"Талын хөх чоно" тэнгэрт дэвшлээ

2021 оны 07 сарын 06

"Их замын эхэнд" киноны Хөх чонын дүрээр нь ард тvмэндээ хайрлагдсан, Монгол Улсын Гавьяат жүжигчин Совдын Дамдин тэнгэрт дэвшлээ.

Тэрээр 1943 оны долдугаар сарың 15-нд Булган аймгийн Бугат сумын нутаг Ханжаргалант хэмээх газар мэндэлжээ.

С.Дамдин дунд сургуулиа төгсөөд нийслэл Улаанбаатарт ирж, хуучнаар Багшийн дээдийн Хөдөлмөрийн ангид элсэн хажуугаар нь драмын ангид шалгалт өгч тэнцжээ.

Тэр үедээ С.Дамдин шүтэн хүндэлдэг “Ардын элч” киноны Дарьбазар буюу Занабазар шиг болохыг мөрөөдөж, жүжигчний ангид дөрвөн жил суралцаж, мэргэжлийн жүжигчнээр 1967 онд  УБДС-ийн Кино драмын ангийг төгсжээ. Ингээд 1967 оны долоодугаар сарын 01-нд Драмын театрт орж, өдгөөг хүртэл ажилласан түүхтэй.

УДЭТ-т жүжигчнээр ажиллах хугацаандаа Монголын ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан тайз дэлгэцийн бүтээлийн гол болон туслах дүр бүтээж, бид бүхний хайр хүндлэлийг хүлээж ирсэн шилдэг жүжигчдийн нэг байлаа.  1967 онд кино жүжигчнээр төгссөнөөс хойш өнөөг хүртэл 160-аад жүжиг, 50 орчим кинонд гол болон туслах дүр бүтээсэн байна.

Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж 2010 онд Ардын хувьсгалын 89 жилийн ойгоор “Монгол улсын гавъяат жүжигчин” хэмээх хүндтэй цолыг хүртээж байв. Түүний бүтээсэн олон уран бүтээл Монголчуудын сэтгэлд төдийгүй гадаадын зарим улс орнуудын үзэгчдийн сэтгэлд нийцэж байв. Иймээс Оросын Холбооны Буриад улсын гавъяат жүжигчин хээм эрхэм алдрыг ч мөн хүртсэн юм.

Монголын ард түмэн түүнийг “Их замын эхэнд” киноны “Хөх чоно”-ын дvрээр ямагт хүндэлж дурсаж явдаг билээ. Мөн түүнчлэн “Шинэ зам”, “Буцах хаяг”, “Ширүүн тулааны өмнө”, “Хөөрхий Марат”, “Ээдрээ”, “Тамын дурлал”, “Цахлай”, “Шөнө амталсан нулимс”, “Атга нөж”, “Нэргүй од”, “Манайд амьдарья”, “Монгол улсын төлөө зүтгэе”, “Хубилай хааны зарлиг” , “Хэен Хуар” зэрэг кино, жүжгийн дүр бүтээсэн хосгүй авъяаслаг уран бүтээлч байлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top