Хятадууд яагаад урт насалдаг вэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 02

Хөдөлгөөн бол амьдрал

Хятадын өндөр настнууд ингэж баталдаг. Ихэнх хүмүүс тэтгэвэртээ гараад гэртээ амар жимэр, цэнхэр дэлгэц ширтсэн шиг суухыг илүүд үздэг. Харин Тэнгэрийн орны өндөр настнууд бол ийм биш. Тэд спортоор хичээллэж,  аялж зугаалж, бие биетэйгээ уулзаж учрахыг илүүд үздэг. БНХАУ 100-аас дээш настнуудынхаа тоогоор дэлхийд хоёрдугаарт бичигддэг.

Өндөр настан Чжу Гоу өдгөө 78 настай.  Тэр орой бүр  гудамжаар зугаалж, бас бүжгэнд очдог. Хятадын бүх хот суурин газарт өндөр настнуудад зориулсан  цэцэрлэг талбай бий. Үдэш орой болохын алдад настнууд ёс юм шиг тэндээ цугларцгаана.  Яриа хөөрөө өрнүүлж, хөгжилдөн дуулж бүжиглэнэ. Нэг хэсэг нь эв хавгүйхэн байхад зарим нь бүр мэргэжлийн хүнээс дутахааргүй бүжиглэнэ.  “Ингэж бүжиглэх нь хөдөлгөөнийхээ уян хатан байдлыг хадгалах, хөл хөшихөөс хамгаалдаг”  гэж Чжу Гоу ярьсан юм. Тэрбээр “Нас ахиад ирэхээрээ хүн байнга хөдөлж байх хэрэгтэй.  Хэрэв хөдөлгөөн багатай хэвтэж унтах нь их байвал тэгээд босч чадахаа болино  гэж өвөө маань байнга сургадаг байлаа” хэмээн ярьсан юм.

БНХАУ  “гавьяаныхаа амралт”-ад  гарсан хүмүүстээ онцгой анхаарал хандуулдаг. Цэцэрлэгт хүрээлэн, паркт  тэтгэвэрийнхэнд  зориулсан биеийн тамир, спортын талбай байдаг. Тэнд өвөө, эмээ нар хэдэн  зуугаараа цугларч  туухай өргөж, турникт савлаж, ушу болон гимнастикаар хичээллэдэг. Тэрчлэн бөөнөөрөө цигун хэмээн нэрлэгддэг амьсгалын дасгалаар хичээллэж байх нь хаа сайгүй тааралдана. Өнөөдөр хятадуудын дундаж нас 75 бол 2030 он гэхэд 80-д хүрнэ хэмээн тус улсын Эрүүл мэндийн яам таамаглаж байна. Эдүгээ Хятадад 100-аас дээш настай 50 000 хүн амьдарч байна. Тэдний энэ урт удаан амьдралын нууц нь юунд байна вэ?

Энэ орны өндөр настнууд  шар айрагнаас  хэзээ ч буцдаггүй. Өөх тостой махнаас ч татгалздаггүй. Нэг үгээр хэлбэл тэд эмч нарын хориглодог олон хоол хүнсийг хэрэглэдэг.  Гэсэн ч тэд урт удаан насалдагаараа онцгойрох шалтгаан юу юм бол?

Явган явж, ажиллаж, бас хайрлан дурлаж....


Гуанжоу хотын  оршин суугч  анагаах ухааны  профессор Хэй Лун “Манай тэтгэврийнхэн маш идэвхтэй хүмүүс” хэмээн тодотгов. “Хятадад тэтгэвэртээ гарчихаад гэртээ телевиз  ширтээд эсвэл өвчин тоочоод  сууж байдаг хүн үгүй” хэмээн тэрбээр өгүүлсэн юм. Олон ахмад настан аялахаар алс газрыг зорьж, автобусаар улс  орноо тойрч,  үүргэвч үүрч уул  нуруу, ус мөрнийг гаталж байна. Ганц бие нэгэн бол шинэ амьдрал зохиож, цахим ертөнцөөр өөрт таалагдсан нэгэнтэйгээ танилцаж нөхөрлөдөг болсон. Сүүлийн жилүүдэд тэтгэвэрийнхэн гэгээн Валентины баярыг тэмдэглэх нь 50 хувиар өссөн гэх  албан ёсны тоо байна. Хятадын аль ч ресторанд бие биесээ тэвэрсэн, залуу хүмүүс шиг хайрын галд “шатсан” ахимаг насны хосуудыг олноор нь харж болно. 

Ихэнхи  тариачид  тэтгэвэртээ  /Тэд ихэнхдээ 70 нас хүрээд тэтгэвэртээ гардаг/ гарсны дараа  тариа ногооныхоо талбайд  үргэлжлэн  ажилласаар байдаг бөгөөд  тэд “Үсэрч буй барыг зогсоож болохгүй. Зогсоовол үхнэ” хэмээн ярилцдаг нь өөрсөддөө зориулсан хэллэг.   

Хятадуудын хоол унд

Хятадын тэтгэврийнхний  тэтгэмж тийм ч их биш. Ихэнхдээ 120 юанийн тэтгэвэртэй. Тус улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд үр хүүхэд нь эцэг эхээ асрамжлан халамжлах үүрэгтэй. Эс тэгвээс шүүхэд өгнө гэсэн заалт буй.  Санал асуулгад оролцсон ахмадуудын 90 хувь нь тэтгэвэрт гарсныхаа дараа залуу үеийнхээсээ илүү сайхан амьдарч байгаагаа илэрхийлжээ. Мэдээж тэтгэврийнхэн  хоол хүнсэндээ ихэд анхаарал хандуулдаг. Тэгээд ч хятадууд бол хооллох соёлоороо гайхагддаг ард түмэн шүү дээ. Тэд гахайн мах түлхүү хэрэглэдэг. Тэнгэрийн орны иргэдийн дунд  зүрх судас, элэгний өвчлөл маш бага.  Энэ юуных юм бол?

Хятадууд хоол бэлтгэхдээ шарж түлэхээс аль болох татгалзаж  ихэвчлэн ууран дээр жигнэж болгодог. Ингэх нь тухайн хүнсний шинэ сэргэг байдал, амт шимтийг алдагдуулдаггүй. Түүнчлэн шинэ ногоог хоолондоо өргөн хэрэглэдэг. Ялангуяа гахайн махыг байнга хэрчсэн ногоотой хослуулна. Тэдний өдрийн хоолны цэсэнд  будаа, эрдэнэшиш, шошоос гадна жимс ногоо заавал ордог. Хоол ундных нь  чухал бүрэлдүүн хэсэг мах, загас байх нь  тодорхой. Мах загасыг шинээр нь хэрэглэхийг илүүд үздэг бөгөөд хөлдуу махыг төдийлөн хэрэглээд байдаггүй. Хятадын аль ч хүнсний зах дээр сам хорхой, загасыг зөвхөн амьдаар нь худалддаг. Хүнсийг хожим хойно хэрэглэхээр бэлддэггүй, түүнчлэн хоолыг дараа нь халааж иднэ гэсэн ойлголт байхгүй.

Хятадууд  хэзээд цадталаа идэхээс цааргалж, хоолны ширээний араас  хагас “өлсгөлөн” босдог. Ер нь энэ улсад, тэр дундаа тэтгэврийнхний дунд жингийн илүүдэлтэй, тарган хүн байдаггүй нь энэ хооллох дэг жаягтай холбоотой байх.  

Хятадын тэтгэврийнхэн бүгд л  ухаалаг, хөнгөн шингэн, идэвхтэй, эрч хүчтэй байдлаараа ялгардаг.

Мэс засалгүйгээр амьдрах нь


Гуанжоу хотын  ардын эмнэлгийн төвийн эмч Сянь Хо  “Манайд эмнэлэг төлбөртэй байдаг нь хятадуудыг урт наслахад чухал үүрэг гүйцэтгэдэг” хэмээн хэлсэн юм. “Түргэн” дуудсан ч мөнгө төлөх ёстой бөгөөд эмчийн 5 минутын үзлэг ойролцоогоор 100 юанийн үнэтэй байдаг. Хэрэв өвчтөн эмнэлэгт хэвтэхээр ирвэл  мөнгөн хадгаламж, төлбөрийн эх үүсвэр шаарддаг. Харин ганц нэг үнэ төлбөргүй үйлчилдэг эмнэлэг бий. Энэ эмнэлгүүд  төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчилдэг бөгөөд өвчтөнүүд хэрэгтэй цагт тусламж дэмжлэг авахад ойрхоныг бодож эмнэлгийн байрны гадаа аяны хөнжилд   /мешок/  шөнийг өнгөрөөдөг ажээ.   Байдал ийм болохоор хүмүүс аль болох  өвс ургамал зэрэг байгалийн эмийн бус эмчилгээг илүүтэйд үздэг. Хятад хүмүүс өвчилөө гэхэд  хатаасан өвс, ургамлын үндэс, хатаасан мэлхий зэргээр эликсир бэлдэж уудаг. Ханиад томуунд бол тэд хэзээ ч химийн  найрлага бүхий эм авч уудаггүй. Хэрэв мэс засал хийлгэхээр бол энэ жинхэнэ асуудал үүсгэнэ. Үнэ өртөг нь гэж талийж өгнө. Хамаатан садан төрөл төрөгсдөөрөө нийлэн мөнгө цуглуулах хэрэг гарна. Ямар сайндаа л “Хожим хойно мэс засал хийлгэхээргүй амьдар”  гэсэн хэлц үг  гарч байхав дээ.

БНХАУ-д 1991 оноос  эмч нарын зөвлөмжөөр  “Алтан 20 жил” номлолыг нэвтрүүлж эхэлсэн юм. Хятадууд  аливаа хүн 40-60 насандаа өвчин хуучтай болдог хэмээн тооцдог. Тиймээс энэ үедээ маш зөв хооллох ёстой гэж үздэг. Тухайлбал, энэ насандаа  усыг  хоёр дахин их хэрэглэх ёстой. Мөн давсыг багасгаж дээд тал нь 15 граммаас хэтрүүлэхгүй байх, шинэ ногоо жимсийг түлхүү хэрэглэхийг зөвлөдөг. Түүнээс гадна амьдралын хэв маяг маш чухал, хоногт  8 цагаас  доошгүй унтаж амрах хэрэгтэй.  Амьдралын энэ мэт хэвшил дадал нь тэтгэврийнхний дунд түгээмэл байдаг цусны даралт  ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлдэг хэмээн тус улсын Эрүүл мэндийн   байгууллагууд үзэж  байна. 

Хятадын хүн амын 13 хувийг настайчууд бүрдүүлж байна. Гэсэн хэдий ч Засгийн газар үүнд нэг их түгшихгүй байгаа.  Тус улсын төр засаг ахмад настнуудаа  дарамт хэмээн үзэхгүй байгаа бөгөөд харин ч эсрэгээрээ Хятадын нийгмийн хамгийн гүн хүндэтгэл үзүүлэх учиртай хүмүүс хэмээн тодотгож байна. Тиймээс ч тэднийг цагаа үр бүтээлтэй өнгөрөөх, гэр бүлийнхээ амьдралд  идэвхтэй оролцох,  хоол хүнсний хэвийн хангамжтай байх бүх боломжийг нь бүрдүүлэхэд анхаарч, хүндэтгэлтэй ханддаг.  Хамгийн ноцтой сул тал нь эрүүл мэндийн үйлчилгээний өндөр үнэ өртөг хэдий ч хятадууд үүнийг  ашигтай сургамж болгож чадсан. Хамгийн гол нь ахмадуудын амьдралд оросуудын тэтгэвэрийнхэан шиг тийм стресс бухимдал байдаггүй. 

Хятадын өндөр насатан Чжу Гоу “Амьдрал гэгч хэтэрхий богинохон. Хэрэв амьдралыг уур бухимдлаар сэлбэх аваас бүр ч ахархан болно” хэмээн өгүүлсэн юм.  Эдүгээ хятадууд дэлхийн хамгийн урт насалдаг ард түмэн болохоор төлөвлөж байна. Энэ бол Засгийн газрынхаа хүрээнд төлөвлөж буй бодлого. Удахгүй тэд санасандаа хүрнэ гэдэгт эргэлзэх зүйлгүй.

Эх сурвалж:  www. Asiarussia.com

П.Булган

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(174.16.97.158) 2015 оны 02 сарын 03

tengeriin oron tengeriin oron ch gex shig, xujaa bichsiimuu xaashaa um..

0  |  0
Shudraga irgen(76.29.57.111) 2015 оны 02 сарын 02

Manaihan Hyataduudiig uzen yadaad l bgag.Harin heregtei zuilees ni suraltsah heregteish dee.Za tegeed negiigee setgeleer ni demjihiin orond bolj l ugvul doosh ni darahiig bdno.Er ni tegeed 50-as deesh nastai bol uvuu,emee gej l heleh handlagatai. Tur zasagaas ch ter hushchuuldee,tetgevert garsan humuust zoriulsan geh tsetserleg bgaa bluu???Busdiig duuriahdaa sain buhniig ni uhaalagaar tusgaj baigaasai daa minii Mongolchuud!!!

0  |  0
Tanagch Saihanbileg(123.121.207.77) 2015 оны 02 сарын 02

Hyatad uls hogshiddoo halamjtai uls mon. Tednii tetgever haritsangui ondor bolson yamar tsalin avch baisan ter hemjeegeer tetgever avch baigaa .Harin 80-aad onii ehen ued bol tegever 120 orchim yun baisan baihaa. Odoo bol ih osson yumnii une nemegdeh,burt l tsalin tetgever nemegdej baidag yum bilee. Ene olon huniig ingej hool undtai bailgah ni tom asuudal baih oo.Bid oorsdiigoo medehgui har hyatad l gej haraah yum daa.

0  |  0
Tanagch Saihanbileg(123.121.207.77) 2015 оны 02 сарын 02

Hyatad uls hogshiddoo halamjtai uls mon. Tednii tetgever haritsangui ondor bolson yamar tsalin avch baisan ter hemjeegeer tetgever avch baigaa .Harin 80-aad onii ehen ued bol tegever 120 orchim yun baisan baihaa. Odoo bol ih osson yumnii une nemegdeh,burt l tsalin tetgever nemegdej baidag yum bilee. Ene olon huniig ingej hool undtai bailgah ni tom asuudal baih oo.Bid oorsdiigoo medehgui har hyatad l gej haraah yum daa.

0  |  0
zug(202.21.112.2) 2015 оны 02 сарын 02

zailaaaaaaaaaa

0  |  0
soniuch(49.104.16.25) 2015 оны 02 сарын 02

mini bodloor japanchuudaas iluu aihtar bie erhtendee deed zergin anhaaral tavidag ulsuud shig bgam. bi japand bdag blhoor ednii idej uuj, heregledeg umsig tsomiig ni mash sn meddeg gehed buruudahgui. edniid zardag gurilnuud mash chanargui heterhii tsairuulsan bdag tul biein darhlaag chuham l suiruulj ogch bgam. mon dandaa tsagaan budaa idne. unendee haygdal heseg ni ter tsagan budaa ni bgam. shar airag mash ih uuna. ysni siiregjiltend mash ortomtgi uls. haa saigui 90n gradus mahisan bogtor hogshchud. ed nariin bie organizmiin darhlaa denduu sul. baishiiged l haniad hurne. havdrin ovchin mash i

0  |  0
ggg(103.229.122.156) 2015 оны 02 сарын 02

zarim n hudlaa bnaa tsadtalaa iddeggui gej harin ch ih iddeg humuus neg dor 3.4 tavag hool udej l baidag ulsuh durgui idemhii humuus

0  |  0
Top