Монголын улс төрийн намуудад үеийн үед “толгойны өвчин” болж ирсэн асуудал нь санхүүжилт. Жижиг намуудад гэхээсээ илүүтэй МАН, АН гэсэн том намуудад энэ зовлон илүү их тулгарч байна. Намын санхүүжилтыг боловсронгуй болгох, ил тод нээлттэй байх шаардлага бий болсныг Ардчилсан намын дотоод сонгуулийн санхүүжилттай холбоотой маргаан харуулж байна. Улс төрийн нам нь тодорхой ашиг сонирхол, үзэл бодлоороо нэгдсэн хэсэг бүлэг хүмүүсийн засгийн эрх мэдлийг авч хэрэгжүүлэх зорилго бүхий улс төрийн зохион байгуулалт тогтож хэлбэршсэн институт юм. Энэ үүднээсээ намын үйл ажиллагаа тасралтгүй, сайн явахын тулд хөрөнгө санхүүжилт хэрэгтэй нь үнэн. Төрөөс санхүүжилт авдаггүй учраас улс төрчид халааснаасаа гаргахаас өөр аргагүй. Тэгж ч шийдэж ирсэн юм. Тэр хэлбэр АН-ын дотоод сонгуульд үйлчилж буй нь энэ. Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигч 90 сая, аймгийн намын даргад бол 15 сая, дүүргийн намын даргад нэр дэвших бол 20 сая, намын хорооны гишүүнд өрсөлдөх нэр дэвшигч мөн тодорхой хэмжээний татаас өгөх шийдвэрийг АН-ын сонгуулийн хорооноос гаргасан нь маргаан дагууллаа.
АН-ынхан татаас өндөр байна, санхүүжилтыг ил тод шилэн болгох ёстой гэдэг асуудлыг тавьж буй. МоАХ-ын хууччуулын нэг, дэд сайд асан Д.Нямхүү, “Нам сонгуулийн албан тушаал бүр дээр мөнгө, санхүүгийн босго, дэнчин тавьж буй нь шинэчлэл гэхээсээ илүүтэй, авлига албан тушаалын наймаа руу явлаа. МАН-ын 60 тэрбумын авлигын асуудлаас ялгагдах зүйл алга байна” гэдэг шүүмжлэлийг хийж байна. АН-ын экс дарга З.Энхболд “Улс төрийн намд улсаас мөнгө өгдөггүй юм. Гэтэл зардалгүй сонгууль гэж угаасаа хаана ч байхгүй. Нэгэнт улсын төсвөөс мөнгө төлдөггүй юм чинь өрсөлдөх хүмүүс нь өөрсдөө зардлаа даахаас өөр аргагүй. Намаас ямар ч мөнгө зарцуулахгүй. Намын даргад өрсөлдсөн хүмүүсээс 250 сая төгрөг нэхлээ гэж нэр дэвших бодолтой намын зарим нэг гишүүн бухимдсан. Сонгууль нь ч шинэ, зардлыг нь өөрсдөөс нь гаргадаг нь ч шинэ болохоор цочирдсон байх. Гэхдээ тэр 250 сая төгрөгийг нэр дэвшигчид хувиасаа гаргаагүй хандиваар босгосон. Дэлхий дээр аль ч улсын ямар ч улс төрийн нам, гишүүд, ямар ч сонгуульд нэр дэвшигчид хандив босгохоос ажлаа эхэлдэг. Өөрийг чинь намын дарга эсвэл УИХ-ын гишүүн болно гэдэгт хандивлагчид итгээд мөнгө өгвөл сонгуулийн ажлын тал нь бүтлээ гэсэн үг. Манай нам ч гэсэн энэ жишгийн дагуу явж байгаа” гэжээ.
Харин АН-ын дарга С.Эрдэнэ “Ардчилсан нам хэн нэгэн хөрөнгөтний халааснаас гарч өөрөө өөрийгөө санхүүжүүлэх цаг нь болсон. Энэ бол шинэчлэлийн үргэлжлэл юм. Гишүүдээрээ асуудлаа шийдүүлдэг, гишүүдийнхээ оролцоог хангадаг байх нь бидний шинэчлэлийн нэг зорилго билээ” гэдэг мэдэгдлийг хийлээ. АН-ын дарга С.Эрдэнийн тайлбарлаж буй “хөрөнгөтний халааснаас гарч өөрөө өөрийгөө санхүүжүүлэх цаг нь болсон” гэж буй нь анхаарал татах. АН өмнө нь хэдэн хөрөнгөтэй бизнесменүүдийн гарт байсан одоо гишүүдийнхээ татаасаар санхүүжилтээ босгох нь эрх мэдэл гишүүдэд шилжиж байна гэж ойлгогдох. Энэ нь ч үнэний ортой. Мөнгөтэй хөрөнгөтэй нь эрх мэдэлтэй болдог. Өөрийнхөө дуртай “хөгжимөө захиалдаг” нь улс төр, урлаг соёл аль алинд нь ижилхэн үйлчилдэг зарчимтай. Гишүүдээсээ татаас авдаг, түүгээрээ санхүүждэг болсон нь эрх мэдэл энгийн гишүүдэд очиж байна гэж харж болох. Энэ бол яах аргагүй дэвшил. Шинэ соёл. Энэ чинээгээрээ энгийн гишүүдийн эрх мэдэл, шийдвэр гаргах түвшин ижил тэнцүү байж чадвал үнэхээр шинэчлэл гэхээс өөр юу гэх вэ. Гэхдээ АН хөрөнгөтнүүдээс салж чадах болов уу.
Намын өдөр тутмын үйл ажиллагаа, сонгуулийн зардалд хязгааргүй их хөрөнгө мөнгө шаарддаг ажил. Энэ үүднээсээ жирийн гишүүдийн татвараар АН үйл ажиллагаа явуулж дөнгөнө гэж байхгүй биз ээ. Тийм учраас хөрөнгөтнүүд намдаа хандив өгч таараа. Сая төгрөг татаасанд өгөх, тэрбум төгрөг хандивлах нь хэмжээ хязгаар, хандивлагчийн намдаа эзлэх байр суурь өөр байж таараа. Тэрбум төгрөг хандивласан хүн дарга, сайд болдог уламжлал тогтсон. Сая төгрөг хандивласан хүний хувьд нам нь Засгийн эрх барьж буй үед ажилд орж магадгүй. Тийм ялгаатай.
АНУ, Англи, Герман зэрэг өндөр хөгжилтэй, улс төр нь сонгодог утгаараа хөгжсөн улс орнуудад бол сонгуульд зарцуулах намуудын зардлыг тодорхой хэмжээгээр улсаас гаргах зохицуулалттай. Энэ нь нам санхүүжилт гэж толгой өвтгөхгүй, хэдэн бизнесмений халаасанд орох айх аюулгүй сайн талтай юм байна. Гэхдээ манайд бол улс төрийн намууд нь тогтворгүй, төлөвшөөгүй байгаа ороо бусгаа намуудад улс хөрөнгө мөнгө өгнө гэж юу байх билээ.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 8 )
устаж угуи болсон улаан луиварчдын намд татвар толно гэжзуудэлж б/гаа юм биздээ
Мөнгөөр дамжуулж төрийн эрхийг авахын төлөө бөөгнөрч байгаа энэ хар хүчинд эх орон ард түмнийхээ хувь заяаг даатгах болж байгаа юм уу бид чинь. Энэ нам Монголын 2 том намын нэг нь гээ биз дээ. Дотроо сонгууль явуулах аргаа олж чадахгүй мөнгөөр даргын суудлаа худалдаж байгаа юм чинь авилгыг бол ч ёстой жинхэнэ цэцэглүүлж, мөнгөөр бол эх орныхоо эрх ашгийг дор нь худалдаж орхих байлгүй дээ.
МӨНГӨНИЙ ЭРХТЭН ДАРХТАНГУУД МӨНГӨӨР УРАЛДАЖ СОНГУУЛЬ ХИЙЖ АРДЧИЛАЛЫГ ТОЛГОЙЛОХ ГЭЖ БАЙГАА БОЛ ХӨРӨНГӨТНҮҮДИЙН КАРМАНД Л БАЙНА ГЭСЭН ҮГ ХАМГИЙН БУЗАР БУЛАЙ ҮҮРЭЛСЭН НАМ БОЛНО.
Mongogvi medlegtei zaluus gudmandaa laaz oshiglood l nasiig bar gesen vg
Хөрөнгөтний халаасыг ардчилал гэж байгаам даа.
Чадахгүй ээ. Угаасаа л хөрөнгөтнүүдийн төлөөх нам биз дээ
ene nam jinhen abilagiin anhan shatnii hicheel oron dayr zaaj baigaa yum bishuu turiin ajiliig iim maygaar ybuulj baisan yum bishuu
Чадахгүй