Хилийн боомтоор нэвтэрч буй зорчигчдын тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан Хилийн боомтоор нэвтэрч буй Монгол Улсын иргэд дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хилийн орох гарах хуудас бөглөхгүй байх шийдвэр гаргасан талаар ХХЕГ-ын Шалган нэвтрүүлэх албаны хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхчулуун мэдээллээ.
Судалгаанаас харахад хилийн хуудас бөглүүлдэггүй 60 орчим улс орон байдаг ажээ. Тухайлбал, Хятад, Япон, Канад, Европын холбооны улс орнууд болон Сингапур, Хонконг зэрэг улс орнууд багтаж байгаа гэнэ.
Өнгөрсөн онд улсын хилээр 4 сая хүн нэвтэрсний 72 хувь нь Монгол Улсын иргэд байгааг харгалзан, цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлт гаргах үүднээс Хил хамгаалах байгууллагын удирдлагууд зөвхөн өөрийн орны иргэдийг хилийн хуудас бөглүүлэхгүй байхаар болсон байна. Учир нь хилийн хуудас бөглөх нь ачаалал ихтэй томоохон боомтуудад дараалал үүсгэж зорчигчдыг багагүй бухимдуулдаг ажээ.
Хилийн боомтууд 2007 оноос мэдээллийн нэгдсэн сүлжээнд шилжсэнээр зорчигчдын паспортыг уншуулахад тухайн хүний талаархи бүх мэдээлэл санд бүртгэгддэг гэнэ. Тиймээс хилийн хуудас бөглөж цаг алдах шаардлагагүй болсон юм байна.
Дунджаар шалган нэвтрүүлэх боомтоор нэг зорчигчийг 30 орчим секунд зарцуулдаг бөгөөд цаашид үүнийг улам багасгаж, шуурхай үйлчлэх боломж бүрдэх ажээ.
Мөн хилээр орох, гарах хуудсыг Хил хамгаалах байгууллага их хэмжээний зардал гаргаж хэвлүүлдэг учраас эдийн засгийн хувьд ч хэмнэлт гарч байгаа юм. Учир нь жилд дунджаар хилийн хуудсанд 20 гаруй сая төгрөг зарцуулдгаас дээрх шийдвэр хүчин төгөлдөр болсноор 14-15 сая төгрөгийн хэмнэлт гарах гэнэ.
Харин гадаадын иргэд улсын хилээр нэвтэрч буй нийт зорчигчдын 30 хүрэхгүй хувийг эзлэж байгаа учир хуучнаараа хилийн хуудас бөглөнө. Гэхдээ Хил хамгаалах байгууллагын удирдлага агаарын тээврийн компаниудтай тохиролцоод гадаадын иргэдийг онгоцонд нь хилийн хуудас тарааж өгөөд бөглүүлэхээр боллоо.
А.Цацрал
Сэтгэгдэл ( 0 )