БАРОН МОНГОЛД АЛТТАЙ ИРСЭН…

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 11

Манайхан бароны алтны тухай их ярьдаг боловч монгол заншлаараа цуураад өнгөрөх нь элбэг. Сүүлийн үед Бароныг магтаад бараг л ардын баатар мэт хөөрөгдөх. Тэр орох оронгүй зүгээр л нэг дээрэмчин байсан ш дээ. Нөгөө талаас түүнийг Монголыг дээрэмдээд баяжчихсан мэт ярих. Ямар ч гэсэн олон жил дамнан ярьдаг Бароны алт хаанаасаа гараад ирдэг байна гэж бодсон хүн цөөхөн. Ингээд “Бароны алтны тухай” бяцхан түүх өгүүлье.
Хаант Оросын алт
Хаант Орос дэлхийн хамгийн баян гүрний нэг байсан юм. Хаант улсын эрдэнэсийн санд оросын болон XYIII, XIX ХХ зууны алт, мөнгөн зоос, алтан гулдмай, алмаз зэрэг үнэт эрдэнэс хадгалагдаж байсан ба 1914 оны байдлаар Оросын алтан нөөц дэлхийн хамгийн том нь байв. Тэр үеийн алтан рубль 0,774235 г алтан агуулгатай, 1 сая рубль нь 774 тонн алт болж байсан. Тэр үеийн 9,46 рубль нэг фунт стерлинг, 1,94 рубль нэг доллар, 0,46 рубль нэг марк, 0,37 рубль нэг франктай тэнцэж байсныг бодоход ханш нь ямархүү байсныг багцаалж болно.
Ингээд Дэлхийн I дайн эхлэхэд Оросын алтан нөөц 1 миллиард 695 сая рубль буюу 1311 тонн алт болж байжээ.
Мэдээж Дэлхийн I дайн хамаг мөнгийг нь залгисан нь мэдээжийн хэрэг. Гэлээ ч гэсэн большевивикуудыг засгийн эрх авахад Оросын алтан нөөц 1101 сая рубль болж байжээ.
Хувьсгалын дараа Оросууд алтан нөөцөө олон хотуудад тараан байршуулжээ. Харин Казаньд бүх нөөцийн тэн хагас төвлөрсөн байв.
1918-1920 бол Зөвлөлт Засаг дээсэн дөрөөн дээр байсан он жилүүд юм. 1918 оны 7 дугаар сарын 27-нд Ардын Комиссариатын Зөвлөл алтан нөөцийг нүүлгэн шилжүүлэх бүлэг байгуулжээ. Тэд нийтдээ 80 мянган пуд үнэт зүйлс зөөх үүрэг хүлээж, тээврийн хэрэгслээ бэлтгэсэн байна.
Гэтэл 1918 оны 8 дугаар сард цагаантны генерал В.О. Каппель, чехийн отрядын хамтын довтолгоо эхэлсэн тул большевикууд хотоос алтыг яаравчлан гаргах шийдвэр гаргасан боловч нэгэнт хожимдсон байна. Тэд Казаниас ердөө л 4,6 тонн аль буюу 100 хайрцаг алт гаргаж чаджээ.
Гайтай чехүүд
I дайны үеэр Орост 600 мянга гаруй австри-чехүүд олзолжээ. Тэдний гуравны нэг нь словак, чехүүд байсан юм. Австри-Венгер, Гассбургийн төлөө тулалдахыг славян гаралтай тэд хүссэнгүй. 1916 он гэхэд сайн дурын Чехийн корпус бий болжээ. Тэд Оросын төлөө их сайн тулалдаж байсан аж. Брестийн найрамдлын дараа тэд 40 мянган цэрэгтэй байжээ. Немцүүд урвагч чехүүдийг өгөхийг Зөвлөлт Засгаас шаарджээ. Ингээд гацаанд орсон большевикууд хамгийн тойруу Владивостокоор дамжуулан чехүүдийг буцаах лайтай шийдвэр гаргажээ. Ёстой гай чирнэ гэж үүнийг л хэлдэг байх.
Ингээд хөгийн юм болов. Транссибирийн замаар баруун тийш олзонд байсан немц, австри, венгерүүд явж, зүүн тийш чехүүд явах болов. Хоёулаа эх орондоо буцаж яваа аж. Чехийн корпус 7 мянган километр урт сунасан гэдэг. Тэд хоорондоо зодолдож, зэвсэг ч зөрүүлж үзэж.
Ядаж байхад Самар хотод Зохион байгуулах Хурлын Ардын арми дорно зүгээс Зөвлөлт засагт дайсагнаж Казанийг заналхийлэв. Энд хаант оросын эх оронч генерал Каппель байсан бөгөөд тэр Казань руу дайрахдаа чехүүдийг татан оролцуулж чадсан байна.
Хожим чехүүд Оросын алтанд эзэн суусан бөгөөд оросын хамаг офицерийг өөрсдийнх нь алтаар худалдаж орхиод хамаг алтыг нь аваад арилж одсон бөлгөө. Энэ будлиан одоо болтол дуусдаггүй юм.
Хэзээ ч, ямар ч тохиолдолд өөрийнхөө алтанд харь хүн оруулж болдоггүй гэсэн түүхэн сургамж эндээс гарч байна.
Мөн санамсаргүй ч гэсэн хөнгөн хуумгай гаргасан шийдвэр ямар гамшигт хор уршигтай байдгийн нэлээд том жишээ энэ болох нь эргэлзээгүй.
Колчакийн алт
1918 оны 8 дугаар сарын 7-нд Казань хотыг генерал Каппель улаантнуудаас бүрэн цэвэрлэжээ. Тэрээр хурандаа С.Чечект бичсэн цахилгаандаа: “Тоолж барахгүй байна. Оросын 650 саяын алтан нөөцийг булаан авлаа” гэсэн байдаг. Түүнээс гадна Каппель асар их зээлийн тэмдэгт, алтан гулдмай, цагаан алт, бусад эрдэнэс олсон байдаг. Үүнээс 10 өдрийн дараа Казаниас олзолсон Хаант Оросын алтан нөөц таван зуун тонн алт, 750 хайрцгаас багагүй цалин мөнгийг хэдэн хот дамжуулж байснаа 1918 оны 11 дүгээр сард Омскд авчирч адмирал Колчакийн Засгийн Газрын мэдэлд шилжүүлсэн байна. Үүнээс хойш түүнийг “Колчакийн алт” гэж түүхэнд тэмдэглэх болжээ.
Түүнийг Омск хотын улсын банкны салбарт хадгалжээ. 1919 оны 5 дугаар сард банкны ажилтнууд тооллого хийсэн байна. Бүх хайрцагнуудын лац ломбыг шалгаж нягталсны дараа Омскт 650 сая рублийн буюу 505 тонн алт байгааг тогтоосон байна. Түүнээс гадна улсын нөөцөд ороогүй алт буюу Улсын Жин хэмжүүрийн Гол Танхимд хамаарах алт ихээхэн хэмжээгээр байсан аж.
Гэтэл Оросын Дээд захирагч гэж нэрлэгдэж байсан Колчакийн арми 1919 оны 8 сараас эхлэн улаантнуудад бутцохигдож эхлэх нь тэр. Барууныхан Лениний Зөвлөлт Засаг, Колчакийн Омскийн Засаг хоёрын алийг хүлээн зөвшөөрөх гэсэн эргэлзээ нэгмөсөн шийдэгдэв. Алтан нөөцийг хаашаа хийх нь хэн ч үл мэдэгдэх асуудал болжээ. Юу ч гэсэн Колчак алтаа аван Эрхүүг зүглэжээ. Энд адал явдал гээч ёстойгоосоо болжээ.
1919 оны 10 дугаар сарын 31-нд алтан нөөцийг офицерийн бүрэлдэхүүний хүч нэмэгдүүлсэн хамгаалалтын дор вагонд ачаалжээ. Алт болон хамгаалалт 40 вагонд байрласан ба ахин 12 вагонд дагалдах хүмүүс суусан байна. Оросын буян гэдэг ийм их аж.
Транссибирийн төмөр замыг Ново-Николаевк буюу одоогийн Новосибирскээс Эрхүү хүртэл чехийн корпус хянаж байсан юм. Энэ үед чехүүд оросоос гарахын хүслэн болж байв. Колчак Уфад байсан тэдний удирдах газар буюу директорийг тарааж, нэлээд хүчирхийлсэн юм. 1919 оны 12 дугаар сарын 27-нд алт бүхий Колчакийн штабын галт тэрэг Нижнеудинскт иржээ. Яг манай хаяанд гэсэн үг.
Энд Антантын төлөөлөгчид адмирал Колчакийг Оросын Дээд захирагчийн эрхээсээ татгалзаж, алтан нөөц бүхий цувааг Чехийн корпусын мэдэлд өгөхийг албадсан юм. Ингээд чехүүд оросын алтанд эзэн суув.
1920 оны 1 дүгээр сарын 15-нд чехийн командлал Колчакийг Эсерүүдийн Улс төрийн Төвд хүлээлгэн өгчээ. Хэд хоногийн дараа эсерүүд адмиралыг большевикуудад өгчээ. Улс төрийн наймаа гэдэг аймшигтай байдаг аж.
1920 оны 2 дугаар сарын 7-нд чехүүд Оросоос саадгүй гаргахын баталгааны хариу болгож зөвлөлт засагт 409 сая рублийн алт буцаан өгсөн байна. Алт өм цөм дутаж байна.
1921 оны 6 дугаар сард Зөвлөлт Оросын Санхүүгийн Ардын Комиссарын Газар лавлагаа хийж, адмирал Колчакийн засаглалын жилүүдэд Оросын алтан нөөц 235 сая рубль буюу 182 тонноор багассан гэж дүгнэлт гаргасан юм. Зарим хайрцганд нь алтан цутгамлын оронд тоосго, чулуу хүртэл хийсэн байжээ. Гэтэл Колчак зэвсэглэл авах, армиа хувцаслахад 68 саяыг зарсан, 128 саяыг гадаадын банкинд байршуулсан гэсэн тооцоо байдаг.
Зөвхөн алтан нөөцийг большевикуудад дамжуулсны дараа Эрхүүгээс Казань руу зөөх үед гэхэд 35 сая рубль алга болсон аж.
Семеновын алт
1919 оны 9 дүгээр сард атаман Семенов АНУ руу явж байсан Колчакийн 42 сая рублийн алт бүхий цувааг булаан авсан гэж оросууд өгүүлдэг. Түүнээсээ Семенов өөрийн арми, Дагуурын засгийн газрын хэрэгцээ хийгээд бэлтгэн нийлүүлэгчид, орон нутгийн хүн амтай тооцоо хийхэд зарцуулжээ. Америкийн төлөөлөгчид мөнгөө нэхсэн боловч япончуудад тулгуурлаж байсан Семенов татгалзжээ. Америкуудын мөнгө гэж юу ч байхгүй боловч сэргэлэн байгаа биз дээ.
Ухаандаа 1920 оны 3 дугаар сар гэхэд Семенов Дальный боомтоор японы талд 33 хайрцаг алтан зоос шилжүүлжээ. Тэр мөнгөөр ёстой туйлж байжээ. Семенов Монгол руу дайрч орно гэж сүрдүүлдэг, том том мөнгө өгнө гэж амладаг байсан нь хоосон ам биш байсан юм. Гэхдээ түүний их мөнгө японы банк, офицерүүдийн гараар орж алга болсон байдаг.
Түүний арын албаны дарга байсан хүн япончуудтай 1940, 1950-иад он болтол заргалдсан байна. Семеновын арми одоо устаж байхгүй болсон, Та хаант Оросын өв залгамжлагч биш гэж тэр нөхөрт хэлсэн бололтой юм билээ.
“Юмныхаа араас” явдаг соёлтой хүмүүс чинь архив болон түүхэн баримтыг судалж онгичино гэдгийг ёстой нэг үзүүлээд өгдөг юм байна. Одоо болтол судалж байна ш дээ…
Бароны алт
Манайхан Бароны алтны тухай их ярьдаг боловч түүний үүслийн тухай огт бодож байгаагүй гэж баттай хэлж болно. Их л сайндаа Монголыг дээрэмдээд баяжчихсан гэж боддог юм. Баронд Монголыг дээрэмдэх зав байгаагүй. Дээрэмдсэн байлаа ч Монголоос их хэмжээний алт гарах ямар ч үндэслэл байхгүй.
Монгол бол алтыг биш, харин цалин мөнгийг илүү үнэлдэг ард түмэн юм. Монголын болон Манжийн мөнгөн систем нь цалин мөнгө байсан. Мөнгөн ембүүгээр том наймаа хийдэг байсан.
“Азийн морин дивиз” хэмээх сүртэй нэрийг хожим авсан Бароны отряд 1920 оны 10 дугаар сарын 2-нд Онон голын сав Гилбэр харуул хавиар Монголд орж ирсэн юм. Тэр нь 150-200 хүнтэй монгол-буриад, татаар, атаман Аннековын гурван морьт хороо, пулемётын команд бүхий Даурын морьт отряд, бүрэн бус 3 батерейнаас бүрдсэн 800-аад хүнтэй байв.
Түүний бүрэлдэхүүнийг дэлгэрүүлэн авч үзвэл их сонин зүй тогтол гарна. Тэнд японы офицерийн зуут байсан. Дандаа офицерүүд юу хийж байгаа юм ?! Энэ тухай манай түүхчид юу ч ярьдаггүй. Мөн гурван морьт хорооны лавтайяа нэг нь өвөрмонголын Фушинга ноёны захирсан харчингууд байсан. Манай түүхчид энэ талаар бас л юу ч ярьдаггүй.
Мөн Бароны отряд дотор их хядлага болж харчингууд нөгөө отрядын унтаж буй генерал Левицкийн 100 гаруй орос офицерыг хядан устгасан байдаг. Тэднийг Өвөр Монгол руу явж байхад нь хятад цэргүүд баривчилсан аж. Тэнд юу болсон юм бол ?! Амьд гэрчүүдийг бүр тодруулбал хааны алтны явдлыг мэдэх гэрчүүд “алга болсон” байж болох уу ?!
Тэгээд ч Барон Монголд их ядуу байсан нь түүний үйл ажиллагаанаас тодорхой байдаг. Ямар ч гэсэн тэр өөрөөсөө алт зарцуулаагүй.
Саяхан 2011 оны 10 дугаар сарын 8-нд Прага хотноо олон улсын эрдэм шинжилгээний хурал болсон юм.
Энэ хурлын үеэр 1920-иод онд алга болсон Хаант Оросын алтан нөөцийн тухай асуудал дахин сөхөгдөв. Манайхантай адил тэнэг биш болохоороо ёстой дэлхийгээр нэг хайж, өчүүхэн төдий ул мөрийг хүртэл шалгаад бараг дуусч байгаа улсууд байна, энэ гадаадынхан.
Дэлхийн бараг бүх банкны данс хараа, гүйлгээ, архивын материалуудыг нэг бүрчлэн судалсныг нь харахад атаархмаар. Судална гэж үүнийг хэлдэг аж.
Энд их олон сонирхолтой баримт гарсан юм. Ямар ч гэсэн Семенов 43 сая рубль алт булаан авсан нь дахин нотлогдож байна. Түүнээс гадна бидэнд нэн хамаатай нэгэн чухал баримт гарч ирэв:
“Атаман Семенов…коммунизмын эсрэг монголчуудыг босгох гэж Барон Унгернд ДОЛООН САЯ рублийн алт өгсөн.”
Энэ баримтын сурвалжийг би тодорхой шалтгааны улмаас зориуд дурдаагүйгээ онцлон дурдаж байна.
Алтан цуваанаас алт алга болох ердийн үзэгдэл байжээ. Энэ ч аргагүй юм. Улаан цагаан, большевик, меньшевик, эсер гээд хөл толгойгоо олохгүй байлдаж байхад. Энэ Сибирьт 14 “засгийн газар” ажиллаж байлаа ш дээ. Бие биенээ дээрэмдээд л хулгайлаад л юу ч гэмээр юм дээ, хүн хүндээ дайсагнаж байсан юм…
Ухаандаа Транссибирийн Зима болон Тырет өртөөний хооронд 200 хайрцаг алтнаас 13 хайрцаг нь алга болсон байжээ. Звөхөн шалгасан нь энэ шүү дээ. Энэ 13 хайрцаг алт тэр үеийн ханшаар 390 мянган доллар болох юм байна.
Алтыг манаж “хамгаалж” байсан чехүүд оросын хүссэн бүхэнд алтнаасаа зарж байсан гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Бас Оросууд өөрсдөө 2 вагон алт алга болгосон хэрэг мандсан аман мэдээ байдаг. Хайрцаг биш, вагон алт ярьж байна ш дээ. Тэр алт лав л цаашаа Орос руу яваагүй. “Улаан цагааны” дунд “алга” болсон. Тэгэхдээ цагаан нь авсан, бут цохигдсон, тарж алга болсон. Ор мөргүй тараагүй л дээ…
Тэгэхлээр хаант Оросын алтан нөөц өм цөм алга болж, үрэгдэн хийдэж байсан цөвүүн цагийн дараахан Барон гэв гэнэт гарч ирж байна.
Ганц Барон ч биш, Колчакийн арми бутцохигдсоны дараа цагаантны маш олон отряд Монголд орж ирсэн. Голдуу бие даасан бүлэг отрядууд байсан. Тэдний хэд нь Колчакийн алтыг дээрэмдсэн хийгээд түүнээс хулгайлсныг таахад бэрх. Ямар ч гэсэн бүгдээрээ хувхай хоосон байсан үзэж болохгүй л байх. Манай түүхэнд бол “цагаантны үлдэгдлийг бут цохисон” гэсэн ганц л өгүүлбэр байх. Ийм байж болдог юм уу ?!
Монголчууд түүхийн болон түүхэн бие хүнийг дүгнэхдээ бодит баримт судлахгүй, үзэл сурталд хэт автагддаг, хийрхдэг зангаа татах ёстой. Ер нь нэг бол газар дор ортол муулдаг нэг бол тэнгэрт тултал магтдаг тэнэг зангаа болих цаг болсон байна.
Улс төрийн түүхээс гадна эдийн засгийн түүх гэж “нэг юм” байна л даа…
Ямар ч гэсэн Барон Унгерн Семеновоос 7 сая рублийн алт авч, Монголд улс төрийн тусгай даалгавартай орж ирсэн нь тодорхой байна. Тэр Монголд алтаар коммунизмтай тэмцэх үүрэг Семенов болон япончуудын өмнө авсан атлаа тэр алтаа зарсангүй, монголчуудын хүч хөрөнгөөр монголын “тусгаар тогтнолыг” олж өгсөн байна. Энэ чинь асар их хөрөнгө шүү дээ.
Бид Бароны алтыг хайж олох ёстой. Үүний тулд металл хайгч барьчихаад уул хадаар тэнэхийг хэлдэггүй. Мөн түүхийн ном уншаад олохгүй. БНМАУ-ын Батлан Хамгаалахын сайд генерал Ж.Лхагвасүрэнгээс авахуулаад ингэж хайсан хүн зөндөө бий. Ямар ч үр дүн гараагүй…
Үр дүн гаргахын тулд зөв стратеги гаргах ёстой. Тодорхой мэдээ баримтыг хүн болгон олж чадахгүй, дуртай болгон тааж болохгүй…
Манайхны зарим нүдэнд нь шунал гэрэлтэн “Борооон, яг 20 тэмээ алт нуусан байгаа юм. Одоо сайн хайвал ч…” гэж ирээд пивоо гүд хийтэл залгих. Гэтэл нөгөө Барон нь Гилбэр харуулаар орж ирэхдээ ганц ч тэмээгүй байсан юм билээ…
Жич: Энэ өгүүлэлтэй холбогдсон сониуч асуултад би ямар ч хариулт өгөхгүй гэдгээ мэдэгдэж байна…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 3 дугаар сарын 8.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top