УИХ-ын даргын суудлыг Н.Учралаас чөлөөлсөн парламент эзгүй байна. Н.Учрал нь Ерөнхий сайд болсон ч танхимын сайдгүй хоосон байна. Инээдмийн баярын өдөр улс төрийн засаглалын хоёр том субъект эзгүй хоосон байгаа нь хувь заяаны шоглоом юм даа.
Эрх баригч намын өсгийд шигдсэн өргөс нь УИХ-ын даргын суудал болж хувирлаа. Жил дамнан үргэлжилсэн намын зодооны хөлд спикерийн суудал л хамгийн их хохирсон. Эхлээд Д.Амарбаясгалан де факто намын дарга болсон ч улс төрийн дэмжлэг нэгэнт алдагдсан тул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Бас л хувь заяаны шоглоомоор Д.Амарбаясгаланг суудлаас чөлөөлөх асуудал хэлэлцэж байхад Г.Занданшатарыг “хадагт боогоод” ҮХЦ-д өгч байв. Дараа нь хуулийн процессоор Г.Занданшатар нь суудалтайгаа үлдсэн спикерийн суудал хоосон болов. Хоосон болсны ар дээр Х.Булгантуяа шөнө дүл болтол чуулган удирдаж, спикерийн суудлыг “Монгол коммент”-ийн тайз мэт ашигласан. Өдгөө хууль зөрчсөн нь тогтоогдсон атал одоо ч хариуцлага тооцсонгүй.
Де факто намын дарга нь спикерийн суудлаа өгч ноосоо тушаасны дараа спикергүй бараг сарын хугацааг үдсэн. Тэгж, тэгж нэг юм “Буянт-Ухаад”-д намын дарга тодорсон. Тодрохдоо спикер болж тодорсон. Даллагын уутанд байдаг ганцхан ширхэг чихэр шиг тодорсон Н.Учралын зовлон ингэж эхэлсэн. Намын дарга юм уу, хурлын дарга юм уу мэдэгдэхгүй болсон. Чухам энэ зовлон дээр нь сөрөг хүчнийхэн зоолж улс төрийн акц хийсэн. Хийхдээ үр дүнд хүрээд Н.Учрал суудлаа өгчихлөө. Өгөхдөө гүйцэтгэх засгийн тэргүүн болж зүүн талынхаа ширээ рүү шилжлээ. Одоо намынх нь зовлон эхэлсэн. Тэртээ тэргүй зовлон ихтэй МАН-ын жийргэвч нь өнөө цагт УИХ-ын дарга байх нь тодорхой. Гэхдээ хэн гэдэг жийргэвч байх нь эргэлзээтэй байна. Өнөө цагийн өнгөө дагавал Н.Учралын талын хүн байхгүй бол болохгүй. Н.Учралын тал гэж байгаа ч ерөнхий агуулгаар нь харвал нэгдүгээр хүнтэй түнжинтэй нэгэн байхгүй бол улс төрийн зодооны хөлд парламентыг чирээд дуусгана. Яг одоо бол спикерт горилогчдын нэрс “Нарантуул”-ын гуанзны хоолны цэс шиг цуварч байна. Тухайлбал С.Амарсайхан, Ж.Энхбаяр, С.Бямбацогт, Ж.Бат-Эрдэнийн гээд цувж өгнө. Ж.Бат-Эрдэнэ хурал даргалж чадахгүй гэдгээ өнгөрсөн хэд хоногт хангалттай харуулчихлаа. Нэгдүгээр хүн болох мөрөөдөлтэй Ж.Энхбаяр спикер хийнэ гэдэг юу л бол. Цагтаа зодоон дундуур сэмээрхэн далдичиж байгаад НИТХ-ын даргаас Засаг дарга болж байсан түүнд боломж бий гэж харж болох ч улс төрийн дэмжлэггүй тул спикер болж тодрох хэцүү. Одоо нэг нэр үлдлээ С.Бямбацогт. Болохгүй ч зүйлгүй. Гэхдээ сюрприз барьдаг ах нам огт өөр нэрийг залаад ирж мэднэ. Цар тахлын үед торойж үлдсэн Б.Жавхлангийн нэр ч яригдаж байна. Гэхдээ байна аа, горилогчид олон байж болох ч намын зодооноо аятайхан жийргэвчлэх эрх сүр бүхий дүр хэрэгтэй. Үүнийг ардын намынхан ч, горилогчид ч ойлгож байгаа. Одоо болтол спикер эзгүй байна аа гэдэг нь фракц хоорондоо тохирч чадахгүй байна гэсэн үг. Үүний нотолгоо нь сайдгүй Н.Учрал хөмсөг зангидаад зүүн талын ширээн дээр тухгүй сууж байгаагаас харж болно.

Сэтгэгдэл ( 1 )
Яг энэ үеийг л Хүк ашигламаар, нөгөө Со-ын ерөнхийлөгч шиг юм болж балардаг юм болов уу, кк