Э.Батбаяр: Залилангийн хохирогчид хохирлоо 100 хувь төлүүлэх боломжгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 06 сарын 16

Өнгөрсөн жил бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 30 хувийг зөвхөн залилах гэмт хэрэг эзэлж байсан бол энэ оны байдлаар хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна.

Иймд цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьдчилсан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулж байгаа талаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн ахмад Э.Батбаяртай ярилцлаа.


-Залилах гэмт хэргийн гаралт сүүлийн үед эрс нэмэгдэх болжээ. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар цагдаагийн байгууллага ямар арга хэмжээ авч, хэрэгжүүлж байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас 2022 оны зургаадугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байна.

Өнгөрсөн онд гарсан нийт гэмт хэргийн 30 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байсан бол энэ оны хагас жилийн байдлаар нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 35 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байгаа. Энэ үзүүлэлтээс харвал оны эцэс гэхэд залилах гэмт хэрэг хоёр дахин өсөхөөр байна.

Залилах гэмт хэргийн онцлог нь бусад гэмт хэргээс юугаараа ялгаатай вэ гэхээр хохирогчид шууд хохирол учирдаг. Эд бараа материал алдсан бус бэлэн мөнгөө алдах нь иргэдэд шууд хохирол болдог. Өөрөөр хэлбэл, энэ мөнгө эргэлтэд орж байх ёстой байсан бол залилагчдад алдсанаараа тухайн иргэнд бодит хохирол учруулдаг.

Иймд, иргэд эд хөрөнгөөрөө хохирохоос зайлсхийж аливаа мэдээлэл, зар, ажил болон бусад саналуудыг нягтлан шалгасны дараа гүйлгээ хийж байх хэрэгтэй байна.

-Сонгинохайрхан дүүргийн тухайд, залилах гэмт хэрэг ихэвчлэн ямар хэлбэрээр үйлдэгдэж байна вэ?

-Манай дүүрэг, тэр дундаа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хамаарах нутаг дэвсгэрийн дийлэнх хувь нь гэр хороолол байдаг.

Энэ онцлогоосоо хамаараад их хэмжээний мөнгөн дүн гэхээсээ илүүтэй жолооны үнэмлэх гаргаж өгнө, ангилал дарна, визэнд оруулна, орон сууц түрээслэнэ гэх мэт төрлийн залилан зонхилж байна. Түүнчлэн иргэдийн фэйсбүүк рүү хууль бусаар нэвтэрч, найз нөхөд, танилуудаас нь мөнгө авсан хэргүүд бүртгэгдэж байна.

Оны хагас жилийн байдлаар залилах төрлийн 129 хэрэг бүртгэгдэхэд эдгээрийн 35 нь жолооны үнэмлэх гаргаж өгнө, ангилал дарна гэсэн хэрэг байгаа юм.

-Залилангийн гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгардаг вэ?

-Залилангийн гэмт хэргийг шалгахад эргээд ямар хүндрэл учирдаг вэ гэхээр, аль хэлбэрийн залилагчид хэзээ ч өөрийнхөө дансыг ашигладаггүй. Хохирогчийн мөнгө шилжүүлсэн дансыг тогтоож, холбогдох байгууллага руу хуулийн дагуу лавлагаа явуулаад тухайн данс эзэмшигчийг дуудаж ирүүлдэг. Гэтэл залилагч нь “Би хөдөөнөөс ирлээ, картгүй байна” гэх мэтээр ямар нэгэн шалтаг, шалтгаан хэлээд бусдын дансыг ашигласан байдаг.

Ингээд залилагч нь олдохоо байдаг. Тиймээс хэзээ ч залилагч нар өөрийнхөө дансыг ашигладаггүй юм аа гэдгийг иргэд маань маш сайн ойлгох хэрэгтэй байна.

-Залилах гэмт хэргийн илрүүлэлтийн тухайд. Эзэн холбогдогчийг тогтоож, иргэдийн хохирлыг барагдуулж чадаж байгаа юу?

-Залилах гэмт хэргийн илрүүлэлт 19 хувьтай байна. Нийт гэмт хэрэг нь 100 байлаа гэхэд ердөө 19 хэргийг илрүүлсэн гэсэн үг. Бусад нь мөрдөн шалгах ажил явагдаж байгаа.

Залилангийн хэргийн илрүүлэлт бага байгаа шалтгаан нь сүүлийн үед цахим залилан ихэсссэн. Цахим залилан нь ул мөр үлдээдгүй, учраас тухайн этгээдийг хаанаас цахимд нэвтэрсэн, ямар хаягнаас хандсан гэх мэтээр тогтоож, нягтлах зүйл маш их байдаг учраас цаг алддаг тохиолдол бий.

-Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 14 хоногийн хугацаатай аян явуулж байгаа гэсэн. Энэ аяны хүрээнд ямар ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?

-Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс “Өрх бүрт зөвлөе” гэсэн уриатай арга хэмжээ зохион байгуулж байна. Нутаг дэвсгэрийн онцлогоос шалтгаалаад манай дүүрэгт амьжиргааны түвшин төдийлэн өндөр биш. Захын гэр хорооллын хэсэг учраас. Тиймээс айл өрх бүхэнд цахим орчин, фэйсбүүкээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүргэж боломжгүй гэж үнэлсэн.

Тийм учраас цагдаагийн алба хаагчид маань нутаг дэвсгэрийнхээ айл бүрээр орж хулгайн гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг болон залилангийн гэмт хэргүүдийн тухайд сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгч яриа таниулга хийж байгаа.

Энэ нь иргэд зүгээр нэг уншаад өнгөрөх биш харилцан ярилцаж, мэдэхгүй хууль эрхзүйн зөвлөгөөгөө алба хаагчаас авах гээд давуу талуудтай учир үр дүнтэй гэж үзээд, энэ арга хэмжээг зохион байгуулж байна.

-Залилах гэмт хэргийн хохирогч болсон иргэд хохирлоо бүрэн төлүүлж, хохиролгүй болж чаддаг уу?

-Ер нь бол энэ төрлийн гэмт хэргийн хохирогч нар хохирлоо 100 хувь төлүүлэх боломжгүй байдаг. Яагаад гэхээр цаад залилагч нар нь өөрсдөө мөрийтэй тоглосон, бусдад өртэй байдаг. Зарим тохиолдолд тухайн залилагч нь эрхэлсэн ажил байхгүйгээс залилсан мөнгөө эргэлтэд оруулж, ямарваа нэг эд хөрөнгө болгосон зүйл байдаггүй. Ингэхээрээ хохиролыг барагдуулах боломж туйлын хомс байдаг.

Хуульд бол залилагч, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн данс, эд хөрөнгийг битүүмжлэх, дансыг царцаах гэх мэт зохицуулалт байдаг боловч тухайн залилагч этгээдийн нэр дээр эд хөрөнгө, дансанд нь мөнгө байдаггүй нь хамгийн их тохиолддог бэрхшээл.

-Залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ямар ял шийтгэл оноодог вэ?

-Хэдийгээр хуульд ял шийтгэл өгөөд цаашид хохирлыг барагдуулах эрхзүйн зохицуулалт байдаг хэдий ч төдийлэн үр дүнд хүрдэггүй.

Ер нь бол Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлд энэ гэмт хэргийг хуульчилсан байгаа. Энэ хуульд зааснаар 50 сая хүртэлх хохиролтой бол хөнгөн гэмт хэрэг гэж үзэж байгаа. 50 саяас дээш буюу их хэмжээний хохирол учруулсан бол ял шийтгэлийн хэмжээ өөр өөр байдаг.

Гэхдээ хохирлын хэмжээ шаардахгүйгээр иргэний гомдлыг барагдуулах үүрэгтэй учраас шалгаж шийдвэрлэдэг. Хуучин хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж заасан байдаг байсан бол хохирлын хэмжээ шаардахгүйгээр хууль сахиулагчид иргэдийн эрхзүйн байдлыг хамгаалж ажиллаж байгаа. Гэсэн ч иргэд хохирч, залилангийн хэрэг нэмэгдсээр байна.  

Тиймээс аль ч төрлийн гэрчилгээ бичиг баримтыг хувь хүн гаргаж өгдөггүй, үүнийг зөвхөн зохих хуулийн этгээд байгууллагууд гаргаж өгдөг гэдгийг иргэд мэдэх шаардлагатай байгаа юм. Түүнчлэн дээр дурдсан аливаа мэдээ мэдээлэл, мөнгө санхүүтэй холбоотой харилцаанд сайтар анхаарч мэдээллийг шалгаж, дахин дахин нягталж байх шаардлагатай байна. Хүмүүс амар хялбар аргаар ажил төрлөө бүтээх сонирхол нь залилангийн хохирогч болгоод байгаа гэдгийг онцолж хэлмээр байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.90.130) 2022 оны 06 сарын 18

2021 ond zahiluulaad nuguu awgaig shuuhed ugsun chin shuugch n zalilagchiig zuuchlagch bolgood (zuuchlaliin geree yuch hiigeegui) hergiig heregsehgui bolgoson.Nuguu awgai danalzaad garaad ywsan.Uil uilee dagana gegcheer ter awgai uiliin uree edleh blgui de.Yumiig unen zuwuur shiidwerlej baimaar bhiin.Tanil n bsn ayatai 1 tald uilchilsen shuugch arai sonin bsn.

0  |  0
zochin(202.126.90.111) 2024 оны 02 сарын 02

zalilagch etgeediig olson bol hohiroliig 100 huvi baragduulah heregtei shde shorond suulgah ni chuhal bish hohirolgvi bolgovol sulalaad tiluhgvi bol ajil hiilged ch bolson tuluuluh heregtei

9  |  0
Top