Хүний эрхийн Үндэсний Комиссоос Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж буй "Монголдоо сайхан амьдармаар байна" Залуучуудын жагсаалд оролцогчдын болон орон нутагт буюу 10 аймагт эдгээр жагсаалыг дэмжиж буй иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөө, аюулгүй байдал, хууль сахиулах явц дахь саатуулах, баривчлах үйл ажиллагаа, болзошгүй хүний эрхийн зөрчлийн асуудалд хяналт тавин ажиллажээ.
Комиссын гишүүн Д.Сүнжид, Б.Энхболд нар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харъяа Эрүүлжүүлэх, саатуулах байранд ажиллаж, Эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, хурандаа С.Сугаржав, Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга С.Чагдар нараас нөхцөл байдлын талаар тайлбар, мэдээлэл авч саатуулагдсан иргэдтэй уулзан хяналт тавьсан байна.
Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Г.Нарантуяа, гишүүн Б.Энхболд, нар ЦЕГ-ын дарга, хошууч генерал, Дотоодын цэргийн командлагч Ж.Болдтой уулзаж, жагсаал цуглааны үеэр интернетийн сүлжээ унагасан, цагдаагийн алба хаагчид хүч хэрэглэн жагсаалыг тараасан, жагсаалд оролцогчдыг албадан саатуулсан үндэслэлийн талаар тодруулга, тайлбар авч иргэдийн тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хүндэтгэх, үндэслэлгүйгээр иргэдийг саатуулахгүй байх, баривчлах, саатуулах тохиолдолд иргэдтэй хүнлэг харьцах, гэр бүлийн гишүүд, өмгөөлөгч, ойр дотны хүнд нь мэдэгдэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангаж ажиллахыг зөвлөж анхааруулжээ.
Түүнчлэн Комиссын гишүүн Х.Мөнхзул иргэдийг өмгөөлөгчгүйгээр байцаасан гэх мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн газарт ажиллаж зөвлөмж өгч ажиллалаа. Мөн Комиссын гишүүд “Эмнэсти интернэшнл Монгол” ТББ-ын төлөөллийг хүлээн авч, жагсаал цуглааны үеэр хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийн хэрэгжилтэд хамтран мониторинг хийж, хяналт тавьж ажиллах талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл ( 2 )
мөнх эрдэнэ хэний даалгаврыг биелүүлж явааг мэдэх хүн байнауу.энэ жагсаал чинь элбэгээ баттулга хоёрын тэмцлийн зах зух нь бишүү15 санал бол маш зөв,саналаа хэлсэн залуучууд яваад ард нь гал, өндөг,чулуу,талхаар зэвсэглэсэн хэдэн согтуучууд мөнхэрдэнэ-ийн турхиралтаар чулуу,өндөг,талхаа шидэж танхайрсан
залуус жагслаа, үгээ хэллээ, ЕС санал хүсэлтийг нь хүлээн авч тодорхой хариу өглөө. Залуус хуучин ах нар шигээ сууна, өлсөнө, үхнэ гэж айлгасангүй, монголдоо сайхан амьдрах боломж олгооч, авилгыг устгаач, луйварын гэмт хэргүүдийг шийдвэрлээч гэсэн зөв зүйтэй санал хэллээ. Гэтэл яагаад тарахгүй бга нь ойлгомжгүй, …хэн нэгний турхиралт, өдөөн хатгалганд автаж, хууль зөрчсөн үйлдвэл хийх юм биш бга гэсэн хардлагыг төрүүлж бна.