"Нэгүүн.мн сайтын эрхлэгчийг прокурорын зөвшөөрөлгүй баривчилсан нь хууль бус"

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Нэгүүн.мн сайтын эрхлэгч Л.Баяржаргалын гурав дахь удаагийн шүүх хурал өнөөдөр Хялбар ажиллагааны шүүх дээр 15:00 цагаас зарлагдаад байна. Нэгүүн.мн редакцийн зүгээс Эрүүгийн цагдаагийн албаны гадна мэдээлэл хийж байна. 

Тус сайтын сэтгүүлч "Манай сайтын хувьд гуравдугаар сарын 19-ий өдрөөс эхлэн хууль хяналтын байгууллагад шалгагдаад явж байна. Сайтын эрхлэгч Л.Баяржаргалыг нэг сарын хугацаанд гурван удаагийн үйлдлээр цагдан хорихыг оролдож байна. Хоёр хоногийн зайтай хоёр хурал зарлагдлаа. Бид хууль хяналтын байгууллагын бохир үйл ажиллагаа бидэн дээр хэрэгжиж байна уу даа гэж хардаж байна. Учир нь ямар ч прокурорын зөвшөөрөлгүй бидэн дээр ажиллагаа явуулсан. Камер, техник, бүх сэтгүүлчдийн тэмдэглэл, гар утас зэрэг бүх зүйлийг хураан авч, дөрөвдүгээр сарын 8-ны өдөр тэмдэглэлийн дэвтэр болон гурван процессор л эргүүлэн өгсөн. 

Одоогоор биднийг бүлэг гэмт хэрэг зохион байгуулсан гэх үндэслэлээр шалгаж, эрхлэгчийг маань цагдан хорих гээд 15:00 цагт шүүх хурал нь зарлагдсан байна. 

Эрүүгийн цагдаагийн албанаас биднийг хэргийн талаар мэдээлэл гадагш задруулбал хорино хэмээн удаа дараа сануулсан. Хэрэг хийсэн нь шүүхээр тогтоогдоогүй байхад тогтоогдсон гэх мэдээлэл өгсөн. Ингэж ажиллаж болдог юм уу?

Манай сайтын эрхлэгчийг яллагдагчаар татсан тухай хуудас илгээхдээ штрикээр зассан тогтоол илгээсэн байсан. АТГ-аас нэр бүхий албан хаагчид болон нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын хүмүүст шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Яагаад гэвэл энэ хэрэг процессийн хувьд алдаатай байна. Ямар нэгэн нөлөө байна уу гэдгийг шалгаж байгаа" гэх тайлбар мэдээлэл өглөө. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top