Орон нутгийн сонгуулийн асуудлыг байнгын хороо шийдэхээр болов

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 06


      УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Байгаль орчны бодлогын шинэчлэлийн стратеги батлах тухай" Улсын Их  Хурлын тогтоолын төсөл, Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хуулийн төсөл, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа. Харин УИХ-ын гишүүн Д.Загджав эдгээр асуудлын хэлэлцүүлгийг хойшлуулж, УИХ-ын болон орон нутгийн хурлын сонгуулийг хамтад нь нэг өдөр явуулах эсэх асуудлыг яаралтай хэлэлцэж шийдвэрлэе гэсэн санал гаргасан юм. Энэ саналыг Ч.Улаан, С.Эрдэнэ, Д.Тэрбишдагва нарын гишүүд дэмжлээ. Ингээд С.Эрдэнэ гишүүн энэ асуудлыг чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм. Дараа нь гишүүн Д.Ганхуяг  Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж энэ асуудлыг хэлэлцэх горимын санал гаргасныг бас дэмжлээ.

       Горимын санал дэмжигдсэн тул УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хуралдаан “Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэж нэгдсэн хуралдаанд санал дүгнэлтээ оруулж ирэх хэрэгтэй. Асуудал шийдэгдэх зөв голдрилдоо одоо л орж байна. Яг ингэх ёстой байсан юм” гээд гишүүдэд баярласнаа илэрхийлээд хуралдаан завсарласныг мэдэгдлээ.

      Ингэснээр намын бүлгүүдийн саналын зөрүүгээс болоод олон сар гацаанд ороод байсан энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо шийдэхээр боллоо. Уг нь орон нутгийн хурлын сонгуулийг УИХ-ын сонгуультай нэг өдөр хамтад нь явуулах хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа юм. Харин өнгөрсөн оны сүүлчээр УИХ-ын сонгуулийн хуулийг шинээр баталсантай холбогдож орон нутгийн хурлын сонгуулийн хуулийг энэ хуулийн агуулга, заалтад нийцүүлэн шинэчлэх шаардлага гарсан билээ.

      Гэвч УИХ-ын гишүүдээс орон нутгийн хурлын сонгуулийн талаар хоёр ч хуулийн төсөл өргөн барьсан ч намын бүлгүүдийн байр суурийн зөрүүгээс болоод гацаанд орсон юм. Энэ асуудлыг хэлэлцэж нэг мөр болгох үүднээс УИХ-ын ээлжит бус чуулган зарласан ч бас л үр дүнгүй өнгөрсөн.

      Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өчигдөр болсон УИХ-ын хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах боломжгүй, ийнхүү зохион байгуулах нь ач холбогдол багатай гэдгийг сонгогчид олонтаа хэлж буйг дурдаад энэ асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэж нэг мөр шийдвэрлэх болно гэдгээ мэдэгдсэн. Хэрэв намын бүлгүүд зөвшилцөлд хүрч чадахгүй бол УИХ асуудлыг хэлэлцэж шийдэрлэдэг журмынхаа дагуу тухайн асуудлыг хэлэлцэж олонхиороо шийдээд явах боломжтой, тийм ч эрх зүйн үндэстэй.

     Тиймээс УИХ-ын дарга өнөөдрийн хуралдаан дээр гишүүдээс гаргасан хоёр ч горимын саналыг хураалгаснаар маргаан дагууж гацаанд ороод байсан энэ асуудлыг УИХ нэг мөр шийдэх таатай боломж бүрдэж байх шиг байна. Одоо намын бүлгүүд завсарлага энэ тэр гэхгүйгээр байнгын хорооны шийдвэрийн дагуу асуудалд хандах нь зөв юм. Төрийн байгуулалтын байнгын хороо намын бүлгүүдийн маргааныг хагалж, энэ жилийн орон нутгийн хурлын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь явуулах эсэхийг шийдэхээр боллоо.              

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu