Цар тахлын дэгдэлт буурсан гэгээн мэдээний шил даран, шатахуун түлш, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн бараан мэдээ нөмөрлөө. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын дэгдэлт, нас баралт, хөл хорио гээд монголчууд бид хоёр жил амаргүй нөхцөлд амьдарсан. Үүнийг дагаад нийгмийн уур амьсгалд ч гэрэл гэгээ тун бага байв. Үхэл зовлон, цар тахал, бөөндсөн шагнал, Ерөнхийлөгчийн сонгууль дундуур баяр наадмын уухай хадаж байсан ч наадмаа зохион байгуулаагүй. Тиймээс олон хүн сэтгэл гонсгор үлдсэн. Цар тахал тархахаас сэрийлэн наадмаа зохион байгуулаагүй ч баяр наадмын урт амралтын өдрүүдэд Хөвсгөл, Өгий гэх мэт байгалийн үзэсгэлэн бүрдсэн газруудаад наадмын хэмжээний бөөгнөрөл үүссэн. Зарим газарт бүр илүү бөөгнөрөл үүссэн байдаг. Есийн ес хоног амарсан хүмүүс өөр юугаа хийх билээ.
Одоо хэдийгээр аюултай ч цар тахлаас зугтах бус сөрж амьдрах цаг үетэй нүүр тулж байна. Зөвхөн бид ч юу байхав, дэлхий нийт сөрж амьдрахаар шийдсэн нь харагдана. Ажил амьдралаа хэвийн горимд шилжүүлэх арга зам хайж байна.
Хэдийгээр баяр наадмаа зохион байгуулаагүй ч бүсчилсэн морин уралдаан зохион байгуулах шийдвэр гарчээ. Тодотговол, Спортын холбоодоос ирсэн саналуудыг үндэслэн аливаа тэмцээн уралдааныг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, үзэгчгүй зохион байгуулах боломжоор хангах, үүнийг Улсын онцгой комиссоор дахин хэлэлцүүлэх чиглэлийг өгсөн. Өөрөөр хэлбэл аливаа тэмцээн уралдааныг үзэгчгүй зохион байгуулахаар хангах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна. Тиймээс одоо гагцхүү Улсын онцгой комиссын зүгээс наадмын төрлүүд болох бөх, сур, морин уралдаан болон хөлбөмбөг, сагсан бөмбөг, воллейболын лигийн тэмцээнүүд зохион байгуулах боломжтойг дуулгасан. Үүнийг зөв зүйтэй шийдвэр хэмээн олон хүн үзэж байна. Хөлбөмбөгийн талбайд 20 хүн тоглолоо гээд юу болох вэ. Бүсийн наадамд 50 морь уралдууллаа гээд юу болох вэ. Үндэсний хэмжээний лиг, бусад ач холбогдол бүхий уралдаан тэмцээнийг халдвар хамгааллын дэглэм дор зохион байгуулахаас өөр аргагүй. Энэ бүгдийг дагалдсан амьжиргааны асуудал ч сэргэнэ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "Хариуцлагын гэрээ" байгуулж, караоке, баарыг нээх саналыг Хотын даргад уламжилсан дагуу халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх чиглэлээр “Хариуцлагын гэрээ” байгуулж, үйл ажиллагааг үе шаттай эхлүүлэх ажлыг зохион байгуулах боломжтойг дуулгалаа.
Засгийн газраас ирэх есдүгээр сарын 1-нд хичээл оруулахаар шийдвэр гарлаа. Ингэхдээ тодорхой журамд нийцүүлэн танхимаар хичээллэх болов. Засгийн газар, салбар яамнаас хичээл оруулахын тулд 12-17 насны хүүхдийг дархлаажуулалтад хамруулаад эхэлсэн. Одоогийн байдлаар 12-17 насны 198,150 хүүхэд нэгдүгээр тундаа хамрагдаад байгаа бол 123,033 хүүхэд хоёрдугаар тунд хамрагдаад байгаа гэнэ. Энэ мэт хөл хөдөлгөөнд орох шийдвэрүүд шил даран гарч байгаа нь сайшаалтай. Хоёр жил шахам зогсонги байдалд байсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа ч энэ бүх шийдвэр тушаалыг даган сэргэнэ.
Монгол Улс хүн амынхаа 60 гаруй хувийг дархлаажуулалтад хамруулчихлаа. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хүн амын 60 хувь дархлаажуулалтад хамрагдахаар халдварын тоо эрс буурдаг гэнэ. Тодотговол хүн амын 66,4 хувь нь нэгдүгээр тунд, 60,4 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байгаа аж. Халдварын тоо буурч байгаа гэгээн мэдээтэй зуузай холбон дельта вирус гэх зүйл манай улсад ороод ирлээ. Энэхүү вирус нь дэлхийн 160 гаруй оронд тархаад байгаа учраас нэгэнт орж ирэх нь тодорхой байсан зүйл. Тэгэхээр бид дельта виурусын эсрэг маш эрчимтэй арга хэмжээ авахад аюул багасна гэдгийг ч салбарын сайд хэлнэ лээ. Ингэхээр монголчууд бид аюулт өвчинтэй нүүр тулан сөрж, амьдрал ахуйгаа босгохгүй бол нөхцөл байдал улам дордоно.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
.jpg)

Сэтгэгдэл ( 0 )