"Уран бүтээлчид улсын хилээр" төслийн сонгон шалгаруулалт эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 08

“Эх орны төлөө” цогц хөтөлбөрийн нэгдүгээр шат болох “Уран бүтээлчид улсын хилээр” төсөл Монгол Улсын дархан хилээр 8252 километр замыг туулах бөгөөд бүтээгч болон гүйцэтгэгч уран бүтээлчдийг аялуулна. Соёлын үрийг тарих, эх оронч сэтгэлгээг хөхиүлэн дэмжих зорилготой тус төсөл энэ сараас эхлэн нэгдүгээр сар хүртэл хэрэгжинэ. Монгол Улсын Засгийн газар, Хил хамгаалах Ерөнхий газрын дэмжлэгтэйгээр эл төслийг хэрэгжүүлнэ. Төслийн зөвлөхөөр дараах эрхмүүд оролцож байгаа юм. 

Аялалд зураач, хөгжмийн зохиолч, бүжигчин, зохиолч, яруу найрагч, дуучин, түүхч судлаач, фото зурагчин, нийтлэлч сэтгүүлч, контенпрари зэрэг соёл урлагийн 15 салбарын 120-150 мэргэжлийн уран бүтээлчид эх орныхоо хязгаар нутгуудаар 75 хоногийн хугацаанд аялж бүтээгч уран бүтээлчид өөрсдийн оюун ухаан, ур чадвар сэтгэлгээгээрээ уран бүтээл туурвиж Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх бол гүйцэтгэгч уран бүтээлчид аяллын явцад алслагдсан хил хязгаарын ард иргэд болон хилийн цэргийн бие бүрэлдэхүүнд урлаг соёлын үйлчилгээ үзүүлнэ. 

"Социализмын үед сум бригад бүрт урлаг соёлынхон хүрч үйлчилдэг байсан уламжлал тасраад байсан. Өнөө ийнхүү сэргэж байгаад баяртай байна" гэж Соёлын тэргүүний ажилтан, аялагч Г.Ганхүү хэлэв. Төслийн үр дүнд дуу, яруу найраг, жүжиг кино, уран зургийн үзэсгэлэн, уран баримал, кино, сэтгүүлзүй, телевиз, хөгжмийн уран бүтээл болон илтгэл ном товхимол, гэрэл зургийн үзэсгэлэн, хосолмол уран бүтээлүүд төрөн гарах учиртай. Мөн түүнчлэн “Эх орон, ээж аав, хүүхэд, хил гэсэн сэдвийн хүрээнд ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт тусгуулахаар эх оронч үзлийг таниулан төлөвшүүлэх ном, анимэйшн, хүүхэлдэйн кино, зурагт ном, дуу хөгжим, шүлэг, үлгэр домгийн эмхэтгэл, яруу найраг, богино өгүүллэг, жүжиг , хилийн цэргийн түүхэн алдарт хүмүүс байгаль, газарзүйн мэдлэг олгох контентыг бүтээж БСШУСЯ-д хүлээлгэн өгнө. Монгол улсын хил, хязгаар нутаг, хилчдийн аж амьдралыг харуулсан баримтат нэвтрүүлэг, гэрэл зургийн цомгууд, дуу шүлэг, нийтлэл болон орчин цагийн хилийн түүхэн архивыг бүрдүүлэн Хил хамгаалах Ерөнхий газарт хүлээлгэн өгнө” гэж төслийн санаачлагч, удирдагч Ч.Ууганбаяр хэллээ.
 

Эх орныхоо онгон дагшин байгаль, зэрлэг догшин ан амьтан хийгээд хүн зоны соёл уламжлал, зан заншлыг харуулсан олон сайхан бүтээл энэ төслөөр төрөн гарах байх гэдэгт итгэж байна" хэмээн төслийн удирдах багийн тэргүүлэгч МУСГЗ Ш.Гүрбазар хэлж байв. Төсөлд оролцох хүсэлтэй уран бүтээлчид өөрийн бүтээл болон танилцуулгаа "Уран бүтээлчид улсын хилээр" цахим хуудаст илгээх боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top