Шарк Д.Энхтүвшин: Улс төрд орохгүй гэдгээ дахин хэлье

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09


"М-Си-Эс" группийн Дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшинг 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихээр тохироо хийсэн гэх агуулгатай мэдээлэл зарим хэвлэлд гарчээ.

Энэ мэдээлэлд "М-Си-Эс" группийн Дэд ерөнхийлөгч, "Шарк танк" нэвтрүүлгийн шүүгч Д.Энхтүвшин өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан тайлбар хийлээ. 

ТАЙЛБАР

-Улс төрд орохгүй гэдгээ дахиж хэлье гэж бодоод. Улсынхаа сайн сайхны төлөө улс төрд орохгүйгээр хувь нэмрээ оруулах боломжтой гэж боддог.

1990 оны сүүл, 2000 оны эхээр хувийн итгэл үнэмшлээрээ нийтийн сайн сайхны төлөө одоогийн МАН болон түүний залуучууд, оюутны байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог байсан. Миний сонголтыг тухайн үед зарим хүмүүс компанийн сонголт гэж бодон янз бүрийн дарамт ирж байсан учир Оджаргал захирал компани, улс төр 2-ынхоо аль нэгийг сонго гэсний дагуу тэр дор нь улс төрийн бүх сонгуульт ажлуудаасаа татгалзаж, компаниа сонгосон. Энэ сонголт маань зөв сонголт байсан гэж боддог. Манай компани улс төр, бизнес тусдаа байх ёстой гэсэн зарчим дээрээ тууштай байдаг. Энэ талаараа нийтэд гарч ярьдаггүй болохоор өөр хүмүүсийн зохиосон түүхээр ихэнхи нь төсөөлдөг. Энх-Амгалан, Элдэв-Очир гишүүдэд мөн адилхан шаардлага тавьж, тэд улс төрөө сонгосон учир компани дахь хувьцааг нь хэсэгчлэн худалдан авч байгаа. Энэ нь тухайн улстөрч болон компанийн аль алинд нь тустай санагддаг.

Анх ажилд ороход манай компани 100 хүрэхгүй хүнтэй байсан бол одоо бид 10’000-уулаа болж, өдөрт 1 орчим тэрбум төгрөгийн татвар төлж, 50’000 өрхийг дундаж давхаргад тогтвортой байлгахын тулд хичээж байгаа нь нийгэмд бодитой, том хувь нэмэр гэж боддог. Мөн нөгөө талаас улс төр бол хүмүүст танигдаад ирэхээрээ эсвэл мөнгөтэй болохоороо дуртай нь шууд өөр салбараас үсэрч ордог салбар биш санагддаг. Их цаг хугацаа, золиос шаарддаг.

Хэдэн улстөрч солигдсноор биш хөгжлийн урт хугацааны тогтвортой бодлого, эдийн засгийн бат суурь, нийтийн ухамсар дээшилснээр улс маань илүү хөгжинө гэж боддог.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu