Улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн давааны эхлэл наадамчин олны сэтгэлийг баярлуулж бас багагүй цочирдуулсан дархан аваргын шийдвэрээр чимэглэгдлээ.
Дархан аварга Намсрайжавын Батсуурь энэ даваанд Баавгай заан Б.Бат-Өлзийг амлаж аваад барилдах нь уу гэтэл элэг бүсээ өөрөө тайлаад өгчихлөө. Ийнхүү Ховд нутгийн заан Б.Бат-Өлзий ес давж, улсын арслан цолны босго давлаа.
Улсын арслан цолыг түүнд 2021 оны барилдаанд түрүүлсэн тул олгох ёстой, ёсгүй гэсэн маргаан гарсаар өдийг хүрсэн. Энэхүү яриаг дархан аварга Н.Батсуурь өөрийнхөөрөө тасалж, ийнхүү тахим буулгалаа. Монгол бөхийн оргил цолд хүрсэн, нэгэн цагийн эзэн болсон бөх ийнхүү эв нэгдэл, сайхан сэтгэлийн "нүүдэл" хийж, наадамчин олныг баярлууллаа.
Одоо Б.Бат-Өлзий улсын наадмын үзүүр түрүүнд түүнтэй шөвгийн дөрвийн нөгөө хос улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан М:Лхагвагэрэл хоёрын хэн давсантай барилдах болно.

Сэтгэгдэл ( 0 )