Зөгийн балны хэрэглээг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн чанарыг сайжруулах “Honey week” долоо хоногийн аяныг арван нэгдүгээр сарын 13-21-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага болох “Жайка”-гийн санхүүжилтээр хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээний Мастер төлөвлөгөө боловсруулах “MONMAP” төслийг Монголд хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд долоо хоногийн аян зарлаж, зөгийн бал хэрэглэгчид болон зөгийн аж ахуй эрхлэгчдэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулсан юм.
“Монгол Улс дэлхийд өргөн уудам тал нутгаар төсөөлөгддөг тул байгалийн гаралтай зөгийн балыг давуу тал болгох боломжтой”
“Honey week” долоо хоногийн аяны хүрээнд арван нэгдүгээр сарын 16-нд зөгийн балны үйлдвэрлэлийн чанарыг сайжруулах, борлуулах талаар сургалт, хэлэлцүүлэг боллоо. “Зөгийн балны экспорт, борлуулалтын боломжууд” цахим семинарт салбар, салбарын төлөөллүүд санал бодлоо солилцож, зөгийн балны үйлдвэрлэлд тавигдах стандарт шаардлагыг танилцууллаа.
Семинарын эхэнд “Honey week” аяны хамтран зохион байгуулагч МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, “Монгол Улсын хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төсөл”-ийн мэргэжилтэн Акиёо Нишияама нар мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Үүний дараа “Шанхай Шинэ Трэйд” ХХК-ийн захирал Б.Золцэнгэл Монголд үйлдвэрлэсэн зөгийн балыг Хятадын зах зээлд гаргах боломж болоод Хятадын хэрэглэгчдийн сонирхол, хэрэгцээний талаар ярилаа.
Тэрбээр “Дэлхийн дахинд Монголыг өргөн уудам тал нутаг, хөдөө аж ахуй, Чингис хаанаар төсөөлдөг. Улмаар бид ч мах сүү, ноос ноолуур гэх мэт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг Хятадад борлуулдаг. Өргөн уудам тал гэсэн бодолтой байгаа учир байгалийн гаралтай зөгийн бал гэхэд хэрэглэгчдэд хүрэхэд илүү ойрхон байна гэж би харж байгаа. Тиймээс зөгийн бол экспортлох бүрэн боломж бий” гэлээ.
“Жайка”-гаас Киргиз улсад хэрэгжүүлж буй төслийн мэргэжилтэн Харагүчи Акихиса Киргиз улсын зөгийн балны хэрэглээ болон үйлдвэрлэлийн талаар танилцууллаа.
Тус улсад “Жайка”-гаас “1 сум 1 бүтээгдэхүүн” гэх төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн зөгийн балтай холбоотой хэсгээс танилцуулж, туршлагаа хуваалцав.
Монгол улстай адил хөдөө аж ахуй эрхэлдэг Киргизчүүд зөгийн балыг хүнсэндээ өргөнөөр хэрэглэдэг байна.
Киргизчүүд хүнсэндээ сахар их хэрэглэдэг учир тус улсын зүгээс сахарын хэрэглээгээ багасгах зөвлөгөө, зөвлөмжийг иргэддээ хүргэдэг аж. Ингэхдээ жимсний чанамал, жимсний шүүсэнд сахар хэрэглэхийн оронд зөгийн балаар орлуулах зэргээр ашиглахыг уриалдаг болжээ.
Тэрбээр яриан дундуураа “Монгол гэхээр л өргөн уудам тал нутаг санаанд нь буудаг” хэмээн цухасхан дурдаж байлаа.
Семинарын төгсгөлд ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам зөгийн аж ахуй эрхлэгчдийн үйлдвэрлэлдээ анхаарах зүйлсийг танилцуулав.
"Сайн хэрэглэгчид сайн зөгийчдийг бий болгодог"
“Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Нэмүү Өртгийн Сүлжээний Мастер Төлөвлөгөө Боловсруулах Төсөл”-ийн Зах зээл, Ложистикийн Судалгаа Хариуцсан мэргэжилтэн Акиёо Нишияама төслийн хаалтын үгийг хэллээ. Тэрбээр “Арван нэгдүгээр сарын 13-21-ны хооронд зохиогдсон зөгийн балны долоо хоног та бүхэн таалагдсан гэдэгт найдаж байна.
Бид зөгийн балны долоо хоногоор дамжуулан зөгийн аж ахуй эрхлэгчдэд бизнесийн шинэ боломжуудын талаар мэдээлэл хүргэхийг зорьсон. Мөн хэрэглэгчдэд зөгийн бал, зөгийн аж ахуйн талаар мэдлэг мэдээлэл хүргэхийг хүссэн.
Энэхүү арга хэмжээнээс үүдэн хэрэглэгчид зөгийн балыг хэрэглэх янз бүрийн аргаас суралцаж, зөгийн балны талаар мэдлэгээ өргөжүүлсэн гэж найдаж байна.
Зөгийн бал хэрэглэгчдэдээ хандаж хэлэхэд одооноос эхлэн зөгийн бал худалдаж авахдаа чанар, стандарт, амтаараа ялгаатай байдгийг санаж, өөр өөрсдийнхөө амттай, сайн гэж үнэлсэн зөгийн балаа олохыг хүсье. Мөн та бүхэн хичээж ажиллаж байгаа зөгийн аж ахуй эрхлэгчдээ дэмжээрэй. Сайн хэрэглэгчид сайн зөгийчдийг бий болгодог.
Зөгийн аж ахуй эрхлэгчид та бүхнийг ч гэсэн зөгийн балны долоо хоногийн аяны хүрээнд явагдаж буй үйл ажиллагаануудаас суралцаж, шинэ бизнес, зах зээлийн эрэлт, хэрэгцээний талаар бодож үзээсэй гэж хүсэж байна. Зөвхөн өнөөдрийн худалдан авагчаа бус шинэ хамтрагч, шинэ бүтээгдэхүүний талаар ч бас бодолцоорой” гэлээ.
Зөгийн балны орцтой шилдэг хоол үйлдвэрлэгчээр "Asiana Central" ресторан шалгарлаа
Аяны өдрүүдэд өндөр зэрэглэлийн, томоохон 14 ресторан, кофе шопуудаар зөгийн балны найрлагатай тусгай менюгээр үйлчилсэн. Эдгээр газраас зөгийн балны орцтой хоол үйлдвэрлэсэн шилдэг рестораныг шалгаруулсан юм. Улмаар "Asiana Central" ресторан зөгийн бал ашиглан хийсэн хоолоо хамгийн их борлуулснаар шилдгээр шалгарсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
hujaa