Өнөөдөр 2020.12.10. Энэ оны 345 дахь өдөр бол он дуусахад 21 хоног үлдэж байна.
Монгол эх оронд маань нар 08 цаг 31 минутад мандлаа. Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө -18 хэм, шөнөдөө -30 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын хүний эрхийн өдөр. Шведэд Альфред Нобелийн өдөр, Тайландад Үндсэн хуулийн өдөр, Иракт Ялалтын өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Хятадын волейболч, дасгалжуулагч Лан Пин, Украины эстрадын дуучин Таисия Повалий, Их Британийн дуучин, гитарчин Брайан Молко, Германы биатлонч, олимпын хоёр удаагийн аварга Андреа Хенкель, Аргентины хөл бөмбөгч Гонсало Херардо Игуаин зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1828 — I Николайн зарлигаар Санкт-Петербургт Технологийн дээд сургууль үүсгэн байгуулагджээ.
1848 — Луи Наполеон Бонапарт Бүгд найрамдах Франц улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдов.
1901 — Нобелийн шагналыг анх удаагаа гардуулжээ.
1941 — Өмнөд Хятадын тэнгист Японы эргийн нисэх хүчин Их Британийн “Уэльсийн хунтайж” болон “Рипалс” байлдааны хөлөг онгоцыг живүүлжээ.
1948 — НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлав.
1997 —Акмола хотыг Казахстаны нийслэл хэмээн албан ёсоор зарлажээ.
2016 — Истанбулд террорист ажиллагаа болов.
Энэ өдөр үс засуулбал нүд бүрэлзэн улцайна.
Эл өдөр туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Өнөөдөр бүтээл туурвил эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг өгөх, хандив өргөх, нялхсын хурим хийх, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, нохой худалдаж авахад тохиромжгүй. Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Таны өнөөдрийн ажил үйлст амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )