Сидни Суини боксчин эмэгтэйн дүрд хувирахын тулд 15 кг жин нэмжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 23

 

Ирэх есдүгээр сард Crhisty хэмээх намтарчилсан уран сайхны киног дэлгэцэнд гаргахаар товложээ.

Алдарт промоутер Дон Кингтэй гэрээ байгуулсан анхны эмэгтэй боксчин Кристи Мартины түүхээс сэдэвлэсэн энэхүү киноны гол дүрийг жүжигчин Сидни Суини бүтээсэн байна. Euphoria цуврал болон White Lotus-ийн дүрээрээ олны танил болсон 27 настай жүжигчин бүсгүй шинэ дүрдээ хувирахын тулд 15 кг жин нэмсэн гэнэ.

“Эмэгтэй Рокки” гэх хочтой Кристи Мартинтай төстэй бие галбиртай болохын тулд Сидни Суини өдөрт гурван удаа бэлтгэл хийж байжээ. Өглөөдөө биеийн хүчний бэлтгэл, дараа нь гурван цагийн турш боксын бэлтгэл, түүний дараа дахиад хүчний бэлтгэл хийж байсан тухайгаа ярьсан байна. Мөн цаг хагас тутамд юм идэх шаардлагатай болжээ. Учир нь “ургуулсан” 15 кг-аа алдахгүйн тулд цаг тутамд шахуу идэх шаардлагатай байсан аж.

“Өөр хүн болж хувирч буйгаа мэдрэх гайхалтай байсан. Миний бие галбир тэс өөр болж байлаа. Хувцаснуудынхаа нэгд нь ч багтахаа больтлоо таргалсан. Ердийн цагт бол би 23 размерын жинс өмсдөг. Гэвч тэгэхэд 27 размер арай гэж таарч байлаа. Хөх маань их том болсон. Бөгс ч гэсэн. Үнэхээр галзуурч байгаа мэт. Биеэ хараад “Ээ, бурхан минь” гэж бодож байгаа юм чинь. Гэхдээ маш их хүчтэй, бүр галзуу хүчтэй болсон маань сайхан санагдсан” гэж их гоё хөхтэй гэж магтагддаг Суини ярьсан байна.

Үзэгчид дүрдээ хэрхэн биеэ хувиргаж ордгийг Кристиан Бэйлийн жишээнээс сайн мэддэг. 2004 онд The Mashinist-д хатингар туранхай эрийн дүрийг бүтээчихээд дараа жил нь Batman Begins-т булчинлаг болоод гараад ирсэн. Түүнийхээ дараа 18 кг жин нэмж, Дик Чэйнигийн Vice-д тоглосон байдаг.

Кристиан Бэйлийн энэхүү хувирах чадварын тухай дуулианд эмэгтэй жүжигчдийн үр бүтээл заримдаа дарагддаг талтай.  Үзэсгэлэнт Шарлиз Терон 2003 онд Monster-д тоглохын тулд хөмсгөө хусаж, 90 кг хүртлээ таргалж байлаа. 2010 онд Black Swan-д тоглохын тулд Натали Портман өдөрт 8 цаг балетын бэлтгэл хийсээр 9 кг турсан байдаг.

Тэгвэл Сидни Суини одоо 15 кг жин нэмчихээд, түүнийгээ алдахгүйн тулд цаг тутамд шахуу идэж, мөн өдөртөө гурван бэлтгэл хийж байжээ. Сидни Суинигийн танигдахгүй болтлоо хувирсан кино ирэх есдүгээр сард Торонтогийн кино наадмаар нээлтээ хийх юм байна.

Боксчин Кристи Мартины хувьд одоо 57 настай. Мэргэжлийн боксын рингэнд 59 тулаан хийж, 49 ялсан. Үүнийхээ 32-ийг нь нокаутаар ялсан тамирчин юм. Эмэгтэй хүн боксоор хичээллэж, мэргэжлийн тулаанд орох ёстой гэж олон нийтийг хүлээн зөвшөөрүүлсэн хүн гэж түүнийг үздэг. Маш дайчин, тэвчээртэй, харизмтай тамирчин тул амьдаараа боксын домог болсон юм.

Мөн хувийн амьдрал нь айхавтар түүхтэй. Жим Мартин гэгч эртэй гэрлэсэн бөгөөд тэр нь дасгалжуулагч, менежерээр ажиллах нь болсон. Гэвч 2010 онд хардалт, атаархалтын улмаас хутгалж амийг нь хөнөөх гэсэн. Хэд хэд хутгалчихаад үхчихлээ гэж бодоод ваннын өрөөнд орсон хойгуур нь шархдсан Кристи Мартин гадагш гарч, амь аврагдсан байдаг. Шүүх Жим Мартинд 25 жилийн ял оноосон юм.

Кристи Мартин дараа нь цагтаа рингэн дээр үзэлцэж явсан Лиза Хоэйнтэй дотносож, хамтдаа амьдрах болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu