Б.Жавхлант: Улс орнууд үндэсний давхар даатгалын тогтолцоог төрийн бодлогоор хэрэгжүүлдэг     

2022 оны 05 сарын 05

“Үндэсний давхар даатгал” компанийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Жавхланттай давхар даатгалын тогтолцоо хийгээд малын индексжүүлсэн даатгалын талаар ярилцлаа.


-Үндэсний давхар даатгал компани хэзээ, ямар зорилгоор байгуулагдсан юм бэ?

-Энэ компанийн түүхийг ярихын тулд 2004 оноос эхлэх нь зүйтэй. Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр манай улсад гамшгийн эрсдлийн даатгалын бүтээгдэхүүнийг бий болгох, тэр дундаа зудын эрсдлийг хөнгөвчлөх зорилгоор төсөл хэрэгжсэн. Төслийн хүрээнд анх гурван аймагт малын индексжүүлсэн даатгалын бүтээгдэхүүний борлуулалтыг хийж эхэлсэн бол 2012 оноос эхлээд 21 аймагт төслийн шугамаар даатгал хийж байсан. Төслийн үр дүнд энэхүү даатгалыг цаашид хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн учраас 2014 онд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг баталсан. Энэ даатгал нь малчин өрхөд учирсан хохирлыг барагдуулах зорилготой гамшгийн эрсдлийн даатгалын анхны бүтээгдэхүүн юм.

Гэхдээ гамшгийн эрсдэлийн даатгалыг хэрэгжүүлэхэд төрийн дэмжлэг, оролцоо хэрэгтэй байдаг учраас Хөдөө аж ахуйн давхар даатгалын компани гэж нэртэйгээр анх 2014 оны есдүгээр сард дээрх хуулийн дагуу байгуулагдсан. Нөгөө талаасаа мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулинд заагдсан төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага гэж ойлгож болно.

-Малын индексжүүлсэн даатгалд өнгөрсөн хугацаанд хэчнээн тоо толгой малыг даатгасан бэ. Малаа даатгуулах малчдын идэвх санаачилга хэр байдаг вэ?

-Хууль батлагдсанаас хойш даатгалын компаниудтайгаа хамтарч, малын индексжүүлсэн даатгалын хамтын эрсдлийн сан үүсгээд түүнээсээ малчдад учирсан хохирлыг барагдуулах ажлыг хийж байна. Энэ даатгал нь төр, хувийн хэвшлийн хамтарсан тогтолцоон дээр тулгуурлан хэрэгждэг. Манай ердийн даатгалын компаниуд малын индексжүүлсэн даатгалын борлуулалтыг хийдэг гол суваг. Харин түүн дээр нэмэгдээд арилжааны банк, Үндэсний давхар даатгал, даатгалын компани гэсэн гэсэн гурвалсан гэрээгээр уг даатгалын бүтээгдэхүүнийг хүргэж эхэлснээр хүртээмж нэмэгдсэн. Манай компани 2021 онд 34,700 малчин өрхийн 7 сая 400 мянган малыг даатгасан, энэ нь нийт малчин өрхийн 19 хувь, нийт малын 11 орчим хувийг даатгалд хамруулсан гэсэн үг. Энэ даатгал нь хуулиараа сайн дурын даатгал. Дээрээс нь манай улсын хувьд зудын эрсдэл үүсэх магадлалтай нутаг нь тийм ч их биш учраас даатгалд хамрагдалт бага байгаа юм.

Гэхдээ зудын эрсдэл бий болох магадлал өндөртэй аймгуудын даатгалд хамрагдах хувь нь их байдаг. Харин зудын эрсдэл багатай аймгуудад даатгалд хамрагдах нь бага. Энэ нь ч аргагүй байх. Манай малчид чинь муухан цаг уурчаас илүүтэй цаг агаараа шинжиж, элдэв эрсдлийг өөрсдийн уламжлалт аргаар даван туулж чаддаг, энэ нөхцөл боломж нь сүүлийн үед илүү сайн болсон учраас зудын эрсдэлд өртөх нь харьцангуй бага болсон. Тэгэхээр уламжлалт арга ахуй, даатгал хоёр хоршиж яваа гэж хэлж болно. Манайх өнгөрсөн 2020-2021 оны өвөл зарим аймгуудад болсон зудын хохиролд 2021 оны есдүгээр сард 2.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг есөн мянга 400 малчин өрхөд олгосон байна.

-Ер нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үнэхээр хэцүү өвөл, хавар болсон. Малын даатгалд малаа хамруулах тал дээр малчид яагаад ийм идэвхгүй байдаг юм бол?

-Бид бүхэн аль болохоор л мэдээллээ малчдадаа хүргэдэг ч гэсэн түүнийг хүлээж авах, ойлгох нь бага байж мэднэ. Сайтар ойлгуулахын тулд бараг л нүүр тулсан ярилцлага хийх шаардлага үүснэ. Индексжүүлсэн гэдэг ойлголт ороод ирэхээр хүмүүст сайтар ойлгуулах хэрэгтэй болдог. Өмнө нь манай улс нэгдлийн малыг даатгалд олон улсын давхар даатгалын оролцоотойгоор хамруулдаг байсан. Энэ даатгалдаа нөхөн төлбөр авч байсан түүх ч бий. Гэхдээ энэ нь уламжлалт буюу малыг нь зүсэлж, тоо толгойгоор нь даатгадаг байсан. Малчин өрх бүрд учирсан хохирлыг яг тоогоор нь нөхөн төлнө гэсэн үг. Харин гамшгийн эрсдлийн үеийн даатгал нь энэхүү уламжлалт аргаар хийгдэх ямар ч боломжгүй. Тийм болохоор Дэлхийн банкны мэргэжилтнүүд малын хорогдолд суурилсан аргыг гаргасан. Манай улс бол маш сайн малын статистик тоотой, улсын гэлтгүй сумын хэмжээнд малын хорогдлын дэлгэрэнгүй дүн мэдээтэй.

Жишээлбэл, Төв аймгийн Эрдэнэ суманд гамшгийн эрсдэлээс шалтгаалсан малын хохирол гарах магадлал нь сүүлийн 50 жилд ямар байна вэ гэдгийг гаргаад ирж болно. Ингээд сум бүрд босго үзүүлэлт нь өөр, өөр гардаг. Энэ босго үзүүлэлт гэдэг нь малчдын маань сайн ойлгохгүй байгаа зүйлийн нэг. Өөрөөр хэлбэл малчин Доржийн хотонд 50, Батын хотонд 100 мал хорогдсон байлаа гэхэд сумын хэмжээний босго үзүүлэлтдээ хүрэхгүй бол нөгөө малчин даатгуулсан байсан ч нөхөн төлбөр авдаггүй. Тиймээс уламжлалт аргаар даатгадаг байсан шиг малчдын хүлээлтэд хүрэхгүй байгаа юм. Тэр хүлээлтэд нь хүргэх гэхээр улсын хэмжээнд ч даатгалын зах зээлийн хувьд ч санхүүгийн боломж байхгүй. Тиймээс л малчдад тодорхой ашигтай, даатгалын компаниуд нь эрсдлийг үүрэх боломжтой, давхар даатгалын тогтолцоо нь хэрэгжих боломжтой индексжүүлсэн буюу дундын хувилбарыг гаргаж ирээд санал болгосон. Малчдын дунд барагтай л бол босго үзүүлэлтийг давахгүй гэсэн бодол байдаг учраас даатгалд хамрагдах нь бага байдаг.

-Зөвхөн зуд гэлтгүй өөр гамшгийн үеийн даатгал бий юу?

-Улаанбаатарт газар хөдлөлт болвол яах вэ гэдэг айдас нийгэмд байгаа. Тийм болохоор манай компани Сангийн яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, Онцгой байдлын ерөнхий газартай хамтраад Гамшгийн эрсдлийн даатгалын тухай хуулийг боловсруулахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл манай улсад байгаа гамшгийн эрсдлүүдийг үнэлж, гамшгийн эрсдлийн санхүүжилтийн тогтолцоо, гамшгийн даатгалын бүтээгдэхүүн, түүний хууль эрх зүйн орчныг бий болгохоор ажиллаж байна. Ер нь манай улс гамшгийн эрсдэл тохиолдсон үед гамшгийн эрсдлийн санхүүжилтийн асуудлыг шийдэх тогтолцоотой болох ёстой. Үүний нэг хэлбэр нь гамшгийн эрсдлийн даатгал юм. Газар хөдлөлт, үер, салхи шуурга гээд байгалийн давагдашгүй хүчин зүйл, эрсдэл бий болоход түүнийг даван туулах, гамшгийн хохирлыг барагдуулах, нөхөн сэргээх санхүүгийн тогтолцоо байх ёстой.

Манай гамшгийн эрсдлийн шинжээчид газар хөдлөлтийн эрсдлийн үнэлгээ хийгээд Улаанбаатар хотыг тойрсон 300 километрийн зайд газар хөдлөлт болох магадлалыг тооцсон. Тэгэхэд энэ радиуст таван жилд нэг удаа 5.51 магнитудын хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай гэж гарсан. Энэ нь Улаанбаатар хотод, эсхүл 300 километрийн хол эзгүй талд ч болж мэднэ. Газар хөдлөлтийг хаана, хэзээ болохыг бид мэдэх боломжгүй. Харин бид магадлалаар тооцоолж л чадна. Тиймээс л Улаанбаатар хотын төвд 5.51 магнитудын хүчтэй газар хөдлөлт хэрэв болвол нийт барилгуудын хэдэн хувь нь үүнийг тэсвэрлэх вэ гэдгийг бодох ёстой болчихсон.

-Танай даатгалын бүтээгдэхүүн дотор “Хүнд өвчний эрсдлийн даатгал” гэж байсан. Үүнийг тайлбарлаж өгөөч?

-Манайхан Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бол мэднэ. Төрийн эрүүл мэндийн Албан журмын даатгалд хамрагдаад эргээд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүлээн авдаг. Гэтэл дотоодод эмчлэгдэх боломжгүй хорт хавдар, чөмөг солиулах гэх мэт өвчин иргэдэд маш их санхүүгийн дарамт үүсгэдэг. Ингээд тухайн өвчтөний ар гэрийнхэн өөрсдөд байгаа боломжоо бүрэн ашиглаад сүүлдээ сайхан сэтгэлт хүмүүсээс хандив, тусламж гуйх болдог. Харин арилжааны эрүүл мэндийн даатгал нь энэ төрлийн учирч болох эрсдэлийг хамгаалахын тулд гаргаж ирсэн зүйл. Энэ даатгалыг манайх олон улсын давхар даатгалын компаниудтай хамтран гаргаж байгаа юм.

Харин ердийн өвчлөлийн даатгал нь хямдхан байдаг бол хүнд өвчлөлийн даатгалын хураамж нь нэлээд өндөр байгаа. Гэхдээ хүн хэзээ ямар өвчин тусахаа хэлж мэдэхгүй учраас боломжтой бол энэ төрлийн даатгалыг хийлгэчих хэрэгтэй. Тэгэх юм бол тухайн өвчний эмчилгээний зардлыг бүрэн гаргуулж авах боломжтой. Ховор, хүнд өвчлөл учраас зардал нь 100 саяас дээшээ хэмжээний төгрөгөөр хэмжигддэг. Цахим орчинд хандив гуйж байгаа хүүхдийн чөмөг шилжүүлэн суулгах хагалгааны зардал л гэхэд 540 сая төгрөг гэж байна лээ. Харин энэ даатгалд хамрагдсан бол энэ зардлаа гаргуулж авч болно.

-Улаанбуудайг бас даатгадаг юм уу?

-Анх Хөдөө аж ахуйн давхар даатгал гэсэн нэртэй байгуулагдаж байсан учраас хөдөө аж ахуйн давхар даатгалын бүтээгдэхүүн гаргахаар ажилласан. Хуулинд тармилын даатгал гэж ойлголт бий. Энэ хуульд үрийн тариалангийн 10 хувийг заавал даатгуулна гэж заасан ч огт хэрэгжиж байсангүй. Яагаад гэхээр яг л мал аж ахуйтайгаа адилхан уламжлалт хэлбэрээр даатгах боломж байхгүй. Тиймээс мөн л тариалангийн гарцад суурилсан индексийг томьёолоод дундаж ургацаас бага хэмжээний ургац авсан тохиолдолд нөхөн төлбөрийг нь олгох даатгал юм. Өнгөрсөн 2020 онд хэрэгжүүлэхэд газрын гарц нэлээд муу байсан учраас нийтдээ 45 аж ахуйн нэгжид 300 гаруй сая төгрөгийн нөхөн төлбөр олгосон байдаг. Гэхдээ тариаланчид маань даатгалдаа хамрагдчихаад даатгалын хураамжаа төлөхгүй тохиолдол их гардаг учраас энэ төрлийн даатгалыг хөгжүүлэхэд бэрхшээл учруулж байна.

-Давхар даатгал гэдэг ойлголтыг уншигчдад маань ойлгомжтой байдлаар тайлбарлаж өгөхгүй юу?

-Монгол Улсад 1934 онд орчин үеийн даатгалын байгууллага анх байгуулагдаж 1990 он хүртэл төр даатгалын тогтолцоог хариуцдаг байлаа. Харин 1991 онд Улсын даатгалын ерөнхий газар гэдэг байгууллагыг Монгол даатгал, Түшиг даатгал нэртэй болгон хоёр хуваасан юм. Өөрөөр хэлбэл санхүүгийн салбартаа залуу гэж хэлж болох салбар. Тийм ч болохоор даатгалын тогтолцоог манайхан Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хийж эхэлсэн 2011 оноос хойш л ойлгож эхэлж байна. Даатгал бол ер нь эрсдлийг удирдах маш олон арга хэрэгслийн зөвхөн нэг нь. Эрсдлээс зайлсхийх, бусдад шилжүүлэх гээд олон арга байдаг. Даатгалын компаниуд маань тухайн иргэн хуулийн этгээдэд учирч болох эрсдлийг шилжүүлж авах тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг. Ингэхэд тодорхой хэмжээний эрсдлийн төвлөрөл үүсдэг. Ингээд эрсдэл даах чадвараас нь эрсдлийн төвлөрөл даваад ирэхээр даатгалын компани өөрийгөө даатгуулж байгаа хэлбэрийг давхар даатгал гээд байгаа юм.

-Одоогоос найман жилийн өмнө хууль батлагдаж байсан байна. Тэгэхээр одоо хуульд ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулах шаардлага бий болсон уу?

-Үндэсний давхар даатгалын тогтолцоог 2012 оноос хойш ярьж байгаа юм. Санхүүгийн зохицуулах хорооноос анх дунд хугацааны хөтөлбөртөө тусгаад, дараа нь манай санхүүгийн зах зээлийн хөгжлийн баримт бичгүүдэд орсон. Үүний хүрээнд манай компанийг 2019 онд Үндэсний давхар даатгал болгон өргөжүүлсэн. Энэ тогтолцоо бол олон улсад байдаг нэлээд түгээмэл туршлага л даа. Хятад, Солонгос гээд улсуудын Үндэсний давхар даатгалын компаниуд дэлхийн шилдэг компаниуд болоод явж байна. Мөн хөгжиж байгаа орнууд өөрсдийнхөө даатгалын зах зээлийг бэхжүүлэх, гадагшаа чиглэлтэй валютын урсгалаа бууруулах, дотоодынхоо зах зээлийг дэмжих, мэргэжлийн үйл ажиллагааг хөгжүүлэх зорилгоор энэ тогтолцоог хөгжүүлж, төрийнхөө бодлогоор хэрэгжүүлж байна. Мөн Үндэсний давхар даатгалын тогтолцоогоор дамжуулан даатгалынхаа зах зээлийг мэргэжлийн чиглэлийн болгоход түлхүү анхаардаг.

Тэр бүү хэл зарим улсууд энэ тогтолцоогоор дамжуулан даатгалын зах зээлийн үнийн бодлогоо хэрэгжүүлдэг. Харин манай улсын хувьд ямар ч байсан Үндэсний даатгалын компаниа байгуулчихсан, харин одоо даатгалын тухай хуульдаа энэхүү үндэсний давхар даатгалын тогтолцоог бий болгох үзэл баримтлал оруулахаар салбарын мэргэжилтнүүд ажиллаж байна. Ингэж хуульд тусгаж өгснөөр түрүүн хэлсэнчилэн гадагшаа урсаж байгаа валютын торхой хэмжээг нь дотооддоо авч үлдээд зогсохгүй даатгалын зах зээлийг хөгжүүлэх, тэлэхэд бодлогын том дэмжлэг болно. Үүгээр дамжуулан эдийн засгийнхаа салбаруудыг дэмжиж, том утгаараа макро эдийн засагтаа эерэг нөлөө үзүүлнэ. Ер нь манай зах зээл харьцангуй жижигхэн учраас нэг даатгалын компани 10 сая ам.долларын үнэлгээтэй байшин давхар даатгуулах гэхээр гадны давхар даатгагч нараас өндөр үнэтэй хураамж санал болгодог. Энэ нь давхар даатгалын үйлчилгээний хомсдол, эрэлт хэрэгцээг үүсгэдэг, цаашлаад даатгуулагч байгууллагадаа санхүүгийн дарамтыг бий болгодог, даатгалын компанийн өрсөлдөх чадварыг бууруулдаг, үндэсний давхар даатгалын тогтолцоо нь энэ мэт хүндрэлтэй асуудлыг шийдэх нэг гарц болно.

Үндэсний давхар даатгалын тогтолцоог үр ашигтай суурилуулж чадах юм бол даатгалын компаниудтайгаа хамтран эрсдлийн удирдлагын тогтолцоог зах зээлийнх нь жамаар хөгжүүлэх боломжтой болно. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүд найдвартай даатгалын хамгаалалттай болох дэд бүтцийг үүсгэх юм. Цаашлаад Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй олон төсөл хөтөлбөрүүдийг даатгалын дэд бүтцийг ашиглан үр ашигтай хэрэгжүүлэх боломжтой. Жишээ нь орон сууцны урьдчилгаа төлбөрийг бууруулах бүтээгдэхүүн үйлчилгээг даатгалын зах зээл Үндэсний давхар даатгалын компанитай хамтран нэвтрүүлэх боломжтой. ЖДҮ эрхлэгч нарт хүндрэл учирдаг олон асуудлыг даатгалын дэд бүтцийг ашиглан шийдэх боломж ч бий. Үүнийг Үндэсний давхар даатгалын тогтолцоогоор дамжуулан хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй гэж салбарын мэргэжилтнүүд үздэг.

-Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хувьчлагдахаар болсон 34 аж ахуйн нэгжийн тоонд танайх байх шиг байсан. Энэ талын бэлтгэл ажлыг хэзээнээс хангаж эхлэх вэ?

-Бид нээлттэй хувьцаа гаргах бэлтгэл ажлыг хангаад явж байна. Энэ оны эхнээс л энэ бэлтгэл ажлыг хийж эхэлсэн. Харин сая цаг үе нь таараад хууль гарчихлаа. Тиймээс ирэх онд Үндэсний давхар даатгал компани маань нээлттэй хувьцаат компани болох зорилт тавиад, бэлтгэл ажил, төлөвлөгөө гаргаад явж байгаа. Ер нь манайх анх хувьцаат компани хэлбэрээр байгуулагдсан юм шүү дээ. Энэ нь хөгжлийнхөө явцад одоо л нээлттэй хувьцаат компани болох боломжтой болж байна. Манай улсад Үндэсний давхар даатгалын үр ашигтай тогтолцоо бий болох бүрэн боломж байгаа гэдэгт би итгэдэг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top