Контемпорари урлагийг илэрхийлэх "Шинэлэг санаа 2019" үзэсгэлэн

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

Монголын хүүхдийн урлан бүтээх төвөөс санаачлан Нийслэлийн Боловсролын газар хамтран Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулиудын дүрслэх урлаг, дизайн технологийн багш нарын уран бүтээлийн “Шинэлэг санаа 2019” наадам Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд нээлтээ хийлээ. Энэхүү наадам нь Ерөнхий боловсролын сургуулиудын дүрслэх урлаг, дизайн технологийн багш нарын авьяас билэг, уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, харилцан туршлага солилцох, багш нарын хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.

“Шинэлэг санаа 2019” уран бүтээлийн наадамд Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх урлагийн сургуулийн багш, доктор, дэд профессор МУЭ шагналт зураач, уран барималч С.Бадрал “Хүүхэд залуучуудыг хүсэл мөрөөдөл рүү чиглүүлж хэрхэн уран бүтээлч болгох” мөн Урлаг судлаач, МУЭ шагналт О.Сосор “Орчин үеийн урлагийн чиг хандлага” гэсэн сэдвийн дор Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарт лекц уншлаа.

Энэхүү наадмын талаар Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилгээс тодрууллаа.

Монголын хүүхдийн урлан бүтээх төв өнгөрсөн оноос уламжлал болгон “Шинэлэг санаа” наадмыг зохион байгуулж байна. Үүнд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын дүрслэх урлаг дизайны багш нар оролцдог наадам билээ. Өнөөдөр Монгол улсын хөгжлийг бүтээх хүүхэд багачуудыг хөгжүүлэх чиг үүрэг нь манай байгууллагын хувьд болон бусад дүрслэх урлаг, технологийн багш нарын хувьд ижил учраас энэ хүмүүсийг нэгтгэсэн уран бүтээлийн үзэсгэлэн хийе, туршлага солилцуулъя гэсэн зорилгын дор тус наадам болж байна. Энэ жилээс дүрслэх урлагийн салбарт томоохон байр суурь эзэлдэг уран бүтээлчид лекц, сургалт өгч байна. Энэ нь багш нарт өөрсдийгөө хөгжүүлэх томоохон боломжийг олгож байгаа юм. Дараа дараагийн жилээс “Шинэлэг санаа” наадмаа улам өргөжүүлнэ. Өнөөдрийн үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд нь ямар нэгэн сэдвийн дор бүтээгдсэн бүтээлүүд бус харин уран бүтээлчийн сэтгэлгээгээр бүтээгдсэн бүтээлүүдийг дэлгэж байгаагаараа онцлог. Тодруулбал, уран зураг, уран баримал, ардын урлаг, гар урлалын гэсэн дөрвөн чиглэлээр багш нар бүтээлээ ирүүлсэн байна.

Мөнхүү тус наадамд дэлгэгдсэн 108 бүтээлийн талаар Урлаг судлаач, МУЭ шагналт О.Сосор үзэл бодлоо илэрхийллээ.

“Өнөөдөр үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг хараад Монголын уран бүтээлчид маш олон төрлөөр, маш олон арга ажиллагаагаар бүтээлээ хийж байгааг харж байна. Үнэхээр зөв үлгэр жишээ шавь нартаа үзүүлж байна. Энэ их ажлын хажуугаар уран бүтээлээ хийгээд суух нь багш хүний хувьд маш хэцүү. Гэхдээ цаг заваа дур сонирхолтой зүйлдээ зориулж байгаад туйлын баяртай байна. Өнөөдрийн бидний амьдарч буй цаг үе орчин үеийн контемпорари арт төрөл түлхүү давамгайлж байна. Ийм учраас Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн дүрслэх урлагийн багш нар цаг үетэйгээ хөл нийлүүлсэн ямар нэгэн шинэ санааг дэвшүүлэх, хүн төрөлхтөнд юу чухал эсэх, эсвэл өөрийнхөө дуу хоолойг нийгэмд хүргэх үүднээс уран бүтээлээ туурвисан гэж харж байна. Энэхүү контемпорари арт хүрээнд байдаг олон урсгал чиглэлүүд бүгд саяны дурдсан байдлаар хоорондоо нэгдэж байдаг шүү дээ. Тэгэхээр энэ олон урсгал чиглэлүүдийг судлан өөрт тохиромжтой арга хэлбэрээр бүтээлээ туурвижээ гэж судлаач миний бие үзлээ. Манай багш нар контемпорари артын хүрээнд үндэсний урлагаа, орчин үеийн шинэлэг санаатай бусад улс орны урлагтай хослуулсан ийм бүтээл хийх эрх чөлөө бий болсон байна шүү дээ. Ялангуяа багш нар ардын урлаг чиглэл рүүгээ хандсан, монгол сэдэвтэй, монгол ахуйтай бүтээлүүдийг туурвисан нь ажиглагдаж байна” гэлээ. Дэлхийн дүрслэх урлагт давамгайлж байгаа гол чиглэл нь контемпорари дүрслэх урлаг юм. Contemporary гэдэг Латин гаралтай үг нь одоо, орчин үе, өнөө үе гэж орчуулах хэдий ч энэ нь хийсэн бүтээл болгон "орчин үеийн дүрслэх урлагийн бүтээл" гэсэн үг биш юм. Орчин үеийн дүрслэх урлаг нь өөрийн гэсэн арга барилтай, концепц буюу агуулгыг боловсруулах үйл явцтай, бүтээлчийн өөрийн үзэл санааг илэрхийлэх аргачлалаараа сонгодог ба уламжлалт дүрслэх урлагийн төрлүүдээс ихээхэн ялгаатай хэмээн урлаг судлаачид үздэг аж. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын дүрслэх урлаг дизайн, технологийн багш нарын “Шинэлэг санаа 2019” наадам нь уран зураг, уран баримал, ардын урлаг, чимэглэх урлагийн төрлөөр 67 багшийн 108 бүтээл дэлгэгдсэн байгаа юм. Тус наадам нь дөрөвдүгээр сарын 10-19-ний өдөр хүртэл “Орд” арт галерейд тавигдана.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top