Энэ жилийн наадам 25 жилийн өмнөхийг яг давтаж, улсын цолны босгыг 17 бөх алхлаа

Г.Билгүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Үндэсний их баяр наадмын зургаагийн даваа буюу улсын харцага цолны даваа эхлэхэд хэдхэн хором үлдээд байна. Энэ жилийн наадам 25 жилийн өмнөх буюу 2001 оны наадмынхтай олон талаараа төстэй болсоор байгаа юм.

Нэгд, 1024 бөх барилдсан. Үүнээс 17 бөх улсын начин цолны босгыг буюу тав давлаа. Мөн зургаагийн даваанд улсын цолны босго давсан 17 бөхөөс 6 нь хоорондоо тааран барилдах нөхцөл үүслээ.

2001 оны наадамд яг ийм ижил тооны бөхчүүд улсын цолны босгыг давж, зургаагийн даваанд улсын начин цолны болзол ангасан зургаан бөх хоорондоо оноолтоор таарч барилдаж байсан түүхтэй. Тэр наадамд Ц.Магалжав - М.Баяржавхлан, Г.Батбаяр - Д.Батбаяр, Г.Ганхуяг - Н.Бүрэнбаатар зургаагийн даваанд нугарч байсан түүхтэй. Гэхдээ тухайн үед аймгийн цолтой бөхчүүд улсын наадамд ам авдаггүй байлаа.

Харин энэ жилийн ялгаа нь аймгийн цолтой бөхчүүд улсын наадамд ам авдаг болсон учраас сүүлд үлдсэн зургаагаас аймгийн хурц бадрангуй арслан Д.Алтанцоож аймгийн арслан Б.Шаравдоржийг, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар аймгийн начин Б.Сундуйжавыг амлаж, улмаар аймгийн арслан Ө.Батсуурь, цэргийн заан Б.Гончигсүрэн нар туналаа. Б.Гончигсүрэн ийнхүү 5, 6 -гийн даваанд дараалан тунаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top