Энхийг сахиулагчдийн энгэрт “Энхийн төлөө”

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 06

Дэлхийн халуун цэг Афганистан Улс дахь АНУ, НАТО-гийн тэргүүлсэн эвслийн цэргийн ажиллагаануудад амжилттай оролцож, үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн дээд одон медаль болон салбарын шагнал гардуулах ёсололын ажиллагаа 2012,04,06 нд ЗХЖШ-ын гадаах талбайд зохион байгуулагдалаа.

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ЗХЖШ-ын БСТГ-ын хэлтсийн дарга, хурандаа Л.Гантөмөр, Цэргийн гаьяаны одонгоор Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Ч.Түмэндэмбэрэл, Зэвсэгт хүчний 167 захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга хурандаа Ж.Мөнхбаяр, Цэргийн хүндэт медиалар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ЦХҮ-ний тасгийн дарга хошууч  Б.Энхтайван  болон Энхийн төлөө медиалар ЗХЖШ-ын ХНХ-ын мэргэжилтэн ахлах дэслэгч Д.Баасандорж, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн станцын дарга, жолооч дэд ахлагч Ү.Үүрцайх  нарын 150 цэргийн алба хаагч мөн Батлан хамгаалах сайдын тушаалаар Эх орны төлөө, дайчин алдар медиалуудаар энхийг сахиулагчид энгэрээ мялаалаа.

Шагналын  УИХ, Засгийн Газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага нар гардуулан өгсөн юм.

Арга хэмжээнд дээрхи зочид төлөөлөгчдөөс гадна БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, Цэргийн багийн бие бүрэлдэхүүн тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Зэвсэгт хүчин хүн төрөлхтөний энх амгалан амьдралын төлөө дэлхийн олон орны зорилго нэгт цэрэг эрстэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх болсон богино хугацаанд манай цэрэг дайчид мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, сахилга зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэх чадамжаараа мэргэжлийн гэгдэх цэрэг армиудад хүлээн зөвшөөрөгдөх болсон билээ.

Хэдэн жилийн өмнө Косово улсад Умард атлантын цэргийн эвслээс явуулсан Кфор ажиллагаанд манай цэргийн алба хаагчид Бельгийн вант улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнтэй хамтран үүрэг гүйцэтгэж байсан. Тэд Афганистанд үүрэг гүйцэтгэхдээ Монгол цэргүүдтэй хамтран ажиллахыг хүссэн.

Ажил хэрэгч, бүтээлч чанар, цагийн менежментийг зохистой хэрэгжүүлдэг байдал нь Герман хүний нэрийн хуудас гэгддэг. Афганистан улс дахь дээрх ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнтэй хамтран үүрэг гүйцэтгэх манай бүрэлдэхүүний тоо, хүч хэрэгсэл нэмэгдэх болсон нь Монгол цэрэг хэрхэн үнэлэгдэж байгаагийн тодорхой жишээ юм. Энэ бол урьд нь хамтран үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдын ажиллагааны үр дүн юм.

Манай цэргийн алба хаагчид ажиллагаанаас ажиллагаанд туршлагажиж шинэ шинэ үүрэг гүйцэтгэх дадлага, чадварыг эзэмшсээр байгаа бөгөөд ХБНГУ, БВУ-ын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн эдгээр багууд нисэх буудлын аюулгүй байдал, харуул хамгаалалтын үүргийг чадварлаг гүйцэтгэн Афганистан Улсын Ерөнхийлөгч болон тус улсад айлчилсан олон улсын өндөр дээд тушаалын хүндэт зочид, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг чамбай зохион байгуулсныг онцлох нь зүйтэй.

Дэлхийн аль ч оронд гавъяа байгуулсан эрэлхэг хөвгүүдээрээ бахархаж төрийн ивээл хүртээж шагнаж урамшуулдаг ёс эрт дээр үеэс уламжлагдан ирсэн байдаг.  Зөвхөн шагнаж урамшуулаад өнгөрөх биш тэднийхээ үйл хэргийг үргэлж залуу хойч үеийнхэндээ ойлгуулан сурталчилдаг байх нь чухал юм.

Ирэх сард Монгол цэрэг энхийн үйлс оролцож үүрэг гүйцэтгэж эхэлсэний 10 жилийн ой болно. Энэ ойтой холбогдуулан бид энхийг сахиулагчдынхаа алдар гавъяаг мөнхжүүлэх, үйл ажиллагааг нь сурталчлан олон нийтэд хүргэх талаар  багагүй зүйлүүдийг төлөвлөн хэрэгжүүлэхээр зорьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu