.jpg)
Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг сонсгосны дараа Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Ерөнхий сайдын ажил алба бол эрх мэдэл гэхээсээ илүү өндөр хариуцлага, ачааны хүндийг үүрч, асуудлыг шийдэл болгох үүрэг гэдгийг ухамсарлаж байгаагаа дурдаад, Засгийн газар түлш шатахууны үнийн өсөлт, хомсдолын, түүхий эдийн үнийн савлагаа, төсвийн орлогын тасалдлын, дотоодын гацаа, улс төрийн талцал бутралын гэсэн гурван том эрсдэл, гурван давхар дарамтыг сөрөн ажилдаа орж байгааг тодотгон дүгнэсэн юм. Засгийн газар ид шид амлахгүй, үнэнийг үнэнээр нь хэлж, эрсдэлийг сөрж, “Чөлөөлье” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ гээд тэрбээр, энэхүү бодлогыг боловсруулахдаа хувиран өөрчлөгдөж, хүчний нэг туйлаас олон туйлд шилжин буй дэлхийн цаг төрийн байдлыг харгалзан үзсэнээ дэлгэрэнгүй тайлбарлав.
Мөн тэрбээр, эдийн засгийн өсөлтийг өрхийн үүдээр, иргэний хаягаар хүргэх үндсэн арга зам нь хүний эрх, эрх чөлөө, хөдөлмөрлөж бүтээх хүслийг хүнд суртлын чөдөр тушаа, хууль журмын гох дэгээ, төрийн хэтийдсэн оролцооноос чөлөөлөх явдал гэдгийг онцолж, дөрвөн чөлөөлөлтийн хүрээнд хийх эрхзүйн шинэчлэл, эдийн засаг, нийгмийн арга хэмжээг нэг бүрчлэн танилцуулсан юм. Монголчууд эвлэлдэж нэгдэх бүрдээ мандан бадарч, эвдэрч бутарсан цагтаа уруудан доройтож явсныг тэрбээр сануулж, үнийн өсөлт, хомсдол, тээвэр, логистик худалдааны хямралыг өдөөсөн дэлхийн цаг төрийн үймээн самууныг үзэл бодол, намын харьяалал, ажил мэргэжил үл харгалзан Монгол хэмээх нэгэн тугийн дор нэгдэн сөрж, асуудлыг шийдэл болгон хамтдаа зүтгэхийг Улсын Их Хурлын гишүүдэд уриалсан байна.

Сэтгэгдэл ( 0 )