Монгол гэрийн бууриар ДЭЛХИЙГ ТАМГАЛНА

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 07

Монголчуудын уламжлалт ахуй, нүүдэлч хэв маягийг хадгалсан хэр нь орчин үеийн суурин иргэншлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нэгэн бүтээлийг энэ удаагийн “Онцлох бизнес” булангаараа танилцуулж байна. “Аянчин” эвхдэг гэр нь дөрвөн улиралд, хаана ч угсраад хэрэглэх боломжтой, монгол гэрийг суудлын машины тээшинд багтахаар “эвхэж”, дархан хүний бурхан ухаанаар урласан өвөрмөц шийдэлтэй сууц юм. Монголчуудын ахуйн онцлогийг монгол эсгий гэргүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэвч хот суурин газрын амьдралын хэв маяг биднийг энэ сууцаас эрхгүй холдуулжээ.

Уг нь бол зундаа аялал зугаалгаар явахдаа ус бороо нэвтэрдэг импортын майхан биш, оосор бүчгүй орд цагаан өргөө бариад төвхнөхийг хүсэхгүй хэн байх билээ. Гэвч уламжлалт монгол гэр нь хадгалахад нэлээн овортой, тээж авч явахад нүсэр төдийгүй ус чийг авахуулчихгүй агуулж хямгадахад амаргүй юм. Тэгвэл яг энэ хэрэгцээг мэдэрч, монгол гэрийн бүх мод хэрэгслийн уртыг 1 метрээс илүүгүй, эвхэгддэг байдлаар зохион бүтээж, оюуны өмчийн патент авсан бүтээгдэхүүн бол “Аянчин” гэр.

Угсардаг углуургатай унь тооно, сунгаад давхарладаг хана, баян хуур хөгжим шиг дэлгэгдэж эвхэгддэг хаалга, бас хурааж эвлүүлдэг зуух... Энэхүү содон бүтээлийн зохион бүтээгч Д.Батсуурьтай ярилцлаа. Тэрбээр холбооны инженер мэргэжилтэй ч дархны ажилд дур сонирхолтой, хоббигоо бизнес болгосон хүн юм.


- Эвхдэг гэр хийх санаа анх хэзээ төрсөн бэ? Монгол гэрийн овор хэмжээг багасгаж, гар цүнхэнд багтааж болно гэх санааг юунаас олсон бэ?

- Аав маань Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, “Дархан Даваа” нэрээр нутаг усандаа алдаршсан дархан хүн байлаа. Багаасаа алх дөш, харуул сүхний чимээнд өссөн болохоор дарх мужааны ажил надад их ойр санагддаг, юм юмнаас нь сонирхдог, оролддог байлаа. Хүмүүст тустай олон эд юмс шинээр зохиож, байгааг нь хэлбэр дүрсийг нь сайжруулж, засаж сэлбэж урлах үедээ урладаг байсан болохоор ааваараа их ч бахархдаг.

1970-аад оны үед аав маань эвхдэг зуух хийж, түүнийг нь хүмүүс оторт авч явдаг байсан. “Хөглөг Алтайн жавхаа” баримтат кинонд аавын маань зохион бүтээсэн тэр эвхдэг зуух их тод гардаг.

Дараа нь аав маань эвхдэг гэр ч юм уу, өвлийн майхан ч юм уу, нэг сууц маягийн зүйл хийх гэж байгаад дуусгаж чадалгүй бурхан болсон юм. Цуглуулж, тохируулж байсан мод, тоноглол нь манай гэрт байгаад л байдаг байлаа. Нэг өдөр харж байгаад гэр болгох санаагаа олсон доо.

-Монгол гэр угаасаа л нүүдлийн аж ахуйд тохирсон сууц шүү дээ. Таны бүтээсэн эвхдэг гэр уламжлалт монгол гэрээс юугаараа ялгаатай, бас юугаараа давуу вэ?

- Монгол гэр угаасаа салгаж ачаад, угсарч барихад зориулагдсан салангид мод хэрэгслүүдтэй л дээ. Гэхдээ гэрийн мод овор хэмжээ ихтэй, морь, тэмээнд тэгнэж ачихаар зориулагдсан, урт хэрэглэлүүдээс бүрддэг. Харин уламжлалт гэрийн агуулга, хэлбэрийг алдахгүйгээр орчин үед нийцүүлэн жижигрүүлж, суудлын машины тээшинд багтаан “агшаах” нь миний гол зорилго байсан. Төв суурин газар амьдардаг хүмүүс хашаа хороогүй л бол монгол гэрийг агуулж хадгалах хэцүү. Орон сууцны тагт дээр ч багтахгүй. Амбаар саванд хийлээ гэхэд эсгий бүрээс нь илжирч муудахаас эхлээд ер нь л арчилгаа ихтэй. За тэгээд ачаад нүүнэ гэвэл бага оврын тэвштэй машин шаардлагатай. Харин миний зохиосон гэрийг гарааш юм уу тагтан дээрээ хураагаад, жижиг тэргэндээ ачаад явчих боломжтой юм. Үүнд л гол ач холбогдол нь байгаа юм. Оторт ашиглавал нэг морины л ачаа болно.

- Монгол гэрийн хэрэгслүүдээс цүнхэнд багтаахад хамгийн хэцүү нь юу байв? Бүхэлд нь салгаад буцаагаад угсрахад хэр хугацаа орох вэ?

- Гэрийн модыг эвхэгддэг болгож тохируулахад хамгийн хэцүү нь тооно байлаа. Үүнийг цэргийн холбооны антеннаас санаа авч дугуйлдаг, буцаад хумигддаг байхаар тооцож хийсэн. Эрих шиг гэсэн үг. Ханыг давхарлах шийдэл нь их сонирхолтой болсон, уламжлалт бус сонин сэтгэлгээ. Хананы энэ шийдлийг олоход хүү Б.Тулгаа маань их тус болсон. Унинуудыг углуургаар угсардаг байхаар зохицуулсан л даа. Бүгдийг нь салгаад уутанд хийхэд ойролцоогоор нэг нь 45 кг ачаа болно. Буцаад угсрахад 20-30 минут л хангалттай.

Анх өрхийнхөө хэрэгцээнд зориулж нэг гэр хийгээд зун аялах зугаалах, хөдөө гадаа рашаан сувилалд явахдаа авч явдаг болсон.

Жижиг машинтай ирээд яах ийхийн зуургүй гэр барьчихаар хүмүүс их гайхаж, сонирхдог юм байна лээ. Тэгж яваад анхны захиалагчаа олсон. Ер нь майхныг бодвол тохь тухтай, зай багтаамжтай, халуун хүйтнээ хаяагаа сөхөж тохируулдаг, авсан хүмүүс их ам сайтай байгаа. Авсан хүмүүс маань “юун майхан” гэж дуу алддаг.

- Зайтай гэснээс хэчнээн хүн багтах вэ. Дотор нь зуух тавиад гал түлж болох уу. Ялангуяа дээр өгүүлсэн эвхдэг зуухыг? Бас үнэ өртгийн хувьд хэд вэ?

- Бололгүй яахав, дотор нь гал түлж цай хоол хийх, ойр зуурын тавилга тавьж болдгоороо майхантай зүйрлэхээргүй. Бас салхи шуурга, бороо шороонд тэсвэртэй. Цаашдаа эвхдэг гэр дотроо тохирох тавилга хийе гэж бодож байгаа. Тулга, жижигхэн хөөрхөн авдар гээд малчин айлд байдаг тавьцуудаар тохижуулчихвал гадна дотны хүмүүст ч сонирхолтой, Хэмжээ гурван янз байгаа. Жижиг нь 75 кг, дунд оврынх 90 кг, том жип машинд зориулагдсан нь 130 кг буюу 5 м голчтой. Ер нь 10-30 хүн багтах хэмжээтэй. Үнэ нь хэмжээнээсээ хамаараад 1,5- 2,8 сая төгрөг. Сүүлийн 10-аад жил энэ үнэдээ огт өөрчлөлт оруулаагүй. Мод, түүхий эд материалын үнэ хэд дахин нэмэгдсэн ч бид ашиг гэхээсээ хэрэглээг бий болгоё, уламжлалт ахуйн сууцаа хойч үеийнхэндээ уламжилъя гэсэн зорилгоор ажилладаг.

-Гэрийн бүрээс, дулаалга, хаалганы тухайд?

-Цагаан бүрээсийг ус нэвтэрдэггүй материалаар хийсэн. Ноосон даавуун дотуур бүрээс, бас брезентэн бүрээстэй. Нэмэлт дулаалга эсгийтэй захиалж болно. Бүгдийг нь угладаг маягаар оёсон нь барихад маш хялбар. Ер нь эвхэгддэг гэдэг утгаараа анхдагч бүтээл болохоор алдаа оноо байхыг үгүйсгэхгүй. Тиймдээ ч би гэр авсан хүмүүстэйгээ байнга холбоотой байж ганц нэг юм нь эвдэрч хэмхэрвэл засаж сэлбэж өгдөг, санаа оноог нь сонсож дараа дараагийн бүтээлдээ тусгаж сайжруулаад явахыг хичээдэг. Засвар үйлчилгээ үнэгүй.

- Гадаадынхан хэр сонирхож байна?

- Жуулчид, гадаадад амьдардаг монголчууд их захиалж авдаг. Одоогоор “Аянчин” гэр маань Герман, Швейцар, Америк, Канад, Япон, Солонгос, Унгар, Чех, Голланд, Турк, Итали, Норвеги, Швед, Израил, Францад xүрээд байна. Цаашид “Монгол гэрийн бууриар дэлхийг тамгална” зорилгынхоо хүрээнд “Аянчин” гэрээ брэнд болгоод, жуулчны бааз, дэлгүүрүүдтэй хамтарч ажиллах төлөвлөгөө бий.

- Эвхдэг гэрээрээ улсын чанартай үзэсгэлэн, шинэ бүтээлийн уралдаанд оролцож байв уу?

- Хоёр удаа үзэсгэлэнд оролцсон. Шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн үеэр хүмүүс нэлээд сонирхож, “Дөрвөн ханатай гэр хоёрхон цүнхэнд багтчихаж байгаа юм уу” гээд гайхаж байсан. Дараа нь Төв аймагт болсон “Нэг суурин- нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэнгээс шилдэг бүтээлийн цом хүртэж байлаа. “Аянчин” гэрээ аавынхаа дурсгалд зориулж хийсэн болохоор Говь-Алтай аймгийн Бугат сумдаа нэгийг хийж бэлэглэсэн. Дархан Даваагийн хүүгийн хийсэн эвхдэг гэр гээд нутаг усныхан баярладаг юм билээ. Дуртай ч эдэлж хэрэглэдэг.

-Хүүхдэд зориулж бас хийсэн байсан уу?

-Тийм ээ, яг энэ хэлбэрээрээ хүүхдэд зориулсан жижиг хувилбар гаргасан. Хэрэглэгчдийн маань хүсэлт л дээ. Гэрийн бүх тоног хэрэгсэл нь иж бүрнээрээ, овор хэмжээг 3-4 дахин багасгаж, нийт

жинг 40 орчим кг-д багтаасан. Хамгийн гол нь хүүхэд өөрөө барилцаж, тэр явцдаа танин мэдэж, тав хүртэлх хүүхэд дотор нь ороод тоглох боломжтой. “Хүүхдийг тоглоомоор нь шинж” гэж үг бий. Хүүхэд ямар орчинд, юугаар тоглож байгаа нь хүмүүжил, төлөвшлийн чухал ач холбогдолтой. Хүүхэд бүр л хувийн орон зайтай байхыг хүсдэг, энэ хүслийг нь уламжлалт ахуй, хэрэгсэлтэй холбож өгснөөрөө бид үүх түүхээ сурталчлах ажилд хувь нэмэр оруулж яваа гэж боддог.

Ярилцсан: Э.Адъяасүрэн

Эх сурвалж: ЗИНДАА СЭТГҮҮЛ

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.112) 2024 оны 01 сарын 03

Хамгийн анхны гэрүүдийг би найз нөхдөөрөө дамжуулж франц, итали руу гаргаж байлаа гэж ... хүн юмыг амархан мартах юм даа

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 09 сарын 22

xaanaas avakh ve?

0  |  0
Зочин(202.126.90.68) 2022 оны 07 сарын 15

Авмаар бн.хаяг адресаа өгөөч .утсааЗИНДАА ГУАЙ

0  |  0
Top