АSIA.NIKKEI: Монголын нөхцөл байдал Нигерийнхээс ялгаа алга

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 20

“Аsia.nikkei” сайтад нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлээс хэсэгчлэн хүргэж байна.


“Pandora Papers” нь Монголын  олон нийтийн сүлжээгээр шуугиан тарьсан ч  тус улсын улс төрийн хоёр том нам болох эрх баригч Монгол Ардын нам болон сөрөг хүчин Ардчилсан нам энэ асуудлаар одоог хүртэл дуугүй байна.

Дэлхийн банкнаас гаргасан тайланд дурдсанаар Монгол Улс 2004 оноос хойш 28 тэрбум ам.долларын өртөг бүхий ашигт малтмал үйлдвэрлэжээ. Үүнээс 2019 оны байдлаар 200 сая ам.долларыг Тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв санд хадгаламж болгон хадгалжээ.

Монгол Улс ашигт малтмалынхаа бараг бүх гарцыг ашиглаад зогсохгүй харин ч эсрэгээрээ их хэмжээний зээл авч, сөрөг баялгийг хойч үедээ өвлүүлж өгсөн. Монгол Улс хэдхэн жилийн дараа баялгийн хараал болох эрсдэлтэй байна.

Баялгийн хараал гэсэн нэр томьёог анх эдийн засагч Ричард Авти байгалийн баялгийн элбэг дэлбэг байдал хөгжилд хүрэх зам биш гэдгийг тайлбарлахад ашиглаж байжээ.

Байгалийн баялаг нь  улс төрийн үйл явцыг хордуулж, институциудыг нь эвдэж, эдийн засгийг гажуудуулж, бүр салан тусгаарлах үзлийг  бий болгодог. Монголын уул уурхайн салбар дахь тэсрэлт нь хилийн чанадад болсон азгүй үйл явдлын үр дүн байдаг. 2010 онд Австралийн нүүрсний уурхайнууд сүүлийн хэдэн арван жил тохиогоогүй их үерт өртөж, Хятад руу нүүрсний экспортоо зогсоосон. Хятадын төмрийн хүдэр хайлуулах үйлдвэрүүд хөршөөсөө авах нүүрсний импортоо нэмэгдүүлж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор 2011 онд Монголын ДНБ 12 сарын хугацаанд 17 хувиар өссөн нь юуны түрүүнд БНХАУ -ын хилээс 240 км -ийн зайд орших Тавантолгой дахь нүүрсний орд, Оюу толгойн  зэсийн ордтой холбоотой байв.

Одоогоор  уул уурхайн салбар Монголын ДНБ-ий бараг дөрөвний нэгийг бүрдүүлж байгаа бөгөөд ашигт малтмалын экспорт нь төсвийн орлогын 26 хувийг эзэлж байна. Харин  2000 оны эхэн үед 10 хувь байсан билээ.

Монгол Улсад  ойролцоогоор 2.75 их наяд ам.долларын өртөгтэй нүүрс, зэс, алт, газрын ховор элемент, ураны орд илрээд буй. Энэ нь 3.3 сая хүн амтай улсын хувьд  иргэн бүрээ саятан болгоход ч хангалттай юм. Гэхдээ боломж бололцоо хүн бүрт харилцан адилгүй байгаагаас болон авлигын улмаас ихэнх монголчууд ашиг хүртэх боломжгүй болсон. Тус улсын ядуурлын түвшин 28 хувь, баялгийн зөрүү  нь 2012 оны эхэн үеийнхээс огт өөрчлөгдөөгүй хэвээр байна.

Оксфордын их сургуулийн судлаач Пол Коллиер “Засаглал бол нөөцийн хараалаас зайлсхийх гол түлхүүр юм. Хүчирхэг засаглалтай улс орнууд байгалийн баялаг илрүүлснийхээ дараа  гэнэтийн ашгийг ухаалгаар ашиглах хандлагатай байдаг. Тухайлбал, Норвегийг дурдаж болох юм. Гэхдээ Нигери зэрэг сул  засаглалтай орнуудын хувьд  байгалийн баялаг онцгой хор хөнөөл учруулж байгаа юм” гэжээ.

Монголчууд баялагтаа хэтэрхий үргэлгэн хандаж буйгаа маш сайн мэддэг. Гэхдээ энэ талаар юу хийх нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Тус улсын шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Баялагтаа эзэн Монгол" гэсэн уриатайгаар өнгөрсөн зургаадугаар сард сонгогдсон юм. Ерөнхий сайд байхдаа У.Хүрэлсүх 695 тэрбум төгрөгийн (244 сая ам.доллар) тэтгэврийн зээлийг төрийн мөнгөний ордоор баталгаажсан бондыг зарж тэглэсэн. Дараа нь сонгуулиас нэг сарын өмнө У.Хүрэлсүхийн кабинет 216 тэрбум төгрөгийг тэтгэвэрийн зээлгүй байсан тэтгэвэр авагчдад тараасан. Монголд төр нь иргэддээ бэлэн мөнгө тараах ердийн зүйл болжээ.

Тэтгэвэр авагчид бол сонгуулийн үр дүнд хамгийн чухал нөлөө үзүүлдэг хүмүүс. Учир нь, Монголын тэтгэвэр авагчдын 75 хувь нь, 18-25 насны залуусын 50 хувь нь л идэвхтэй санал өгдөг. Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев тус банкны гаргасан тооцоогоор сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улс ашигт малтмалаас олсон нэг доллар тутмынхаа 99 центийг хэрэглэж, ердөө нэг центийг хэмнэсэн тухай онцолжээ.

Сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авах нь 2008 оноос эхэлсэн бөгөөд МАН-аас уул уурхайн орлогоос иргэн бүрт 700 ам.доллар өгнө гэж амласан. Маргааш нь тус намын сөрөг хүчин болох Ардчилсан нам 1000 ам.доллар амласан. Энэ дүн нь тухайн үеийн тус улсын ДНБ-ий 60 хувийг эзэлж байв. Дэлхийн банкны статистик мэдээллээр Монгол Улсын ДНБ 2010-2020 онд жилд дунджаар 6.5 хувиар өссөн боловч иргэд эдийн засгийн өсөлтийг мэдэрч чадахгүй байна. Ард иргэд эцэс төгсгөлгүй үргэлжлэх үнийн өсөлттэй л нүүр тулгарч байгаа юм.

Эдийн засгийн ийм хурдацтай өсөлт нь ядуурлын түвшинг 2010 онд 38.7 хувь байсныг  2012 онд 27.4 хувь хүртэл огцом бууруулахад хүргэсэн боловч 2018 онд Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар энэ үзүүлэлт 28.4 хувь хэвээр байжээ.

Монголын одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2015 онд "Монгол  Катар шиг болж чадахгүй ч Нигер шиг болж болохгүй" гэж байжээ. Харин одоогоор Монгол Улс Нигер шиг харагдаж байна.

2011 оноос Монголын Засгийн газар орлогынхоо тодорхой хэсгийг өвийн санд хуримтлуулж эхэлсэн. Гэсэн хэдий ч төлөвлөгөөний дагуу яваагүй бөгөөд төсвийг зарлагад зарцуулсаар байв. Төлөвлөгөөнүүд үндсэндээ бүтэлгүйтсэн гэж хэлж болно. Дэлхийн банкны  Монгол дахь суурин  төлөөлөгч  Михнев “Никкэй Ази” агентлагт өгсөн ярилцлагадаа "Байгалийн баялгаас хамааралтай орнуудад эдийн засгийн  хэлбэлзэл ажиглагдах нь зүйн хэрэг боловч бусад түүхий эд экспортлогч орнуудтай харьцуулахад Монгол Улсын макро эдийн засгийн хэлбэлзэл өндөр байна" гэжээ. Асуудлын үндэс нь эдийн засгийн бус харин улс төрийн шинжтэй байж магадгүй юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Eh oronch(202.126.88.227) 2021 оны 10 сарын 20

Yamar ard tumen baina tiim zasag baina. tiim bolhoor hatuu changa zuv bodlogo heregjuulch chadah zuv humuusiig songoj ogt chadahgui, esregeer belen mungo amladag, avilaga husdag, popordog zalit etgeeduudiig songosoor l baih bolnoo.

0  |  0
иргэн(202.9.46.94) 2021 оны 10 сарын 20

МОНГОЛД БАЯЛАГИЙН ХАРААЛ ХҮРВЭЛ ИРГЭД СҮҮЛИЙН 30 ЖИЛ ТӨР ЗАСАГТ БАЙСАН БҮХ ХҮМҮҮСЭЭС ХАРУЦЛАГА НЭХЭЖ, ХӨРӨНГӨӨ НОТЛОХЫГ ШААРДАХ БОЛНО ШҮҮ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

0  |  0
aaa(202.21.108.34) 2021 оны 10 сарын 20

MAH buzar

0  |  0
Top