Уран зургийн галерейд уран барималч Т.Түмэнбаярын Matter In Motion үзэсгэлэн нээгдээд байна. Монголын шилдэг залуу уран барималчдын нэг 13 бүтээлээ урлаг сонирхогчдын өмнө дэлгэн тавилаа.
Үзэсгэлэнгийн эзэн Т.Түмэнбаяртай уулзан ярилцахдаа үзэсгэлэн болон Монголын уран баримлын өнөөгийн байдлын талаар ерөнхий ойлголт авч, түмэнд түгээхийг зорилоо.
- Таны хоёр дахь үзэсгэлэн байх аа?
- Тийм ээ, 2023 онд бие даасан үзэсгэлэнгээ мөн гаргаж байсан.
- Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог тал юу вэ?
- Австралийн судалгааны хүрээлэнтэй хамтран ажилласнаараа онцлог. Тэндээс 12 салбар чиглэлийн дагуу өгсөн сэдэвт өөрийн үзэл бодлоороо хариулсан юм. Ерөнхийдөө хүний амьдралын түгээмэл сэдвүүд бий. Жишээлбэл, эцэг эх байх, гэр бүл, хосуудын харилцаа, сэтгэлзүйн тогтвортой байдлыг хэрхэн хадгалах, баялгийг яаж бүтээх гэх мэт 12 сэдвийн бүтээлээрээ тухайн байгууллагын асуултад хариулсан.
- Ямар хугацаа зарцуулав?
- Жил хагасын дотор баримлуудаа хийлээ.

- Мэдээж, захиалга өгсөн тал үзэсгэлэнг тань ирж үзсэн байх. Сэтгэгдэл ямархуу байх шиг байна?
- Өөрсдөө ирж үзэсгэлэн үзлээ. Баяртай байгаа.
- Монгол бүтээлч тэрхүү түгээмэл 12 сэдэвт ямархуу бүтээлээр хариулахыг харж, дүгнэх гэсэн юм байна гэж ойлгож болох уу?
- Монгол хүн гэж хандсан гэж ойлгохгүй байгаа. Уран бүтээлч хүний үзэл бодол хэрхэн биет дүрс болж гарч ирж байгааг харах гэсэн хэрэг. 2023 онд гаргасан үзэсгэлэнг минь ирж үзээд, энэ байгууллагын захирал уулзаж, 12 сэдвээр бүтээл хийлгүүлье гэсэн юм.
- Тэгэхээр таны үзэсгэлэн 12 бүтээлээс бүрдэж байгаа байх нь ээ?
- Үгүй, 13.
.jpg)
- Яагаад? Танд 12 бүтээлийн санал тавьсан гэсэн биз дээ?
- Тийм ээ, 12 бүтээлийн захиалга өгсөн. Гэвч би 13 дахийг нь хийчихсэн. Өөрийн үзэл санааг илэрхийлж харуулах гэсэн юм. Миний хувьд дүрслэлийн шинэлэг илэрхийлэл болсон. Хүний биеийн хөдөлгөөнийг өөр дүрстэй хольж хийж үзмээр санагдаад...Геометрийн дүрстэй хүний органик дүрсийг хольж хийвэл сонирхолтой санагдсан. Бүтэцтэй зүйлийг бүтэц байдаггүй зүйлтэй нэгтгэж хийвэл уян хатан чанар нь харагдах юм болов уу гэж бодсон. Орон зай дотор, дөрвөн цэг дотор хүний хөдөлгөөн багтах юм байна гэж төсөөлөөд хийсэн. Хүний оюун ухааныг геометрийн дүрс, хүний бие фигур нь болохоор сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн. Өөрийн сэтгэл санааг тийм дүрсээр илэрхийлж гаргахыг хүссэн юм.
- Тэгээд та үзэсгэлэндээ сэтгэл хангалуун байна уу?
- Үгүй ээ, үнэндээ сэтгэл хангалуун биш байна.
- Яагаад вэ? Ямар учраас сэтгэлд тань хүрэхгүй байна гэж?
- Бүтээлүүд жижигхэн хэмжээтэй болсон. Олон бүтээл гологдож байна. Ер нь уран бүтээл хийсний дараа надад тэгж санагддаг юм. Дараа нь үргэлж голдог. Бүтээл муу гэсэн үг биш. Миний дотоод мэдрэмж л голж байгаа байх. Хийснийхээ дараа би дандаа л тийм бодолтой үлддэг.

- Голж байна гэдэг илүү сайн хийх боломжтойгоо мэдэрч, оргил руу тэмүүлсээр байна гэж хэлж буй юм шиг санагдлаа...?
- Тийм ээ, оргил цэг дээрээ очоод, үүнээс цааш газар байхгүй гэж бодсон нь жинхэнэ миний нэрийн бүтээл байх болов уу. Одоогоор тийм бүтээлээ бүтээж амжаагүй л явна.
- Гэхдээ 13 дахь бүтээлээ юу гэж дүгнэж байгаа вэ?
- 13 дахь барималдаа бол сэтгэл хангалуун байгаа шүү. Магадгүй энэ баримлаас маань бүтээлдээ сэтгэл хангалуун байх үе эхэлж байж ч мэдэх юм.
- Тэгвэл өөрийн тань баримал биш бусад баримлуудаас сэтгэлд хүрдгийг нэрлээч?
- Өндөр Гэгээн Занабазарын бүтээлүүд байна. Язгуурын таван бурхан, дарь эхүүд.
- Орчин үеийн барималчдаас гэвэл?
- Л.Ганхуягийн баримлууд таалагддаг. Мөн Богд Хааны музейн дэргэдэх цогцолбор баримлууд байна.
- Яагаад уран барималч болохоор шийдсэн юм бэ. Багаасаа дуртай байсан уу?
- Би ухаан ороогүй шахам байхдаа зурж эхэлсэн гэдэг. Их сургуульд орохдоо баримлын ангийг сонгосон. Уг нь бол зураач суурьтай. Сэргэн мандлын үеийн суут зураач Микеланжелогийн бүтээлийг хараад баримал хийж сурмаар санагдсан юм.
.jpg)
- Одоо Монголд уран баримлаар дагнаж буй хүн олон уу?
- Уран барималчид цөөн. СУИС-ийн Дүрслэх урлагийн академи гээд ганцхан сургуульд элсэлт авч байгаа. Сүүлийн үед уран баримлын ангид суралцагчид цөөрсөн.
- Уран баримал худалдаж авах хүн Монголд олон байдаг уу?
- Элбэг биш ээ. Яг уран бүтээлийг худалдаж авахаасаа илүү хөшөө дурсгалын захиалга их байдаг.
- Монголын уран баримал сонирхогчдын тоо, түшин ахиж нэмэгдэж байгаа болов уу?
- Сүүлийн хүмүүсийн урлагийн мэдлэгийн түвшин нэмэгдэж байгаа анзаарагддаг. Гадаад явж, олон зүйл үзэж харж, мэдэрч буйтай холбоотой байх.
- Зохиол бичье гэхэд бичиж буй зүйлээ сайн мэдэж судалсан байх шаардлага тавигддаг. Түүнтэй адил уран барималд бас шаардлага өндөр байдаг байх, тийм үү?
- Судалгааны үндсэн дээр хийнэ. Таньж мэдэж, өөрөө мэдэрч хийсэн нь л бүтээл болдог. Харин хуулбарласан бүтээлийн бүтээмж бага юм шиг санагддаг.
.jpg)
- Бүтээлээ судална, дараа нь бүтээхээр сууна гээд төвлөрөл их шаарддаг байх. Тэр үед эргэн тойрныхон саад болох явдал жирийн л амьдрал юм чинь тохиолддог л биз. Тэр үед яадаг вэ?
- Би төвлөрчихвөл гадаад ертөнцийг ажиглаж чадахаа больчихдог. Тэгж төвлөрч байхад эргэн тойронд саад болоод ч байгаа юм шиг санагдах үе гардаг. Гэхдээ бид бүгдээрээ л ажилдаа төвлөрч ажилладаг шүү дээ. Манай гэр бүлийнхэн миний ажлыг эсэргүүцэх, саад хийх хандлага огт байхгүй. Урландаа хэдэн цаг зарцуулж чадна төдий чинээ бүтээмжтэй байдаг. Мөн гадуур явж, бусад уран бүтээлчдийн үзэсгэлэнг сонирхдог.
- Заримдаа бүтээл хийх явцад ахихгүй байх, гацах, зогсох үе гардаг л байх. Тэр үеийг яаж давдаг вэ?
- Болохгүй байх, урагшилж өгөхгүй байх үе таарна. Заримдаа учир нь олдохгүй байх ч юм уу. Тэрийг тэгээд тэсвэр тэвчээрээр давж гарна. Тэвчээртэй хүлээнэ, тэвчээртэй хийнэ.
- Зарим уран бүтээлчид онгодог ордог гэж ярьдаг. Зарим нь болохоор онгод орохыг хүлээх биш хийж л байх ёстой гэдэг. Та аль талд нь байдаг вэ?
- Онгодоо хүлээж суух биш хийх ёстой зүйлээ хийж л байх хэрэгтэй. Тодорхойгүй юманд найдаж суух хэцүү. Хэзээ онгод орно гэж хүлээж суух юм бэ? Ер нь бол төвлөрлийн үед онгод орж ирдэг. Тэвчээртэй юмаа хийж байхад орж ирдэг.
- Хэдэн жил уран баримал дээр төвлөрч ажиллаж байна вэ?
- 15 жил. Оюун цагтайгаа нийлбүүлбэл 20 жил болж байна.
.jpg)
- Ер нь та ямар бүтээл хийх хүсэлтэй байдаг вэ?
Хүнд урам зориг өгдөг, сайн сайхныг мэдрүүлдэг баримал хийх юмсан гэж мөрөөддөг. Би өөрийгөө дөнгөж эхэлж байгаа л гэж боддог.
- Уулзаж, ярилцсанд баярлалаа.. гэснээр бид хоёрын яриа өндөрлөлөө. Сайхан инээмсэглэлтэй, сайхан бүтээлийн хүсэл мөрөөдөлтэй залууд эрүүл энхийг хүсэж, бүтээлийнхээ оргилд гарчихаад эргээд уулзахын ерөөл өргөе.

Сэтгэгдэл ( 0 )