Гурван улсын үлгэр | 24 ДҮГЭЭР БҮЛЭГ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 18

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

I БОТЬ-24 ДҮГЭЭР БҮЛЭГ

ХАРГИСЫГ ЯВУУЛСАН УЛСЫН ХУЛГАЙ ЭРХЭМ ТАТВАРЫГ АЛСАН ХААНЫ АВГА БУРУУЛАН ЯВЖ ЮАНЬШАОГ ДАГАСАН

Өгүүлэх нь: Цаоцао дээл бүсний зарлиг бичгийг үзээд олон зөвлөлийн сайд лугаа зөвдөж сяньди хааныг гээж, өөр эрдэмтнийг сонгож халан байгуулсугай хэмээсэнд Чэн Юй өгүүлрүүн: “Гэгээн гүн дөрвөн зүгт сүр алдаршиж, дэлхий дахиныг зарлан чадсан нь Хань улсын нэр цолыг хүлээсний учир болой. Эдүгээ мужийн эздийг түвшитгөн чадаагүйгээр гээж байгуулах хэргийг явуулбаас эрхгүй цэрэг үүсгэхийн үзүүр бөлгөө” хэмээсэнд Цаоцао сая зогсоод гагц Дунчэнгийн зэргийн таван хүн жич тэдний гэрийн хотлоор хөгшин залууг олон хаалганаа аваачиж алав. Үхсэн нь долоон зуу илүү хүн буй тул балгасны доторх түшмэд иргэн үзсэн нь нулимс үл асгаруулсан нь үгүй. Хожмын хүний Дунчэнгийн тул шүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:

“Нууц зарлиг бичгийг дээл бүсээр уламжлан

Нандин зарлиг дотоод хаалганаас гарчээ

Эрт өдөр эзнийг тэнхрүүлсэн бөлгөө

Энэ өдөр хишгийг хүртсэн болой

Улсыг тэтгэх сэтгэлийн өвчин хүртэж

Зальхайг арилгах зүүдний бэлгэ олов

Бат шударга мянган үед үлдвээс барав

Бүтэж алдахыг юу болгон хэлэлцэх аж”

Бас Ван Зыфү нарын дөрвөн хүний тул шүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:

“Энт хивд нэрээ бичсэн шударга бодлогоо

Эзэн эцэгт хариулъя хэмээн хуур шуур бодолхийлэв

Үнэнч санаагаар зүтгэсээр зуун амиа сөнөөлөө

Шударга сэтгэл хэлэлгээнгүй188 мянган онд үлдмүй”

188 Яриангүй

Тэндээс Цаоцао Дунчэнгийн зэрэг олон хүнийг алсан хойно уур бас намдаагүйд даруй илд зүүж, ордон дотор ороод дун эрхэм татварыг алахаар ирэв. Эрхэм татвар болбоос Дунчэнгийн охин дүү бөгөөд хаан янаглаж бие хүнд болоод бас таван сар өнгөрчээ. Тэр өдөр хаан хойд ордонд төв хэмээн Фү хатан лүгээ сэмээр Дунчэнгийн хэргийг шүүмжилж, эдүгээ болтол нэгэн ч чимээгүй хэмээн хэлэлцэн атал гэнэт Цаоцао илд зүүсээр ордноо орж ирээд нүүрт уурлах байдалтайг үзээд хаан ихэд цочиж царай хувьсхийв. Цаоцао өгүүлрүүн: “Дунчэнгийн урвасныг хаан мэдмүй үү?”. Хаан өгүүлрүүн: “Дунжуог хэдийнээ алсан болой”. Цаоцао их дуугаар: “Дунжуо биш Дунчэн болой!”. Хаан чичрэн дагжин өгүүлрүүн: “Би, би, би үнэхүү мэ мэ мэдэхгүй” хэмээв. Цаоцао өгүүлрүүн: “Хурууг зууж бичгийг бичсэнээ умартсан буюу?”. Хаан өчиж чадахгүй болсонд цэргийн ардыг зандарч дун эрхэм татварыг барьж ирэв. Хаан гуйж өгүүлрүүн: “Дун эрхэм татвар бие жирэмсэн болж таван сар болжээ. Чансангийн хөөрхийлөхийг хүсмүй” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Тэнгэр сэрэгдүүлсэнгүй болбоос би нэгэнтээ хорлогдмуй. Яахан энэ охиныг үлдээж хойчийн зовлон болгомуй?”. Фү хатан гуйж өгүүлрүүн: “Түр бууруулж хүйтэн гэрт оруулан хөнгөжсөн хойно алахад удахгүй”. Цаоцао өгүүлрүүн: “Энэ тэсэргүү удмыг үлдээж, эхийн хариуг авуулсугай хэмээмүй үү?”. Дун эрхэм татвар уйлан гуйн өгүүлрүүн: “Ясыг бүхэл болгон биеийг үл мэдэгдүүлмүй”. Цаоцао цагаан ёнхор авч ирүүлэн өмнө тавьсанд хаан дун эрхэм татварын зүг уйлан өгүүлрүүн: “Чи есөн булгийн дор битгий миний биед хорсогтун!” хэмээн өгүүлж бараад нулимсыг бороо мэт асгаруулах бөгөөд Фү хатан бас уйлахад Цаоцао хилэн төрж өгүүлрүүн: “Ийм хүүхэд охидын байдлыг гаргамуй уу” хэмээгээд цэргийн ардыг дуудан чирэн гаргаж, ордны хаалганы гадна хөвчдөн189 алав.

189 Хүний хүзүүнд дээс хөвчний зэргийг торгоэ мушгин нурууг нь махийлган нугасыг нь тасалж үхүүлэх.

Хожмын хүн дун эрхэм татварын тул шүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:

“Дотоод харшид хишгийг хүртсэн бас ч талаар болоод

Тогтсон луугийн үр бас хөнөөгдсөн нь харамсалтай

Төрийн тэргүүн хаан эзэн ч тэнхрүүлэхүйеэ бэрх тул

Тэргүүнээ даран зүгээр үзэж нулимс асгаруулав”

Цаоцао бас олон тайганчуудыг цуглуулж, ухуулан өгүүлрүүн: “Үүнээс хойш гадаад ураг, хааны төрөл угсаа байх болбоос миний зарлиггүйгээр ордны дотор оруулагчдыг алмуй. Харин сахигчид чангагүй болбоос адил ялаар аваачмуй” хэмээгээд бас гурван мянган сэтгэл зүрхний мэт хүнийг сонгож, гучхаа цэрэг болгон Цаохунгаар захируулж байцаан цагдуулав.

Түүнээс Цаоцао, Чэн Юйгийн зүг өгүүлрүүн: “Эдүгээ Дунчэн нарыг хэдий алсан боловч бас Матэн, Любэй байж бас энэ тоонд буй. Арилгахгүй болбоос болохгүй!”. Чэн Юй өгүүлрүүн: “Матэн Силянд цэрэг бууж буй тул хөнгөнөөр авахаар очиж болохгүй. Гагц зүдсэнийг тохууруулах бичиг хүргэж, битгий сэжиглэл төрүүлэгтүн! Хойно Сюйдүд гөхдөн авчирч албаас болмуй. Любэй эдүгээ Сюйжоуд цэрэг хуваан тулга мэт сууж буй тул бас хөнгөнөөр байлдваас болохгүй. Нэндээ Юаньшао Гуаньдүд цэрэг буулгаж үргэлж, Сюйдүг шунахайрах санаа буй тул үргэлж хэрвээ зүүнш Любэйг дайлахаар одсонд Любэй эрхгүй Юаньшаод тэнхрүүлэхийг эрэхээр одмуй. Юаньшао тэр хоосныг завшиж, сундлахаар ирвээс бид юугаар халхалмуй”.

Цаоцао өгүүлрүүн: “Ийм бус! Любэй болбоос хэтийдсэн хүн. Эдүгээ хэрвээ байлдахгүй аваас түүний жигүүр од өссөн хойно даруй байлдахуйяа бэрх болой. Юаньшао хэдий чийрэг боловч хэрэгт сэжиглэж, тасалбаргүй тул юунд зовних явдал буй” хэмээн зөвдөлцөж атал Гуозя гаднаас орж ирэв. Цаоцао асууруун: “Би зүүнш Любэйг дайлахаар одсугай хэмээвээс Юаньшаогийн зовлон буй. Яаваас сайн?”. Гуозя өгүүлрүүн: “Юаньшаогийн чанар алгуур бөгөөд сэжиглэл олон түүний доорд зөвлөлийн ард харилцан хартай сэтгэл өвөрлөх тул зовних хэрэггүй болой. Любэй шинэ цэрэг морь засаж олны сэтгэлийг олоогүй үес чансан цэрэг авч зүүнш байлдахаар одох аваас нэгэнтээ байлдаад даруй тогтоож болох болой” хэмээсэнд Цаоцао ихэд баярлан өгүүлрүүн: “Энэ төв хэмээн миний санаа лугаа нийцжээ” хэмээгээд даруй хорин түмэн цэрэг байгуулж, таван замаар хуваан Сюйжоуг авахаар мордов.

Харуулын хүн энэ мэдээг олж, Сюйжоуд хэлэхээр ирсэн хойно Сүнцянь урьд Сяпид одож Гуань гүнд хэлээд дараагаар нь Сяопэйд одож Сюаньдөд хэлсэнд Сюаньдө Сүнцянь лүгээ зөвлөж өгүүлрүүн: “Үүнийг Юаньшаод тэнхрүүлэхийг гуйхаар очвоос сая энэ зовлонг тайлж болмуй” хэмээгээд Сюаньдө даруй нэгэн битүүмж бичиг бичиж, Сүнцянийг зарж Хөбэйд илгээв. Сүнцянь Хөбэйд хүрээд урьдаар Тяньфэнд золгож энэ үйлийг учир зүйгээр хэлж түүнийг дагуулан золгуулахыг гуйсан хойно, Тяньфэн дэд өдөр Сүнцянийг Юаньшаод золгуулж бичгийг өргөсөнд үзвээс Юаньшаогийн царайны өнгө хожийж, дээл хувцас тэгш үгүйд Тяньфэн асууруун: “Энэ өдөр эзэн гүн яахан энэ мэт буй?” гэхэд Юаньшао өгүүлрүүн: “Би үхэх шахжээ”. Тяньфэн өгүүлрүүн: “Эзэн гүн юунд ийм үг гаргамуй?”. Юаньшао өгүүлрүүн: “Надаас таван хөвгүүн төрсөн бөлгөө. Гагц отгон нь миний сэтгэлд ихэд нийлмүй. Эдүгээ нойтон хамуу яр гарч үхэх шахсан тул би ямар сэтгэлээр өөр хэргийг шүүмжилмүй”. Тяньфэн өгүүлрүүн: “Эдүгээ Цаоцао цэрэг байгуулж, зүүнш Любэйг дайлахаар одоход Сюйдү балгас хоосон болжээ. Хэрвээ журмаар цэрэг байгуулж, хоосныг завшиж орвоос дээдэд болбоос тэнгэрийн хөвгүүнийг хамгаалж, доордод болбоос түмэн иргэний зовлонг арилгаж болмуй. Энэ үнэхээр олдохуйяа бэрх тухай болой. Гагц гэгээн гүнгийн толилохыг хүсмүй” хэмээн хэлсэнд Юаньшао өгүүлрүүн: “Би бас энэ тухай маш сайн мэдмүй. Гагцхүү миний дотор барс бүрс хийх тул одвоос тусгүйгээс эмээмүй” гэв. Тяньфэн өгүүлрүүн: “Юунд барс бүрс хийхийн учир буй?”. Юаньшао өгүүлрүүн: “Таван хүүхэд дотор гагц энэ хүүхэд төрсөн нь маш өөр бөгөөд хэрвээ алдагдал гаргаваас миний амь бие барагдмуй за. Тийнхүү санаа тогтож цэрэг гаргахгүй” хэмээгээд Сүнцяньгийн зүг хандан өгүүлрүүн: “Чи хойш одож Сюаньдөд энэ учрыг хэлэгтүн! Хэрвээ санаанд эс нийцэх цагт намайг эрэхээр иртүгэй! Надад туслах газар буй” хэмээсэнд Тяньфэн таягаараа газрыг тогшиж хэлрүүн: “Энэ тохиолдохуйяа бэрх цагт учраад харин нялх хүүхдийн өвчний шалтгаанаар энэ тухайг алдваас их хэрэг бармуй. Юутай хайран!” хэмээн хөлөө дэвсэж урт шүүрс алдаад гарч ирэв. Түүнээс Сүнцянь Юаньшаогийн цэрэг туслах санаагүйг мэдээд шөнө дөл Сяопэйд ирж Сюаньдөд тэр үгийг хэлсэн хойно Сюаньдө ихэд цочиж өгүүлрүүн: “Энэ мэт болбоос одоо яанам?”. Жанфэй өгүүлрүүн: “Ах битгий зовогтун. Цаоцаогийн цэрэг хол замаас ирсэн тул лав зүдсэн болой. Түүнээс сая ирсэнд тухайлан урагш хүрээг дайрахаар очвоос Цаоцаог эвдэж болмуй”. Сюаньдө өгүүлрүүн: “Угаас чамайг бүдүүвчлэх нэгэн баатар эр гэсэн бөлгөө. Урьд Людайг барьсан цагт нэлээд сайн арга хэрэглэн чадаад эдүгээ энэ бодлогыг үүсгэсэн нь бас цэргийн аргад нийцмүй” хэмээгээд үгийг дагаж цэрэг хуваан хүрээг дайрахаар очив. Тэндээс Цаоцао их цэргийг авч Сяопэйгийн зүг хараахан явж атал гэнэт догшин салхи хүрч ирээд нэгэнтээ дуун сонсогдоход нэгэн талын далбаа хугарав. Цаоцао даруй зарлаж цэргийг түр зогсоогоод зөвлөлийн сайдыг цуглуулж сайн муу ёрыг асуухад Сюнь Юй өгүүлрүүн: “Салхи аль зовхисоос ирэв, ямар өнгөтэй тугийг хугаруулав?”. Цаоцао өгүүлрүүн: “салхи зүүн өмнөөс ирээд өнцгийн бага далбааг хугалжээ. Далбааны өнгө хар, улаан хоёр зүйл болой”. Сюнь Юй өгүүлрүүн: “Энэ өөр үйл бус энэ шөнө эрхгүй Любэй хүрээг дайрахаар ирмүй”. Цаоцао толгойгоо гэгэсхийв. Гэнэт Маозя ирж золгон өгүүлрүүн: “Зүүн өмнөөс салхи үүсэж хар улаан бага далбааг хугалсан нь эзэн гүн бодоход ямар сайн муу ёр буй?”. Цаоцао өгүүлрүүн: “Гүнгийн санаанд ямар буй?” хэмээсэнд Маозя өгүүлрүүн: “Миний мунхаг санаанд энэ эрхгүй хүрээг дайрахаар ирэх хүн буй”. Хожмын хүмүүн шүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:

“Ай хохой! Хааны удам хүч мөхөж ганцаардахуйяа

Арга буюу цэрэг хувааж хүрээ дайрахад итгэжээ

Ажиггүй их туг хугаран бэлгэ заасныг яая

Асар тэнгэр юуны тул зальхай баатрыг тусалмуй”

Цаоцао өгүүлрүүн: “Тэнгэр намайг ивээсэн нь болой! Сэргийлбээс зохимуй” хэмээгээд даруй цэргийг есөн баг салгаж, ганц нэгэн багийн цэргийг урагш дэвшүүлэн хуурмаг хүрээ байгуулаад олон цэргийг цөм дөрвөн зүг найман зовхист бүгүүлэв. Тэр шөнө сарны гэрэл өчүүхэн тул Сюаньдө зүүн этгээдэд Жанфэй баруун этгээдэд цэргийг хоёр баг хуваан мордоод гагц Сүнцяньгаар Сяопэй балгасыг сахиулан үлдээжээ.

Тэндээс Жанфэй өөрөө арга олов хэмээн эрэмшиж, гавшгай цэргийг авч урагш давшин цаоцаогийн хүрээнд шувтлан орж үзвээс дэмий цэрэг морьгүй хараахан сэжиглэн байтал буун дуу нэгэнтээ дуугаран дөрвөн зүгт гал гэрэлтэж хашхирах дуу цугаар үүсжээ. Жанфэй сая аргад унасныг мэдээд яаран хүрээг гарваас төв зүүнээс Жанляо баруун этгээдээс Сюйчу, өмнөдөөс Юйзинь, хойдоос Лидянь, зүүн өмнөөс Сюйхуан, баруун өмнөөс Юэзинь, зүүн хойдоос Ся Хоудүнь, баруун хойноос Ся Хоу Юань найман биеэс цэрэг морьд хүрч ирсэнд Жанфэй зүүнийг мөргөж барууныг тулаад өмнийг халхалсаар явж ил дагуулсан цэрэг угаас Цаоцаогийн хуучин цэрэг тул хэрэг шахам болсныг үзээд цөм дагахаар очжээ. Жанфэй алалдаж байх хооронд Сюйхуантай уулзаад нэгэн зэрэг тулалдаж байтал хойноос Юэзинь нэхэж ирсэнд Жанфэй нэгэн цусан зам гаргаж хаагдсанаас гараад үзвээс гагц хэдэн арван морьтон дагаж буй, Сяопэй балгасанд эгсүгэй хэмээвээс очих зам нэгэнтээ тасарчээ. Сюйжоу, Сяпигийн зүг одсугай хэмээхүл бас Цаоцаогийн цэрэг тосохоос эмээн бодон санасаар огт замгүй тул Мандан Шань уулын зүг одов.

Тэндээс Сюаньдө цэрэг авч Цаоцаогийн хүрээг дайрахаар одоод сая хүрээний ойр хүрсэнд хашхирах дуу ихэд гартал хойдоос нэгэн багийн цэрэг дайран ирээд урагш цэрэг морь хагасыг салган аваачив. Ся Хоудүнь бас хүрч ирсэнд Сюаньдө хаасан газрыг нэвтлэн гарч одохуйяа Ся Хоу Юань бас гүйцэн иржээ. Сюаньдө хойш хандаж үзвээс гагц гуч илүү морьтон дагаж байв. Сяопэй балгасанд очсугай хэмээн харваас хот дотор гал манджээ. Аргагүй Сяопэйг гээж Сюйжоу, Сяпигийн зүг одсугай хэмээвээс бас Цаоцаогийн цэрэг уул талд цөм дүүрч очих замыг тасалсан тул Сюаньдө одох газаргүйдээ санаруун: “Урьд Юаньшаогийн үгэнд “Хэрвээ санаанд нийлэлцэхгүй болбоос эрэхээр ир!” хэмээсэн бөлгөө. Эдүгээ харин очиж түр түшиж дахин сайн арга бодоход хүрэхгүй” хэмээн Цинжоугийн замд оров. Явж байтал Лидянь замыг тоссонд Сюаньдө ганц мориор талд хандаж умар зүг оргосон хойно Лидянь жанжныг олзлон цэргийг дагуулан буцав.

Тэндээс Сюаньдө ганц мориор Цинжоугийн зүг зориод нэгэн өдөр гурван зуун газар явж, Цинжоугийн хотын үүдэн доор хүрээд дуудахад хаалганы түшмэл овог нэрийг асуугаад Цыши түшмэлд мэдүүлэв. Энэ Цыши түшмэл болбоос Юаньшаогийн их хөвгүүн Юаньтань болой. Юаньтань угаас Сюаньдөг хүндэлж байсанд ганцаар ирэв хэмээн сонсоод даруй хаалгыг нээн гарч угтав. Яаманд залж оруулан учрыг нарийвчлан асуутал Сюаньдө цэрэг дарагдаж, дагаар ирсэн учрыг гарган хэлэхэд Юаньтань Сюаньдөг өртөөний гэрт буулгаж бичиг явуулан эцэг Юаньшаод мэдүүлж, нэгэнтээгүүр харьяат цэрэг мориор Сюаньдөг хамгаалан Пин Юаньгийн зах хүртэл хүргэсэнд Юаньшао биеэр олныг дагуулан Езюньгээс гучин газрын адагт хүрч Сюаньдөг угтан авсанд Сюаньдө ёслон тал өгөв. Юаньшао хариу ёсолж өгүүлрүүн: “Урьд өдөр бага хөвгүүний өвчингийн учир цэргээр өмгөөлөхийг алдсан дотроо нэгэн ч амаргүй байсан бөлгөө. Эдүгээ завшаан олж золгосон нь угаас мөрөөдөн санасныг амгуулав” хэмээсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Ганцаар мохсон Любэй хэдийнээс тугийн доор эрэн ирсүгэй хэмээвээс харин тохиол учирсангүй болой. Эдүгээ Цаоцаод шахамдагдан хүүхэд эмсээ цөмийг алдаж, санахад жанжин дөрвөн зовхисын эрдэмтнийг багтаан авч буй хэмээн тийнхүү ичгүүрийг санасангүй шууд дагаар ирэв. Гуйх нь үлдээн авч тэжээвээс амалдаж ачийг эрхгүй хариулсугай!” гэхэд Юаньшао ихэд баярлан тэсгэлгүй зузаанаар хүндэлж хамт Зижоуд суув.

Тэндээс Цаоцао тэр шөнөдөө Сяопэйг авч даруй цэрэг орж Сюйжоу балгасыг байлдахад Мижү, Зянь Юн сахин чадахгүй тул аргагүй гээж буруулав. Чэньдөн Сюйжоу балгасыг өргөн барьсанд Цаоцао их цэргийг авч балгасанд орж иргэнийг тогтоосон хойно зөвлөлийн сайдуудыг дуудаж Сяпиг авах аргыг зөвлөхөд Сюнь Юй өгүүлрүүн: “Юньчан Сюаньдөгийн эм хүүхдийг хамгаалан энэ хотыг үхэн сахижээ. Хэрэв хурдан очиж авахгүй болбоос Юаньшаод автагдах болов уу?” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Би ер Юньчангийн цэргийн эрдэм, хүний хэрийг хайрлаж олж өөрийнх болгосугай хэмээх тул хүн илгээн хэлэлцүүлэн дагуулахад хүрэхгүй” гэхэд Гуозя өгүүлрүүн: “Юньчангийн журмын амьсгал гүн хүнд тул дагахгүй буй за. Хэрвээ хүн зарж хэлэлцүүлбээс эрхгүй түүнд хорлогдмуй” хэмээсэнд цацрын доороос нэгэн хүн гарч өчрүүн: “Би Гуань гүн лүгээ өчүүхэн нөхөрлөж явсан бөлгөө. Би очиж хэлэлцэхийг хүсмүй” хэмээв. Олон үзвээс харин Жанляо ажгуу. Чэн Юй өгүүлрүүн: “Вэнь Юань190 хэдий Юньчан лугаа нөхөрлөсөн боловч би тэр хүнийг үзэхэд үгээр хэлэлцэж болох нь бус болой. Надад нэгэн арга буй түүнийг давших ухрах замгүй болгосон хойно сая Вэнь Юанийг илгээж хэлэлцүүлбээс тэр эрхгүй чансанг дагаж ирмүй”. Энэ чухамхүү:

“Холховч191 нумыг бэлтгэж зэрлэг барсыг харваж

Амтат өгөөшийг жагсаан матар загасыг гөхөдмүй”

Эгнэгт тэр арга ямрыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!

 

190 Жанляогийн өргөсөн нэр.

191 Анчны хэрэглэдэг бүгүүлсэн холховч нумыг хэлнэ. Их өвсөн дотор зоож догшин араатныг харвадаг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top