугаа энэ хотод сахиж алдсангүй аж?” Ванкан өгүүлрүүн: “Би энэ өдөр тус хотыг сахиад зовлонгүй болж чадсан нь цөм Юнчангийн Бүвэй газрын хүн. Овог Люй, нэр Кай, өргөсөн нэр Зипин. Цөм энэ хүний хүч болой”. Кунмин даруй Люйкайг залж авчирсанд Люйкай орж ёслон золгосон хойно Кунмин өгүүлрүүн: “Би сонсвоос авгай нь Юнчангийн эрхэм сайд, энэ хотыг хамгаалан чадсан нь цөм авгайн ач хэмээмүй. Эдүгээ мань аймгийг төвшитгөсүгэй хэмээмүй. Авгайд ямар дээд арга буй аж?” хэмээсэнд Люйкай нэгэн зураг гаргаж Кунминд өргөж өгүүлрүүн: “Би түшмэл сууснаас нааш өмнө аймгийн хүн урвасугай хэмээхийг мэдсээр удав. Тийнхүү би нууцаар хүн зарж түүний хязгаарт оруулан цэрэг буудаллаж байлдах газрыг байцаан үзүүлээд нэгэн зураг зурсан бөлгөө. Нэрийг “Мань аймгийг төвшитгөх зураг” хэмээмүй. Эдүгээ гэгээн гүнд өргөсүгэй! Гэгээн гүн хянан байцаан үзэж мань аймгийг төвшитгөхийн нэгэн тусалбар болгох болов уу?” Кунмин ихэд баярлаад даруй люйкайг явах цэргийн сургагч бөгөөд зам дагуулах түшмэл болгов.

Түүнээс Кунмин цэрэг авч дэвшээд мань аймгийн газарт гүн ороод хараахан явахад гэнэт хүн ирж хэлрүүн: “Тэнгэрийн хөвгүүний элч хүрч ирэв” хэмээсэнд Кунмин цэргийн дотор залж оруулаад үзвээс нэгэн хүн шулуун дээл, цагаан хувцас өмсөөд орж ирэв. Тэр Масу болой. Ах Малян шинэ өнгөрснөөр бэлэвсэрч ахуу ажгуу. Масу өгүүлрүүн: “Эзний зарлигаар олон цэрэгт архи торго шагнахаар ирэв” хэмээсэнд Кунмин зарлиг бичгийг үзэж дуусаад зарлигийн ёсоор нэг нэгээр түгээн өгсөн хойно Масуг цацарт үлдээж хэлэлцэхэд Кунмин асууруун: “Би эзний зарлигаар мань аймгийг төвшитгөхөөр одмуй. Ючангийн96 бодлого гүнийг хэдийн сонссон тул сургахыг хүсмүү”. Масу өгүүлрүүн: “Мунхагт нэгэн үг буй. Чансан хянан тогтоох ажаам уу! Нан мань түүний зам хол, уул бэрхдээ эрэмшиж, дагахгүй удав. Хэдий энэ өдөр эвдэвч маргааш бас урвамуй. Чансангийн их цэрэг тэнд хүрсэнд эрхгүй төвшитгөн дагуулмуй. Гагц цэрэг эгсэнд эрхгүй Цаопэйг дайлахаар одмуй. Мань аймаг бидний дотоодод хоосныг мэдвээс түүний урвах нь нэн түргэн болмуй. Цэрэг хэрэглэх ёс “Сэтгэлийг байлдах нь дээд, хотыг байлдах нь доорд, сэтгэлээр төвшитгөх нь эрхэм, цэргээр төвшитгөх нь доорд болой”. Чансан гагц түүний сэтгэлийг дагуулахад хүрэхгүй”. Кунмин шүүрс алдаж өгүүлрүүн: “Ючан миний уушиг зүрхийг мэдсэн нь болой!” хэмээгээд даруй Масуг Цаньзюнь түшмэл болгож цэрэг авч урагш давшив.

Тэндээс Маньван Мөнхуо, Кунмингийн ухаанаар Юнкай нарыг эвдсэнийг сонсоод даруй гурван агуйн Юаньшуайг цуглуулан зөвлөлцөв. Тэргүүн агуйн толгойлогч болбоос Зинь Хуаньсань Зе жанжин. Хоёрдугаар агуй болбоос. Дун Түна жанжин. Гуравдугаар агуй болбоос ахуй Нань жанжин болой. Энэ гурван агуйн жанжингууд дотогш ороод Мөнхуод золговоос Мөнхоу өгүүлрүүн: “Эдүгээ Жугө Чансан их цэрэг авч бидний хязгаарыг халдахаар ирсэн тул бид хүч нийлж байлдахгүй болбоос үл болмуй. Танай гурвуул цэргийг гурван замаар хувааж орогтун! Ялгуусныг нь агуйн эзэн болгосугай!” хэмээгээд даруй Зинь Хуаньсань Зег дунд замаар ор, дун Түнаг зүүн замаар ор, ахуй Нанийг баруун замаар ор тус бүр таван түмэн мань цэргийг авч захиан ёсоор явагтун!” хэмээв.

Тэндээс Кунмин хүрээнд хэрэг зөвдөн бүхийд харуулын хүн нисэх мэт ирж хэлрүүн “Гурван агуйн жанжин гурван замаар цэрэг авч айсуй” хэмээснийг Кунмин сонсоод даруй Жао Юнь, Вэй Яньг дуудаж авчраад үг өгүүлэхгүй зогсоож бас Ванпин, Мажунг дуудан ирээд сургаж өгүүлрүүн: “Эдүгээ мань цэрэг гурван замаар ирсэнд би Зылун97, Вэньчаныг98 илгээсүгэй хэмээвээс энэ хоёул цом замын байдлыг мэдэхгүй тул би болгоомжилж хэрэглэсэнгүй. Ванпин очиж зүүн этгээдийг угт! Мажун очиж баруун этгээдийг угт! Би дахин Зылун, Вэньчанг хойноос чинь өмөглөхөөр илгээсү. Энэ өдөр цэрэг шалгаж маргааш нар гармагц мордогтун!” хэмээсэн хойно хоёул захиа дагаж одов. Бас Жан И, Жан Ег дуудаж өгүүлрүүн: “Танай хоёул хамт нэгэн салааны цэрэг авч дундад замыг угт. Энэ өдөр цэргийг шалгаж маргааш Ванпин, мажунгийн хамт болзож орогтун! Би Зылун, Вэньчаныг илгээсүгэй хэмээвээс хэрхсү, хоёул зам мэдэхгүй тийнхүү эс зарав” хэмээсэнд Жан Е, Жан И захиаг хүлээн одов.

96 Масугийн өргөсөн нэр

97 Жао Юньгийн өргөсөн нэр

98 Вэнь Яньгийн өргөсөн нэр

Түүнээс Жао Юнь, Вэй Янь Кунмингийн хэрэглэхгүйг үзээд цөм тааламжгүй болсонд Кунмин өгүүлрүүн: “Би танай хоёулыг эс хэрэглэх нь бус. Гагц та нар бэрхийг хайхрахгүй гүн ороод мань аймгийн хүнд аргадагдсанд хурц сүр буурах хэмээмүй” хэмээсэнд Жао Юнь өгүүлрүүн: “Бид хэрэв замыг мэдэх болохул яамуй?”. Кунмин өгүүлрүүн: “Танай хоёул гагц биеийг болгоомжилж битгий хөдлөгтүн!” хэмээсэн хойно хоёул дургүй гараад Жао Юнь, Вэй Янь өөрийн хүрээндээ буцаад зөвлөн өгүүлрүүн: “Бид хоёул гавшгай болсон атал зам мэдэхгүй хэмээн хэрэглэсэнгүй. Эдүгээ энэ залуу хүүхдийг хэрэглэсэнд бид хэрхэн ичгүүрэхгүй болж чадмуй?” Вэй Янь өгүүлрүүн: “Бид хоёул морь унаад урьд үзэхээр одсугай! Газрын хүнийг олсонд зам заалгаж мань цэргийг байлдваас их үйл бүтэх болой?”. Жао Юнь үг дагаж даруй хоёул морь унаад шууд дундад замыг барьж одов. Хэдэн газар явсангүй холоос тоос тор дэгдэх нь үзэгдмүй. Хоёул уулын дээр гарч анхаарваас үнэхээр хэдэн арван морьт цэрэг морь довтолгон ирэв. Хоёул хоёр замаар дайран гарсанд мань цэрэг үзээд ихэд гэлмэж буруулахад Жао Юнь, Вэй Янь тус бүр хэдэн хүнийг барьж хүрээндээ авчраад архи, мах өгч түүний учрыг асууваас мань цэрэг хэлрүүн: “Өмнө нь Зинь Хуаньсань Зе жанжны их хүрээ чив хэмээн уулын завын аманд буудаллажээ. Хүрээний зүүн баруун хоёр зам цөмөөр Ү Сидүн агуй хийгээд Дун Түна, ахуй Наньгийн олон хүрээний ард нэвтэрмүй” хэмээв.

Түүнээс Жао Юнь, Вэй Янь тэр үгийг сонсоод даруй таван мянган шилсэн цэргийг шалгаж, баримтлан ирсэн мань цэргээр зам дагуулуулав. Хөдлөн гарах үес нэгэнтээ хоёрдугаар жин болсон тул сар гэгээн, од тодорхой тул мөн гэрэлд яваад Зинь Хуаньсань Зегийн хүрээн дэргэд хүртэл дөрөвдүгээр жингийн үес болжээ. Мань цэрэг сая босож будаа чанаад гэгээрсэн хойно байлдсугай хэмээн асан ажгуу. Гэнэт Жао Юнь, Вэй Янь хоёр замаар алж ороход мань цэрэг ихэд самуурав. Жао Юнь шууд дунд хүрээнд орвоос төв хэмээн Зинь Хуаньсань Зе жанжинд учирсан тул гагц нэгэн удаад Жао Юнь жадалж мориноос унагаагаад тэргүүнийг огтлон авсны хойно олон цэрэг цөм сарнижээ. Вэй Янь цэрэг хуваан нэгэн хагасаар зүүнш Дун Түнагийн хүрээний зүг оров. Жао Юнь цэрэг хуваан нэгэн хагасаар баруунш ахуй Нань хүрээг байлдахаар ортол тэнгэр нэгэнтээ гэгээрчээ.

Тэндээс Вэй Янь Дун Түнагийн хүрээний зүг байлдан ирэхэд Дун Түна хойд цэрэг алахаар ирснийг сонсоод даруй цэрэг авч байлдахаар гарваас гэнэт хүрээний өмнө хаалганаас хашхирах дуу гарч мань цэрэг ихэд самуурмуй. Үзвээс Ван Пингийн цэрэг хэдийн хүрч ирсэн ажгуу. Хоёр этгээдээс хавчин байлдсанаар мань цэрэг ихэд дарагдаж Дун Түна зам булааж буруулсанд Вэй Янь нэхэж гүйцсэнгүй.

Тэндээс Жао Юнь цэрэг авч ахуй Наньгийн хүрээний хойдод хүрсэн үес мажун бас хүрээний өмнө хүрч ирсэнд хоёр этгээдээс хавчин байлдсанд мань цэрэг дарагдаад ахуй Нань самуурсан чөлөөнд буруулан гарав. Үүнд тус бүр цэргийг хурааж эгээд Кунминд золговоос Кунмин асууруун: “Гурван агуйн цэргээс хоёр агуйн эзэн нэгэнтээ оргожээ. Зинь Хуаньсань Зе жанжны тэргүүн хаана буй?” хэмээхэд Жао Юнь тэргүүнийг өргөв. Олон цөм өгүүлрүүн: Дун Түна, ахуй Нань цөм морийг гээж уулыг даваад буруулсан тул нэхэж гүйцсэнгүй” Кунмин ихэд инээж өгүүлрүүн: “Тэр хоёулыг би хэдийн барьсан болой” хэмээхэд Жао Юнь, Вэй Янь хоёул жич олон жанжин нь цөм итгэсэнгүй. Удсангүй Жан Е дун Түнаг, Жан2 И ахуй Нанийг барьж ирсэнд олон цөм гайхжээ. Кунмин өгүүлрүүн: “Би Люйкайн зургийг үзээд тэдний тус бүрийн хүрээ буусныг мэдэв. Тийнхүү Зылун, Вэньчанийг үтээж гүн оруулан, урьд Зинь Хуаньсань Зег эвдэж даруй цэрэг хуваан зүүн баруун хүрээний хойдыг байлдуулж Ванпин, Мажунгаар өмөглүүлэв. Зылун, Вэньчангаас бус болбоос энэ хүнд тушаалыг хүлээж чадахгүй. Би санахад Дун Түна, ахуй Нань эрхгүй уулын бага замаар буруулмуй хэмээн бодож тийнхүү Жан Е, Жан2 И хоёрыг илгээн цэрэг бүгүүлж хүлээлгэсэн бөлгөө. Гуаньсуогоор цэрэг авч угтуулж энэ хоёулыг баригтун хэмээсэн болой”. Олон жанжин нар цөм биширч өгүүлрүүн: “Чансангийн бодлогыг сахиус чөтгөр мэдэж олохуйяа бэрх ажээ!” хэмээжээ.

Түүнээс Кунмин, Дун Түна, ахуй Нанийг цацрын дэргэд авчирч хүлсэн дээсийг тайлаад архи, мах хувцас хүртээн өгч тус бүр агуйд эгүүлэн битгий дахин мууг тусал хэмээсний хойно хоёул уйлж мөргөөд цөм бага замаар одов. Кунмин олон жанжин нарын зүг өгүүлрүүн: “Баргааш Мөнхуо эрхгүй өөрийн биеэр цэрэг авч ирмүй. Даруй түүний ирснийг дагаж барьсугай!” хэмээгээд Жао Юнь, Вэньчанд арга сургаж тус тус таван мянган цэрэг өгч илгээв. Бас Ванпин, Гуаньсуог дуудан хамт нэгэн анги цэрэг өгч сургаж илгээв. Кунмин нэг нэгээр шийтгэн дуусаад цацарт сууж хүлээв.

Тэндээс мань ван Мөнхуо цацар гэрт суун бүхүйд гэнэт харуулын хүн ирж хэлрүүн: “Гурван агуйн жанжин цөм Кунминд баригдаад цэрэг цөм тус тусдаа сарнив” хэмээхэд Мөнхуо ихэд хилэн төрөөд даруй цэрэг авч дараа дараагаар гарахад төв хэмээн Ванпингийн цэрэгт учраад хоёр этгээд дүгрэглэн жагсаасны хойно Ванпин гараад илдийг хөндлөн барьж үзвээс жагсаалын үүд нээсэн газраас хэдэн зуун морьт цэрэг гарч хоёр тийш жагсаад дундаас Мөнхуо морь унаж гарав. Тэргүүнд эрдэнэ шигтгэсэн алтан малгай зүүж биед ясан чимэгт улаан магнаг өмсөөд нуруунд хас арслан тэргүүт бүс бүсэлж хөлдөө харцагын хоншоорт ногоон гутал өмсөн бужгар үстэй хээр морь унаж нарсан артай эрдэнийн илд өлгөөд гэхэлзэн гарч үзээд жигүүрийн жанжин нарын зүг өгүүлрүүн: “Хүн бүр Жугө Ляныг цэрэг хэрэглэхэд сайн хэмээн өгүүлмүй. Эдүгээ энэ жагсаалыг үзэхэд туг хиур тэгшгүй, анги зэрэг солбицон илд жад аль нэг ч биднийг дийлж эс чадмуй. Үүнд сая урьд өдрийн хуурмагийг мэдэв. Иймийг мэдсэн болохул би хэдийн урвасан билээ. Хэн миний төлөө гарч Шу улсын жанжинг барьж цэргийн сүрийг мандуулмуй?” хэмээх үг дуусахын урьд нэгэн жанжин өчиж гарав. Нэр ман Ячан хэмээж тэгш үзүүрт илд барин нэгэн хонгор морь унаж Ванпинд байлдахаар оров. Хоёр жанжин байлдаж хэдэн удаа болсонгүй Ванпин буруулав. Мөнхуо цэрэг авч ороод байлдалхийлэн нэхсээр Гуаньсуод учирсанд баахан байлдаад бараг хорин газар буруулан гарав. Мөнхуо чив нэхэн бүхийд гэнэт хашхирах дуу гараад зүүн этгээдээс Жан Е, баруун этгээдээс Жан И хоёр замын цэрэг гарч ирээд одох замыг таслахад Ванпин, Гуаньсуо бас хойш эгж өмнө хойноос хавчин байлдахад мань цэрэг ихэд дарагдав. Мөнхуогийн доорх жанжин нар үхэн байлдсанаар сая олж гараад Зиньдай Шань уулын зүг буруулан одоход гурван замын цэрэг нэхэн ирсүй. Мөнхуо ямагт яван бүхүйд өмнөд хашхирах дуу бас гарч нэгэн бүлэг цэрэг замыг хориглов. Тэргүүлэгч жанжин нь Чаншань газрын Жао Зылун болой. Мөнхуо үзээд яаран Зиньдай Шань уулын бага замаар явтал мань цэрэг Зылунд нэгэн зэрэг алагдаад ихэд дарагдав. Амьд баригдсан нь тоогүй. Мөнхуо хэдэн арван морьтон лугаа уулын зав дотор ороход арын хойноос нэхэх цэрэг ойр болсон бөгөөд өмнө зам цухал тул морь явж чадахгүй. Тийнхүү морийг гээж ууланд авиран давааг давж оргон байтал гэнэт уулын заваас хэнгэргийн дуу гармуй. Үзвээс Вэй Янь, Кунмингийн аргаар таван зуун цэрэг авч энд бүгсэн ажгуу. Мөнхуо, Вэй Янийг байлдан ялахгүй тул амьдаар баригдсанд дагасан морьт цэрэг цөм дагажээ.

Түүнээс Вэй Янь, Мөнхуог бариад их хүрээнд авчирч Кунминд золгосонд Кунмин хэдийн үхэр, морь алж хүрээнд хурим бэлтгэн цацарт жагсаан тавиад долоон давхар хааж жад илдийг хяруу цас мэт зэрэгцүүлжээ. Бас хааныг шагнасан шар алтан сүх төмөг, мурий ишт шүхэр, туг хиурыг өмнө хойно жагсаан зүүн баруунд шадар цэргийг жагсаасан нь гэрэлтэй бөгөөд сүртэй. Кунмин цацар гэрт өндөр сууринаа суугаад үзвээс мань улсын цэргийг дам дамаар түлхэн авчирсан нь тоолбоос барахгүй. Кунмин цацрын өмнө дуудаж оруулаад цөм хүлсэн дээсийг тайлж тохруулан өгүүлрүүн: “Та цөм сайн иргэн асан бөлгөө. Хишиггүй Мөнхуод цухалдан дагаад эдүгээ цочин айжээ. Би санахуйяа таны эцэг эх, эм хөвгүүн, ах дүү нар цөм хаалгыг түшиж эргэлзэн ахуй буй за. Хэрвээ таны дарагдсаныг сонсвоос зүрх элэг хэмхрэн нүднээс цус урсгах болой. Би өнөө таныг цөм тавьж илгээн танай эцэг эх, ах дүү, эм хөвгүүний сэтгэлийг амар болгосугай!” хэмээгээд архи мах, амуу будаа хүртээн өгч илгээсэнд мань улсын цэрэг түүний өршөөл хишигт талархан нулимс унагаж мөргөн одов. Кунмин бас цэргийн ардыг дуудан Мөнхуог авчир хэмээсний хойно удалгүй өмнө хойноос түлхэлж цацрын өмнө авчран сөгтгөв. Кунмин өгүүлрүүн: “Урьд хаан чамайг хүндэлсэн нь нимгэн бус. Ямар аймшиггүй тэсэргүүлмүй?”. Мөнхуо өгүүлрүүн: “Хоёр Чуаньгийн газар цөм бусдын газар асан бөлгөө. Чиний эзэн хүчирхэгтээ эрэмшиж булаагаад хаан суув. Би үе улиран энд суусныг та нар ёс бус миний газрыг булаасан атал юунд урвав хэмээмүй”. Кунмин өгүүлрүүн: “Эдүгээ би чамайг барьсан тул чи дагамуй уу? Үгүй үү?”. Мөнхуо өгүүлрүүн: “Уул хавцаг, зам цухал тул эндүүрэн баригдсаныг яахан биширмүй!” Кунмин өгүүлрүүн: “Чи эс биширвээс өнөө би чамайг тавьж илгээсүгэй, ямар буй?”. Мөнхуо өгүүлрүүн: “Чи намайг тавьж илгээсэнд дахиж цэрэг засамжлан ирээд эрэгчин эмэгчинг тасалсугай! Хэрвээ дахин баригдсанд би сая биширмүй” хэмээсэнд Кунмин даруй хүлснийг тайлан хувцсыг өмсгөж архи, мах идүүлээд эмээлт морь өгч хүнээр замд хүргэж гол хүрээний зүг тавин илгээв. Энэ чухамхүү:

“Хулгай гарт орсныг дахин тавиад

Хүн захын гадна суугаад эс дагамуй”

Эгнэгт дахин ирж байлдаад ямар болохыг мэдэхгүй доор бүлэгт үзтүгэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top