1.8 сая иргэнийхээ сонгох эрхийг дээдэлмээр байна

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 07


 

 

“Монгол Улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй” хэмээн Үндсэн хуульд заасан. Гэвч орон нутгийн сонгуулийн хуулийг урьдынх шигээ эцэслэн шийдээгүй 3 жил болсон нь иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн байна. Өөрөөр хэлбэл УИХ иргэдийнхээ үндсэн эрхийг дээдлэхгүй байгаа нь харамсалтай.

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Д.Ганхуяг гишүүн ийн хэллээ. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэгдэх асуудлын жагсаалтад Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл орсон. 2008 онд аль 4 жилийн өмнө УИХ-ын сонгуультай орон нутгийн сонгуулийг хамт явуулах хуулийг баталсан. Гэтэл энэ хугацаанд хуулийн доторхи агуулгыг шинэчилж амжаагүй байна.

 Гэтэл сонгууль хаяанд ирсэн байдаг. Энэ чуулганы хугацааанд хамгийн яаралтай шийдвэрлэх асуудал нь эрүүл ухаанаар бодоход орон нутгийн сонгуулийн тухай хууль. Гэвч өнөөдөр УИХ-ын  нэгдсэн хуралдаанаар байгаль орчны тухай хуулийг хэлэлцээд сууж байна. Хэлэлцэх нь зөв, гэхдээ дараалал чухалчлал нь бол биш. Иймд орон нутгийн сонгуулийн хуулийн асуудлыг шийдмээр байна.

 2008 оны сонгуулийн будлиан долдугаар сарын 1-ний асуудал өнөөдөр хүртэл яригдаж байна. Лүндээ дарга санаж байгаа байх. 2008 онд УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна гэж хуулиа хэлэлцэж явж байснаа гэнэтхэн өөрчлөгдөж томсгосон мажоритариар тогтолцоогоор сонгууль явуулахаар хуулиа баталсан. Мэдээж энэ хууль сайн хууль болоогүй.

Муу хууль гаргасан, мөн Иргэний үнэмлэх сонгуулийн өдөр тараасан, тэр үнэмлэхээр санал өгөх шийдвэр гаргасан зэрэг нь сонгуулийн будлианы гол үндэс юм. Эндээс сонгуулийн будлиан нь төртэй, төрийн хууль зөрчсөн үйл ажиллагаатай холбогддог нь тодорхой харагдана.    

 Сонгууль хаяанд туллаа. Сонгуулийн асуудал манай улсын сонгуулийн насны 1.8 сая иргэдийн үндсэн эрхийн салшгүй хэсэг нь юм. Гэтэл бид гурван жил яриад шийдэж чадахгүй, өнөөдөр өөр юм яриад сууж таарахгүй.

Бид ард түмнээсээ сонгогдон, улс орон нийт иргэдийнхээ эрх ашгийг дээдлэн, төрийн хуулийг чандлан сахина гэж тангараг өргөн, төрийн түшээ болдог. Гэтэл өнөөдөр бидний байгаа энэ УИХ, 2008 онд батлагдсан хоёр сонгуулийг хамт явуулах орон нутгийн сонгуулийг цуг явуулна гэсэн хуулийг боловсронгуй болгож эцэслэн шийдээгүй өдий хүрлээ. Энэ болохгүй. Сонгуулийн асуудал нийгмийн асуудал, энэ асуудлаас болж улс төр, цаашлаад төр хямарсан тохиолдол олон байдаг. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Дарга нар хүлээх үү. Эцэстээ УИХ, УИХ-ын олонхи хүлээх нь мэдээж юм.  

“Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдэг. Сонгуулийн хуулийн асуудлыг юуны түрүүнд шийдьe. Төрийн эрх барих, олонхийн саналаар хууль тогтоох УИХ-ын индэр дээрээс хууль зөрчихийг уриалаад сууж хэрхэвч болохгүй. Дэмбэрэл даргыг нам нь ингэж шахаад байх шиг байна. Парламентын засаглалтай оронд ийм жишиг байдаггүй, жишиг  тогтоохыг зөвшөөрч ч болохгүй.

Намууд сонгогдоно гэж бодож байгаа, тэр нь ч зөв байх. Гэхдээ сонгуулийн насны 1.8 сая иргэнийнхээ сонгох эрхийг дээдэлмээр байна. Бид үндсэн ажлаа хийхгүй байна. Энэ асуудлыг “ямааны махыг халуун дээр нь” гэдгээр шийдьe. “Дээрээ гүйдлээ олохгүй бол дороо суудлаа олохгүй” гэдэг туйлын үнэн үг бий. УИХ-ын даргаас энэ асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороог  хуралдуулах санал хураалгаж өгөхийг хүсьe гэсэн. Санал хураалт явуулж, энэ санал 71.4 хувийн дэмжлэг авлаа.

Top