.png)
Алдарт дуучин Селин Дион хүнд өвчинтэй удаан хугацаанд тэмцсэний эцэст ирэх намар тоглолтоо хийх гэж буйгаа зарлажээ.
2022 онд маш ховор тохиолддог мэдрэлийн өвчин болох Stiff-Person Syndrome (SPS) буюу Хөшингө хүний хам шинж хэмээх өвчнөөр өвчилсөн тэрээр удаан хугацаанд урлагаас хөндийрсөн. Энэ жил 58 нас хүрч буй тэрээр 2026 оны 9-р сарын 12-ноос 10-р сарын 14-ний хооронд нийт 10 удаагийн тоглолт хийхээх төлөвлөжээ.
Энэ тухайгаа тэрээр "Бие маань сайжирч, би дахин дуулж эхэлсэн, бүр бүжиглэж ч байгаа. Мэдээж энэ бүхэн надад маш их таалагдаж байгаа. Гэхдээ би та бүхэнд маш чухал зүйл хэлэх ёстой. Есдүгээр сараас эхлэн Парист та бүхэнтэй дахин уулзаж, та бүхэндээ зориулсан тоглолтоо хийх боломжтой боллоо. Үүнийг хийхэд бэлэн байна. Бие маань сайн байна, хүчтэй байна, бас догдолж байна, мэдээж бага зэрэг сандрал байна. Хамгийн гол нь энэ өнгөрсөн хугацаанд намайг дэмжиж байсан та бүхэндээ талархал илэрхийлье. Та нарыгаа дахин харах өдрийг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.
Түүний тоглолтын тасалбарын урьдчилсан борлуулалт 2026 оны 4-р сарын 7-нд эхлэх аж.
Алдарт дуучин Селин Дионыг өвчний улмаас таалал төгссөн гэх ташаа ойлголттой явдаг хүмүүс өнөөг хүртэл бий. Энэ нь түүнийг хүндээс өвчилсний дараа гарсан хуурамч мэдээлэл бөгөөд Селин Дион ослоор нас барлаа гэх утга бүхий мэдээлэл ихээр цацагдсанаас үүдэн олон нийтийн дунд ийнхүү төөрөгдөл үүсэж байжээ. Харин тэр хүнд өвчнөөсөө эргэн ирж, I'm Alive хэмээн олон нийтэд дахин тунхаглах гэж байна.




Сэтгэгдэл ( 0 )