Сансарт ховор металлыг нянгийн тусламжтай олборлохыг санал болгов

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11

Астероид болон бусад гарагс дээр газрын ховор болон үнэт металлыг олборлохын тулд астробиологичид экстреофил нян ашиглахыг санал болгожээ. Тэд энэ төрлийн эрдэм шинжилгээний туршилтыг Олон улсын сансрын станц дээр хийж гүйцэтгэжээ.

“Nature Communications” сэтгүүлд бичсэнээр, Нарны аймгийн аль ч өнцөг булан бүрд нянгийн тусламжтай ашигт малтмал олборлох боломжтой аж. Хэдийгээр сансарт олборлосон ашигт малтмалыг Дэлхий рүү тээвэрлэхэд эдийн засгийн хувьд ашиггүй ч ийм төрийн аргачлалын тусламжтай сансарт суурингуудыг байгуулах боломжтой. Тухайлбал, Сарны Шуурган далай руу нян, робот илгээж, газрын ховор металл олборлох боломжтой гэж Их Британийн Эдинбургийн их сургуулийн профессор Чарлз Коккел онцолжээ.

АНУ-ын НАСА агентлаг, Их Британийн  Астробиологийн төв болон Германы сансрын төвийн эрдэмтэд сансарт амьдрах чадвартай Дэлхийн ихэнх нян газрын ховор болон хүнд металл, алт, цагаан алт, уран болон бусад үнэт элементээр хооллодогт анхаарлаа хандуулжээ. Энэ санааг удирдлага болгон судлаачид Олон улсын сансрын станц дээр “BioRock” нэртэй цуврал туршилт явуулсан байна. Нэг жилийн өмнө эрдэмтэд Sphingomonas desiccabilis, Bacillus subtilis  болон Cupriavidus metallidurans зэрэг гурван төрлийн нянгаар дүүргэсэн хэд хэдэн савыг сансрын станц руу илгээжээ. Эхний төрлийн нян органик болон ураны нэгдэл зэрэг хүнд металлаар хооллох чадвартай бол сүүлийн хоёр төрөл нь никел давс, тугалга, алт, зэсээр хооллодог байна. Эрдэмтэд Ангараг болон Саран дээрх шиг  жингүйдлийн орчинд эдгээр нянгийн “хоолны дуршил” өөрчлөгдөх эсэхийг судалсан байна. Судалгааны дүнгээс үзвэл, жингүйдлийн орчин зөвхөн Bacillus subtilis нянд сөргөөр нөлөөлсөн бол бусад хоёр төрлийн нян идэвх бууралгүй, чулуулгаас газрын ховор болон хүнд металлуудыг гаргаж авсаар байжээ. Тэднийг Ангараг гараг болон Саран дээр ашигласнаар хүдэр олборлолтын бүтээмжийг ашигт малтмал олборлох сонгодог аргыг бодвол дөрөв дахин нэмэгдүүлэх боломжтой гэж астробиологичид үзэж байна.

“Уурхайчин” нянгийн тусламжтай олборлосон баялгийг ирээдүйд сансарт байгуулах суурин баазуудыг газрын ховор болон хүнд металл шаардлагатай өндөр технологийн болон цахилгаан тоног төхөөрөмжөөр хангах боломжтой гэж эрдэмтэд дүгнэжээ.

 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top