Үйлдвэрлэсэн цементийнхээ 70 хувийг Дарханы замын бүтээн байгуулалтад нийлүүлж байна

2022 оны 07 сарын 25

Хөтөлийн цемент шохой ТӨХК нь үнийн өсөлтийн эсрэг аяныг энэ сарын  4-нөөс эхлэн хэрэгжүүлсэн билээ. Тус аяныг Сэлэнгэ, Зүүнхараай, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотод өрнүүлсэн. Орон нутагт хэрэгжүүлэх тус аяны эхлэл болж  долоодугаар сарын 19-нөөс эхлэн Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт шуудай цементийг 14 мянган төгрөгөөр борлуулсан. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянгийн агуулахад байрлах гэрээт борлуулагчийн цэгт зургаан машинтай 420 тонн шуудай цемент иржээ. Мөн нэг тонн цементийн үнийг 280 мянган төгрөг болгосон байв. Аяны нээлтэд Хөтөлийн цемент шохой ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар оролцжээ.


 

ХӨТӨЛӨӨС БУСАД КОМПАНИЙН ЦЕМЕНТИЙН ҮНЭ МӨН БУУРЧЭЭ

 

Тус компанийн цемент 14 мянган төгрөгөөр зарагдах сургаар бусад компани ч цементээ 14 мянган төгрөг болгосон байсныг нутгийн иргэд хэлж байлаа. Судалгаа хийж үзэхэд Сэлэнгэ аймагт тус аяны нээлтээс өмнө шуудай цементийг 25 мянган төгрөгөөр борлуулж байжээ. Ингэж тооцвол нэг тонн цементийг иргэд 500 мянган төгрөгөөр худалдан авч байсан гэсэн үг. Харин үнийг нь хямдруулснаар иргэд шуудай тутамд 11 мянга, тонн тутамд нь 220 мянган төгрөг хэмнэх боломжтой болжээ.

Одоогоор Улаанбаатар хотод өдөрт 1000 тонн цемент нийлүүлж байгаа ба үнийн хувьд нэг шуудай нь 15 мянган төгрөг хэвээр байгаа аж. Үүнтэй холбогдуулан шуудай цементээ 25-26 мянган төгрөгөөр борлуулж байсан МАК, Монцементийн цементийн үнэ ч бууж 16 мянган төгрөг болжээ. Тус үйлдвэр энэ сарын эхээр үнэд цохилт өгч эхэлсэн нь бусад үйлдвэрийн цементийг худалдан авч буй иргэдэд ч өгөөжөө өгч эхэлсэн байна.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадож “Манай аймагт энэ жил нэлээд бүтээн байгуулалт хийж байгаа. Төрийн захиргааны шинэ барилга, Хүүхэд хөгжлийн төв гэх мэт барилгын ажил эхэлсэн. Эдийн засгийн хямралтай, түлш шатахууны үнэ өссөн энэ үед хувийн хэвшлийн байгууллага, улсын үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ аль болох хямд үнээр борлуулах нь иргэдэд маш том дэмжлэг болно” гэв. Түүнчлэн Орхон аймгийн Эрдэнэт хотод энэ сарын 19-ний байдлаар шуудай цемент 15 мянган төгрөг байжээ. Харин долоодугаар сарын 20-ноос эхлэн 14 мянган төгрөг болсон байна. Биднийг тус аймгийн гаалийн ерөнхий газрын хашаанд очиход цемент авах гэж 10-аад машин хүлээж байлаа.

 

ЧУЛУУНЦАРЫН ҮЙЛДВЭРТ ТӨЛӨВЛӨГӨӨТ ЗАСВАР ХИЙНЭ, ГЭХДЭЭ...

 

Манай сурвалжлах багт Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй танилцах боломж олдсон юм. Тус үйлдвэр шохойн чулуу олборлох уурхайтайгаа нийлээд үндсэн дөрвөн хэсгээс бүрддэг байна. Харин одоогоор зайлшгүй шалтгааны улмаас чулуунцарын үйлдвэр түр хугацаанд төлөвлөгөөт засвартай байгаа аж. Харин үүнийг үйлдвэрийн ажил бүрмөсөн зогссон хэмээн түгээж байгаа нь ташаа ойлголт гэдгийг холбогдох хүн нь онцолж байна.

Чулуунцар нь цементийн гол түүхий эд учир цемент худалдан авагчдын сандаргах нь мэдээж. Гэхдээ олон жил ажилласан үйлдвэр төлөвлөгөөт засвар хийхдээ урьдчилж нөөцөө бүрдүүлсэн байдаг. Түүнчлэн есдүгээр сарын 1 болтол хэрэглэгчдэдээ цементийг задгайгаар бус шуудайгаар түгээх аж. Задгайгаар зарахгүй байгаа шалтгаан нь бөөнд нь авсан хүмүүс өөрсдөө савлаад цааш дамлаж зарж байгаатай холбоотой гэнэ. Мөн задгай цемент хэрэгтэй, тээрэмдэж үндэсний бүтээн байгуулалтад тодорхой хэмжээний цемент өгч байгаа ажээ.

Биднийг тээрмийн цехэд очиход хүнд төмөр зөөх, гагнуур хийх, тоног төхөөрөмж болон уурын зуухны хүнд чимээтэй орчин угтсан юм. Энд чулуунцарын үйлдвэрээс гарсан эрдэс болон бусад хольцтой нийлүүлж тээрэмдэж, буталдаг. Бутлагч дамрыг 20 тоннын өргүүрээр өргөж ажилд бэлтгэж байх явцтай таарав. Мэдээж краныг хянагч ажилтан маш няхуур байж энэ хүнд төмрийг аюулгүй зөөвөрлөх учиртай.

Эндээс тээрэмдэж бэлэн болгосон бүтээгдэхүүнийг савлах цехэд хүргэж цаашлаад ачиж тээвэрлэн хэрэглэгчдэд хүргэдэг байна. Тээрмийн цех үндсэн гурван тээрэмтэй. Хоногт гурван тээрэм нийлээд 3000 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Технологийн 54, засварын 37 нийтдээ 91 ажилтан байгаа аж. Тээрмийн цехийн технологийн инженер Ц.Мөнхзолбоо “Урьд нь хувийн хэвшилд байхад сэлбэг материал худалдан авахад саатал үүсдэг байсан. Харин одоо худалдан авалт сайжирч, шаардлагатай сэлбэг материалыг цаг тухай бүрд нь авч байна. Гэвч төрийн өмчит компани болсонтой холбоотойгоор  үүссэн нэгэн асуудал нь бараа материал худалдан авахдаа заавал тендерт оролцох шаардлагатай болсон. Үүнээс болж бага зэрэг удааширч байгаа ч манай удирдлагууд тухай бүрд нь асуудлыг шийдэж зохицуулж байгаа” гэв.

 

40 ДӨХӨЖ БУЙ ШОХОЙН ҮЙЛДВЭР НОРМОО БИЕЛҮҮЛСЭЭР БАЙНА

 

Үйлдвэрийн Барилга, тоног төхөөрөмж гээд тоочоод байвал бүгд л хүүчин социалист үеийн бүтээн байгуулалт өрнөж байсан хэвнээсээ гараагүй байв. Засварын цехийн цонхнууд бүгд модон хүрээтэй хэвээр байх ба зарим хэсэг нь хагарсан чигтээ олон жил болсон байна. Тус үйлдвэр ирэх жил 40 нас хүрнэ. Одоогоос 39 жилийн өмнө ЗХУ-ын тусламжтайгаар манай улсад барьсан энэ үйлдвэр хүнээр бол тэтгэвэрт гарах насандаа дөхөж буй. Тиймдээ ч засвар, техник шинэчлэлийн ажил ус агаар мэт дутагдаж буй нь тодорхой байлаа. Мөн энд шохойн үйлдвэр бий. Шохойн үйлдвэр 1983 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулжээ. Анхандаа уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг технологийн хэрэгцээт шохойгоор хангах зорилгоор ашиглалтад орсон байна.

Шохойн үйлдвэр жилд гурван зуухаар 65 мянга, хоногтоо нэг зуухаар 70 тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Мөн одоогийн байдлаар 92 ажилтантай байна. Шохой үйлдвэрлэх үндсэн түүхий эд нь шохойн чулуу, нүүрс байдаг ажээ.

Одоогийн байдлаар үйлдвэрийн үйл ажиллагаа, борлуулалт хэвийн явагдаж байгаа талаар ажилчид ярьж байв. Өндөр дээд хүчин чадлаар ажиллавал хоногтоо 210 тонн шохой үйлдвэрлэх боломжтой гэнэ. Түүнчлэн Төрийн өмчит компанид шилжсэнээс хойш ажилтнуудын нийгмийн асуудал, цалин урамшуулал нэмэгдсэн байна.

Бүтээмжид суурилсан цалингийн шинэ системийг гаргасан нь үүнд нөлөөлжээ. Үүгээр өндөр бүтээмжтэй сайн ажилласан ажилтан өндөр цалин авах боломжтой болж буй. Үйлдвэрлэлийн явцын тухайд уулын өндөр титрын чулууг монгол нүүрстэй хольж 500 кг-д 60 кг-ийг хольж өргөгч шанагаар холин дээш ачиж зууханд хийн шатаадаг байна. Зуух нь хөргөх, халаах, шатаах гэсэн гурван хэсэгтэй аж. Стандартаар тэд хоногт 70 тонн шохой үйлдвэрлэх ч одоогоор нэг зуухнаас 100 тонныг гарган авч байлаа.

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөлөөлж буй ганц зүйл нь чулууны нөөц багасаж байгаа явдал гэнэ. Угтаа бол уурхайн гүнд чулуу байгаа хэдий ч хөрсийг нь дахин хуулах гэсэн ажил гарч иржээ. Шохойг жигд шатаахын тулд өндөр шаталттай нүүрс хэрэглэх шаардлагатай байдаг аж. Дараагийн нэгэн асуудал нь үйлдвэр тойрсон утаа байдаг. Тиймээс үүн дээр анхаарахын тулд ирэх оны бизнес төлөвлөгөөн дээр илүү дэвшилтэт технологи ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг тусгасан байна. Үнэхээр л хаашаа харна нүүгэлтсэн хар утаа, саарал шороо, тоосонцор бүрхэгдсэн энэ газар он удаан жил ажиллана гэдэг нэлээдгүй тэвчээр шаардах юм гэдгийг маш сайн ойлгоод буцав.

 

ИРЭХ ЕСДҮГЭЭР САРЫН 1 ХҮРТЭЛ ЧУЛУУНЦАРЫН НӨӨЦ ХАНГАЛТТАЙ БИЙ

 

Бидний дараагийн зогсоол үйл ажиллагаа нь доголдсон хэмээн яригдаж буй Чулуунцарын үйлдвэр байв. Тус үйлдвэр анх 2014 оноос ажиллаж эхэлжээ.

Чулуунцарын үйлдвэрийн дарга Т.Алтанхуяг, “Манайх жилд 750 мянган тонн чулуунцар үйлдвэрлэх хүчин чадалтай. Бизнес төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу манай үйлдвэр төлөвлөгөөт их засварт орчихсон байгаа.  Тиймээс энэ сарын 18-наас  ирэх сарын 20 хүртэл төлөвлөгөөт засвар хийнэ. Хүмүүс гол түүхий эдийн үйлдвэр нь засварт орчихоор цементгүй болно гэж бодож байж магадгүй. Бид есдүгээр сарын 1 хүртэл нөөц чулуунцараа үйлдвэрлэчихсэн байгаа. Тиймээс тээрмийн цехэд нийлүүлэх чулуунцарын нөөц бий гэсэн үг” гэв.

Их засвар хийх нь тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангахад чухал нөлөөтэй байна. Зуухны доторлогооны тоосгоны ашиглалтын норм дууссан тул засвар үйлчилгээ хийх шаардлагатай болжээ. Энэ жилийн хувьд 2-3 дугаар сард тус ажлыг хийх ёстой байсан ч үйлдвэрийг төрд шилжүүлэх ажилтай давхацсан тул түр хойшилсон байжээ. Чулуунцар нь цементийн 85-88 хувьд ордог байна. Ингэхдээ уулнаас олборлосон чулууг буталж, нунтаглаж найруулаад зууханд шатаадаг аж. Ингэснээр цемент хийх үндсэн эрдсүүд бүрддэг. Үйлдвэрлэлийн гол  түүхий эд болох шохойн чулуун орд үйлдвэрээс гурван км зайд оршино. Энд байх өөхөн чулуу шиг харагдах чулуу нь шохойн чулуу ажээ. Дээр дурдсанчлан үүнийг олборлож үйлдвэрт нүүрстэй хольж шатаан, тээрэмдэж эцсийн бүтээгдэхүүн болно. Энд тус үйлдвэрийн ажилчдаас гадна гар аргаар шохойн чулуу олборлодог хэдэн иргэн өөрсдийн байр сууцаа зассан байх нь алсаас харагдана.

 

 

ХҮНД ДААЦЫН ЗАМ БАРИХАД БАРИЛГААС Ч ИХ ЦЕМЕНТ ШААРДЛАГАТАЙ

 

Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байрлах Хөтөлийн цементийн үйлдвэр тэртээ хол алсран алсарсаар нэг л мэдэхэд бид Дархан-Уул аймгийн нутагт иржээ. Дуусдаггүй хэмээн нэрлэгдэх болсон Дархан чиглэлийн зам засварын ажил одоогоор ид өрнөж байна. Энэхүү ажилд Хөтөлийн цементийн үйлдвэр ОРС 52.5 цемент авч ирсэн байна. Хүнд даацын, хатуу хучилттай зам тавихад хуурай цементийг шороотой хольж индүүдлэгийн машинаар нэлээд хэд индүүдэх аж. Үүн дээр нэмээд асфальтаар замыг бүрэх ажил ид явагдаж байхтай таарав.

Дарханы замын ажлыг хариуцаж буй Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэтэй уулзаж, цементийн нийлүүлэлтээ цаашид тасалдуулахгүй, төлөвлөгөөний дагуу өгнө гэдгээ тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал хэлсэн юм. Тус компани өдөрт үйлдвэрлэсэн 3000 тонн цементийнхээ 70 орчим хувь буюу 1850 тонн цементийг Дарханы замын бүтээн байгуулалтын ажилд нийлүүлж байгаа аж. Харин үлдсэн 1150 тонн цементийг гэрээт борлуулагчдаараа дамжуулан иргэдийн гарт хямд үнээр хүргэж байгаа. Мөн одоогийн байдлаар Дарханы замын ажил дөрөвдүгээр багц дээрээ явж байгаа гэнэ. Энэ нь Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км замыг хамаарах юм.

Зам тээврийн хөгжлийн яамны Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, “Замын ажлын явцад 100 тонн цемент 200 метр газарт л ашиглагдаж байна. Үүгээр хүнд даацын, хатуу хучилттай замын CTC суурийг тавина. Иргэд цементийн хэрэглээг барилга, байгууламжаар л төсөөлдөг. Гэвч зам тавихад барилгаас хавьгүй их хэмжээний цемент хэрэглэдэг. Дарханы замын ажил нийт таван багцаас бүрдэж байгаа. Замын ажил далангийн олон үенээс бүрддэг. Далангийн байгалийн чулуун үен дээр хоёр том суурь тавьдаг. Нэг нь буталсан чулуун суурь, нөгөө нь цементээр бэхжүүлсэн шороон суурь байдаг. Энэ хоёр суурийг хийхэд 100 метр газарт 100 тонн цемент хэрэгцээтэй болж байгаа. Хоёр давхарга суурь хийж байгаа учраас олон улсын дамжин өнгөрөх тээврийн гол суваг болсон даацын авто зам болж байгаа юм. Зөвхөн энэ дөрөвдүгээр багцын 45 км замыг тавихад 180 гаруй техник, 300 гаруй хүн ажиллаж байна” гэв. Дарханы замын ажлыг дуусгахын тулд найман компани туслан гүйцэтгэгчээр ажиллана. Тус бүрийн хэрэгцээг гаргахад 200-350 тонн цемент хэрэг болох аж. Ингээд тооцвол өдөр бүр тус замын бүтээн байгуулалтад 1850 тонн цемент хэрэг болох юм байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
01(192.82.87.104) 2022 оны 07 сарын 26

МАН 204.11 км зам барих гэж 5 дахь жилдээ чацга царайлж бнда.

0  |  0
Зочин (59.153.112.36) 2022 оны 07 сарын 25

Мундаг бна. Мак Монцемент мэтийн дамчдыг зах зээлээс шахаж гаргахыг хүсье.

1  |  0
Top