NEW 76 I Т.Доржхандын долоон шалтгаан

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 03

Түүнийг харахаар яагаад ч УИХ-ын гишүүний дүрээр сэтгэлд буудаггүй нь гачлантай хийгээд хамгийн эхний шалтгаан. Харин олон охидтой айлд өссөн, Анагаахын сургуулийн буурь суурьгүй оюутны төрхөөр сэтгэлд буух нь удаах шалтгаан юм. Өссөн орчноосоо болоод нэг тийм “завжилсан” нөхөд хаа нэг таардаг учраас энэ тухайд дурдахгүй, нэг мөр хойш тавъя.

Харин тэр хэдийгээр түмэн олны нүдэнд эрэмбэ зааж, буурь суурьтай харагддаггүй ч Монголоос гадна гурван өөр улсад боловсрол эзэмшсэн, ажилласан, төрийн албаны туршлага цуглуулсан гээд УИХ дахь том сэхээтний нэг. Үүгээрээ тэр яах аргагүй өнөөгийн парламентад жин дарна. Хэдийгээр цар тахлын улмаас хатуу чанга хөл хорион дунд бүрэн эрхийнхээ жил хагасын хугацааг өнгөрөөсөн ч өөрийнхөө хүчинд олны танил болж амжсан. “Жавжилдаг” нөхөд олны танил болох нь амархан л даа. Тэр наймааны хөгшин морь шиг болсон ХҮН-ын дарга болж, парламентад суудалтай намын тоог нэгээр нэмсэн азтай эрийн тоонд орно.

Парламентад суудалтай намын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Энхбатыг сойгоод үзсэн их санаатай эр. Хэдийгээр нэр дэвшигч нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялаагүй ч Т.Доржханд гэдэг дүрийг түмний нүд, сэтгэлд улам ойртуулж өгсөн кампанит ажил болсон байх. Ерөнхийлөгчтэй болохоосоо илүүтэй хувь улстөрчийн пиар ажиллагаа байсан нь гуравдугаар шалтгаан юм. Гэхдээ ХҮН-аас нэр дэвшигч АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнийг бодоход бараг л ялалт үзүүлэх шахав. Даанч Д.Энхбат сонгуулийн эцсийн мөчид цар тахлын халдвар авсан нь сонгуульд нөлөөлсөн гэх шинжээчдийн байр суурь бий. Ингэхээр ХҮН-ын нэр хүнд Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ногоон нам гэх зэрэг улс төрийн хүчнээс хамаагүй дээр байгааг харуулна. Тэр ч бүү хэл улс төрийн хоёрдогч том хүчин АН-аас ч өндөр рейтингтэй байгааг харуулсан.

Тэр тангараг өргөх гэж Төрийн ордонд ирэхдээ үдээсгүй пүүзээр гангарсан нь санаандгүй хэрэг огт биш. Тэр зүгээр л шуугиан тарих гэсэн юм. Түүнээс бус эрх биш Төрийн ёслол хүндэтгэлийн хувцаслалт, дүрэм жаягийг мэдэж таарна. Гагцхүү сенсааци тарих л гэж үдээсгүй, дэлгэсэн пүүз өшиглөж ирсэн нь дөрөвдүгээр шалтгаан юм. Ингэхэд тэр өөрөө ч үдээсгүй яваа хүн байх. Т.Доржхандын хувьд бусад “завжилагчид”-аас давуу талтай. Тэр Ж.Батзандан нар шиг гудамжны жагсаалаас хоосон лоозон бариад парламентад ирээгүй, Л.Элдэв-Очир нар шиг компанийн эрх ашгийг хамгаалахаар хөрөнгөөр зодож төрд ирээгүй гэж боддог. Чухам ямар эрх ашгийн төлөө төрд орж ирснийг өнөөдөр тодорхойлох аргагүй. Бүрэн эрхийнх нь хугацаа тал дундаа ч ороогүй байхад дүгнэх нь эртэдсэн хэрэг болно.

Урьд өмнө Сангийн яамны Төсвийн бодлогын газар мэргэжилтэн, Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга, Зээл тусламжийн бодлогын газрын орлогч даргаар тус тус ажилласан. Мөнхүү НҮБ-ын “Түмэн бүс хөтөлбөр”, Азийн хөгжлийн банкны “Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж байсан. Үүнээс харахад тэр төрийн албаны арвин туршлагатай, хэний ч дор орохгүй. Гэвч одоогоор энэхүү дадлага туршлагыг түүнээс олж харахад хэцүү. Дээд түвшинд бодит ажил болгоно гэдэгт ч эргэлзээ төрдөг. Хэтдээ харуулах байх гэж найдахаас өөр аргагүй.

Өөрийг нь өргөж явах магадлалтай хэдэн сургуулийн нэрийг дурдахгүй өнгөрч болохгүй, гомдох байх. Энд тэнд гоншигнож яваагаас харахад ихээхэн гомдомхой нөхөр ч байж мэднэ. Чухам юу сурсан эсэхийг 2024 оны сонгууль дүгнэх учраас өнөөдөр би ийм тийм гэж дүгнэх ч хэрэггүй. Тэрбээр МУИС, Японы Хитоцубаши их сургууль, АНУ-ын Харвардын их сургууль, Их Британийн Оксфордын их сургууль тус тус дүүргэж, Япон Улсын Сангийн яаманд дадлагын ажилтан, АНУ-д Олон улсын валютын сан, Ази, Номхон Далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөх гэх мэт алба хашиж явсан хүн. Ийм намтар харсан хэн ч биширч шүтэхээр байдаг ч өөрийнх нь явуулж байгааг үйл ажиллагааг харахаар нэг л ядмаг байдаг нь тавдугаар шалтгаан юм. Манай ихэнх залуу түшээд шиг худлаа намтар зоогоогүй л юм бол үр шим нь ямар нэгэн байдлаар харагдах болно.

Улс төрд өөрийн гэсэн нам аваад орж ирсэн хүн. Эх сурвалжуудын хэлж байгаагаар бол ХҮН-ыг С.Ганбаатар худалдаж аваад, цааш нь Т.Доржхандад наймаалсан гэх мэдээллийг ч гаргаж тавьдаг. Мөн олны салхинаас чимээ “шүүрдэж” суухад ХҮН нь эрх баригчдаас чамгүй мөнгө сааж, улс төрийнхөө амьжиргаагаа залгуулдаг гэх. Мөнгө төгрөг авч өгч байсныг хараагүй учраас энэ тухайд... Гэхдээ С.Ганбаатар, Б.Найдалаа нарын гараар дамжсан гэхээр хөрөнгө, мөнгөнөөс салгаж ойлгох аргагүй юм.

Миний хувьд Т.Доржхандыг өөрийн бизнесээр улс төрийн үйл ажиллагаа явуулж ирсэн гэж боддог нь ташаарсан байхыг үгүйсгэхгүй. Яагаад ийн бодов гэхээр тэр “Монре Даатгал” компанийн 88 хувь, “Монреимпекс” компанийн 30 хувь, “Зээл Эм Эн” компанийн 60 хувийг тус тус эзэмшдэг. Ийм хэмжээний эзэмшил хөрөнгөтэй хүн ах намын гар хардаггүй байх гэж найдна. Ямартай ч түүний “Монре Даатгал” компани нь даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ХҮН-ын дарга асан угшил нэгт Б.Найдалаа бүртгэлтэй байгааг дурджээ. Харин “Монре импекс” компани нь гадаад худалдаа, хүнсний дэлгүүр, барааны дэлгүүр, зоогийн газар, биллиард, саун, үсчин, хүүхдийн цэцэрлэг, ажлын байрны түрээс зэрэг бизнесийн үйл ажиллагаа явуулдаг бол “Зээл Эм Эн” компани нь цахим орчинд түргэн шуурхай зээл олгодог байна. Үүнээс харахад гол төлөв “мөнгө хүүлэх” чиглэлээр бизнес эрхэлдэг нь зургаадугаар шалтгаан юм.

Түүний тэргүүлдэг нам нь гар дамжин зарагдаж байсан учраас үнэт зүйл дээр суурилж боссон үнэ цэнтэй улс төрийн хүчин биш хэмээдэг. Уг нь компани, аж ахуйн нэгж байгуулаад нэгэндээ зарж байхыг дуулснаас улс төрийн нам байгуулаад зарж байна гэж дуулсангүй. Тэр тусмаа иргэдийн хатуу итгэл үнэмшил, өөрийн үнэт зүйл дээр оршин тогтнох учиртай улс төрийн нам зарна гэдэг хэний ч санаанд багтахгүй зүйл хэдий ч тэр ХҮН-ыг авсан гэдэг.

Т.Доржханд үнэхээр боловсрон оюун нь ханаж, ажиллаж туршлага нь жигдэрсэн эр хүний хувиар эх орон, ард түмнийнхээ төлөө төрд ирсэн бол улс төрийнхөө үйл ажиллагааг өөрчлөх ёстой байх. Тэгээд ч ардчиллын богино түүхтэй Монгол Улсад гуравдагчид хэзээ ч бодлого шийдвэр гаргах түвшинд хүрч чадахгүй. Магадгүй дэвслүүлж, аль муугаа ч үзэх тал бий. Тиймээс Т.Доржханд нам “худалдаж” авах бус өөрийн үнэт зүйлд ойр намд нэгдэн дотроос нь гэрэлтүүлэх замаар явах байсан байх. Хэтдээ энэ замаар явахгүй бол ХҮН ч тэр, Т.Доржханд ч тэр улс төрийн тавцангаас арчигдах эцсийн буюу долоодугаар шалтгаан байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үндэсний(66.181.160.126) 2021 оны 11 сарын 04

Дордохын 7 , хөгийн халтар

0  |  0
зочин(183.177.99.230) 2021 оны 11 сарын 04

энэ Доржханд гэж Бангледиш царайлчихаад хаа очисон газраа унгас алдах юм аа өөрөө нээх цэвэрхэн юм шиг бодоод

1  |  0
Top